Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/шш2018/0003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бөхөг түргэн ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Баасанхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, Э.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан бүхий А/520 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, шувуун фабрикийн газар нутгийн наад талын хилийн заагаас нисэхийн тойрог хүртэлх авто замд ачааны авто машины бүх жингийн дээд хязгаарыг 10 тонноор байнга хязгаарлаж, тэмдэг тавьсан нь бидний ачааны машинаар тээвэрлэлт хийх, бизнес эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Уг захирамжийн 1 дүгээр заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимд нийцэхгүй, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, хүний эрхэнд үндэслэлгүйгээр халдсан хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Хүнд даацын авто машин гэсэн тодорхойлолт аль ч хуульд заагдаагүй. Энэ нь Авто тээврийн хэрэгслийн MNS-4598:2011 стандарт болон Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын суурьшлын бүсийг тогтоох тухай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжид зааснаар тухайн газар үйлдвэрийн бүсэд орж байгаа. Хөдөө аж ахуй, мал, газар тариалангийн бүс бөгөөд айл байхгүй. Тус газарт гахайн ферм болон ногоо тарьдаг хүмүүс байдаг. Маргаан бүхий замаас өөр зам байхгүй. Биднийг зам тавьж, тээвэрлэлтээ хий гэж маршрут зааж өгсөн. Уг маршрутаар сайжруулсан зам тавьсан боловч шаардлага хангахгүй байгаа. Бид баталгаатай замаар явах эрхтэй. Бидний төлсөн татвараар замыг тавьж байгаа. Захиргааны үйл ажиллагааг хуульд үндэслэн явуулах ёстой. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамж нь Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14 дугаар хорооны иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс гарсан байдаг. Мөн тухайн авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын ашиглалт хамгаалалтын хугацаа уртасгах зорилгоор энэхүү захирамжийг батлан гаргасан.

Өмнө нь нэхэмжлэгч тус шүүхэд А/520 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан байдаг. Уг нэхэмжлэлийг шаардлагын шүүхийн шийдвэрээр хүчингүй болж, А/520 дугаар захирамж илт хууль бус болох нь тогтоогдоогүй. Маргаан бүхий акт нь Хан-Уул дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс гүйцэтгэсэн зохион байгуулалттай арга хэмжээ юм.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/520 дугаар захирамж нь Авто замын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т авто зам, замын байгууламжийг хаах, авто замын сүлжээ, чиглэлийг өөрчлөхтэй холбогдсон журмыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасны дагуу Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 80 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журмын 4 дэх хэсэгт хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдлоос бусад үед орон нутгийн чанартай авто замыг хаах, чиглэл өөрчлөх даац хязгаарлах шийдвэрийг тухайн орон нутгийн авто зам, авто тээврийн улсын хяналтын байцаагч, тээвэр, авто замын албаны хамтарсан дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана гэж заасан. Иймд Нийслэлийн Засаг даргад Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаалаар эрх хэмжээ олгогдсон гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргаас тодорхой хугацаанд авто замыг хаах, чиглэл өөрчлөх, даацын хязгаарлалт заах шийдвэрийг гаргахдаа Зам тээвэр, хот байгуулалтын сайдын 80 дугаар тушаал болон тухайн орон нутгийн Авто зам, зам тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан.

Мөн уг захирамжийн 1 дүгээр заалт нь тухайн орчны оршин суугчдаас ирсэн хүсэлтүүдийг үндэслэн шинээр тавигдсан замд 10 тоннын хязгаарлалт хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч Бөхөг түргэн ХХК нь 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж[1], 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр № 9464А дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг[2] эзэмшиж, 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ашигт малтмалын ашиглалт эрхлэх тусгай үйл ажиллагааг 27 жилийн хугацаагаар, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааг тус тус бүртгүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтаар[3] Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10,12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ачааны автомашины даац хэрүүлэн ачаа тээвэрлэж зам, замын байгууламжийг эвдэх, элс, хайрга, шороо асгах, дуут дохио өгөх, тоос шороо ихээр босгож иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан талаар санал, гомдол гаргаж байгаатай холбогдуулан Нисэхийн тойргоос Био, Шувуу хүртэлх автозамд ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарлах шийдвэр гаргажээ.

Авто замын тухай хуулийн /1998 оны/ 9 дүгээр зүйлийн 9.2-т  Авто зам, замын байгууламжийг хаах, авто замын сүлжээ, чиглэлийг өөрчлөхтэй холбогдсон журмыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гээд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн № 80 дугаар тушаалаар баталсан авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийм журмын 4-д Хүн малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдлоос бусад үед орон нутгийн чанартай авто замыг хаах, чиглэл өөрчлөх даац хязгаарлах шийдвэрийг тухайн орон нутгийн авто зам, авто тээврийн улсын хяналтын байцаагч, тээвэр, авто замын албаны хамтарсан дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана гэжээ.

Уг авто зам нь Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598-2011 стандартад нийцсэн болох нь Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн № 4/90 тоот албан бичгээр[4] нотлогдож байна.

Мөн Нийслэлийн тээврийн газраас дээрх асуудлаар /ачааны автомашины бүх жинг 10 тонноор хязгаарлах/ дүгнэлт гаргаагүй болох нь Нийслэлийн тээврийн газрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1/1283[5], 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 1/1336[6] тоот албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.

Хариуцагчаас хууль, жумаар нарийвчлан зохицуулсан авто тээврийн улсын хяналтын байцаагч, тээвэр, авто замын албаны хамтарсан дүгнэлтийг үндэслэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Авто замын тухай хуулийн /1998 оны/ 9 дүгээр зүйлийн 9.2, 22 дугаар зүйлийн 22.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бөхөг түргэн ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № А/520 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт хуваан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Б.МӨНХ-ЭРДЭНЭ