Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 377

 

 

 

 

 

 

 

 

 

“Л Г”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02234 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Л Г”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Э, Г.Г, Б.О нарт холбогдох

 

“Л Г”  ХХК-ийн нэхэмжлэлтэй 9911 3993, 8888 7777 дугаарын эзэмших эрхийг хууль ёсны эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э.Э, Г.Г, Б.О нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Баянмөнх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хариуцагч Э.Эрдэнэцогт,

Хариуцагч Э.Эрдэнэцогтын өмгөөлөгч Б.Цолмон,

Хариуцагч Г.Гантулга, Б.Оюунмандах нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э.Эрдэнэцогтын өмгөөлөгч М.Шаравнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааа: ”Л Г”  ХХК-ийн захирал А.Баянмөнх миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн 99113993, “Юнител” ХХК-ийн 88887777 дугааруудыг тус компанитай гэрээ байгуулан 12 000 000 төгрөгөөр худалдан авч, 88887777 дугаарын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс, 99113993 дугаарыг 2001 оноос хойш хууль ёсны дагуу тус тус эзэмшиж байгаа. Манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны дагуу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулан хууль ёсны эзэмшлийн 88887777 дугаарыг “Л Г”  ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Миний бие 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Э.Эрдэнэцогтод 99113993 дугаарыг барьцаалан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5. хувийн хүүтэй зээлсэн. Мөн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 88887777 дугаарыг Э.Эрдэнэцогтод барьцаалан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүү төлөхөөр зээлсэн. Миний хувийн бизнесийн үйл ажиллагаа зогссон тул Э.Эрдэнэцогтод төлөх байсан зээл, хүүгийн асуудлыг нэг мөсөн төлж чадаагүй. Зээлийн хүү их байгаа учраас өөр газраас зээл авч Э.Эрдэнэцогтын зээлийг төлөөд дугаараа авъя гэхэд 88887777 дугаарыг худалдсан гэсэн. Э.Эрдэнэцогт нь хууль ёсны эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хаалгаж бусдад шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүргийг Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа Э.Эрдэнэцогтын 5017004126 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, хүүд 1 650 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, хүүд 1 100 000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтаа шүүхэд өгсөн. Хэрвээ байрьцааны зүйлийг Э.Эрдэнэцогт өөрөө хүлээн зөвшөөрөөд худалдсан юм бол Иргэний хуулийн 158 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн эзэнд худалдах гэж байгаа тухайгаа мэдэгдэх ёстой. Мэдэгдснээс хойш 14 хоногийн дотор худалдах эрх байхгүй юм. Худалдан борлуулах журмыг яаж хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байгаа. “Л Г”  ХХК-ийн өмчлөлийн эзэмшил болох “Мобиком корпораци” ХХК-ийн дараа төлбөрт 99113993 дугаар, “Юнител” ХХК-ийн 88887777 дугаарыг тус тус эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр хаалгаад бусдад дур мэдэн худалдсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасны дагуу 99113993 дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э.Эрдэнэцогт, Г.Оюунмандах нарт, “Юнител” ХХК-ийн 88887777 дугаарыг хууль ёсны эзэмшигчид буцаан шилжүүлэхийг Э.Эрдэнэцогт, Г.Гантулга нарт тус тус даагаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Эрдэнэцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Л Г”  ХХК-ийн захирал А.Баянмөнхийн хүсэлтийн дагуу 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5.5 хувийн хүүтэй зээлж, 99113993 дугаарыг Б.Оюунмандахын нэр дээр шилжүүлж, миний бие Б.Оюунмандахаас 9 000 000 төгрөгийг сарын 5.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хоногт 0.5 хувийн алданги тооцохоор тохирч зээл авч, зээлийн барьцаанд уг дугаарыг барьцаанд шилжүүлэн өгсөн тул одоо дугаарыг буцаан шилжүүлэх боломжгүй. Дараа нь А.Баянмөнхийн хүсэлтийн дагуу дахиад 10 000 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр зээлж, зээлийн гэрээ байгуулж, 88887777 дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Б.Баянмөнх нь зээлийн гэрээний төлбөрөө төлөөгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Оюунмандах, Г.Гантулга нарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд фидуцийн гэрээ нэртэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан. Үүний дагуу 11 сарын дараа Г.Гантулга нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эрх шилжүүлэн Э.Эрдэнэцогтоос худалдаж авсан. Э.Эрдэнэцогт, Г.Гантулга нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан барьцааны гэрээ гэж үзэж байна. Фидуцийн гэрээний 4 дүгээр зүйлийн хэсэгчлэн буюу бүхэлд нь төлсөн үйлдэл нь 2 талын гарын үсгээр баталгаажна гэж, 6 дугаар зүйлд хүү алдангийг бүрэн төлснөөр дугаарыг үүрэг гүйцэтгэгчийн нэр дээр буцаан олгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь төлбөр болон хүү гэж нэг ч төгрөг төлөөгүй байж байгаад Улсын дээд шүүхээс хэрэг ирсний дараа дансаар шилжүүлсэн гэсэн баримтыг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч Г.Гантулгаас шаардах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар би шударга эзэмшигч гэж үзэж байна. Б.Оюунмандахын хувьд Э.Эрдэнэцогтод мөнгө зээлүүлж, уг мөнгийг А.Баянмөнхөд шилжүүлсэн үйл баримт болсон. Бүтэн жилийн хугацаанд үндсэн зээл, хүү, алданги төлөөгүй тул өөрийн мөнгийг гаргаж авахын тулд дугаарын эрхийг Б.Оюунмандах надад шилжүүлсэн. Зээлдэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний 7-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч тус дугаарыг эзэмшилдээ байлгах ба хэрэв үүргээ гүйцэтгээгүй буюу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 10 хоног өнгөрмөгц үүрэг гүйцэтгүүлэгч уг дугаарыг захиран зарцуулах эрхтэй болно гэж заасан. “Мобиком корпораци” ХХК-ийн 99113993 дугаар гэрээний 5.7-д зааснаар эрхээ бусдад шилжүүлж болох тухай заасан бөгөөд өөрийн биеэр хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэсэн зэргээс үзэх юм бол “Л Г”  ХХК-ийн захирал нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тус дугаарыг шилжүүлээд, хэрвээ үүргийн гүйцэтгэл хангаагүй бол фидуциар хангуулна гэж заасан. Фидуцийн гэрээ дууссан, энэ хугацаа дуусаад 10 хоног өнгөрсөн бол захиран зарцуулах эрхтэй. Энэ хүсэл зоригоо А.Баянмөнх өөрөө ойлгоод гарын үсэг зурсан. Тэрнээс хойш 10 сарын хугацаа олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 99113993 дугаарын эзэмших эрхийг “Л Г”  ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарт даалгаж, хариуцагч Э.Эрдэнэцогт, Г.Гантулга нараас үүрэн телефоны 88887777 дугаарын эзэмших эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэгч “Л Г”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Л Г”  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нараас 35 100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Л Г”  ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 4 дүгээр хуудасны 2 дахь мөрд “...эд хөрөнгийн эрх байж болох тул 9911 3993, 8888 7777 дугааруудын эзэмших эрхийг барьцаалсан гэж үзнэ” гэж, тус хуудасны 3 дахь мөрд “...дээрх гэрээнүүдийн дагуу зээлсэн мөнгөний дүн болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан гэж тайлбарласан болно” гэж, мөн хуудасны 4 дэх догол мөрд “...зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж 9911 3993, 8888 7777 дугааруудын эзэмших эрхийг барьцаалсан гэж шүүх үзэв” гэж тус тус дүгнэсэн. Шүүхийн энэ дүгнэлтээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн. Анхдагч үүргийг хангахын тулд салшгүй эрхийн зарчмын дагуу талууд Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т заасан барьцааны эрх зүйн харилцааг хоорондоо үүсгэсэн болохыг тогтоосон. Зээлдэгч ба зээлдүүлэгч нар үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудаас барьцааны гэрээ байгуулж, барьцааны аргыг сонгосон бол зээлдэгчийн хүлээсэн үүргийг зээлдүүлэгч барьцаанд байрлуулсан 9911 3993, 8888 7777 дугаарын эзэмших эрхийн үнээс гаргуулах хууль зүйн журам, үүрэг хариуцлага түүнд бас үүснэ. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, хариуцагч нарын тайлбараар хариуцагч Э.Эрдэнэцогт зээл, хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчийн 8888 7777 дугаарын үнээс бус, харин энэхүү дугаарыг Иргэний хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэг, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 48, 49 дүгээр зүйлд тус тус хуульчилсан журмыг зөрчиж,  нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр дур мэдэн худалдсан нь тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 4 дүгээр хуудасны 6 дахь догол мөрд “...үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг юм. Тодруулбал, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцийг сонгон авсан байна” гэх дүгнэлт хийсэн. Өмнө нь барьцааны эрхийн харилцаа үүссэн, барьцааны гэрээний аргыг талууд сонгосон гэж дүгнэсэн атлаа дараа нь фидуцийн аргыг сонгосон гэж дүгнэсэн бөгөөд барьцааны ба фидуцийн аргыг зэрэг сонгох боломжгүй. Санхүү эдийн засгийн болон хууль зүйн тийм шаардлага, эрэлт хэрэгцээ үүсээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байтал фидуцийн аргыг 8888 7777 дугаарт үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний харилцаа тодорхойгүй, 8888 7777 дугаарын эзэмших эрх барьцааны үнэ тодорхойгүй байхад хууль зөрчин хариуцагч Г.Гантулгад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

Мөн анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цолмон нь шүүх хуралдаанд “...нууцаар мөнгө шилжүүлсэн байсан тул үүнийг хэрхэх вэ гээд шүүхийнхэнтэй уулзаж, ярилцаж явж үзсэн” гэж тайлбарласан ба энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байсан.  Харин тус шүүхийн Тамгын газарт гаргасан хүсэлтийн дагуу гаргаж авсан шүүх хуралдааны бичлэгт энэ тайлбар бичигдсэн. Шүүх хуралдаан завсарлаад танхимын гадаа байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаравнямбуу хажууд ирж суугаад “...манай шүүгч утсаар яриад байна уу даа” гэж хэлэхээр нь анхааран сонсоход шүүгч шүүх хуралдааны танхимд зөвлөлдөж байхдаа хэн нэгэнтэй гар утсаар ярилцаж байгаа нь шууд мэдэгдсэн. Харин хэнтэй, юу ярьж байгаа нь сайн сонсогдоогүй, үүнийг би ганцаараа сонсоогүй. Шүүгч нь хариуцагч Э.Эрдэнэцогт, өмгөөлөгч Б.Цолмон нартай, эсхүл хэн нэгэнтэй нь Шүүхийн тухай хуульд заасан хориглолтыг зөрчин уулзсан байх гэсэн сэжгийг хариуцагчийн өмгөөлөгч өөрөө гаргаж, үүнийгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Шүүгч зөвлөлдөх тасалгаанд байх, шийдвэр гаргах шатанд хэн нэгэнтэй гар утсаар ярьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүгчийн тангаргийг ноцтой зөрчсөн байж магадгүй тул энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөх байдлыг үүсгэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч Г.Гантулга, Б.Оюунмандах нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э.Эрдэнэцогтын өмгөөлөгч М.Шаравнямбуу давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний үнийн дүн болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан” гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч тал мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ба шаардлагатай тохиолдолд бичлэгийг нөхөн үзэж болно. Тус харилцаанууд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3 сарын хугацаатай 10 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 3 сарын хугацаатай 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд зээлдүүлснээс эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч тал өөрийн үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй атлаа хариуцагч талаас Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.1-д “...барьцаалагч нь өөрөө , эсхүл төлөөлөгчөөр дамжуулан шууд, эсхүл дуудлага худалдаагаар худалдах” гэж зааснаар барьцааны шаардлагыг хангах аргаар худалдан борлуулсан. Маргаан бүхий 9911 3993 дугаарыг барьцаалан зээл олгохдоо Э.Эрдэнэцогт нь Б.Оюунмандахаас мөнгө зээлсэн бөгөөд хэрэв зээлийг хугацаанд нь төлөхгүй бол тус дугаарыг өмчлөлд нь шилжүүлэхээр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсныг шүүхээс үнэлж үзээгүй. Хэрэв нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” бол өнөөдрийн маргаан гарахгүй байсан. Зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бөгөөд тус зээлдүүлсэн төлбөрийг төлөөгүй атлаа өөрийн эзэмшилд байсан гар утасны дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэх нэхэмжлэлийг нэг жилийн дараа гаргаж байгаа нь шударга биш байна. Хэрэв нэхэмжлэгч талд зээлийг төлөх хүсэл зориг байсан бол 10 000 000 төгрөгийнхөө хүүгээ төлөх байсан. Гэтэл зээлийн төлбөрөөс огт төлөгдөөгүй.

Анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Б.Оюунмандах нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг Э.Эрдэнэцогт болон “Л Г”  ХХК-ийн захирал А.Баянмөнх нарыг байгуулахад хамт байсан. Үүнийг нэхэмжлэгч “Л Г”  ХХК-ийн захирал А.Баянмөнх, Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нар нь хамтдаа “Мобиком корпораци” ХХК-д очиж эрх шилжүүлснээр нотолж болно. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “хөрөнгийг  хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заасны дагуу “Л Г”  ХХК-ийн захирал А.Баянмөнх шударга эзэмшигч гэж үзнэ. Хариуцагч Б.Оюунмандах нь тус дугаарыг “Л Г”  ХХК-ийн захирал А.Баянмөнхөөс өөрийн нэр дээр шилжүүлсэн болохоос Э.Эрдэнэцогтоос шилжүүлэн аваагүй. Мөн “Л Г”  ХХК нь зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд Б.Оюунмандахын өмчлөлд шилжинэ гэдгийг гэрээ байгуулсан өдрөө мэдэж байсан. Харин Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “...Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж заасныг зөрчөөгүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан  нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шударгаар, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлэх журмыг зөрчсөн. Учир нь “Л Г”  ХХК-д барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр нөгөө талаас шаардах эрх байгаа боловч уг эрх нь төлбөрийн үүргээ биелүүлснээр дуусгавар болно. Нэхэмжлэгч тал 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч огт төлбөр төлөлт хийгээгүй атлаа хэргийг 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэсний дараа буюу 3 жилийн дараа Э.Эрдэнэцогтын данс руу төлбөрийг мэдэгдэлгүйгээр шууд шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал нь зээлийн төлбөр төлөх хугацаанаас хойш 3 жилийн дараа буюу Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа зээлийн төлбөрийг төлснийг шүүх үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан, Иргэний хуулийн үндсэн зарчмуудыг алдагдуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх талуудын хоорондоо харилцсан утасны мессежүүдийг хөрвүүлж өгсөн ба үүндээ үзлэг  хийлгэж, дугаарыг бусдад борлуулах болсныг мэдэгдсэн зэрэг нотлох баримтыг үнэлээгүй.

Хууль тогтоогч Иргэний хуулийн 161-164 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийг болон эрхийн барьцааны тусгай харилцааг зохицуулсан боловч тус зохицуулалт нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр бус болж Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Шүүх нарийвчлан заасан хуулийн хэм хэмжээг хэрэглэх ёстой боловч Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.1-д “барьцаалагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан шууд, эсхүл дуудлага худалдаагаар худалдах” гэсэн заалтыг хэрэглээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр” гэж хууль тогтоогч тогтоосон боловч шүүх иргэний хэрэг үүсгэхдээ хуулийн тус заалтыг баримтлаагүй. Учир нь нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хавсаргасан. Үүнээс маргаан бүхий 99113993, 88887777 дугааруудыг үнэлэх боломжтой байсан гэж хариуцагч нар үздэг. Гэтэл 10 000 000 төгрөгийн зээлийн харилцааны маргааны улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг авч иргэний хэрэг үүсгэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсэхээргүй хэрэг байсан боловч анхан шатны шүүхээс тус ажиллагааг хийсэн процессын алдаа гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, тухайн маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Л Г”  ХХК нь хариуцагч Э.Э, Г.Г, Б.О нарт холбогдуулан барьцааны зүйлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мобиком корпораци” ХХК-ийн 99113993 дугаар, “Юнител” ХХК-ийн 88887777 дугааруудыг “Л Г”  ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг Э.Э, Г.Г, Б.О нарт даалгахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “Л Г”  ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Э.Эрдэнэцогттой “Фидуцийн гэрээ” нэртэй гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5.5 хувийн хүүтэй зээлж авсан, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор компанийн эзэмшилд бүртгэлтэй 99113993 дугаарыг Э.Эрдэнэцогтоос Б.Оюунмандахын эзэмшилд шилжүүлсэн, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг зээлж, компанийн эзэмшлийн 88887777 дугаарыг Э.Эрдэнэцогтын нэр дээр шилжүүлсэн, “Л Г”  ХХК нь 2 гэрээний үүргээ биелүүлээгүй, 99113993 дугаарын эрх Б.Оюунмандахын эзэмшилд, 88887777 дугаарын эрх Г.Гантулгын эзэмшилд тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан фидуцийн гэрээнүүд, “Мобиком корпораци” ХХК-иас ирүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, үйлчилгээний гэрээ, гэрээ шилжүүлэх баримт, “Л Г”  ХХК-ийн эрх шилжүүлэх тухай хүсэлт, “Юнител” ХХК-ийн төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ зэрэг бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 9-11, 58-59, 99, 105-110, 112, 115, 119/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахдаа хариуцагч нарыг хууль зөрчсөн гэж үзэж, барьцааны зүйлийг буцааж шилжүүлэхийг шаардсан бол хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нар нь фидуцийн зүйлийг захиран зарцуулах эрхтэй гэж, хариуцагч Г.Гантулга нь шударга эзэмшигч гэж тус тус маргасан байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт фидуцийн зүйл нь хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болохоор тус тус заажээ.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт зааснаас үзвэл “Л Г”  ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн үүрэн утасны дугаар эзэмших эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарах бөгөөд уг эрх нь барьцааны зүйл байж болохоор дээрх хуулиар зохицуулсан тул нэхэмжлэгч “Л Г”  ХХК, хариуцагч Э.Эрдэнэцогт нарын хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан барьцааны эрх үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх харилцааг зөв тодорхойлон, зохигчдын хооронд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээний харилцаа үүсээгүй гэж зөв дүгнэжээ. Иймд хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарын фидуцийн гэрээний зүйлийг захиран зарцуулах эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй болно.

Талууд дээрх гэрээнүүдийн дагуу зээлсэн мөнгөн дүн болон гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Хариуцагч Э.Эрдэнэцогт нь “99113993 дугаарыг барьцаалан зээл авахад миний мөнгө хүрээгүй тул Б.Оюунмандахтай зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөг зээлж, үлдэгдэл мөнгийг нь нэмж 10 000 000 төгрөг болгон А.Баянмөнхөд өгсөн. Миний бие Б.Оюунмандахаас мөнгө зээлсэн тул тус дугаарын эзэмших эрхийг түүнд шилжүүлсэн” гэх тайлбар, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээ зэргийг харьцуулан үзвэл 99113993 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Э.Эрдэнэцогт биш гэдгийг Б.Оюунмандах нь мэдэж байсан тул түүнийг хууль ёсны эзэмшигч гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу 99119339 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарт даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

Харин анхан шатны шүүх хариуцагч Э.Эрдэнэцогт, Г.Гантулга нараас “Юнител” ХХК-ийн 88887777 дугаарын эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай “Л Г”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Барьцааны эрх хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн бол барьцаалагч нь барьцаалуулагч болон гүйцэтгэгчид бичгээр мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд барьцааны гэрээний талаарх мэдээлэл, барьцааны эрх хэрэгжих нөхцөл бүрдсэн болон барьцааны эрхээ хэрэгжүүлж эхлэх тухай мэдэгдэл, барьцаалуулагчаас барьцааны шаардлагыг хангах талаар авч болох арга хэмжээ, уг арга хэмжээг авах эцсийн боломжит хугацаа зэргийг тусгахаар хуульчилсан байна.

Хэрэгт 2018 оны 02 дугаар 21, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх 197-199, 2хх 89-92/ авагдсан байх ба гар утасны харилцан яриа болон 99112348 гэсэн цагаан өнгийн СД-д буулгасан бичлэг зэргийг харьцуулан үзвэл хариуцагч Э.Эрдэнэцогт нь 88887777 дугаарын эзэмших эрхийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Г.Гантулгын нэр дээр шилжүүлснээс хойшхи цаг хугацаанд харилцаж байсан үйл баримт тогтоогдож байна. Иймд  хариуцагч Э.Эрдэнэцогтоос “Л Г”  ХХК-ийн захирал А.Баянмөнхөд дээрх хуульд зааснаар 88887777 дугаарын эзэмших эрхийг шилжүүлэх талаар мэдэгдэл хүргүүлж байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх мэдэгдэлд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагчийн барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс хойш 14 хоног байна” гэж заасан үндэслэлээр хариуцагч талаас нэхэмжлэгч талд барьцааны зүйлтэй холбоотойгоор хуульд заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлж, хуульд заасан барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа олгосон болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Э.Эрдэнэцогт, Г.Гантулга нараас үүрэн телефоны 88887777 дугаарын эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч “Л Г”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч тал Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.1-д “барьцаалагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан шууд, эсхүл дуудлага худалдаагаар худалдах” гэж заасны дагуу барьцааны шаардлага хангах аргаар “Мобиком корпораци” ХХК-ийн 99113993 дугаарыг бусдад худалдан борлуулсан гэж тайлбарлаж байгаа боловч барьцааны шаардлага хангах арга нь мөн хуулийн 48 дугаар зүйл, 49 дүгээр зүйлд заасан шаардлагыг зохих ёсоор хэрэгжүүлсэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулж, барьцааны шаардлага хангагдах зохицуулалт юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагч Э.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Хэрэгт нэхэмжлэгч “Л Г”  ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Э.Эрдэнэцогтийн Хаан банк ХХК-ийн 5017004126 тоот данс руу 10 000 000 төгрөг, 1 650 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 1 100 100 төгрөгийг /2хх 52-53/ тус тус шилжүүлсэн талаарх баримтууд авагдсан байх ба үүнийг нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 08, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Харин хариуцагч Э.Эрдэнэцогт нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 10 000 000 төгрөгийн зээлийн харилцааны маргаан тул шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн. Иймд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан” гэжээ.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт зааснаас үзвэл “Л Г”  ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн үүрэн утасны дугаар эзэмших эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарах тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...шүүгч шүүх хуралдаан завсарласны дараа зөвлөлдөх тасалгаанд байхдаа хэн нэгэнтэй утсаар ярилцаж байгаа нь сонсогдсон, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд дурдсан дээрх нөхцөл байдлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/02234 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 99113993 дугаарын эзэмших эрхийг “Л Г”  ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Эрдэнэцогт, Б.Оюунмандах нарт, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар үүрэн телефоны 88887777 дугаарын эзэмших эрхийг “Л Г”  ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.Эрдэнэцогт, Г.Гантулга нарт тус тус даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...35 100 төгрөг” гэснийг “...140 400 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Л Г”  ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Эрдэнэцогтоос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.     

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН