Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2018/0856

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2018/0856

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаярт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Хөдөөгийн үзэсгэлэн ХХК /РД:6288553/

Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаяр

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаярын 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өөдлөх, хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өөдлөхөөс шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаяр нь манай компанийн ХАЙРХАН барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглаж байна хэмээн улсын байцаагчийн №12 дугаартай шийтгэлийн хуудсыг ногдуулсан байдаг. Бид уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компани 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Нарны буман гэрэл ХХК-иас гаргасан гомдол нь Хайрхан нэрний талаар байсан. Харин манай компанийн худалдан борлуулдаг мотоцикл нь Сhаrminc super хайрхан гэсэн гурван үгнээс бүрддэг бөгөөд Хайрхан нэрийг дангаар нь ашиглаж хэрэглээгүй бөгөөд Сharminc super гэдэг нь Монголоор сэтгэл татам, хайр хүрэм, дур булаам гэсэн утгатай. Тус нэрийг дангаар болон хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахуйц гэж үзэхгүй байна.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ гэж заасан байдаг.

Хайрхан нэрийг тухайн бүтээгдэхүүн /мотоцикл/-д байршуулахдаа Сharminc super гэж томоор бичиж хайрхан нэрийг жижгээр бичиж хэрэглэсэн байдаг.

Ялгагдахаар илэрхий хэрэглэж байршуулсан байхад ямар нэгэн дүгнэлт үйлдэлгүйгээр шууд зөрчил хэмээн үззж манай компанид 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулж байгаа нь илт нэг талыг барьсан хууль бус шийдвэр болсон. Нарны буман гэрэл ХХК нь ганцхан Хайрхан гэсэн нэрийг л баталгаажуулж авсан байдаг. Манай компани нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Уг зөрчлийн хэргийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нээсэн байхад Зөрчлийн шийтгэл оногдуулахдаа 8 дугаар сарын 26-ны өдөр оногдуулсан алдаа мөн гаргасан байдаг.

... Оюуны өмчийн газарт гомдол гаргасан Нарны буман гэрэл ХХК нь хуурамч итгэмжлэлээр гомдол гаргасан байдаг. Энэ нь хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан байгаа. Үүнийг Бриллиант ХХК орчуулсан бөгөөд хавтаст хэргийн 5 дугаар хуудаст байгаа. Гэвч хавтаст хэргийн 39 дугаар хуудаст орчуулагч байгууллага нь өөрөө буруу орчуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн залруулга хийсэн баримт байгаа. Үүнд Нарны буман гэрэл ХХК нь хуулийн байгууллагад лиценз хөрвүүлэх эрхтэй компани бөгөөд Оюуны өмчийн газарт гомдол гаргах эрхтэй байгууллага биш. Гэтэл уг үндэслэлээр хариуцагч Ч.Эрдэнэбаяр нь итгэмжлэлгүй, хууль бус гомдлыг авч хянаад манай компанид холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн. Иймээс манай компани уг зөрчлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Иймд Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч гэх Ч.Эрдэнэбаярын №12 дугаартай Шийтгэлийн хуудас ногдуулсныг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.Эрдэнэбаяр шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өөдлөхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гаргасан 18/33 дугаартай нэхэмжлэлийн шаардлагыг Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр би эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Бүгд найрамдах хятад ард улсын Чункин Инган шинжлэх ухаан, технологи ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон итгэмжлэлтэй Нарны буман гэрэл ХХК нь ХАЙРХАН барааны тэмдгийг Хөдөөгийн үзэсгэлэн ХХК эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй хилээр нэвтрүүлж, худалдан борлуулж байгаа хууль бус үйлдлийг зогсоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгөх тухай хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай байгууллагад ирүүлсэн болно.

Бүгд найрамдах хятад ард улсын Чункин Инган шинжлэх ухаан, технологи ХХК нь Хайрхан барааны тэмдгийг 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анхдагч огноотой бараа үйлчилгээний олон улсын 12 дугаар ангиллаар эрхийн хамгаалалт хийлгэж 8155 тоот барааны тэмдгийн гэрчилгээ авсан байна.

Бүгд найрамдах хятад ард улсын Чунгин Инган шинжлэх ухаан, технологи ХХК-тай 2007 оноос худалдааны гэрээтэй ажиллаж байгаа Нарны буман гэрэл ХХК нь Хайрхан нэртэй дугуйтай мотоциклыг Монголын цаг уур, зам харгуйд зохицуулан явах анги, жолоодлогын системд өөрчлөлт хийлгэж YIGANG үйлдвэрт захиалгаар үйлдвэржүүлж импортлон борлуулдаг байна.

Гэтэл Хөдөөгийн үзэсгэлэн ХХК нь Бүгд найрамдах хятад ард улсын Chongqing Charming Motorcycle Manufacture ХХК-д захиалан авахдаа Сharming super Хайрхан нэрээр авчирч худалдан борлуулсан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийг /Бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах/ зөрчсөн үйлдэлд болсон.

Мотоциклын хэрэглэгч, худалдан авагч нарын ихэнх нь хөдөөгийн малчид байдаг бөгөөд гадаад хэлээр бичигдсэн үгийг ойлгохгүй, тогтоох нь муу байдаг тул зөвхөн Монголоор бичсэн үг, дүрс, өнгөөр ялган сонголт хийдэг нь нийтлэг байна

Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй болно.

Иймд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудас нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчөөгүй нийцэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Хөдөөгийн үзэсгэлэн ХХК нь анх Хятад улсаас мотоцикл оруулж ирэхдээ 150 ширхгийг оруулсан гэсэн гаалийн бүрдүүлэлтийн материал байдаг. 150 мотоциклоос 10 ширхэг нь Хайрхан нэртэй оруулж ирсэн гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Үүнийг би ойлгохдоо Хөдөөгийн үзэсгэлэн ХХК нь захиалж оруулж ирсэн зорилго бүхий зүйл гэж ойлгож байна. Мөн Хайрхан гэсэн нэрийн доор улаан дэвсгэр дээр амаа ангайсан хар чонын дүрс байдаг. Уг дүрс нь Нарны буман гэрэл ХХК-ийн оруулж ирдэг мотоциклд мөн адил байгаа. Энэ бүхнээс үзвэл хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах зорилго агуулж байгаа гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1-т заасны дагуу 3 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан.

... Би төрийн нэрийн өмнөөс алба хааж буй иргэнийхээ хувьд хэн нэгний эрхийг хааж боогдуулалгүйгээр итгэмжлэлээ ирүүлэхийг даалгасан. Хавтаст хэргийн хамгийн сүүлийн хуудаст энэ талаарх баримт авагдсан. Мөн орчуулсан орчуулаагүй баримтуудыг ямар учраас хэрэгт өгсөн гэхээр лиценз гэдэг үгийг янз бүрийн хэлбэрээр Монгол хэлнээ орчуулаад байгаа учраас Англи хэл дээрх материалаа ирүүлэхийг даалгасан.

Хайрхан гэх нэршлийн хувьд Монгол хэлэнд өргөн ашиглагддаг нэр боловч, барааны тэмдгийн тухайд Монгол хэлэнд байгаа ямар ч үгийг оноосон нэр болгож өгөөд, түүндээ эрхийн хамгаалалт хийдэг бөгөөд гагцхүү тухайн бараа үйлчилгээнийхээ оноосон нэрийг авахыг хориглодог гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаярт холбогдуулж гаргасан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаярын 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаярын 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсаар Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн гаргасан барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3,000,000.00/гурван сая/ төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.[1]

Дээрх шийтгэлийн хуудас нь 2018 оны 08 дугаар сарын огноотой байх боловч хариуцагчаас техникийн алдааны улмаас 08 дугаар сар гэж тэмдэглэгдсэн уг шийтгэлийн хуудас нь мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өдөр гардаж авсан хэмээн тайлбарлаж шүүхэд гомдол гаргах хугацааны тухайд маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч нь гомдол гаргах эрхгүй этгээдийн хүсэлтээр зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, манай компани нь Хайрхан барааны тэмдгийг дангаар ашиглаагүй бөгөөд уг барааны тэмдгээс ялгагдах супер чайрмин/Super chairminс/ гэсэн бичиглэлийн хамт ашигласан байхад шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж, хариуцагчаас Тухайн барааны тэмдгийг эзэмшигч нь албан ёсны борлуулагч болох Нарны буман гэрэл ХХК-д гомдол гаргах эрх олгосон байсан бөгөөд барааны тэмдгийг ашигласан мотоциклыг Хөдөөгийн үзэсгэлэн ХХК борлуулж байсан явдал нь хэрэглэгчийн төөрөгдүүлэхүйц болох нь тогтоогдсон тул шийтгэлийн ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж тус тус маргажээ.

 

Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаяр нь Нарны буман гэрэл ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн ... манай 2 компанийн хоорондын онцгой гэрээгээр үйлдвэрлэгддэг ХАЙРХАН нэрийн мотоциклыг импортлон борлуулж буй этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1802000372 тоот зөрчлийн хэрэг нээх тогтоол үйлдэж, прокурорт танилцуулж шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.[2]

Монгол улсын тэргүүн шадар сайдын 2010 оны 48 дугаар тушаалаар олгогдсон ХАЙРХАН барааны тэмдгийг эзэмшигч БНХАУ-ын Чонгкин Юинганг шинжлэх ухаан технологийн групп/CHONQING YINGANG SCIENCE & TECHNOLGY (GROUP) CO.LTD/-ээс Нарны буман гэрэл ХХК-д олгосон Нарны буман гэрэл ХХК нь Юинганг шинжлэх ухаан & Технологи ХХК-ийн нэрийн өмнөөс ХАЙРХАН барааны тэмдэг болон брэндтэй холбоотой асуудлаар Монгол улсын Оюуны өмчийн газар болон хуулийн байгууллагад төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч болно[3] гэсэн итгэмжлэлийг үндэслэж эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Зөрчилд холбогдогч Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг итгэмжлэлийг буруу орчуулагдсан гэж үзэж хариуцагчид гомдол гаргасны дагуу итгэмжлэлийг анх орчуулсан Бриллиант орчуулгын товчооны дахин орчуулсан орчуулга, мөн түүнчлэн итгэмжлэлийг хятад болон англи хэлнээс Цагаан согсоот транслэйшн болон Кристал мелоди ХХК-иудын орчуулгын товчооноос орчуулсан удаа дараагийн орчуулгууд нь зөрчлийн хэрэгт авагдсан байна.[4]

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно гэж зааснаар зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь уг ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзвэл холбогдогчоос прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байх бөгөөд холбогдогчоос энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй атлаа зөрчилд шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар уг процессын эрхийг үндэслэж гомдол гаргах эрхгүй этгээдийн хүсэлтээр зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тайлбарлан маргаж байгаад шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас барааны тэмдгийг эзэмшигчээс Нарны буман гэрэл ХХК-д олгосон итгэмжлэлийг хуулийн шаардлага хангасан гэж үзэж зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан, уг үйл ажиллагаанд прокурор хяналт тавих эрх хэмжээтэй байх тул захиргааны байгууллага болон прокурорын хуулиар олгогдсон эрх хэмжээнд шүүхээс халдаж дүгнэх үндэслэлгүй.

 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг барааны тэмдэг гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол, 13.1.3-т барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол барааны тэмдгийг ашигласанд тооцохоор заажээ.

Гэтэл гомдол гаргагч Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар худалдан борлуулж 160 ширхэг мотоциклын зарим нь ... хайрхан бичиглэлтэй байсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр, гомдол гаргагчийн болон холбогдогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон байна.

Мөн зөрчилд холбогдогч Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн эрх бүхий этгээдээс өгсөн тайлбартаа 10 мотоцикл нь CHAIRMINC super хайрхан гэсэн бичиглэлтэй байсныг хүлээн зөвшөөрсөн, уг 10 мотоциклыг барааны тэмдэг эзэмшигчээс худалдан авсныг нотлох баримтыг эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгөөгүй, харин уг мотоциклуудын гаалийн мэдүүлэгт өөр үйлдвэрлэгчийн нэр бичигджээ.

Дээрхээс үзвэл, гомдол гаргагч нь барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн бараа, бүтээгдэхүүндээ ашигласан зөрчил үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Монгол улсын тэргүүн шадар сайдын 2010 оны 48 дугаар тушаалаар ХАЙРХАН барааны тэмдгийг БНХАУ-ын Чонгкин Юинганг шинжлэх ухаан технологийн групп/CHONQING YINGANG SCIENCE & TECHNOLGY (GROUP) CO.LTD/-д үйлчилгээний 12 буюу Мотоцикл, тээврийн хэрэгслийн дугуйн бул, ачааны гурван дугуйт, мопет, моторт гурван дугуйт, арын толь, хөдөлгүүрээр тэжээгддэг тээврийн хэрэгсэл, дугуйн тоноглол ангиллаар олгосноос үзвэл ХАЙРХАН барааны тэмдгийг мотоцикл зэрэг бараанд ашиглах эрх нь зөвхөн уг барааны тэмдгийг эзэмшигчид хадгалагдаж байх тул хариуцагчаас барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэж шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

Хэдийгээр бараа, бүтээгдэхүүний дизайныг тогтоох нь үйлдвэрлэгчийн эрх боловч зөрчлийн хэрэгт авагдсан мотоциклуудын фото зургаас үзвэл зөрчилд холбогдогчийн борлуулж байсан CHAIRMINС super хайрхан гэсэн бичиглэл, хамт зураглагдсан чонын дүрс зэрэг нь Нарны буман гэрэл ХХК-ийн худалдан борлуулдаг мотоцикл дээрх бичиглэл болон дүрстэй төсөөтэй байгаа нь илэрхий байх тул хайрхан барааны тэмдгийг CHAIRMING super гэдэг үгсийн хамт хэрэглэсэн нь ялгагдах чадвартай гэж үзэхээргүй байна.

Дээрхээс үзвэл, Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-аас хайрхан барааны тэмдгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан буюу Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Барааны тэмдэг эзэмшигчийн ... эрхийг зөрчсөн гэж заасан зөрчил үйлдсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх тул зөрчилд шийтгэл нь ногдуулсан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаярын 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль тогтоомжид нийцжээ.

Иймд Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаярын 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Хөдөөгийн үзэсгэлэн ХХК-ийн Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Ч.Эрдэнэбаярын 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ