Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 378

 

 

                                    “Д Д”  ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03544 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Д Д”  ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.О-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 441 036 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Минжмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвацэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д Д”  ХЗХ нь Д.О-тэй 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №ЗЭ14012201 тоот зээлийн гэрээг байгуулж, тус гэрээний дагуу 2 210 000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Манай байгууллага нь хариуцагч Д.О-ээс авсан зээлээ төлөхийг удаа дараа шаарддаг байсан боловч хугацаа сунгаад өгөөч төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн. Манай байгууллагаас 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч Д.О-т үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт 4 584 622 төгрөг барагдуулах тухай №19/04 тоот албан бичиг хүргүүлж хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан. Иймд хариуцагчийн гаргаж өгсөн зээл, зээлийн хүү төлөх хуваарийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагч Д.Отгогчимэгээс зээл, зээлийн хүүд нийт 4 584 622 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 88 304 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Д.О-ээс 2015 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх 1 675 хоногийн зээл ашигласан хоногийн хүү нийт 4 187 563 төгрөг, нийт 6 441 036 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хариуцагчаас 6 441 036 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Д Д”  ХЗХ-тай зээлийн гэрээний байгуулсан нь үнэн боловч бодитойгоор гэрээний дагуу мөнгө гардаж аваагүй. Учир нь Д.О- урд хоршооны гишүүнээр 2011 онд элссэнээс хойш хэд хэдэн удаа уг хоршооноос зээл авч, төлж байсан бөгөөд хамгийн сүлд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 8000 000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан байна. Үүнээс зарим хэсгийг төлж чадаагүй үлдэгдэлтэй байтал 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус хоршооны ажилтан гэрээгээ шинэчлэхийг шаардаж, зээл хүүгээ төлөөгүй хугацаа хэтэрснээр 2 210 000 төгрөгийн өр үүсээд байгаа учир энэ үлдэгдэл зээл хүүгийн өрөө нэмж хүү тооцож гэрээг шинээр зээлийн гэрээ хийж гарын үсэг зуруулсан бөгөөд энэ гэрээгээр Отгончимэгт ямар нэгэн мөнгө өгөөгүй. Харин 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр авсан зээлийн үндсэн болон зээлийн болон хүүг нэмж хүүнээс хүү авахаар хууль зөрчиж хийсэн дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд зээлдүүлэгчид мөнгө шилжүүлж өгөх үүргээ бодитоор биелүүлээгүй учир бодитоор барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ гэрээгээр зээлдүүлэгч бодит байдлаар мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул зээлдэгчид энэ гэрээгээр бусдад мөнгө төлөх үүрэг үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О-ээс 2 500 928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Д Д”  ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 940 108 төгрөгийнн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 54 965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн анхны болон нэмэгдүүлсэн шаардлагадаа Д.О-ээс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 441 036 төгрөг гаргуулах тухай дурдсан. Энэ нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсэж, нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагч нь “...энэ зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч гэрээнд заасан мөнгийг өгөөгүй, өмнөх зээлийн үлдэгдэл, хүүгийн хүү бодож байгаад гэрээг байгуулсан, энэ гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй учраас төлөх үндэслэлгүй” гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн. Нэхэмжлэгч талаас өөр нэхэмжлэл бичгээр гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн зүйл байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас “...2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээний үүргийн дагуу мөнгө олгосон гэх баримтыг гаргуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасан. Шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцуулсан гэрч нь “...2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мөнгө өгөөгүй” гэдгийг мэдүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манайхаас мөнгө өгсөн гэх баримт байхгүй гэх тайлбар гаргасан. Нэхэмжлэгч тал нь хадгаламж зээлийн хоршоо байх бөгөөд бусдад зээлүүлсэн мөнгө нь бэлэн бусаар гарсан бол байгууллагын данснаас гарч олгогдсон байх ёстой. Харин бэлнээр өгсөн бол тухайн байгууллагын кассаас зарлагын ордер бичигдэж мөнгө гарсан баримт байх ёстой. Гэтэл “Д Д”  ХЗХ-оос дансаар болон кассаар мөнгө гаргаж өгсөн баримтгүй бөгөөд хариуцагч нь мөнгө аваагүй гэх, нэхэмжлэгч тал мөнгө өгсөн баримт байхгүй гэх тайлбар гаргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна” гэж заасан ба хариуцагчид анхны болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний мөнгө олгогдсон гэдэг нь нотлогдоогүй тул 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсаныг буцаан төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг амаар өөрчилж “...2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэлдэл өгөгдөөгүй” гэх асуудал ярьсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас хэдэн оны гэрээний үүргийг шаардаж байгааг асуухад 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэдгээ хэлсэн. Энэ гэрээний талаар урьд яригдаагүй, энэ талаар нэхэмжлэл гаргаагүй учраас өөрийн үйлчлүүлэгчдээ танилцуулж чадаагүй. Миний бие “...албан ёсоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж байгаа бол бичгээр бичиж өгөөч, би гардаж аваад хуульд заасан хугацаанд үйлчлүүлэгчдээ танилцуулж, нотлох баримтаа бүрдүүлж мэтгэлцэе” гэх хүсэлт, шаардлагыг тавьсан. Хариуцагч талд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн баримтаа албан ёсоор бичгээр гаргаж өгөөгүй, анхны нэхэмжлэлд дурдаагүй учраас 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнөх зээлийн гэрээний асуудлыг шүүх шийдвэрлэх ёсгүй.

Шүүх нэхэмжлэлд дурдсан гэрээгээр хариуцагчид мөнгө олгоогүй нь үнэн гэж дүгнэсэн атлаа, хариуцагчаас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй шийдвэр болсон.

Хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өмнөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодоод 1 800 000 төгрөгийн гэрээ хийсэн гэх тайлбар гаргасан. Нэхэмжлэгч тал 2013 онд мөнгө гаргаж өгсөн гэх баримт болон зээлийн  гэрээ гаргаж өгөөгүй. Хэрэгт 2011, 2012 оны гэрээ гэж авагдаагүй ба нэхэмжлэгчээс Д.О-т хэдэн төгрөг өгснийг нотлох баримтгүй. Иймд энэ хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Д Д”  ХЗХ нь хариуцагч Д.О-т холбогдуулан 2015 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4 584 622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл /хх 1/ шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн /хх 39/, мөн нэхэмжлэгчээс 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас нэмж нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. /хх 60/

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүгч хангалттай хийсэн гэж үзэхээргүй байна.

Дээрх ажиллагааг явуулаагүйгээс талуудын мэтгэлцэх, хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргах боломжийг анхан шатны шүүх хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 25, 72 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн, талууд өмнөх зээлийн гэрээний харилцаа үргэлжилсэн гэдэг дээр маргаагүй боловч хэзээ, хэдэн төрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, ямар тооцоолол, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжилж байгаа талаарх нотлох баримтуудыг гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шүүх нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулснаар талуудын нотлох баримт бүрдүүлэх үүргийн хуваарилалт, мэтгэлцэх үндэслэл нь тодорхой болж, шүүхээс маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримтыг үнэлэх, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Иймд дээрх зөрчлийг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03544 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

                                    ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН