| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 101/2023/05426/И |
| Дугаар | 183/ШШ2024/02658 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2024/02658
2024 оны 06 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2024/02658 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, ** байранд байрлах, Г****** ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах, В****** ХХК /РД:******/,
Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Ч**** овогт Т.С /РД:**********/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 564 292 655 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Х.Ч, Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч Т.С,
Хариуцагчийн өмгөөлөгч О.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г****** ХК нь хариуцагч В******* ХХК, Т.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 564 292 655 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.В****** ХХК, Т.С нар нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ЗГ1715156908 тоот бизнесийн зээлийн гэрээг Г***** банктай байгуулж 450 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18% /Арван найм/-ийн хүүтэй, 9 /Ес/ сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр БГ1715156908 тоот барьцааны гэрээгээр СОЯ/202103006 тоот XIV. 1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал (Сүхбаатар, Баяндэлгэр сум) ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан болно. Зээлдэгч нь ЗГ1715156908 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 310 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 8 дугааар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 418 505 883 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 66 061 003 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11 865 899 төгрөг, нийт 496 432 786 төгрөг байна. Иймд хариуцагч В******* ХХК, Т.С нараас зээлийн гэрээний үүрэгт 496 432 786 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул Г******* банкнаас үндсэн зээлийн үлдэгдэл 418 505 883 төгрөг, үндсэн хүү 122 610 894 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 175 877 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 584 хоног, нийт 564 292 655 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэжээ.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В******* ХХК, Т.С нар нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ЗГ1715156908 тоот бизнесийн зээлийн гэрээг Г****** банктай байгуулж 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр БГ1715156908 тоот барьцааны гэрээгээр Соёлын төвийн 300 суудалтай (Сүхбаатар, Баяндэлгэр сум) барилгын ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан болно. Зээлдэгч нь ЗГ1715156908 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 310 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч Г****** банкны зүгээс Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул Г***** банкнаас нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 67 859 869 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн хэмжээ нийт 564 292 655.20 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болсон барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү, зээлийн гэрээг хэн аль нь байгуулж, хамтран зээлдэгчээр гарын үсгээ зурсан тул хариуцагч нараас хэн алинаас нь гаргуулахаар шаардсан гэв.
2.Хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч Т.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд баригдах Соёлын төвийн барилга, 300 суудалтай ажил гүйцэтгэх гэрээг барьцаалан №ЗГ1715156908 тоот гэрээ байгуулан 450 000 000 төгрөгний зээл авсан. Уг гэрээт ажил нь анх 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 940 025 092 төгрөний дүнтэй байгуулагдан, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж ажил гүйцэтгэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаж, төслийн хүрээнд 3 удаагийн санхүүжилт олгосон ба барилга угсралтын ажлын гүйцэтгэл 543 330 687 төгрөг, материалын үнийн зөрүү болох 117 439 823 төгрөг буюу нийт одоогийн байдлаар 660 770 510 төгрөгийн гүйцэтгэл олгоод байна. Харин бидний хувьд шууд зардлаар буюу төсөлд зарцуулсан нийт санхүүжилт 1 167 149 877 төгрөгт хүрсэн нь зөвхөн олгосон санхүүжилт, барилга угсралтын дүн хоёрын зөрүүнээс 506 379 367 төгрөгний алдагдал хүлээсэн. Учир нь тус гэрээт ажлыг гүйцэтгэх явцад улс орон даяар гарсан Ковид19 цар тахлын улмаас барилгын материал болон тээвэр шатахууны үнэ өссөн нь цаашид ажил гүйцэтгэлд шууд нөлөөлж барилгын ажил зогссон нь зээлийн эргэн төлөлтөнд нөлөөж өнөөдрийг хүрсэн. Соёлын төвийн барилга барьж угсрах гэрээт ажил нь Тендерийн зураг ажпын зураг хоёр хоорондоо зөрүүтэй, тендер зарлахдаа зураг төсөл мөн тендерийн төсөв магадлалд ороогүй, барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг буруу тооцсон зэргээс шалтгаалж төсөвт дахин магадлан хийж 2024 оны төсөвт суулгаж өгөхийг манай зүгээс барилга захиалагчид хүсэлт гаргасан. Бид дээрх асуудлыг барилга захиалагчид тавьж төсөвт магадлан хийлгэн ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлттэй байна. Ажил гүйцэтгэл хэвийн явагдвал тус зээлийг эргэн төлөхөд хүндрэл гарахгүй гэдэгт итгэлтэй байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Манай зүгээс нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнө мөн энэ гэрээг барьцаалаад 270 000 000 төгрөгийг зээл аваад түүнийгээ төлж дуусгасан. Нэмэлт энэ гэрээгээр мөн зээл авсан. Өмнө яг хугацаанд нь төлөөд эхний ондоо төлөөд дуусгасан. 2022 онд 2 дахь гэрээ байсан яг энэ үнийг нэмэгдлээс болоод 1 000 000 000 гаран төгрөг зарцуулаад 600 000 000 гаран төгрөг л авсан. 500 000 000-600 000 000 төгрөгийг алдагдалтай ажилласан. Гэрээний хугацаа дуусчихсан бид хугацаа сунгах болон дахин магадлал хийх ажил дуусаагүй 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Улсын төсвөөс бид нарт 40 000 000 төгрөг л өгсөн, тиймээс зээлийн эргэн төлөлт нь зөвхөн манай буруугаас болж хугацаа хоцроогүй гэдгийг хэлмээр байна гэв.
2.1.Хариуцагчийн өмгөөлөгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэж байна. Тийм учраас тайлбар байхгүй. Ерөнхийдөө бол үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээ яагаад хэрэгжих боломжгүй болсон талаар тайлбарласан. Г******** ХК-ийн захирлын эрх олгох тухай 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр тушаалаас ямар үйл баримт тогтоогдож байна вэ гэхээр 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 тоот тушаалыг одоо хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Г******* ХК-ийн тусгай хэлтсийн захиргааны Б.Э*******д олгосон итгэмжлэлийг хүчингүй болгож байгаа. Энэ хүчингүй болгосон итгэмжлэлийн үндэслэлийг Б.Б*******д итгэмжлэл болгоод Б.Б********д нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээд байгаа. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Г******* ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал буюу зээл цуглуулах газрын захиралд эрх олгосон зохицуулалт бол биш. Нотлох баримт шинжлэн судлуулсан Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 нь гүйцэтгэх захирал Н****** К*****д олгосон ийм зохицуулалт байж байна. Үүнээс юу дүгнэгдэж байна вэ гэхээр энэ тушаал нь өөрөө өмнө нь олгосон итгэмжлэл хүчингүй болсноор энэ шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл хүчингүй болгох эрх зүйн үр дагавартай байж байгаа юм. Иргэний хуулийн 62 дугаар зүйл, 64 дүгээр зүйлд зааснаар захирлын дээрх тушаал Г******* ХК-ийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлэх юм бол бусдад шилжүүлэх тохиолдолд холбогдох хуулийн зүйл заалтыг барих ёстой. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн одоо хуулийн этгээдийг төлөөлөх зохицуулалтыг мөн үндэслэж гарах ёстой байтал Б.Э********д одоо эрх олгосон хуулийн тогтоол байхгүй Н****** К****д өөрт одоо эрх олгосон зохицуулалтаар Б.Э*******д шилжүүлж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан үндэслэл тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл, тодорхой төлбөрийг гаргуулах шаардлагын тухайд үндсэн төлбөрийг зөвшөөрч байгаа. Нэмэгдүүлсэн хүүгийн хүрээнд нэгэнт тэр гуравдагч этгээд буюу С******* аймгийн Тамгын газрын одоо байгуулсан Тамгын газартай байгуулсан гэрээний үүргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулъя гэсэн. Мөн хавтаст хэрэгт цугласан баримтыг харахад С******** аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж одоо н.Б********ь гэдэг хүн гарын үсгээ зураад ингээд тамга дарсан зэргээс харахад гэрээний баталгаатай холбоотой асуудлаар Г********** ХК нь С********* аймгийн Засаг даргын Тамгын газарт одоо хандаж байсан ийм үйл баримтууд нь тогтоогдохгүй байж байгаа. Энэхүү гэрээтэй холбоотой шаардах эрхийг Г******** ХК яг хэрхэн яаж хэрэгжүүлж байсан эсэх нь тодорхойгүй ийм нөхцөл байдал байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна аа. Өөрөөр хэлэх юм талууд С********** аймгийн Засаг даргын Тамгын газарт Соёлын төвийн барилгын ажлыг хийх ёстой байсан. Тухайн барилгын ажил одоо саатсан, түүнтэй холбоотой нотлох баримтыг өгөх байсан боловч нотариатаар баталгаажуулж амжаагүй учраас хэрэгт авагдаагүй өгч чадаагүй, шүүх уг баримтыг гаргуулаад авах боломжтой. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг одоо хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэдэг ийм зохицуулалт байж байгаа юм. Өмнө юу хэлэх гээд байна вэ гэхээр яг дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал үүссэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд тэр үнийн өсөлттэй холбоотой. Тэр барилгын компаниуд төрийн бус байгууллага Засгийн газар болон одоо эрх бүхий этгээдүүдэд шаардлага хүргүүлж, түүнийх нь хүрээнд зохих шийдвэр гараад тэрхүү шийдвэрийнх хэрэгжилтийг нь хангуулах зорилгоор процесс нь өрнөж байгаа ийм нөхцөл байдал байж байгаа. Өөрөөр хэлэх төсөвт өртөг нэмэгдсэн. Гэрээний дагуу ажлаа үргэлжлүүлэх Соёлын яам, С********* аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанаас зээлийн төлөлт хамаарах байсан. Тэгэхээр үүнтэй холбоотой баримт хэрэгт шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ1715156908 тоот Зээлийн гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №БГ1715156908 тоот Барьцааны гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Баталгаа, В********* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №А22/08 тоот барьцаалбар, В********* ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №22/02 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ Ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ барилга угсралтын ажлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт, нэхэмжлэлийн нэмэгдүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хавсралт /хэргийн 3-21, 97-100-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн АБ23/52 тоот албан бичиг, тендерийн урилга, Төсвийн товч тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ барилга угсралтын ажлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 526/2022 тоот албан бичиг, хавсралт, хариу тайлбар, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ барилга угсралтын ажлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт, тендерийн урилга, хавсралт /хэргийн 30-64, 105-126-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г******** ХК-ийн нэхэмжлэлээс 484 566 886 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг хангаж, 79 725 769 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч В******* ХХК, Т.С нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа буцаан төлж барагдуулаагүй гэж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-үндсэн зээлийн үлдэгдэл 418 505 883 төгрөг,
-зээлийг ашигласан хугацааны хүү 122 610 894 төгрөг,
- гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 23 175 877 төгрөг, нийт 564 292 655 төгрөгийг гаргуулах,
-үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр хангуулахаар шаардсан.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэгч Г******** ХК-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр, хүүг төлж байсан, цар тахлын улмаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдэхгүй, барилгын салбарт үнэ нэмэгдэж, үйл ажиллагаа зогссон, зээлийн төлөлт хугацаа хэтэрсэн нь бусад нөхцөл байдлаас шалтгаалсан тул хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэрээний хугацаа сунгагдсан, санхүүжилтийг бүрэн олгоогүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Г********* ХК нь хариуцагч В******** ХХК, Т.С нартай 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр №ЗГ1715156908 тоот Зээлийн гэрээ байгуулж, гэрээ барьцаалсан зээлийн зориулалтаар 450 000 000 төгрөгийн жилийн 18 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №БГ1715156908 тоот барьцааны гэрээгээр СОЯ/202103006 тоот XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал (Сүхбаатар, Баяндэлгэр сум) ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарь, барьцаалбар, зээл хүсэгчийн анкет, хүсэлт, зээлийн дансны хуулга, гэрээний орлого, авлага барьцаалсан тухай хамтарсан мэдэгдэл, баталгаа, В******** ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх эсэх, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах эсэх талаар байна, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар хэн аль нь маргаагүй.
6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар зохигч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
6.1.Нэхэмжлэгч Г******** ХК нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ1715156908 тоот зээлийн гэрээгээр нийт 450 000 000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч В********* ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг хариуцагч нараас шаардсан нь үндэслэлтэй байна.
6.2.Хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Т.С хүлээн аваагүй байхад хэн алинаас нь зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.11-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Г******** ХК болон В******* ХХК, Т.С нар байгуулсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийг тэнцүү хэмжээгээр шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
6.3.Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №ЗГ1715156908 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 418 505 883 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 122 610 894 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 23 175 877 төгрөг, нийт 564 292 655 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэсэн.
6.4.Хариуцагч нь нэхэмжлэгчээс 450 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаараа маргаагүй боловч цар тахлын улмаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдэх ажилд саад учирсан, нэмэлт санхүүжилт хийгдээгүй тул зээлийг хугацаанд төлөх боломжгүй болсон, үндсэн зээлийн үлдэгдэл 418 505 883 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
6.5.Хариуцагчийн өмгөөлөгч нь Г******** ХК-ийн захирлын эрх олгох тухай 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр тушаалаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 тоот тушаалыг одоо хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад тус итгэмжлэлийн үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******д нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй, итгэмжлэлд Б.Э*********гээс бусдад итгэмжлэл шилжүүлэх эрх, үүргийг тусгасан хууль зүйн үндэслэл тусгаагүй, өмнөх итгэмжлэлийг хүчингүй болгосоноор шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүссэн тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж маргасан.
7.Нэхэмжлэгч Г******** ХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Э*********н нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөрийн №734 дүгээр Эрх олгох тухай тушаалд үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг Б.Б********д олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*********д 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан Г******* банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №734 тоот тушаалаар “...банкийг төлөөлөн нэхэмжлэл гаргах, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлэх, энэхүү эрхийг тухай бүр шилжүүлэх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох эрхийг Г******* банкны тусгай активын хэлтсийн захирал Б.Э********д 3 жилийн хугацаатай олгосон” байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар, хүсэлт нь үндэслэлгүй, баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.
7.2.Өөрөөр хэлбэл дээрх баримтаар ****** банк ХК-ийн гүйцэтгэх захирал Н****** К****с Тусгай активын хэлтсийн захирал Б.Э********д олгосон 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, итгэмжлэлээр олгогдсон эрх, үүргийг бусдад шилжүүлэх эрхийн хүрээнд Б.Б********дыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгогдсон байх тул 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №129 дүгээр тушаалаар уг тушаалыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.
7.3.Харин ******* банк ХК-ийн захирлын эрх олгох тухай 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №129 дүгээр тушаалаар “...Монгол Улсын бүх шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, арбитр болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд банкийг төлөөлөх, төлөөлж нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт гаргах, шүүх, арбитр, эвлэрүүлэн зуучлагч, эрх бүхий этгээдийн шийдвэрт гомдол гаргах, хуульд заасан хэргийн оролцогч, оролцогч, талуудын эрх, үүргийг эдлэх, энэхүү эрхийг тухай бүр шилжүүлэх буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох, түүнийг томилж оролцуулах, прокурор, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, авлигатай тэмцэх байгууллага болон төрийн бусад байгууллагад банкийг бүрэн төлөөлөх эрхийг ******* банкны Зээл цуглуулах газрын захирал Б.Э********д 3 жилийн хугацаатай олгов. Гүйцэтгэх захирлын 2021 оны 8 сарын 04-ны өдрийн 734 тоот тушаалыг энэхүү тушаал батлагдсан өдрөөс эхлэн хүчингүй болгосугай” гэж 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №129 дүгээр тушаал батлагдсан өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №734 дүгээр тушаалыг хүчингүй болгосон атлаа өмнөх тушаалаар эрх олгогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ихэсгэсэн нь үндэслэлгүй, түүнд энэ эрхийг олгогдсон гэж үзэх үндэслэлгүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэв.
8.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн зээлийн үлдэгдэл 418 505 883 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 66 061 003 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 565 899 төгрөг, нийт 496 432 486 төгрөгийг гаргуулахаар шаардсан шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
8.1.Хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл болох 418 505 883 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй зээлийг төлөх боломжгүй болсон нь ажил гүйцэтгэх гэрээний хэрэгжилт удааширснаас болсон гэж тайлбарласан.
8.2.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.3-д заасан зээлийн зориулалт нь гэрээ барьцаалсан зээл байсан бөгөөд барьцааны зүйл болох XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ ажил гүйцэтгэх гэрээний нийт үнийн дүн 1 940 025 092 төгрөг, гэрээний хугацаа нь 2021 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 518 хоногт багтаан дуусгах байсан боловч 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал /Сүхбаатар, Баяндэлгэр сум/ ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 1.1, 1.2-д гэрээний санжүүжих дүн, гэрээний хугацаанд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж өөрчлөлт оруулжээ.
8.3.Мөн хариуцагч нь цар тахалтай холбоотойгоор барилгын материалын үнэ нэмэгдэж, барилгын ажилд нөлөөлсөн, тендерийн төсөв магадлалд ороогүй, барилгын нэгж үнийг жишиг үнэлгээг буруу тооцсон зэргээс төсөвт дахин магадлан хийхээр хүсэлт гаргасан гэсэн нь 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ************ аймгийн Засаг даргын Тамгын газарт “Тендерийн төсөвт дахин магадлан хийлгэх хүсэлт” гэх албан бичиг, барилга угсралтын ажлын үе шатны хуваарь, төсөвт тооцсон барилгын гол нэрийн бараа материалын гүйцэтгэлийн үнийн тооцоо, барилга угсралтын ажлын зардлын тооцоо гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн зээлийн төлөлтөд хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь зөвхөн хариуцагчийн буруутай үйлдлээс болоогүй гэх тайлбарыг хүлээн авах нь үндэслэлтэй гэж үзэв.
9.Иймд хариуцагч В******* ХХК, Т.С нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 418 505 883 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 66 061 003 төгрөг, нийт 484 566 886 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******** банк ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 79 725 769 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
10.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч В******** ХХК, Т.С нар нь нэхэмжлэгч ******** банк ХК-тай 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №БГ1715156908 тоот барьцааны гэрээг байгуулж, СОЯ/202103006 тоот XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал (Сүхбаатар, Баяндэлгэр сум) ажил гүйцэтгэх гэрээг барьцаалжээ.
10.1.Хариуцагч нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил бүрэн хийгдээгүй, улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоогүй зогсонги байдалд орсон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ барьцаалсан нь үндэслэлгүй гэж маргасан.
10.2.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 153 дугаар зүйлийн 153.3-т “Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно”, 154 дүгээр зүйлийн 154.4-т “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан.
10.3.Хэрэгт авагдсан 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №БГ1715156908 тоот барьцааны гэрээгээр СОЯ/202103006 тоот XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал (Сүхбаатар, Баяндэлгэр сум) ажил гүйцэтгэх гэрээг барьцаалсан нь хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
10.4.Мөн тус гэрээний 4.1-т “Зээлдэгч нь ЗГ1715156908 тоот Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцааны эрхээ хэрэгжүүлэх эрх үүснэ. Зохих ёсоор биелүүлээгүй гэдэгт зээлдэгч зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны зүгээс зээл болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй зэргийг багтааж ойлгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, мөн барьцааны зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилт олгогдоно гэж хариуцагч нь тайлбарласан болно.
10.5.Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 2.1-д “барьцаалуулагч нь энэхүү гэрээний 1.2-т заасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар дор дурдсан гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага /цаашид Авлага гэх/ болон тэдгээртэй холбоотой бусад эрхийн хамт барьцаанд тавьж байна” гэсэн байх бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр *********** аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээний орлого, авлага барьцаалсан тухай хамтарсан мэдэгдлийг үйлдэж, баталгаа байгуулжээ.
10.5.Иймд хариуцагч В******* ХХК, Т.С нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол хариуцагч В******** ХХК-ийн барьцааны гэрээний зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага, тэдгээртэй холбоотой бусад эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна гэж үзэв.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...шүүх хуралдааны явцад нотлох баримт шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулах”-аар заасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил бүрэн хийгдээгүй, улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоогүй зогсонги байдалд орсон талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар өгөх байсан боловч нотариатаар баталгаажуулж амжаагүй тул нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтэд дурдсан баримтууд нь хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасанд хамаарахгүй, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь уг баримтыг өмнө нь өгөх, санал болгох боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй, уг баримтыг бүрдүүлж ирэх хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, эрхийг нь хангаж байсан байх тул хүсэлтийг хангахгүй орхив.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 207 564 төгрөг /2 640 114+70 200+497 250/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В******* ХХК, Т.С нараас 2 580 784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч В***** ХХК, Т.С нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 484 566 886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 79 725 769 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар хариуцагч В******* ХХК, Т.С нь нар нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцааны гэрээний зүйл болох СОЯ/202103006 тоот XIV.1.54 Соёлын төвийн барилга, 300 суудал (Сүхбаатар, Баяндэлгэр сум) ажил гүйцэтгэх гэрээгээр гэрээний дагуу олж авсан шаардах эрх, гэрээний орлого, төлбөрийн авлага, тэдгээртэй холбоотой бусад эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 207 564 төгрөг /2 640 114+70 200+497 250/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В******* ХХК, Т.С нараас 2 580 784 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******** банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН