Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                               Д.Уранчимэг

 Хохирогч                                                       Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг

 Хохирогчийн өмгөөлөгч                              Я.Батханд

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Ч.Эрдэнэбат

             Шүүгдэгч                                                      Г.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Очирбатад холбогдох 201718020072 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ОАКС экспресс Монголиа ХХК-нд хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 28-5-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэлгүй, Сартуул овогт Ганбаатарын Очирбат /РД: ТИ92042911/

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Шүүгдэгч Г.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр баг “Баян-уул” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлтийн асфальтан хучилттай замд 15-13 УБЦ улсын дугаартай Тоёота маркын Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэхь хэсэгт заасан . Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөнөөс тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарын эрүүл мэнд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Очирбат мэдүүлэхдээ: …2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сумруу эмээгээ хүргэж өгөхөөр гэрээсээ охины хамт гараад замаасаа 3 хүн аваад явсан. Тэгээд явж байхдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт цаг агаарын нөхцөл байдлаас болоод замын хажуу руу унасан байгаа. Осол гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа, жолооны үнэмлэхгүй явсан нь миний буруу. Гэхдээ зам тээврийн осол хурд хэтрүүлсэнээс болсон уу гэдэг дээр би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохиролын асуудал дээр энэ хүмүүсийн шүүхээс тогтоосон бодит зардлыг төлж барагдуулна. Энэ хүмүүсийн хохиролыг барагдуулахын тулд намайг хорьж цагдахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хохирол төлбөрийн хувьд би боломжоороо төлж байсан... гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Даваасүрэн мэдүүлэхдээ: ... 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хотоос өөрийн гэр Сэлэнгэ аймгийн Сайхан сумруу гарсан. Гараад явж байхад Баянгол сумын Баян уулын хавьд осолд орсон. Тухайн үед Очирбат нь нилээн хурдтай явсан. Тэгээд манай нөхөр аажуухан яваараа миний дүү гэж хэлж байсан. Нөхөр хэлсэн болохоор би дуугүй явж байсан. Тэгээд Баянгол сумруу ороод эмээ бие засмаар байна гэсэн. Тэгээд зогсож эмээг бие засуулахад охин маань ээж суудлаа солъё миний нуруу чилээд байна гэсэн. Тэгээд би охинтойгоо суудлаа сольсон. Тэр үед бол зам их цасан шуургатай, гөлөөнтэй байсан. Тэгээд хөдлөөд явж байхад урд цагаан өнгийн жижиг машин их хурдтай явж байсан. Тэгээд тэр машиныг гүйцэж түрүүлээд яг зэрэгцэж ирээд машин зүүн гар тийшээгээ өнхөрч осолдсон. Тэрийг би бол маш сайн харсан. Тэгээд би ухаан алдсан байсан нэг сэрээд хартал охин маань байхгүй, миний хөл суудал доор дарагдсан хөдлөх боломжгүй. Нөхөр, жолооч, эмээ эд нар бүгдээрээ дээд талын хаалгаар гарцгаасан. Нөхөр маань охин байхгүй байна гээд машиныг 2, 3 удаа тойрч охиноо хайсан. Тэгээд өө тэр байна гээд миний баримжаагаар тэр хаалганы тэнд шидэгдсэн, тэр хүүхдийн дүр төрх харагдахгүй, зөвхөн хөл нь харагдаж байсан. Тэгээд нөхөр охин дээрээ гүйж очиход ухаангүй байсан тэрийг нас барчихсан байна гэж бодсон юм уу нөхөр маань охиноо тэврээд уйлаад байсан. Тэгээд замын машин зогсоогоод эмнэлгийн тусламж дуудсан. Тэгээд эмнэлгийн түргэний тэрэг ирсэн. Эмнэлгийн машинд суухад охины минь нүүр царай нь нил цус болсон. манай охин чинь их урт үстэй байсан үс нь тэр чигээрээ цус болсон байсан. Тэгээд бид анх Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт анхны тусламж авсан. Миний хөлний байдал бол цахилгаантай гуталтай явсан болохоор хөдөлгөж болохгүй хугарсан гэдэг нь мэдэгдэж байсан. Тэгээд эмч нар үзээд яс нь хугараад наашаа түрээд гарсан, ил шарх үүссэн байсан. Маш их цус олгойдож асгарч байсан. тэгээд эмч нар хагалгаанд орно гээд 5 килограммын туухай хөлөнд зүүж хонуулаад маргааш нь хотын эмнэлэгт ирсэн. Миний зүүн хөлний дотор талдаа 3 хугарсан. Гадна талдаа том булчин нь тасарсан. Эмнэлэгт цус бохирдсон байх магадлал өндөртэй гээд надад бүтэн сарын цус цэвэршүүлэх эмчилгээ хийнэ гээд би 2017 оны 04 дүгээр сарын 02-нд би хагалгаанд орсон. Одоогийн байдлаар миний хөл гишгэж болохгүй, хавдартай, тасарсан булчинг эдгээхэд маш их хугацаа байгаа. Тэгээд би хотод 6 сар эмчилгээ хийлгэсэн. Хөлний дээд хэсгээр бороолсон, шагайны хэсгээр сайн болоогүй байна гээд цаашдаа эмчилгээнийхээ тунгийн тааруулж эдгээхгүй бол эдгэх магадлал багатай гам сайн бариараа гэсэн. Одоо байнга эм тариа хэрэглэж байгаа. Толгой маш их өвддөг. Биеийн байдал цаашдаа хөл дээрээ босож чадах үгүйгээ энэ өвөл харна гэж бодож байгаа. Хохиролын баримтын хувьд охин бид хоёр хоёулаа хэвтэрт байсан. Тухайн үед бидэнд маш их зардал гарсан. Эхлээд эмнэлэгт хэвтэж байхад охиныг минь найдваргүй, маш их гэмтэл авсан гэж эмч нар хэлж байсан. Тийм болохоор манай ах дүү нар бүгдээр чадахаасаа чадахгүйг хүртэл лам, бөө болж байсан. Эмнэлэгт байхад болон эмнэлгээс гарсаны дараа манай хүүгийн доор байрладаг Нархан дэлгүүрээс байнга ахуйн зүйл авдаг байсан. Эхэндээ бол том хүний памперс байнга хэрэглэж байсан. Батзаяа цагдаа бидэн дээр ирэхдээ та нар хэвтэж байх үедээ гарсан зардалаа бүгдийн гаргаж өгөөрэй тэр зардлууд чинь бүгдээрээ орно шүү гэсэн. Тэгээд бид өөрт байгаа баримтуудаа бүгдийн өгсөн. Хэрэв хохиролын баримт дээр зөрүү гарсан бол хасахын хасаад зохицуулаарай гэж хүсэх байна. Миний хувьд бол ийм л байна. Өөр ярих зүйл байхгүй... гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Ууганцэцэг мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод цагаан сар хийж ирчихээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумруу гэрлүүгээ буцах гэж байсан. Тэгээд зар тавиад байж байхад энэ залуу гэрийн гаднаас ирж аваад замаараа эмээг нь очиж авсан. мөн охинтойгоо цуг явж байсан. тэгээд замаараа Гранд плаза дээр ирж эм аваад, унааныхаа мөнгийг аваад гарсан. Тэгээд гараад явж байхад эмээ нь хажууд нь сууж явж байсан болохоор чи хурдтай яваад байна, хурдаа багасга гэж хэлсэн. Тэр үед нь би арын эгнээний голд нь сууж явсан болохоор айсандаа хурдын харахад 130 км/цагийн хурдтай явж байсан. Зөндөө олон машин гүйцэт түрүүлээгүй биш түрүүлсэн. Машины хар хайрцагийг харж болдог бол энэ байдал тодорхой харагдана. Тэгээд осолд орсон. Сүүлийн 10, 20-н хэдэн хоног би өөрийгөө ямар байдалтай байсныг санадаггүй. Дараа нь болохоор миний 5 хавирга хугарсан, далны яс хугарсан, аарцагны яс хугарсан, зүүн нүдний ухархайн яс хугарсан. Тэд нарыг дараа нь олж мэдсэн. Толгойндоо гэмтэл авсан болохоор тэрнээс болоод юмаа санадаггүй юм шиг байна лээ. Би эмчдээ очиж үзүүлэхэд толгойндоо 2 том уйланхайтай болсон гэсэн. Тэийг шимэгдүүлэх эмчилгээ одоо хийж байгаа. Байнгын эмчийн хяналтанд байж 6 сар тутамд томографик хийлгэ гэсэн болохгүй бол хагалгаанд орно гэсэн. Одоо бол хугарсан ясны хугаралууд зүгээр, тэнгэр муухайрах үед өвддөг. Одоо би 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай групт орсон. Мөн би залуу хүн ерөөсөө хүүхэд төрүүлж байгаагүй. Аарцагны яс хугарсан болохоор өөрөөрөө төрж болохгүй гэсэн. Миний зүүн нүдийг сайн хараад гараараа дараад үзэх юм бол цаашаагаа хонхойгоод орчихсон байгаа. Ээж маань өнөөдрийг хүртэлх 6 сарын хугацаанд хөл дээрээ босож чадаагүй л байна. Надад бол гомдолтой байна. Би эрүүл саруул болсон бол энэ хүнээс мөнгө төгрөг авмааргүй байна. Би эрүүл биш одоог хүртэл эмчлүүлж байгаа учраас энэ хүнээс хохиролоо нэхэмжилж байна. Манай гэрээс одоо хэн ч ажил хийхгүй байгаа. Тэгээд өдөр тутмын хүнсний зүйлийн баримтуудаа оруулсан. Очирбатын зүгээс 8,064,000 төгрөгийг өгсөн байгаа... гэв.

            Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ууганцэцэг мэдүүлэхдээ: ...Тэгээд хотоос гарч Сэлэнгэ аймгийн Сайхан сум руу явсан.Замд цасан шуурга болж байсан.Тэр жолооч галзуу юм шиг давхиад байсан.Хажууд нь сууж байсан эмээ “чи зөөлөн явж бай” гэж хэлээд байсан.Тэр эмээ зөөлөн яв гэж хэлээд байхаар нь би хурдыг нь харсан чинь 120-140 километр цагийн хурдтай явж байсан....Яг осол болсон үеийг бол санахгүй байна.Миний толгой өвдөж, хөл гуяны мах тасарсан, элэг хавиргануудыг бас яагаад ч хаячихсан юм бэ....Би одоо босч явж, өндий ч чадахгүй, толгойгоо ч хөдөлгөж чадахгүй байна. Би насан туршдаа гомдолтой /хх-ийн 25-26-р хуудас/

Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Мөнхжолоо мэдүүлэхдээ: ….Г.Очирбат нь 2017.02.23-ны өдөр манай байгууллагаас 6,300,00 төгрөгийн зээл авч өөрөө 5.200.000 төгрөг гаргаж нийт 11.500.000 энэ 15-13 УБЦ приус автомашиныг худалдаж аваад манай байгууллагын гэрээгээр 6.500.000 төгрөгийн барьцаанд 15-13 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн юм. Тэгэхлээр бид Г.Очирбатаас 5.982.756 төгрөг нэхэмжилж байна /хх-ийн 29-30-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Нямжавын “...өдөр 12 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Хөтөл тосгон руу явсан....би километрийн заалт руу арын суудлаас өнгийн харахад 100 гаран километр цагийн хурдтай яваад байхаар нь би “Миний дүү зөөлөн яваарай” гэж хэлсэн чинь Очирбат “Би хурдтай давхидаг юм өнөөдөр эмээтэйгээ явж байгаа учраас зөөлөн л явж байна шүү дээ” гэж хэлсэн.Ингээд 14 цагаас 15 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орж ирсэн.Баянгол суманд орж ирэхэд зам дээр цасаар шуурч зам мөстсөн байсан.Би жолооч Очирбатад “Миний дүү чи зөөлөн яв. Шөнө буцахдаа маш болгоомжтой яваарай гэж хэлж дуусаагүй байтал машин замын зүүн гар тал руугаа онхолдож нэлээд хэд эргэлдээд хажуу талаараа тогтсон юм.Машины кабинаас миний охин Ууганцэцэг ганцаараа шидэгдээд хол ухаангүй хэвтэж байсан...осол болох үед маш хурдтай явж байсан, хурдтай явсан болоод л тэгж олон эргэлдэж замаас хол шидэгдэж онхолдсон юм /хх-ийн 39-40-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Цэрэнсамбуу мэдүүлэхдээ: ...Би Г.Очирбат гэдэг хүнийг танихгүй, бид нарын дунд төрөл садан, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй би 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Г.Очирбат гэдэг жолоочийн автомашинд зорчиж яваад зам тээврийн осол орсон, өөрөөр тэр жолоочийг танихгүй бид нар замдаа гараад явж байхад цасаар шуураад зам нь халтиргаатай болчихсон эвгүй байсан, тэгээд Сэлэнгэ аймгийн нутагт явж байсан чинь миний зорчиж явсан автомашин замын хажуу тал руу унасан, тэгээд миний баруун талын шанаа шалбарсан байсан, туайн автомашинд сууж явсан нэг хүний хөл нь хугарсан, нэг хүний хавирга нь хугарсан гэж дуулдсан.Тэгээд Дархан уул аймгийн инжээч эмч нь намайг үзээд таны гэмтэл өнгөц байна зүгээр гэсэн.Дараа нь Улаанбаатар хотод тархины зураг авахуулсан чинь зүгээр эрүүл байна гэсэн            Надад тэр жолоочоос нэхэмжпэх зүйл огт байхгүй, миний бие эрүүл саруул байгаа.Гомдол санал алга /хх-ийн 44-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд  гэрч Ж.Сандагдоржийн “...Би 2017.03.10-ны өдрийн Г.Очирбатын тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон замын зургийг харж үзлээ.энэ зам нь Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг “Баянуулын өвөр гэх бидний хариуцан ажилладаг шулуун замд осол хэрэг үйлдэгдсэн байна....Хэрэв жолооч Г.Очирбат хурдаа зөв тохируулж явсан бол осол хэрэг үйлдэгдэхгүй байсан байна тэр замаар маш олон жолооч явж байга шүү дээ бүгд л хурдаа зөв тохируулж осол аваар гаргахгүй зорчиж байгаа шүү дээ /хх-ийн 47-р хуудас/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №3754 дугаартай “...Даваасүрэнгийн биед зүүн шаант ясны ил хугарал, дотор хавчаарын хугарал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт. /хх-ийн 51-р хуудас/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №3755 дугаартай “...Ууганцэцэгийн биед суурь яснаас чамархай ясны бага далавч, хоншоор яс ухархайн дээд, доод хана, гайморовийн хөндийн урд хана, дотор хана, хажуу хана руу дамжсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн гайморов, этмойд хөндий, суурийн хөндийд цус хур'алдалт, зүүн талын чамархайн дэлбэн суурь хэсгийн тархины эдийн няцрал болон цус хуралт, хий хуралдалт зүүн талын тархины эдийн гүнд чамархай, духны дэлбэнд цус хуралт, зүүн баруун 4,5,6,7,8-р хавирга, баруун умдаг ясны хугарал, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, духанд зулгарал гэмтэл тогтоогдлоо . Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 66-р хуудас/

            Бүрэлдэхүүнтэй шинжээчийн №34 дугаартай “..Жолооч Г.Очирбат нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн. 9.1. Жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. ..гэсэн заалт       зөрчсөн гэх дүгнэлт/хх-ийн 113-р хуудас/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/, машины үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 136-148-р хуудас/, хохиролын баримтууд /157-168-р хуудас/,

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Г.Очирбат нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 132-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 131-р хуудас/ зэрэг  баримтуудыг шинжлэн судлав.

Тодорхойлох нь:

 

            Шүүгдэгч Г.Очирбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багын нутаг “Баян-Уул” гэх газарт 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлтийн асфальтан хучилттай замд 15-13 УБЦ улсын дугаартай Тоёота маркын Приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын  хөдөлгөөний дүрэм зөрчин үзэгдэх орчин  хязгаарлагдмал цасаар шуурч зам мөстөж халтиргаа гулгаа үүссэн нөхцөлд... тээврийн хэрэгсэлийн хурдыг тохируулаагүй хурдтай явж, гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, эсрэг урсгалд орж, замын хажуу руу машин онхолдож унаснаас  уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан 51 настай эмэгтэй Б.Даваасүрэн, түүний охин 26 настай Н.Ууганцэцэг нарын эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан гэмт хэрэг  үйлджээ.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Г.Очирбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулиар” эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь /2002 оны/ Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гурваас дээш зургаан сарын хугацаагаар баривчлах, эсхүл 3 жилийн хугацаагаар хорих ялтай  байсан ба /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт хорих ялын үндсэн хугацааг нэгээс таван жил байна.Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын хугацаа зургаан сараас 3 жил хүртэлх хугацаагаар хорих зохицуулалт орсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд зааснаар баривчлах ял гэж байхгүй болсон ба ялын доод хэмжээ 6 сар хорих хэмээн хөнгөрч байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Б.Очирбатын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн болон хэргийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.  Энэ осолын улмаас  хохирогч  Б.Даваасүрэнгийн  зүүн  талын хөлний шаант ясны ил хугарал, дотор хавчаарын хугарал  бүхий  хүнд  гэмтэл /хх-ийн 51-р хуудас/, охин Н.Ууганцэцэгийн биед  тархины суурь яснаас чамархай ясны бага далавч, хоншоор яс ухархайн дээд, доод хана, гайморовийн хөндийн урд хана, дотор хана, хажуу хана руу дамжсан нийлмэл хугарал, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн гайморов, этмойд хөндий, суурийн хөндийд цус хуралдалт, зүүн талын чамархайн дэлбэн суурь хэсгийн тархины эдийн няцрал болон цус хуралт, хий хуралдалт зүүн талын тархины эдийн гүнд чамархай, духны дэлбэнд цус хуралт, зүүн баруун 4,5,6,7,8-р хавирга, баруун умдаг ясны хугарал, зүүн дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, духанд зулгарал  бүхий хүнд зэргийн гэмтэл тус, тус учирч эрүүл, мэндээрээ хохирсон, одоогоор эрүүл мэндийн байдал сайжраагүй байгаа. Н.Ууганцэцэг нь хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдалттай группд орсон. Хохирогч нэг гэр бүлийн 2 хүн эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээний зардал гэм хор учруулсны  хохирол 50,0 сая төгрөг нэхэмжилсэн ба  хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шүүгдэгч Г.Очирбат нь эмчилгээний зардалд 9,0 сая төгрөг төлсөн. Хэрэг авагдсан нотлох баримтуудаар  хохирогч нарт  гэм хор учирсан хохиролд 8500000 төгрөгийг Г.Очирбатаас гаргаж хохирогч нарт олгох, хохирогч нар нь цаашид гарах гэм хор учирсны төлбөрөө нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Очирбат нь 2016 оны 01 дүгээр сард зөрчил гаргасан үндэслэлээр жолооны эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан, жолооны эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн байна. Г.Очирбатын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэм хорын хохиролд 9,0 сая төгрөг төлсөн зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг  тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2.3  хэсэг болгон  хэргийн зүйлчлэлийг шилжүүлсүгэй.

2. Шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Сартуул овогт Ганбаатарын Очирбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8500000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолоонын эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүйг,  шүүгдэгч Г.Очирбат нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хохирол төлөх үүргийг биелүүлээгүй бол шүүх  Г.Очирбатыг ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг  мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол эмчилгээий төлбөрт 8500000 төгрөгийг Г.Очирбатаас гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгон 2 дугаар баг 19-16 тоотод оршин суух Б.Даваасүрэн, Н.Ууганцэцэг нарт  олгосугай.

7. Хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн  шүүхэд нэхэмжлэл гаргах  эрхтэй болохыг дурьдсугай.

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдсугай.

9. Шүүгдэгч Г.Очирбатад өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/   өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ