Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/шш2018/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, шүүгч Р.Долгорсүрэн, шүүгч М.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Мига-Эрин ХХК /РД:5506816/,

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:

1.Ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгах,

2.Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 889 тоот XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох,

3.XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр, хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, иргэдийн төлөөлөгч Э.Энхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мига-Эрин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч Мига-Эрин ХХК 16915Х хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Фригүүд ХХК-аас шилжүүлж авсан. Үүнээс хойш буюу 2011 онд хайгуулын ажлыг хийж үр дүнгийн тайлангаа Уул уурхайн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцэн дүгнэсэн.

Хайгуулын 16915Х хайгуулын тусгай зөвшөөрлийн үлдэх хэсэг болох 18833.09 га талбайн хайгуулын хүчин төгөлдөр хугацаа /9-н жилийн хугацаа/ 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусах байсан тул тусгай зөвшөөрөл эзэмшигч Мига-Эрин ХХК-аас Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 07-ны нэмэлт өөрчлөлт орохоос өмнө мөрдөгдөж байсан хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу тус газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн АӨҮА-2012/Н02/24 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулсан тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан.

Нэхэмжлэгч Мига-Эирн ХХК-аас хайгуулын 16915Х тусгай зөвшөөрлийн зүүн, зүүн хойд үлдэх хэсэг 18833.03 га талбайд нүүрсний Р зэргийг өсгөх зорилгоор 2012-2014 оны хооронд хайгуулын ажлыг тасралтгүй явуулж 2,122,539.5 төгрөгийг зарцуулсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусахаас өмнө /2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болно/ буюу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 тоот албан бичгээр ... Тус тусгай зөвшөөрлийн талбайд 2012-2014 оны хооронд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх тухай хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн.

Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Уул уурхайн яамны мэргэжилтэн Ч.Ганхуяг, О.Мөнхнасан нарыг шинжээчээр томилсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-д Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана гэж заасны дагуу хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээч 30 хоногт багтаан томилсон боловч шинжээч Ч.Ганхуяг нь урьдчилсан дүгнэлтээ 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн, О.Мөнхнасан өнөөдрийг хүртэл шинжээчийн дүгнэлтээ гаргаж нэхэмжлэгчид олгоогүй байна. Өөрөөр хэлбэл шинжээч дүгнэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан тусгай зөвшөөрөл дуусгавар болох тохиолдолд нэг болох тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан гэдэгт нэхэмжлэгч өөрөөс нь шууд хамаарах нөхцөл байдлыг ойлгох бөгөөд харин энэ тохиолдолд Мига-Эрин ХХК-аас үл хамаарах шалтгаанаар буюу шинжээчийн дүгнэлт гаргаагүйтэй холбоотой ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх эрхээ хэрэгжүүлэх боломж үүсээгүй юм.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэсэн зохицуулалтанд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Мига-Эрин ХХК-аас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд шинжээч томилуулж, 2012-2014 оны хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэх тухай хэлэлцүүлэх өгсөн, шинжээчийн дүгнэлт гаргах, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг бус бөгөөд төрийн байгууллагын гүйцэтгэх үүрэгт хамаарах асуудал юм.

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлыг хэлэлцүүлж дүгнэлт гаргуулахад тусгай зөвшөөрөл эзэмшигч оролцож шинжээчийн өмнөөс дүгнэлт гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж шийдвэрлэж хэлэлцүүлэх боломжгүй юм.

Давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс гаргасан шийдвэрт тусгасан дараах асуудлуудыг нэхэмжлэгчийн зүгээс тодруулж байна. Үүнд:

  1. Манай байгууллагын маргаж буй үндсэн асуудал бол Хайгуулын ажлыг хугацаандаа хийсэн эсэх асуудлын хувьд бид Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан ажилласан бөгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг бид 90 хоногийн өмнө л шинжээчийг томилуулах боломжтой байсан бол яагаад Захиргааны байгууллага өөрөө тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө шинжээч томилсон бэ? Гэдэг асуулт гарч ирнэ. Өөрөөр хэлбэл бидэнд тавьж буй шаардлага, хуулийн хугацааг баримтлан тусгай зөвшөөрлийн хуагцаа дуусахаас 90 хоногийн өмнө шийдвэр гаргах ёстой гэж үзвэл уг заалтаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баримтлаагүй болно. Нэгэнт дүгнэлтийг гаргах, хэлэлцэх боломжтой гэж үзсэн учраас л шинжээчийг томилсон гэж үзэж байна.
  2. Мөн өнөөг хүртэл Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс шинжээчид болох Ч.Ганхуяг урьдчилсан дүгнэлтээ гаргаж өгсөн ба шинжээч О.Мөнхнасан шүүхийн шаардсанаар л албан ёсны дүгнэлтээ гаргаж өгөөд байна. Нэгэнт Ашигт малтмалын тухай хуулийн дагуу томилогдсон шинжээч шийдвэрээ хожимдуулж гаргаж байгаа нь манай компанийн эрх ашиг зөрчигдөх үндэслэл болно гэж бид үзэхгүй байна. Мөн манай байгууллагын зүгээс 2012-2014 оны хооронд тус уурхайд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж хайгуулын ажлыг хийж нөөцийн агууламжийг бодитойгоор нэмэгдүүлсэн бөгөөд үүнийгээ баталгаажуулж чадахгүй байх нь төрийн захиргааны байгууллагын үйлдлээс болж асар их хохирол хүлээх үндэслэл болоод байгаа юм.
  3. Хяналтын шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа хариуцагчийн ... нэхэмжлэгч нь 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хайгуулын ажлын тайлангаа хүргүүлэх ёстой байсан... гэсэн үндэслэлээр бол 2015 оны 04 дүгээр сарын 03- ны өдөр дуусах тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлыг 500 орчим хоногийн өмнө Ашигт малтмалын газарт гаргаж өгөх ёстой болсон байна. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа ямар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ийм үүрэг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид оногдож байгаагаа тодорхой заагаагүй байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлснээр манай компанийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийн агууламж ихэссэн тайлан орох бөгөөд батлагдаж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан тохиолдолд цаашид уг талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах зэрэг Ашигт малтмалын тухай хуульд заагдсан эрхүүдээ хэрэгжүүлэх хууль зүйн боломж нээгдэнэ.

2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Мига-Эрин ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын газарт Өөрийн компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа бүхэлд нь буюу 18833,09 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүсч хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хянан үзээд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын зүгээс Борхулангийн нүүрсний ордын нөөц нь Р зэрэглэлтэй учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл 2012-2014 онд Мига-Эрин ХХК-аас 2 тэрбум гаруй төгрөгөөр хайгуулын ажил хийж уг хайгуулын ажлын үр дүнд тайлангаа гаргаж, нүүрсний зэрэглэлээ нэмэгдүүлэх алхмуудыг хийсэн. Үүнийг судлах шинжээчид өнөөдрийг хүртэл дүгнэлтээ гаргаагүй бөгөөд уг дүгнэлт гаргаагүй байхад 2012 оны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн 201 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр гаргасан нь Захиргааны байгууллагын хувьд хууль бус алхам болсон хэмээн үзэж байна. Ашигт малтмалын тухай хуульд буй хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх гэсэн шаардлагыг хэрхэн тооцож, ямар аргачлалаар тогтоодог нь тодорхойгүй бөгөөд Р зэрэглэлийн нөөц нь шууд ийм үр дагавар үүсгэдэг гэж үзэх боломжгүй юм.

Үүний баталгаа нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Мига-Эрин ХХК-ийн зүгээс энэхүү Борхулангийн нүүрсний ордын хэсэг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бөгөөд үүний дагуу Ашигт малтмалын газраас 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр уг талбайн зарим хэсэгт тусгай зөвшөөрөл олгосон. Энэ үед ч гэсэн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдр ийн 889 тоот шийдвэрийн үндэслэл болсон Р зэрэглэлийн нүүрстэй гэсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт хүчинтэй хэвээр байсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газар нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож байна. Тиймээс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй илт хууль бус акт болсон гэж үзэж байна.

Иймээс захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж

  1. Ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгах
  2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 тоот XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох, XV-16915 хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасантай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Мига-Эрин ХХК нь 16915Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Энэхүү тусгай зөвшөөрлийг хамгийн анх 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Фригүүд-Эрин ХХК-д олгосон байдаг. Мига-Эрин ХХК нь тусгай зөвшөөрлийг 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан. Тус өдрөөс хойш тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа 2012 оны 04 дүгээр сарын 03-н өдөр тухайн үеийн Ашигт малтмалын газрын нүүрсний судалгааны хэлтсийн даргатай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэхүү гэрээ хэрэгжиж байх явцад буюу 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн. Уг өргөдлийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас 16915Х талбайн зарим хэсэг буюу 985.5га-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах байсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс 2012-2014 онуудын хооронд буюу 3 жилийн хугацаанд 2 тэрбум төгрөгийн зардал гаргаж хайгуулын үйл ажиллагаа хийсэн байдаг. Хайгуулын ажиллагааны үр дүнд хайгуулын ажиллагааны тайлан гарсан. 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлын тайландаа шинжээч томилуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх тухай хүсэлт гаргасан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын шийдвэрээр 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр С.Ганхуяг, О.Мөнхнасан гэсэн 2 шинжээчийг томилсон. Томилогдсон шинжээч нартай гэрээ байгуулж, дүгнэлт гаргуулах явцад 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дууссан гэж үзэн бүртгэлийн системд хугацааг дуусгавар болгосон гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мига-Эрин ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан, Сайншанд сумын нутаг Өндөр жавхлан нэртэй талбайд Фрийгүүд эрин ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-005635 дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 877 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг Мига-Эрин ХХК-д шилжүүлэн бүртгэж, XV-16915 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Ашигт малтмалын хайгуулын XV-16915 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл байсан.

Мига-Эрин ХХК-аас Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргатай 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр АӨҮА-2012/Н02/24 тоот ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар талууд тохиролцсон байна.

2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын XV-16915 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэгт буюу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт хамаарах 985.52 га талбайд Мига-Эрин ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч хянан үзэж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 508 дугаартай шийдвэрээр MV-17425 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна.

Үүний дараа Мига-Эрин ХХК нь хайгуулын XV-16915 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн үлдсэн хэсэг буюу 18833.09 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасныг хүлээн авсан байна.

Уг өргөдлийг холбогдох материалын хамт хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулахад мөн зүйлийн 26.2.3 дахь заалтад заасан хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэхгүй болох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тухайн хайгуулын талбайд илэрсэн нүүрсний баялгийн Р зэрэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь заалтад заасан хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт хамаарах Борхулан нэртэй 19880 га талбайд Мига-Эрин ХХК д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлтэй болно.

Энэхүү шийдвэрийн талаар Мига-Эрин ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-8242 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэсэгт тайлбар хийе. 16915Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Фригүүд-Эрин ХХК-д олгосон байдаг ба Мига-Эрин ХХК нь тусгай зөвшөөрлийг 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлэн авсан байдаг. 16915Х тоот тусгай зөвшөөрлийн хуульд заасан хүчин төгөлдөр хугацаа нь 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл байсан. Энэ хугацаанд буюу 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нүүрсний судалгааны хэлтэстэй гэрээ байгуулсан.

Гэрээний хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон. 2013 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр нэхэмжлэгч компаниас 16915Х тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэгт, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хянаад 17425 гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Үлдсэн 18000га талбайд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандсан. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хавсаргахаар заасан байдаг.

Үүний дагуу Мига-Эрин ХХК-иас 2011 оны хайгуулын ажлын тайланг хэлэлцсэн Эрдэс баялгийн мэргэжлийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 0407 дугаартай дүгнэлт, ордын нөөцийг бүртгэсэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 134 дүгээр тушаалыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт ирүүлсэн. Уг дүгнэлт тушаалд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт хамаарах Х16915 тусгай зөвшөөрөлтэй талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн илрэл, ордын нөөцийн зэрэглэлийг бүртгэсэн байсан бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд нүүрсний баялгийг Р зэргээр тооцоолсон.

Мига-Эрин ХХК-ийн гаргасан хүсэлтийг Төрийн захиргааны байгууллага хүлээж аваад, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дах заалтад заасан хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Иймд татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө, 48.4-д Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ... шийдвэр гаргана гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Мига-Эрин ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 02 дугаар сарын 17-ноос өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр байсан байна.

Гэвч Мига-Эрин ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-016915 тоот тусгай зөвшөөрлийн дуусгавар болох хугацаа өнгөрсөн буюу 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11 тоот албан бичгээр тус талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулж, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанд, шаардлага хангасан үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй учир тус тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх боломжгүй байсан байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын зөвлөл буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын тайлан, ордыг ашиглах үндэслэлийг хэлэлцэж дүгнэлт гаргадаг.

Мига-Эрин ХХК-ийн 16915 тусгай зөвшөөрлийн хугацаа 2012 онд хугацаа нь дуусч, 3 жилийн хугацаатайгаар ашиглалтын гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байсныг системд бүртгэсэн. Мига-Эрин ХХК нь шинжээч томилуулах хүсэлтээ 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байна. Хуулийн хугацаанд буюу 04 дүгээр сарын 02-ны өдөр шинжээч томилох шийдвэр гаргасан. Тайланг хугацаанд нь ирүүлээгүй, хугацаа нь дууссан байсан учраас тус тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэх боломжгүй байсан гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Э.Энхчимэг дүгнэлтдээ: Хариуцагчийн гаргаж байгаа хариу тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч нь Мига-Эрин ХХК нь анх Ашигт малтмалын хайгуулын 016915Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болгосныг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу сэргээж, 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Эрдэс баялаг эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ашигт малтмалын газарт даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж,

  1. Ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгах,
  2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 889 тоот XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох,
  3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 889 тоот XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 3 дахь нэхэмжлэлийн шаардлагаа XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодруулсан болно.

Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу Ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Мига-Эрин ХХК-ийн 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгах, XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 889 тоот XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Дорноговь аймгийн Сайншанд, Сайхандулаан сумын нутаг дахь Өндөр жавхлан нэртэй газарт 32124.74 гектар талбайд анх 2003 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ашигт малтмалын хайгуулын XV-005635 дугаартай тусгай зөвшөөрлийг Фрийгүүд эрин ХХК-д олгосон ба уг хайгуулын тусгай зөвшөөрлийн 19818.61 гектар талбайг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 877 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Мига-Эрин ХХК-д хэсэгчлэн шилжүүлснийг бүртгэж, шинээр XV-016915 дугаар тусгай зөвшөөрлийг[1] олгосон байна.

Уг ашигт малтмалын хайгуулын XV-016915 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл[2] байсныг Мига-Эрин ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ /АӨҮА-2012/Н02/24/-г Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргатай байгуулснаар гэрээний хугацааг талууд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл[3] хүчинтэй байхаар тохиролцсон байна.

Мөн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талууд дээрх /АӨҮА-2012/Н02/24/ тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус гэрээнд ...хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр[4] дуусгавар болно. гэдгийг тусгайлан заасан байх ба нэхэмжлэгч Мига-Эрин ХХК-ийн захирал Б.Бямбажав хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч Мига-Эрин ХХК нь дээрх ашигт малтмалын хайгуулын XV-016915 дугаар тусгай зөвшөөрлийн 19818.61 гектар талбайгаас:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай дугаар 508 тоот шийдвэрээр[5] NM-25403 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу 985.52 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Мига-Эрин ХХК-д олгосон байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай дугаар 889 тоот шийдвэрээр Дорноговь аймгийн Сайхан дулаан сумын нутаг дахь Бор хулан нэртэй 18800 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-016915 дугаартай тусгай зөвшөөрлийн өргөдөл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж Р зэрэглэлийн нөөцтэй тул шийдвэр гаргах боломжгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, мөн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шаардлагыг тус тус хангахгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл Мига-Эрин ХХК-д олгохоос татгалзсан байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн № 6/8242 тоот албан бичгээр Мига-Эрин ХХК-д хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан талаар мэдэгдсэн байна.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших Борхулангийн нүүрсний ордод 2011 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэх тухай дугаар XX-04-07 тоот дүгнэлтээр[6] нэхэмжлэгч Мига-Эрин ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-016915 дугаар тусгай зөвшөөрлийн дээрх талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн илрэл, ордын нөөцийн зэрэглэлийг бүртгэснээс нүүрсний баялгийг Р зэргээр тооцоолсон байна.

Нэхэмжлэгч Мига-Эрин ХХК нь өөрийн эзэмшлийн XV-016915 хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Шинжээч томилуулах тухай № 11 тоот албан бичгээр ...хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч, шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг[7] Ашигт малтмалын газрын Геологийн албанд хандан гаргасан байна.

Улмаар Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрх хүсэлтийг хэлэлцэж, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Ганхуяг, О.Мөнхнасан нарыг тус тус шинжээчээр томилсон[8] байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж заасан байна.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд ... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ... нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ... боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэж хууль тогтоогч хуульчилсан байх ба харин тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө хайгуулын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээчийн дүгнэлтийг гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх талаар хугацаа зааж хуульчлаагүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана гэж заасан ба уг заалтын утга, агуулгаас үзэхэд 30, 90 хоног гэсэн хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд багтсан, уг хугацаатай уялдсан хугацаа биш байна.

Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө шинжээч томилуулах хүсэлт гаргана, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дүгнэлт гаргуулна гэх зэргээр хууль тогтоогч хуульчлаагүй байх ба Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д заасан зохицуулалтын агуулгаас үзэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 30 хоногт багтаан шийдвэрлэж, уг шинжээчийн дүгнэлтийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 90 хоногт багтаан хэлэлцэж, дүгнэлт гаргана гэж ойлгогдохоор хуульчилсан байна. Иймд хайгуулын ажлын үр дүнгийн тайланд дүгнэлт өгөх шинжээчийн дүгнэлтийг болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө гаргуулсан байх ёстой гэх зэргээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас хэд хоногийн өмнө гэж хугацааг тодорхой заасан зохицуулалт Ашигт малтмалын тухай хуульд байхгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэд хоногийн дотор гаргах, уг дүгнэлтийг хугацаандаа гаргаагүй тохиолдолд ямар үр дагавар үүсэх, ямар хариуцлага хүлээх зэрэг асуудлыг шинжээчийг томилсон байгууллага болох Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл шинжээч томилсон шийдвэртээ тодорхой заах ёстой ба эдгээр асуудлуудыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хариуцах ёстой юм.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө шинжээч томилуулах хүсэлтээ өгсөн тул нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн, шинжээч хугацаандаа дүгнэлтээ гаргаагүй тул нэхэмжлэгч буруугүй, хэрвээ хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө шинжээч томилуулах ёстой гэж үзэж байгаа бол хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө шинжээч томилох ёсгүй байсан, хариуцагчийн тодорхойгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгч хохирох ёсгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Харин ... хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 90 хоногийн өмнө тайлангаа өгөх үүрэгтэй, хугацаандаа багтааж тайланг ирүүлээгүй, нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 11.2-т ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ гэж тус тус зааснаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, эсхүл эс олгох нь хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд шүүх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох асуудлыг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж байгаа болохоос биш ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлээгүй болохыг анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна.

Нэхэмжлэгч нь цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэл зоригтой байсан буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын тулд тодорхой оролдлогууд хийж байх үед хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тодруулбал хайгуулын үр дүнгийн тайланг гаргасан, шинжээч томилуулах хүсэлт гаргасан, тодорхой хөрөнгө зардал гаргаж хайгуул хийсэн зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч нь цаашид ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэл зоригтой байсан болох нь тодорхой нотлогдож байх тул ашигт малтмалын хайгуулын 016915Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Шинжээч О.Мөнхнасангийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн /2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн/ дүгнэлтийн шинжээчийн санал[9] хэсэгт: Тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсний нөөцийг шинжээч М.Ганхуягийн хянаснаар нийт нөөцийг 13057.31 мян тн-оор, үүнээс бодитой (B) нөөцийг тооцоолсноор 2538.33 мян.тн, исэлдсэн болон исэлдээгүй боломжит (C) нөөцийг зохиогчдын тооцоолсноор 10518.98 мян.тн-оор, баруун хэсгийн шилжүүлэх боломжит (С) нөөцийг шинжээчийн тооцоолсноор баялгаар (P) 541.74 мян.тн-оор авч ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын нөөцийн санд бүртгүүлэх санал оруулж байна гэсэн байна.

Шинжээч Ч.Ганхуягийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтийн шинжээчийн санал хэсэгт[10]: Тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсний нөөцийг шинжээч хянаснаар нийт нөөцийг 13057.31 мян тн-оор, үүнээс бодитой (B) нөөцийг тооцоолсноор 2538.33 мян.тн, исэлдсэн болон исэлдээгүй боломжит (C) нөөцийг зохиогчдын тооцоолсноор 10518.98 мян.тн-оор, баруун хэсгийн шилжүүлэх боломжит (С) нөөцийг шинжээчийн тооцоолсноор баялгаар (P) 541.74 мян.тн-оор авч ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын нөөцийн санд бүртгүүлэх санал оруулах гэсэн байна.

Мөн шинжээч О.Мөнхнасан шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ тухайн ордыг ашигласнаар Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д заасан хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх гэсэн шалгуурыг хангах буюу эдийн засгийн хувьд ашигтай гэсэн агуулгаар тайлбарласан болно.

Иймд Мига-Эрин ХХК-ийн 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 889 тоот XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7-д захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлүүдийг нэрлэж заасан ба уг үндэслэлүүд тогтоогдсон нөхцөлд захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл бий болно.

Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан нэрлэж заасан захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлүүд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 889 тоот XV-16915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай гэж заасан үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай дугаар 889 тоот шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тайлбарлаж байх боловч уг утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэл тогтоогдохгүй, дээрх дугаар 889 тоот шийдвэр нь утга агуулгын илэрхий алдаатай гэх үндэслэлд хамаарахгүй болох нь илт байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.2, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг тус тус баримтлан Мига-Эрин ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ашигт малтмалын хайгуулын XV-016915 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, Мига-Эрин ХХК-ийн 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлд даалгаж, XV-016915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхийг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 889 тоот XV-016915 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 18800 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ   М.ЦЭЦЭГМАА