Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 123/2017/0011/З |
Дугаар | 287 |
Огноо | 2018-06-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 287
Д.Ц-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах”
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0045 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0207 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, өмгөөлөгч Д.Э,
Гуравдагч этгээд: Ж.Г, өмгөөлөгч Д.Х нар,
Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0045 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ийн Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар захирамж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0207 дугаар магадлалаар: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 123/ШШ2017/0045 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар захирамж,...” гэснийг хасч, тогтоох хэсэгт “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/106 дугаар захирамжийн Д.Ц-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, 2, 3 дахь заалтын дугаарыг 3, 4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар. Төв аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/640 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт байсан гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийдэг. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг томилсон захирамж нь илт хууль бус байгаагүй гэдгийг дараах үйл баримтаар баталгаажуулдаг. Үүнд, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/106 дугаар “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт “аймгийн Засаг даргын 2013 оны Б/640 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг анх ажилд томилсон Төв аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/640 дүгээр захирамжийг илт хууль бус гэж тайлбарлаж байгаа нь дээрх Б/106 дугаар “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжаар үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл, илт хууль бус актыг захиргааны байгууллага шийдвэр гарган хүчингүйд тооцох эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээг 2016 оны хагас, бүтэн жилийн байдлаар дүгнэсэн материал хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байдаг. Хэрэв илт хууль бус актаар ажилд томилогдсон гэж үзэж байгаа бол үр дүнгийн гэрээг дүгнэх шаардлагагүй. Гэтэл үр дүнгийн гэрээг дүгнэсэн нь илт хууль бус актаар томилогдсон гэсэн тайлбараа үгүйсгэдэг. Мөн ажлаас чөлөөлсөн актын тэргүү хэсэгт “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” гэсэн байдаг нь төрийн албан хаагч бөгөөд эрх зүйн харилцаа байсан, илт хууль бус актаар томилогдоогүй гэдгийг захиргаа өөрөө хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээ, цалингийн сүлжээ зэргийг хэргийн материалд нотлох баримтаар авхуулсан байдаг. Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй.
4. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх талаар хуульчилсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/106 дугаар захирамжийг Д.Ц-д хэрхэн мэдэгдсэн талаар баримт хэргийн матиериалд авагдаагүй ч “байгууллагынхаа бичиг хэргээс лавлаж байж мэдсэн” гэсэн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарыг үндэслэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны байгууллага захиргааны актыг мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баталгаажуулах үүрэгтэй талаар хуульчилсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч өөрөө мэдсэн
гэдэг тайлбарыг захиргаа үүргээ биелүүлсэн мэтээр дүгнэж байгаа нь бичмэл хуулийг ноцтой зөрчиж, буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна.
5. Мөн давж заалдах шатны шүүх “Түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хүн
төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдахгүй” гэж дүгнэж
байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хууль,
хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа бүдүүлэг явдал юм. Захиргаа түр орлон гүцйэтгэгчээр томилсон шийдвэрээ мэдэгдээгүй, үүнийг шүүх түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, түр орлон гүйцэтгэгчид төрийн албаны тухай хууль хамааралгүй мэтээр тайлбарлаж байгаа нь Монгол Улсад хууль ёс уланд гишгэгдэж, хүний эрх булшлагдаж байгааг илтгэж байна.
6. Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр захирамжид сонгон шалгаруулалтад өндөр оноо авсан гэх Ж.Г-г томилсон байдаг. Удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь 3 үе шаттай явагддаг. Нэгт, баримт бичгийн шалгалт, хоёрт, ерөнхий мэдлэгийн шалгалт, гуравт, ур чадварын /ярилцлага/. Гэтэл уг захирамжаар томилогдсон Ж.Г гэгч нь ойн ангийн даргын ажлын байранд тавигдах баримт бичгийн шаардлага буюу “Байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх” гэсэн шалгуурыг хангаагүй, түүнчлэн “Газар зохион байгуулалтын инженер” мэргэжилтэй этгээдийг Батсүмбэр суман дахь ойн ангийн даргаар томилсон нь хууль бус сонгон шалгаруулалт, нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсоор байтал анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үнэлж дүгнээгүй. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1293 тоот албан дүгнэлт хэргийн материалд авагдсан байгаа. Үүнийг давж заалдах шатны шүүх Ж.Г-г томилснийг буруутгах зүйл байхгүй гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
7. Мөн давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 21 дүгээр тогтоол захиргааны актын үндэслэл болохгүй байна гэж дүгнэсэн нь алдаатай дүгнэлт гэж үзэж байна. Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоол гэсэн байдаг. Энэ талаар хэргийн материалд авагдсан байдаг.
8. Мөн хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/106 дугаар захирамж, мөн аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” Б/14 дүгээр захирамжуудыг тус тус гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах, 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас, 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх зэрэг хуульд заасан үйл ажиллагаануудыг огт хийгээгүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад дээрх ажиллагаанууд хийгдсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгтээ тусгасан боловч давж заалдах шатны шүүх хянаж үзээгүй.
9. Мөн давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь төрийн албаны Салбар
зөвлөлийн 2017 оны 21 дүгээр тогтоолыг хуралдалгүйгээр гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна гэжээ. Төрийн албаны төв зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагааны журам батлах тухай 128 дугаар тогтоолийн 4.2 дахь хэсэгт “Салбар зөвлөл нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан мөн” гэж журамласан. Гэтэл Салбар зөвлөл 2017 оны 21 дүгээр тогтоолыг хуралдалгүйгээр гаргасан, хэрэв хуралдсан бол хурлын тэмдэглэл гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваад шаардсан шүүхийн шийдвэрт хурлын тэмдэглэл ирүүлээгүй байхад дээрх дүгнэлтийг хийж байгаа нь хууль зөрчиж байна.
10. Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байдаг бөгөөд гомдлын дагуу давж заалдах шатны шүүх
хуралдаан 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр болсон юм. Гэтэл би магадлалаа бичгээр 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу 52 хоногийн дараа гардаж авсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан бөгөөд ийм олон хоногийн дараа шийдвэр, магадлал гаргаж болдог эсэх талаар шалгаж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Б даргалж, Э.Л хянан шийдвэрлэсэн.
11. 2016 оны Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр олон удирдах албан тушаалтныг хууль бусаар ажлаас халсан. Үүний нэг нь би болж хууль бусаар ажлаас халагдсандаа маш их гомдолтой байна. Би анх нэхэмжлэлээ 2017 оны 4 дүгээр сард гаргасан бөгөөд энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй жил гаран болж, шүүхийн байгууллага чирэгдүүлж байгаад мөн гомдолтой байна. Иймд энэ хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
13. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц нь Төв аймгийн Засаг даргын “Түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” 2016 оны Б/106 дугаар захирамжийг тухайн үед мэдсэн атлаа хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, маргаан бүхий дараагийн акт болох 2017 оны Б/14 дүгээр захирамж гарах хүртэл хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзалгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу, иймд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.
14. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт захиргааны байгууллага захиргааны актыг шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болохоор заасан бөгөөд “маргаан бүхий актыг /2016 оны Б/106 дугаар захирамж/ байгууллагын дотоод удирдлагын системээр хүргүүлсэн, сонгон шалгаруулалт зарласныг мэдсэн” тухай нэхэмжлэгчийн тайлбар, мөн хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/14 дүгээр захирамж гарах хүртэл нэхэмжлэгч нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан үйл баримтаар “захиргааны актыг мэдээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдол үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас маргаан бүхий актыг дотоод удирдлагын системээр буюу цахим хэлбэрээр хүргүүлснийг нэхэмжлэгч мэдсэн байх тул захиргааны актыг мэдэгдээгүй гэх үндэслэлгүй, иймд “давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч өөрөө мэдсэн гэдэг тайлбарыг захиргаа үүргээ биелүүлсэн мэтээр дүгнэж хуулийг ноцтой зөрчиж, буруу тайлбарласан” гэсэн утгатай уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
15. Хэдийгээр нэхэмжлэлээр тодорхойлогдож буй гурван шаардлага нь бие даасан тусдаа шаардлага байх боловч хариуцагчийн 2017 оны Б/14 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах болон эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохыг даалгах шаардлага нь эхний буюу 2016 оны Б/106 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагатай холбоотой, өөрөөр хэлбэл түүнийг шүүх хэрхэн шийдвэрлэхээс хамаарч байна. Харин нэхэмжлэгч нь дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн Б/106 дугаар захирамжтай маргаагүй учир уг актыг хүчин төгөлдөр болсон гэж үзнэ /тухайн акт хууль ёсны эсэхээс үл хамааран/, тодруулбал нэхэмжлэгч нь Батсүмбэр суман дахь сум дундын ойн ангийн даргын албан үүргийг “түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллаж байсан гэж үзнэ.
16. Нэгэнт түр орлон гүйцэтгэгч учир нэхэмжлэгч нь тухайн ажлын байранд шууд томилогдох боломжгүй /ийнхүү шаардах эрхгүй/, зарласан сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч оролцоогүй тул шалгаруулалтын үр дүнг үндэслэн гарсан хариуцагчийн 2017 оны Б/14 дүгээр захирамжийг хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
17. Нэхэмжлэгч өөрийнх нь түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан ажлын байранд нь “сонгон шалгаруулалт зарлах ёсгүй байсан” гэж маргаагүй /өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт зарласныг хүлээн зөвшөөрсөн/, гэвч тэрээр сонгон шалгаруулалтад оролцоогүй атлаа шалгаруулалтын үр дүнтэй, тухайлбал шалгаруулалт журам зөрчсөн /Тодорхойлох хэсгийн 9/, гуравдагч этгээд шаардлага хангаагүй байхад түүнийг томилсон нь хууль бус /Тодорхойлох хэсгийн 6, 7/ гэж маргах, гомдох үндэслэлгүй юм.
18. Давж заалдах шатны шүүхээс магадлалыг хуульд заасан хугацаанд гаргаагүй нь буруу болохыг тэмдэглэж байна. Гэхдээ энэ талаарх гомдол нь /Тодорхойлох хэсгийн 10/ магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
19. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0207 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ