Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 73

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 114/2016/0062/З/

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:- “*******” ХХК нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2012 оны 470 дугаар захирамжаар 1500 м2 газрыг албан байр, үйлчилгээний зориулалтаар 2 жилийн хугацаагаар газар эзэмших гэрээ байгуулан гэрчилгээг авсан. Тухайн 2 жилийн хугацаанд ерөнхий төлөвлөгөө, байршлын зураг инженерийн шугам сүлжээний техникийн нөхцлүүд, барилгын зураг төсөл боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг. Барилгын зураг төслийн ажлийг Турк улсын “******* ХХК-тай 50.000 /USD/ -ийн гэрээ байгуулан ажлаа эхэлж байтал 2 жилийн хугацаа дуусч газар эзэмших гэрээний хугацааг сунгуулахаар холбогдох байгууллагад хандсан.

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт удаа дараа хүсэлт гаргасан боловч газрын гэрээг сунгахгүйгээс Турк улсын “******* ХХК-тай байгуулсан гэрээнээс ихээхэн хэмжээний хохирол манай компанид учирсан. 2014 онд газар эзэмших гэрээний хугацааг сунгуулахаар удаа дараа хүсэлт гаргасны дагуу Аймгийн Засаг даргын 2014 оны 146 дугаар захирамжийг баримтлан манай компанийн эзэмшил газрын “газрын дуудлага худалдааны анхны үнэ” болох 15.000.000 төгрөг нэхэмжилсний дагуу, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын 190029401 тоот дансанд тушааж аймгийн Засаг даргын 2014 оны 513 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаагаар сунгаж 000301349 дугаар бүхий гэрчилгээ олгогдсон.

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаар албан тоотоор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг мэдэгдэж, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргын захирамжийн хуулбарыг гардуулж өгсөн. Уг мэдэгдлийг хүлээж аваад Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэсэн боловч уг захирамжийг хамгаалсан хариу өгдөг учраас Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу шууд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Одоогоор манай компани нь аймгийн ерөнхий архитекторын баталсан Ерөнхий төлөвлөгөө, архитектор төлөвлөлтийн даалгаварын дагуу барилгын иж бүрэн зураг төсөл, техникийн нөхцлүүд, барилгын угсралт гүйцэтгэлийг “Заг” ХХК- аар гүйцэтгүүлэх гэрээг байгуулсан байдаг.

Дархан-Уул аймгийн Засаг дарга газар эзэмших гэрээний хугацаа дуусаагүй байхад манай компаний эзэмшил газрыг төрийн байлуулагын зайлшгүй хэрэгцээнд нэрээр газар эзэмших эрхэнд халдаж байгаа нь Монгол улсын үндсэн хууль, Иргэний тухай хууль, Газрын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин төрийн нэрийн өмнөөс бүдүүлгээр шийдвэр гаргаж байгаа нь манай компанид ихээхэн хохирол учруулаад байна. Манай компани нь Дархан-Уул аймагт үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд тухайн байршилд хотын өнгө үзэмж нэмсэн 17 давхар бүхий худалдаа, үйлчилгээний нэгдсэн цогцолбор барихаар тэмүүлэн ажиллаж байсан. Мөн манай компани нь Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороололд “QUEEN” төвийг барьж үйл ажиллагаа явуулж байгаа.

“*******” ХХК-ны газар эзэмших гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сард дуусах хариуцлагатай хугацаа үлдсэн байхад газар эзэмших гэрээг цуцалж шүүх хяналтын байгууллагуудаар явж цаг хугацаа алдан, хийж бүтээсэн зүйл маань төр засгийн нэр барьсан албан тушаалнаас болж, цаг, хугацаа болон эд хөрөнгөөр хохироход хүрээд байна. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн “*******” ХХК-ны талаар гаргасан алдаатай шийдвэрийг хянан үзэж, холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайханаас 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хүсэлтэндээ:  “*******” ХХК-ны Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газрын харилцаа, удирдлагын хэлтсийн дарга Ю.Ариунболд нарыг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

            Амйгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1-1108 тоот албан бичиг бүхий итгэмжлэлээр олгосон  бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нь нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ