Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00723

 

Б.Баянмөнх, Б.Батбаяр нарын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/00221 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 727 дугаар магадлал,

Нэхэмжлэгч Б.Баянмөнх, Б.Батбаяр нарын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Гутал ХК-д холбогдох

43.166.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг  

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батбаяр, Б.Баянмөнх, хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Э.Билгүүн, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй. Б.Батбаяр нь “Гутал” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хойшлогдсон хурлын 2014.05.20-ны өдрийн 01 тоот тогтоолоор ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон. Гишүүний цалинг 800.000 төгрөгөөр тогтоосон. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2014.6.18-ны өдрийн 01 тоот тогтоолоор ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал нарыг томилсон. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Б.Батбаяр миний бие тус компанийн 2014 оны ТУЗ-ийн даргын үүрэгт ажлыг, Б.Баянмөнх нарийн бичгийн даргын ажлыг хийсэн. Компанийн ээлжит хувь нийлүүлэгчдийн хурлын 01 тоот тогтоолын 02 дугаар хавсралтаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалин 3.000.000 төгрөг, нарийн бичгийн даргын цалин урамшуулалын төсөв батлагдсан. Нэгэнт төсөв батлагдсан учир  зориулалтын дагуу зарцуулагдах хуультай. Ялангуяа харилцан тохирч ТУЗ-ийн төсөвт суулгасан нөхцөлд компани үүнийг олгох үүрэгтэй. Гэтэл компаний захирал Ц.Төмөр  2014.05.20-ноос эхлэн 2015.04.30-ныг хүртэл хугацааны ТУЗ-ийн гишүүний цалинг олгохгүй, 2015.04.30-наас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд ТУЗ-ийн даргын цалинг өгөөгүй. Дээрх хугацааны цалинг олгохгүй гэсэн ямар нэгэн тогтоол, шийдвэр гараагүй.  Тус компанийн нарийн бичгийн дарга Б.Баянмөнхөд 2014-2015 оны хугацааны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын цалинг мөн олгоогүй. 2014.05.20-ны хувь нийлүүлэгчдийн ээлжит хойшлогдсон хурлын тогтоолын 2 дугаар хавсралтаар түүний цалинг 800.000 төгрөг жилд 9.600.000 төгрөг гэж тогтоосон. Иймд хариуцагч “Гутал” ХХК-иас Б.Батбаяр надад Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2015.04.30-ны өдрөөс 2015.10.15-ныг хүртэлх 6 сар 15 хоногийн цалинд 19.500.000 төгрөг, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний 2014.05.30-наас 2015.04.30-ныг хүртэлх 11 сар 10 хоногийн цалинд 9.266.000 төгрөг, Б.Баянмөнхөд Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын 2014.05.30-наас 2015.10.01-нийг хүртэлх хугацааны 18 сарын цалинд 14.400.000 төгрөг нийт 43.166.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батбаяр 2 өөр төрлийн цалин нэхэмжилж байна. Б.Батбаяр нь 2014.05.20-ны өдрөөс 2015.04.30-ны өдөр хүртэл “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан. “Гутал” ХК-ийн дүрэмд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүний цалинг давхар авах зохицуулалт байхгүй. Эндээс үзвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгодог бөгөөд Б.Батбаяр нь Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын цалинг авдаг хэрнээ давхар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин авах хууль зүйн үндэслэлгүй. Санхүүгийн зохицуулах хорооны 2015.03.10-ны өдөр хийсэн шалгалтын тайланд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга давхар цалин авах хуулийн үндэслэл байхгүйг тогтоосон. Иймд 2014.05.20-ноос 2015.04.30-ны хооронд нэхэмжлэгч Б.Батбаярын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

2015.04.30-ны өдөр “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгосон. Нэхэмжлэгч Б.Батбаяр нь одоо Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн учраас “Гутал” ХК-иас төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний цалинг тогтмол авч байгаа. Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дараа жилийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр дуусгавар болох бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг улируулан сонгож болно гэж, 78 дугаар зүйлийн 78.1-т компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүний олонхийн саналаар сонгоно гэж тус тус зааснаас үзвэл 2015.04.30-ны өдөр “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шинээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон тул өмнөх оны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрх дуусгавар болсон. Эндээс үзвэл төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгодог тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах өдрөөр буюу 2015.04.30-ны өдрөөр төлөөлөн удирдах зөвлөлийн даргын бүрэн эрх мөн адил дуусгавар болсон.

Санхүүгийн зохицуулах хорооны “Гутал” ХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Батбаярт ирүүлсэн 2015.06.26-ны өдрийн 1/3229 тоот албан бичигт “төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга нарыг сонгоогүй” гэж зааснаас үзвэл Б.Батбаяр нь 2015.04.30-ны өдрөөс хойш төлөөлөн удирдах зөвлөлийн дарга биш гэдэг нь дахин нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2015.11.06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ Б.Баянмөнх гэдэг хүн нэхэмжлэгчээр нэмэгдэж орж ирсэн. Анхнаасаа Б.Баянмөнхийн өмнөөс итгэмжлэлээр нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдэгдсэн бол шүүх иргэний хэрэг үүсгэхдээ Б.Баянмөнхийн нэхэмжлэлтэй гэж нэмэх байсан. Анх нэхэмжлэл гаргахдаа Б.Баянмөнхийн итгэмжлэлийг шүүхэд өгөөгүй. “Гутал” ХК-ийн 2013.04.25-ны өдрийн тогтоолд Б.Баянмөнхийг “Гутал” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд 2013.04.25-ны өдрөөс төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл томилон ажиллуулах  тухай баримт хэрэгт байгаа. Тэгэхээр Б.Баянмөнхийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон

Хэрэгт 2015 оноос хойших төлөөлөн удирдах зөвлөлийн хичнээн хурал болсон талаарх баримтыг өгсөн. Эдгээр баримтаар Б.Баянмөнх улиран томилогдсон юм бол дээрх баримтаар Б.Баянмөнх хуралд орж хурлын гишүүдэд чиглэсэн ажил хийсэн талаар нэг ч нотлох баримт байхгүй. Түүнд 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох асуудлыг тус хурлаар хэлэлцсэн нь үнэн боловч түүнийг улируулан томилох талаар яригдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/00221 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.4-д заасныг баримтлан “Гутал” ХК-иас нийт 25.300.000 төгрөг гаргуулж Б.Батбаярт, 12.800.000 төгрөг гаргуулж Б.Баянмөнхөд олгож, нэхэмжлэлээс үлдэх 5.066.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 573.674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Гутал” ХК-наас 284.450 төгрөг гаргуулж Б.Батбаярт, 219.750 төгрөг гаргуулж Б.Баянмөнхөд тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 727 дугаартай магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/00221 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.4-д зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 348.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Батбаяр нь 2015.5.28-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нарийн бичгийн даргын ажлыг давхар хийж байсан гэсэн агуулга бүхий нэхэмжлэлээ 2015.11.06 өдөр хүртэл дэмжиж байгаад 2015.11.06-ны өдрөөс нарийн бичгийн даргын ажлыг Б.Баянмөнх гүйцэтгэж байсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Түүнчлэн Б.Баянмөнхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 зүйлийн 27.3-т заасан үндэслэлээр Шүүхээс 2015.12.07-ны өдрийн 33734 захирамж /хх 153 тал/ гарган хамтран нэхэмжлэгчээр татаж шийдвэрлэсэн. Гэхдээ шүүх нарийн бичгийн даргын ажлыг Б. Батбаяр эсвэл Б. Баянмөнхийн хэн нь гүйцэтгэж байсан талаар 2 зөрүүтэй үйл баримтын чухам аль нь үнэн зөв болохыг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчиж байна. Түүнчлэн хэргийн 171-179 дэх талд Гутал ХК-ийн ТУЗ-ийн 2015.10.09-ний өдрийн хурлын тэмдэглэл нотлох баримтаар авагдсан бөгөөд уг баримтаас үзвэл Гутал ХК-ийн ТУЗ-ийн даргаар О.Буяннэмөхийг сонгосон болох нь нотлогддог гэтэл анхан шатны шүүхээс Б.Батбаярт ТУЗ-ийн даргын цалинг 2015.10.15-ны өдрийг хүртэл шийдсэн нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг мөн зөрчиж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /хх 238/ "... Б. Баянмөнхийг Гутал ХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалд 2015.03.03-ны өдрийн 4 дугаартай ажилд томилох тухай тогтоолоор Гутал ХК-ийн 2014-2015 оны ТУЗ-н нарийн бичгийн даргаар Б. Баянмөнхийг улируулан томилсон байна гэж, давж заалдах шатны шүүхийн магадлалд 4 тогтоолыг хариуцагч үгүйсгээгүй гэж тус тус дүгнэсэн байна. Анхан шатны шүүх хуралдааны асуулт хариултын шатанд хариуцагчийн өмгөөлөгч Ц. Жавхлантөгс нь нэхэмжлэгчээс 2015.03.03-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар нарийн бичгийн даргын асуудал хэлэлцэгдээгүй бөгөөд өмнөх бүрэн эрх нь үргэлжлээд явж байгаа гэж ойлгож болох уу гэсэн асуултанд нэхэмжлэгч зөв гэж хариулсан. Хэргийн 114-115 дахь талд авагдсан ТУЗ-ийн 2015.03.03-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр ТУЗ-н нарийн бичгийн даргыг томилох асуудлыг огт хэлэлцээгүй учир 4 тогтоол гарах үндэслэл байхгүй болох нь нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс 4 тогтоолд үндэслэн нарийн бичгийн даргын цалинг шийдвэрлэсэн нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, нотлох баримтыг бүрэн судлаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Батбаяр нь 2014.5.20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хойшлогдсон хуралдаанаар ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон бөгөөд ТУЗ-ийн 2014.06.18-ны өдрийн 01 дугаартай хурлын тогтоол /хх 59/-оор ТУЗ-н даргаар томилогдсон бөгөөд түүний ТУЗ-н даргын бүрэн эрх Компанийн тухай хуулийн 77.2, Гутал ХК-н дүрмийн 7.22-т заасны дагуу 2015.4.30-нд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаж, 002 тоот тогтоол /хх 67/ дагуу шинэ ТУЗ бүрэлдсэнээр дуусгавар болсон байх ёстой атал анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хуулийн заалтыг үндэслэн ТУЗ-н даргын эрх хэмжээ хувьцаа эзэмшигчдийн хурлаас үл хамааран үргэлжилж байгаа мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь илт хууль бус шийдвэр болсон. Харин давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан бусад заалтыг хэвээр үлдээсэн. Хариуцагчийн зүгээс Компанийн тухай хуулийн 77.2, Иргэний хуулийн 364.1-т "Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно" гэж заасны дагуу Б. Батбаярын ТУЗ-н даргын бүрэн эрх 2015.04.30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдсанаар дуусгавар болсон гэж татгалзалаа тайлбарласан талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Дүгнэн хэлэхэд хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 77.2 дахь заалт Иргэний хуулийн 364.1-д заасныг хэрэглээгүй бөгөөд энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Батбаяр нь Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2015.04.30-ны өдрөөс 2015.10.15-ны өдөр хүртэл хугацааны цалин 19.500.000 төгрөг, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний 2014.05.30-ны өдрөөс 2015.04.30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 9.266.000 төгрөг, Б.Баянмөнх нь Гутал ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын 2014.05.30-2015.10.01-ний өдөр хүртэл хугацааны цалин 14.400.000 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Батбаяр нь 2015 оны 06 дугаар сарын 28, 2015 оны 08 дугаар сарын 14, 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ /хх 1, 64, 73, 74/ Гутал ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын цалинг хариуцагчаас шаардаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мөнгийг Б.Баянмөнх нэхэмжилсэн баримт хэрэгт авагджээ. Гутал ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалинг шаардахдаа нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэсэн бөгөөд уг баримтыг /хх 113/ хариуцагч хуурамч гэж маргаж, үүнтэй холбоотой хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон баримттай холбоотой хүсэлтийг хариуцагч шүүхэд гаргасныг шүүх хүлээн аваагүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцээгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчсөн тул хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаав.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгааг дурдах шаардлагатай байна.

1/. Б.Батбаяр нь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар иргэн Ц.Төмөр, Д.Алтанзул нарыг /хх 1/ тодорхойлсон байхад шүүх хариуцагч бус этгээдийн олгосон итгэмжлэлээр Э.Билгүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32-35 дугаар зүйлийг зөрчжээ.

2/. Б.Батбаяр иргэний хувьд Ц.Төмөрт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх Гутал ХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А30-15, А32-15 дугаар албан бичгийг үндэслэн /хх 73, 74/ хариуцагчийг сольсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд нийцээгүй байна. Шүүх нэхэмжлэгч биш этгээдийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь буруу юм.

3/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Батбаяр шүүхэд 4 удаа нэхэмжлэл гаргахдаа Гутал ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалинг өөрт нь олгуулах шаардлага гаргаж байсан бөгөөд сүүлд нийт 40.712.000 төгрөгийг Б.Батбаярт олгуулах нэхэмжлэлийг Б.Батбаяр, Б.Баянмөнх нар /хх 125/, 28.766.000 төгрөгийг Б.Батбаярт, 14.400.000 төгрөгийг Б.Баямөнхөд олгуулах нэхэмжлэлийг Б.Батбаяр, Б.Баянмөнх нар /хх 131/ хамтран 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргажээ. Нэг өдөр хоёр өөр шаардлагатай нэхэмжлэлийг Б.Батбаяр, Б.Баянмөнх нар шүүхэд гаргасан, Б.Баянмөнх улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт байхгүй /хх 3, 66, 133/ байхад шүүх Б.Батбаяр биш, харин Б.Баянмөнх Гутал ХК-иас ТУЗ-ийн нарийн бичгийн даргын цалин шаардсан гэж үзсэн үндэслэлээ шийдвэрт заагаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/00221 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 727 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг Хан-уул дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 348.450 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ