Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 00111

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж   тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Ч.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, Ө.Өлзиймаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.О-д холбогдох 201718020005 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Завхан аймаг Тосонцэнгэл суманд 1980 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 32-52 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй,

-2003 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61,1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Дамдинбазарын О. /РД:*/

 

Шүүгдэгч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Баянгол гэх газарт байрлах иргэн Д.Цын гэрийг сахиж байсан Ч.Таас архи нэхэж 4 хөлтэй модон сандлаар толгой руу нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж зэвсгийн чанартай зүйл буюу сүх хэрэглэн авдрын цоожийг эвдлэн дотор нь байсан Данзка нэртэй 1 литрийн архи 1 ширхэг, 0.5 литрийн савтай тогооны архи 2 сав, 750 граммын хар чингис архи 1 ширхэг нийт 4 шил архийг дээрэмдэн авч 87000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оын өгсөн….... 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дамжин ахтай нэг шил архи уусан. Тухайн үед би Дамжин ахтай Мандал сумын 5 дугаар баг, төмөр замын 264 дүгээр точикт байдаг малчныдаа ирсэн байсан юм. Хүргэн ах Дамжин нэг шил архи гаргасан. Дараа нь малчин Пүрэвжав нэг шил архи гаргасан. Нийт 2 шил архи уусан. Тэгээд Пүрэвжавынхаас гараад Баянгол өгсөөд манай ахын малыг малладаг 3 малчныд нь очсон. Тэгээд точик руу архинд Н, Б, Азаа нарын хамт явсан. Бид нар точикоор архи хайгаад олоогүй. Тэгээд буцахдаа энэ айлд байж магадгүй гээд орсон байсан. Салхинд цохиулаад би нилээн согтсон байсан. Өглөө сэрсэн чинь Б надад чи айл дээрэмдсэн гэхээр нь би уучлалт гуйх гээд очиход Зүүнхараагаас болон Түнхэлийн цагдаа нар ирсэн байсан. Би Т гуайгаас уучлалт гуйгаад наашаа Зүүнхараа луу үрж ирсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Тийн өгсөн….... 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үрчимд унтаж байхад машины гэрэл цонхон дээр тусаад нэг эмэгтэй ирээд нэрмэл архи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би байхгүй гэчихээд хаалгаа түгжээд орсон. Хаалганы түгжээ болохоор хадаасаар махийлгаж хийсэн түгжээ байсан юм. Гэтэл О хаалганы түгжээ мулт татаж орж ирээд танайд архи байх ёстой гээд модон сандал  аваад цохихоор нь зүүн гараараа хаасан. О чамайг алсан ч яадаг юм хутга чинь хаана байдаг юм гэсэн. Тэгээд сүх аваад авдарны цоожийг эвдээд 500 гармм савтай 2 шил нэрмэл архи, наад авдарнаас нь 0.75 грамм савтай хар чингис архи, Данзка нэртэй архи хоёрыг аваад гарсан. Иймл юм болсон. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй. Энэ хүүхдэд аль болох хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судпалсан нотлох баримт болох

Гэрч Г.Аын мөрдөн байцаалтад өгсөн...... О, Б болон манай нөхөр Н бид нар 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед манайхаас Оын машинтай 264 дүгээр өртөөнөөс шимийн архи худалдаж авахаар явцгаасан юм. Тэгээд явж байгаад урд нь нэрмэл архи худалдаж авч байсан айлынд очоод би хаалгыг нь тогшсон. Тэгсэн чинь нэг настай ах гарч ирэхээр нь ахаа нэрмэл архи байна уу гэж асуусан чинь байхгүй гэхээр нь би машинд буцаад суусан. Тэгсэн чинь О, Б хоёр машинаас буугаад тэр айлын хаалгыг нь нүдэж байснаа хоёулаа тэр айл руу яваад орчихсон. Нөхөр Н бид хоёр машин дотор хүлээгээд сууж байсан. Тэр хоёр гарч ирээд зя за явцгаая гээд манайх руу явцгаасан. Би архи уусан байсан болохоор согтоод гэртээ яаж харьснаа санахгүй байгаа юм. Уг нь би тухайн орой нөхөр Н болон хамт мал малладаг Б нарын хамт гэртээ 750 граммын нэг шил архийг хөзөр тоглонгоо хувааж уусан. Тэр хоёр миний төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд нэг шил архи гаргаж ирсэн юм л даа. Тэгээд орой 22 цагийн үед унтацгаах гэж байсан чинь О халамцуу байдалтай хүрч ирсэн. Тэгээд л архи авч ууцгаахаар явсан нь тэр. Би гэрээс гараад салхинд цохиулаад яасан юм мэдэхгүй ямар ч байсан тэр айлд очсоноо санаж байгаа юм гэх мэдүүлэг /Хх-н 22 дугаар хуудас/

Гэрч Л.Нын мөрдөн байцаалтад өгсөн……. Тухайн айлын гадаа очоод манай эхнэр тэр айлын хаалгыг нь нүдэхэд 60 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд архи байхгүй гэж байгаа бололтой юм хэлээд буцаад орсон. О машинаасаа буугаад тэр айлын хаалгыг нь мулт татан онгойлгон орчихоод гарч ирэхдээ тэр өвгөнийг дагуулж гартаа модон сандал барьчихсан байдалтайгаар гарч ирээд тэр өвгөнийг сандлаар цохих гээд байхад Б очоод гарт нь байсан сандлыг булааж авсан. Тэгээд Б, О хоёр тэр өвгөний хамт гэр лүү нь орчихсон. Эхнэр А бид хоёр машинд сууж л байсан. Тэгээд тэр хоёр удалгүй тэр айлаас гарч ирээд машинд суугаад хөдөлсөн. Замд явж байхдаа Б өврөөсөө 2 ширхэг жижиг савтай нэрмэл архи гаргаж ирээд бүгдээрээ хувааж уусан. Ингээд цааш яваад манай гэрт очсон. Тэгэхэд Б өврөөсөө дахин 2 шил архи гаргаж ирсэн. Нэг нь 750 граммын хар чингис архи байсан, нөгөөх нь төмөр савтай архи байсан. Уг архинаас О нэг балгачихаад унтаад өгсөн. Б, А бид гурав нөгөө 2 шил архийг хувааж үүрийн 05 цаг хүртэл уусан. О өглөө 05 цагийн үед гараад явсан гэх мэдүүлэг /Хх-н 24 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Цын мөрдөн байцаалтад өгсөн ....... Манай авдарт манай хүүхдүүдийн авч өгсөн Данзка гэх нэртэй төмөр савтай архи нэг ширхэг, 750 граммын хар чингис архи 1 ширхэг, нэрмэл архи 1 литр байсан. Данзка архи нь 1 литрийн савтай юм. Нэрмэл архийг бол өнгөрсөн намар өөрийнхөө малын сүү, аарцаар нэрж гаргаж хавар архи нэрэхдээ дээж болгох зорилгоор авч үлдсэн байсан архи юм. ... Авдарнуудын цоожны цүүг нь мулталсан байсныг буцааж хийгээд хэвийн болгосон. Хаалганы түгжээг ч гэсэн засаж янзалсан. Эдгээрийг засахад мөнгө төгрөг шаардагдаагүй юм. Тийм болохоор шинээр цоож түгжээ авах шаардлага байгаагүй юм..... Д.О ирээд учруулсан хохирлоо төлж барагдуулсан. О миний дансны дугаарыг аваад 90000 төгрөг шилжүүлсэн. Надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй ээ.. Дээрэм тонуул хийгээд явах хүн биш ээ. Архи л олж уух гэсэн хүсэлдээ дийлдэж ийм хэрэг хийж дээ гэж бодож байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 25-26 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ¹ 52…. Дүгнэлт:

1.Тийн биед тархи доргилт, шанаа, шуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 21 дүгээр хуудас/

750 граммын хар чингис архийг 15000 төгрөгөөр, 1 литрийн Данзка архийг 68000 төгрөгөөр, 1 литр нэрмэл архийг 4000 төгрөгөөр, нийт 87000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 29 дүгээр хуудас/

Д.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 55 дугаар хуудас/

Д.Оын эзэмшлийн Тоёота приус 0 маркийн 37-10 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 66-67 дугаар хуудас/

Д.Оын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /Хх-н 144 дүгээр хуудас/

Д.Оын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 145 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.Оыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлохдоо зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл буюу сүх хэрэглэсэн гэж үзэн түүнд холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Д.О нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэхдээ  сүхийг хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл: Сүх барьж хохирогч руу чиглэсэн аливаа үйлдэл хийгээгүй, сүхээр цохиж ална гэж айлган сүрдүүлээгүй, хохирогч руу далайгаагүй, зөвхөн авдранд байсан архийг авахдаа цоожийг нь эвдлэхдээ ашигласан байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Д.Оад холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснар зүйлчлэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Оыг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны Баянгол гэх газарт байрлах иргэн Д.Цын гэрийг сахиж байсан Ч.Таас архи нэхэж 4 хөлтэй модон сандлаар толгой руу нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж Данзка нэртэй 1 литрийн архи 1 ширхэг, 0.5 литрийн савтай тогооны архи 2 ширхэг, 750 граммын хар чингис архи 1 ширхэг, нийт 4 шил архийг дээрэмдэн авч 87000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Д.О нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байх тул хуулийг буцаан хэрэглэх, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байдал зэргийг ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд тооцон 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

 

Хохирогч Ч.Т, иргэний нэхэмжлэгч Д.Ц нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 хөлтэй модон сандал 1 ширхэг, модон иштэй түлээний сүх 1 ширхгийг иргэний нэхэмжлэгчид буцаан олгох, Данзка гэх шошготой 1 литрийн багтаамжтай архины сав 1 ширхгийг устгах,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Д.Оад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Тайж овогт Дамдинбазарын Оыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Оыг 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Д.Оад оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 хөлтэй модон сандал 1 ширхэг, модон иштэй түлээний сүх 1 ширхгийг Сэлэнгэ аймаг Мандал сумын 5 дугаар баг, төмөр замын 264 дүгээр точикт оршин суух, иргэний нэхэмжлэгч Алаг адуут овогт Даваасамбуугийн Цт /РД:НМ46030803/ буцаан олгох, Данзка гэх шошготой 1 литрийн багтаамжтай архины сав 1 ширхгийг устгасугай.

 

6. Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Оад оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Энэ хэргийн улмаас 37-10 УНО улсын дугаартай Тоёота приус 0 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Оад өмнө авсан бусдын даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН