Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 379

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03146 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б Ц” БСБ , Б.Б-нарт холбогдох 

 

Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах, 72 324 950 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллагын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглахдаа уг байрны баруун талын хаалгаар буюу тусдаа орц, гарц ашиглахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Б.Б-болон түүний нөхөртэй харилцан тохиролцож Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 дүгээр давхрын 401, 402, 403 тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч юм. 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Баттуяатай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн шүүхэд “Б.Баттуяагаас түрээсийн гэрээний үүрэгт 7 800 000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Б.Б-нь Захиргааны хэргийн шүүхэд Б.Э-гийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг нь анхан болон давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Б.Э- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссанаар Б.Баттуяагийн эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлсэн. Үүний дараа үл дээрх үл хөдлөх эд хөрөнгөө Н.Гантулга гэх иргэнд түрээслүүлэхээр болж түрээсийн гэрээ байгуулж, тэрээр түрээсийн гэрээний зүйлийг эзэмших, ашиглах гэсэн боловч Б.Б-нь барилгын 4 давхар руу гарах хэсэгт өрлөг өрж, саад болсон байдаг. Үүнтэй холбоотой мөн Иргэний хэргийн шүүхэд хандсан. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2596 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолуудаар өрлөг өрсөн хэсгийг өмнөх байдалд сэргээж, хохирлыг Б.Баттуяагаас гаргуулахаар шийдвэрлэж, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлэхээр Д.Түвшинбаттай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Сарын түрээсийн төлбөр 3 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түрээсийн гэрээний урьдчилгаанд 6 сарын төлбөр 18 000 000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Д.Түвшинбат нь урьдчилгаа мөнгөө өгсөн тул үйл ажиллагаа явуулах байраа үзэх, завсар үйлчилгээ хийх шаардлагатай байна гээд миний бие Д.Түвшинбатын хамт түрээсийн байранд очиход “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол сургалын байгууллагын удирдлагуудын зүгээс оруулахаас эрс татгалзсан үйлдлийг гаргаж “Танайх баруун талын хаалгаар орж гар, энэ бол цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа газар тул та нарыг гол хаалгаар оруулахгүй” гэж хэлсэн. Д.Түвшинбат нь нэгэнт түрээсийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй болсон тул түрээсийн гэрээнээс татгалзаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрээр Б.Э-гаас урьдчилгаанд төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн.

Б.Э- тухайн байрны 4 давхрыг 2008 оноос хойш өмчилж байгаа боловч өнөөдрийг хүртэл 1 ч удаа үйл ажиллагаагаа явуулж чадаагүй, өөрийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй. “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол сургалын байгууллага, Б.Б-нар нь түрээслэгч нарыг оруулахгүй гэж хэл ам хийж, хууль бус үйлдэл гаргадаг. Энэ нь нэхэмжлэгч Б.Э-гийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шууд саад, хохирол учруулж байна. Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас Д.Түвшинбаттай байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон.

Иймд гэм хорын хохиролд 72 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөг, нотариатын зардал 77 000 төгрөг, нийт 72 324 950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 401-403 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд хариуцагч талаас ямар байдлаар саад учруулсан, үүнийг ямар баримтаар нотолж байна гэх асуудал байна. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад хариуцагч нарын зүгээс учруулсан саадыг нэхэмжлэлд бичсэнээр тус үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын өмчлөгч Б.Э- нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээг Д.Түвшинбаттай байгуулж, тус гэрээний урьдчилгаа төлбөрт 18 000 000 төгрөгийг авсан байна. Түрээслэгч Д.Түвшинбат нь уг байранд үйл ажиллагаа явуулахаар очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч хамт очсон гэж байна. Гэтэл Д.Түвшинбат гэрчээр ... урьдчилгаа мөнгөө авах гэж шүүхэд хандсан..., тэнд цэцэрлэг байдаг гэж надад хэлээгүй..., би уулзана гэж очоогүй..., итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх залууг явуулсан..., би гаднаас нь тус барилгыг харсан..., 200 м.кв талбай байгаа гэхээр нь түрээсэлсэн..., орж үзээгүй 1 удаа очиж гаднаас нь харсан гэж мэдүүлсэн байдаг. Гэрчийн дээрх мэдүүлэг, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 30ж/7051 тоот албан бичиг, цагдаагийн ажилтан н.Цэндсүрэнгийн гаргасан тодорхойлолт, Нийслэлийн боловсролын газрын болон цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор түрээсийн гэрээ байгуулсан Д.Түвшинбатын хамт нэхэмжлэгчийг очиход хариуцагч талаас оруулахгүй байсан гэдэг нь тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Э-гаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 00513 дугаар шийдвэрээр 18 000 000 төгрөгийг гаргуулж, Д.Түвшинбатад олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өнөөдөр гаргаж буй нэхэмжлэлийн нотлох баримт гэж үзэж байна. Шүүхийн энэ шийдвэрээр Б.Э- нь түрээслэгчид түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй учраас Д.Түвшинбат түрээсийн гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг буцааж авахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр нь хариуцагч нарын буруутай хууль бус үйлдэл байсан үйл баримтыг тогтоосон нотлох баримт биш юм. Харин өмчлөгч Б.Э- нь түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш хугацаанд өөрийн өмчийг захиран зарцуулах боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлэхээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Ийм учраас 72 000 000 төгрөгийн гэм хор учруулсан гэж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв хариуцагч гэм хор учруулсан ямар нэгэн үйлдэл хийснээс нэхэмжлэгч талд хохирол учирсан бол түүнийгээ нотлох үүрэгтэй.

Тус шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02596 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож эрх зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээсэн байна. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан. Харин нэхэмжлэгчийн энэ шаардлагын тухайд үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад хариуцагч талаас ямар нэгэн саад урчуулсан үйлдэл хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч тал нь хүүхдийн боловсролын байгууллага учир үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан нэг орцыг ашиглах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон байхад нэхэмжлэгч тал энэ онцлогийг харгалзан хөрш залгаа өмчлөгчийн эрхийг харилцан хүндэтгэн саад болохгүй байх эрх үүргийг хуулиар зааж өгсөн байгааг анхаараагүй байна.

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт 2 талаас харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийг 135.1 дэх хэсэгт хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж тус тус заасан байна.

Маргаан бүхий байр нь тусдаа орц, гарцтай бөгөөд барилгын баруун талд болон голд нэг нэг хаалгатай учир энэ 2 хаалгаар орсон шатыг дундаа хэсгээр өмчлөгч нар юм. Энэ хоёр хаалгаар барилгын бүх давхарт гарах боломжтой. Хариуцагч нь тус барилгын 1, 2, 3, 5 дугаар давхарын өмчлөгч бөгөөд олон жил цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө. гэж заасан байна. Мөн сургалт хүмүүжлийн байгууллагын барилга, байгууламж, барилгын норм ба дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг бие даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байгуулна, мөн 3.6 дахь хэсэгт цэцэрлэг, бага сургууль, ажилчдын сууцыг нэгдсэн эзэлхүүнээр төлөвлөвөл цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөнө гэж тус тус заасан. Иймд уг барилгын 2 шатыг нэхэмжлэгч хариуцагч нар дундаа хэсгээр өмчилж байгаагийн хувьд адил эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хэдий ч хөрш залгаа өмчлөгч нь хүүхдийн байгууллага, цэцэрлэг ажиллуулдаг тул хуульд заасан тусгай нөхцөл шаардлага тавигдсан байгаа зэргийг харгалзан харилцан эрх үүргийг нь хүндэтгэх үүрэгтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дах хэсэгт хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй, ингэхдээ хэсгээр өмчлөгч нь бусад өмчлөгчид мэдэгдэх үүрэгтэй. гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч дээрх үүргээ биелүүлээгүй бусдад өмчлөлийн эд хөрөнгөө түрээслүүлэхдээ түрээслэгч болон Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол, сургалтын байгууллага, Б.Б-нарт огт мэдэгдээгүй. Б.Э- нь хөрш залгаа өмчлөгчийн хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг онцлог байдлыг мэдэж байсан, дундаа хэсгээр өмчлөх орц, шат, хонгилыг ашиглах тэгш эрхтэй ч уг барилгын 1, 2, 3, 5 давхрын өмчлөгч “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байх үүргээ мөн адил биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хоёр талаас нэгэн зэрэг ашиглах боломжтой орц, гарц, шатыг Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 хэсэгт заасны дагуу тэгш эрхтэй ашиглах эрхтэй бөгөөд хөрш залгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийг энэ эрхээ хэрэгжүүлэхэд нөгөө өмчлөгч саад болохгүй байх үүрэгтэй юм. Дундаа хэсгээр өмчлөгчийн хувьд талууд уг барилгын 2 гарц, шатыг нэг нэгээр нь эзэмших, ашиглах бүрэн боложтой байхад цэцэрлэгийн хүүхдүүд ордог шатаар орж гарна гэж нөгөө өмчлөгчийн хуулиар тогтоосон эрх үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь хууль бус үйлдэл юм.

Нэгэнт түрээсийн гэрээг цуцлагдсан нөхцөлд нэхэмжлэгч өөрийн өмчөө ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрх нь нээлттэй байсан төдийгүй энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хариуцагч тал түүнийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн мэтээр гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулсан гэм буруутай үйлдэл хийсэн болох нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б Ц” БСБ  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа орц, гарцтай. Өөрөөр хэлбэл, барилгын баруун тал, голд нэг, нэг хаалга байгаа. Энэ хоёр хаалгаар барилгын бүх давхарт гарах боломжтой юм.

Цэцэрлэг нь бага насны хүүхүүдэд үйлчилдэг онцлогтой, сургалт хүмүүжлийн байгууллага учир эрх бүхий байгууллагаас цэцэрлэгийн барилга, үйл ажиллагаанд тодорхой шаардлага тавьдаг. Тухайлбал: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм 3.9 хэсэгт сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг бие даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байгуулна, мөн цэцэрлэг, бага сургууль, ажилчдын сууцыг нэгдсэн нэг эзэлхүүнээр төлөвлөвөл цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөнө гэж тус тус заасан байдаг. Тиймээс цэцэрлэг нь тусдаа орц гарцтай байхыг хууль, журмаар шаарддаг учраас нэг орц гарыг хамтран ашиглах боломжгүй.

Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмшиж, ашиглахдаа уг байрны баруун талын хаалгаар буюу тусдаа орц, гарц ашиглахыг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Баруун талын хаалгыг ашиглах боломжтой учраас баруун талыг хаалгыг ашиглана уу гэх шаардлагыг гаргаж байна. “Хатанбаатар” ХХК-ийн гаргасан барилгын анхны скиз зургаар баруун талын хаалга нь аваарын зориулалттай орц гарцыг үндсэн орц, гарцны зориулалтаар ашиглах боломжгүй. 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулахаар бол уг шат нь тохиромжгүй шат учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1, 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Б Ц” БСБ ас 18 077 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54 247 950 төгрөгт болон хариуцагч Б.Баттуяад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Э- нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589 800 төгрөгийг, хариуцагч “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол, сургалтын байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол, сургалтын байгууллагаас 248 335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг болон түүний өмгөөлөгч С.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар, мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгуулахаар шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор иргэн Д.Түвшинбаттай байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаар шийдвэрийг нотлох баримтаар гаргаж, Д.Түвшинбатыг гэрчээр асуулгасан. Дээрх шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгээр хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч болон Д.Түвшинбат нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон, мөн хариуцагч нар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан болох нь тогтоогдсон юм.

Шүүх “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллагыг “цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар барилгын урд хаалгаар оруулахгүй, гаргахгүй зэргээр саад учруулсан үйлдлийг” хууль бус гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Б.Э- болон иргэн Д.Түвшинбат нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу хариуцагч нарын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохиролоос 54 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Хариуцагч нар нь хууль бусаар нэхэмжлэгчийн эрхэд халдаж эд хөрөнгөө өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд саад учруулаагүй бол иргэн Д.Түвшинбаттай байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжиж, улмаар нэхэмжлэгч Б.Э- нь уг гэрээний дагуу 72 000 000 төгрөгийг орлогыг олох бүрэн боломжтой байсан.

Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6 дах хэсэгт бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж заасныг үндэслэн олох ёстой байсан орлого буюу хохирлоо шаардсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай ... үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан хохирлыг барагдуулах үүрэгтэй юм.

Мөн хохиролд шаардаж буй 247 950 төгрөгийн тухайд Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаар шийдвэрээр Д.Түвшинбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг Б.Э-гаас гаргуулж түүнд олгуулахаар шийдвэрлэсэн мөнгө юм. Энэ нь мөн адил хариуцагч “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол сургалтын байгууллагын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч “Бөмбөөхөн цэцэрэлэг” боловсрол сургалтын байгууллагаас 72 324 950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон түрээслүүлэгч Б.Э- нь түрээслэгч Д.Түвшинбатад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар  түрээсийн зүйл болох хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж ИХ-ийн 225.1, 205.1-д зааснаар 18 000 000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад энэ үйл баримтад дахин дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Гэрч н.Түвшинбат мэдүүлэгтээ “... урьдчилгаа мөнгөө авах гэж шүүхэд хандсан....тэнд цэцэрлэг байдаг гэж надад хэлээгүй... би уулзана гэж очоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч явуулсан ... гаднаас нь тус барилгыг харсан, 200 м.кв талбай байгаа гэхээр нь түрээслэсэн... орж үзээгүй нэг удаа очсон гаднаас нь харсан гэдэг. Хариуцагч хууль бус ямар үйлдлийг хэзээ гаргасан, үүнээс нэхэмжлэгчид ямар хэмжээний хохирол учирсан гэдгийг нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх ёстой. Гэтэл хэргийн 163-166, 184, 185, 223 дах талд авагдсан баримтуудаар түрээслэгч Д.Түвшинбат нэхэмжлэгчийг хамт очиход нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гол хаалгаар оруулаагүй хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй байдаг.

Мөн “Б Ц” БСБ  нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг нь ямар үйлдлээр хэрхэн зөрчсөн талаар баримтгүй байхад шүүх нэхэмжпэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд барилгын урд талын голын хаалгаар оруулахгүй, гаргахгүй саад учруулсан болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Э- нь 2012 оны сүүлчээс 2018 оны 5 сар хүртлэх хугацаанд тус барилгын 1-3, 5 давхарт цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд байнга саад учруулж шүүх, цагдаа, шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар явж хүүхдийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй болгож дансыг хаалгах, удаа дараа их хэмжээний хохирол төлбөр нэхэмжлэх, албадах ажиллагаа явуулах, шүүхэд худал тайлбар гаргах, заавал 2 орц, гарцыг ашиглана гэх зэргээр хүндрэл учруулж байгаа нь хэрэгг авагдсан баримтуудаар нотлогдоно.

Нэхэмжлэгч Б.Э- нь хүүхдийн байгууллага цэцэрлэг ажиллуулж байгаа манай байгууллагын онцлог байдлыг мэддэг мөртлөө дээрх байдлаар цэцэрлэгийн сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө гэсэн хуулийн шаардлагын үүднээс манай байгууллагыг хэвийн ажиллахад үүсэх нөлөөлөлийг /заавал урд талын орц шатаар орно гэж/ үүсгэж хүүхдийн байгууллагын хэвийн ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дах шаардлагыг нотолсон гэж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

 Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч “Б Ц” БСБ , Б.Б-нарт холбогдуулан, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг даалгах, олох байсан орлогод 72 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөг, нотариатын зардал 77 000 төгрөг, нийт 72 324 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх1-4/

 

Хариуцагч нар нь дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд хариуцагч “Б Ц” БСБ  нь нэхэмжлэгч Б.Э-д холбогдуулан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахдаа тухайн барилгын баруун талын хаалгаар буюу тусдаа орц, гарц ашиглахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргасан байна. /1хх81, 90-91, 227, 2хх117/

Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн Ү-2205036842 дугаартай, гэрчилгээний 000124832 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх10/, “Бөмбөөхөн цэцэрлэг” боловсрол сургалын байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл /1хх85-102/, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч Б.Э-гийн өмчлөл болох тухайн барилгын 1, 2, 3, 5 дугаар давхарт хариуцагч “Б Ц” БСБ  нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч Б.Э-гийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг хариуцагч тал зөрчсөн эсэх, хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжтой эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, талуудын маргаанд хамаарал бүхий холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэснээр Б.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, хариуцагч “Б Ц” БСБ  нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар нэхэмжлэгчийг барилгын урд талын голын хаалгаар оруулахгүй, гаргахгүй саад учруулсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Д.Түвшинбат, Б.Баянмөнх, Г.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул шүүх нэхэмжлэгч Б.Э- нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2,  106 дугаар зүйлд 106.2 дах хэсэгт тус тус зааснаар эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Хариуцагч “Б Ц” БСБ  нь Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх хэсэгт зааснаар  хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн дээрх шийдвэрийг зохигчид эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал үндэслэлээ, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагч нар нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан хохирлыг барагдуулах үүрэгтэй тул хэрэгсэхгүй болгосон 54 247 950 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.Э-, Д.Түвшинбат нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ /1хх45-46/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00513 дугаар шийдвэр /1хх47-49/ зэргээр, нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, түрээслэхээр тохиролцсон түрээслэгч Д.Түвшинбат нь түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон, улмаар энэхүү үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 6 сарын түрээсийн төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг Б.Э-гаас буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна. Шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийж, гэрээ байгуулсан өдрөөс дээрх шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нь олох байсан орлогоор хохирсон гэж үзээд 18 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 54 247 950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, Б.Э-, Д.Түвшинбат нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дээрх шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр цуцлагдаж цаашид үргэлжлэх боломжгүй болсныг нэхэмжлэгч мэдсэн, уг хугацаанаас хойш хариуцагчийн буруугаас орлого олох боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүйг, мөн тухайн шийдвэрт хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт заасан шаардах эрхэд хамаарахгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийн энэхүү дүгнэлтэд хамаарах хэсэгт зохигчдоос гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

 

Учир нь, дээр тогтоогдсон үйл баримтаар хариуцагч нь хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч нарын орц, гарцыг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор хааж, улмаар тухайн үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байх тул сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Хариуцагч Б.Баттуяад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүйн гадна тэрээр иргэнийхээ хувьд өмчлөгчийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулсан нь нотлогдоогүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Иймд зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/03146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг төлсөн 429 190 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд төлсөн 318 555 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ТУЯА

                                                           

                                        ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН