Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00095

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Д.Уранчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Баасандоржид холбогдох 1732000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1974 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Хайлаастын № 70 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хойд овогт Ганбаатарын Баасандорж. /РД: ДЭ74110119/

 

           Шүүгдэгч Г.Баасандорж нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өлзий нэртэй оёдлын үйлдвэрийн хойд талд хохирогч Б.Гэрэлмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж унагаан өшиглөж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баасандоржийн өгсөн…. ...  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би хүмүүстэй нийлж 2 шил архи уучаад нилээн орой болж байсан тул гэр лүүгээ харихаар явсан. Гэр лүү харих замдаа Мишээл дэлгүүр орж ундаа печень авчихаад гарсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг хэвтэж байхад миний хармаа луу хүний гар орж байхаар нь сэрсэн. Цаад талд хоёр хүн сууж байсан. Тэгээд би яаснаа мэдэхгүй байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Хохирогч Б.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн ....... Би 2017 оны 07 сарын 17-ны өдрийн орой 23 цагийн үед байхаа би 40 айл руу явчихаад буцаад “Мишээл” дэлгүүрийн хажуугаар явж байсан юм. Тэгсэн Г.Баасандорж гэх залуу  “Мишээл” дэлгүүрийн урд талд согтуу хэвтэж байсан тэгэхээр нь би хөөе залуу босооч харьж амар гэсэн чинь босч ирээд юу гээд байгаа авгай вэ би сая шоронгоос гарч ирсэн ална шүү гээд байсан тэгэхээр нь би за за явлаа гээд явсан чинь хажууд хэрүүл хийгээд надаас мөнгө, малгай нэхээд байсан тэгээд би юу яриад байгаа юм бэ гээд гартаа малгайгаа барьчихсан байна ш дээ гэсэн чинь намайг авгай, гичий банзалаар дуудаад гараараа шууд нүүр лүү цохиод унагаасан. Тэгээд дээрээс өшиглөөд цохиод байсан тэгсэн цаанаас Н.Түмэнжаргал, Д.Ундармаа нар цаана байсан юм шиг байна лээ  Н.Түмэнжаргал ирж салгасан би босоод ирсэн ам, хамарнаас цус гараад эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь эрүү чинь хугарсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг 6-7 дугаар хуудас/

Гэрч Н.Түмэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн .......  Би 2017 оны 07 сарын 17-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байсан байхаа би гэрийнхээ ард талд салхилаад сууж байтал төв зам дээр манай хөрш Ундармаа бас миний зүс таних Гэрэлмаа  тэгээд Панда хочтой нэг залуу ингээд 3 хүн юм яриад  зогсож байсан Тэгсэн Панда гэгч залуу нь  Ундармаатай юм яриад  хүүхэдтэй чинь уулзана гэсэн чинь Ундармаа та яагаад манай хүүтэй уулздаг юм гэж хэлэхэд Панда гэгч залуу нь чамд ямар хамаатай юм би танай хүүгийн ах нь байгаа юм гэсэн. Тэгсэн Ундармаа уурлаад явах гэтэл Панда гэгч залуу нь араас нь татаад унагаасан. Тэгтэл Ундармаа чамайг цагдаад хэлнэ гээд цагдаа руу явсан тэгсэн нөгөө Панда гэгч залуу нь цуг явсан Гэрэлмаагаа чи Ундармаагаа цагдаа дуудуулахаар явууллаа гээд уурлаад шууд нүүр тлүү нь гараараа цохиод дээрээс нь өшиглөөд байсан. Гэрэлмаа эгч намйаг Майгаа эгчийгээ авраарай гэхээр нь би гүйж очоод Панда гэгч залууг Гэрэлмаагийн дээр гараад сууж байхад нь би түлхээд унагаасан тэгсэн чинь зугтаагаад яваад өгсөн удалгүй Ундармаа ирсэн. Эргүүлийн цагдаад хэлсэн гэж байсан гэх мэдүүлэг /Хх-н 9-10 дугаар хуудас/

Гэрч Д.Ундармаагийн мөрдөн байцаалтад өгсөн ......  2017 оны 07 сарын 17-ны өдрийн орой 22 цаг өнгөрч байхад би гэртээ байж байхад хүү Ундрахбаяр ирэхгүй байхаар нь гарч харъя гэж бодоод гэрийнхээ хойшоо гартал Гэрэлмаа эгч, Панда гэх хочтой залуутай цуг зогсож байсан. Тэгэхээр нь би хажууд очоод зогстол тэр Панда гэх залуу нь би нөхрийг чинь танина ш дээ хүүгээ надтай нэг уулзуулаарай гээд байсан. Тэгэхээр нь би юу гэж тантай уулзуулдаг юм гэсэн чинь  намайг нөхрийнхөө толгойг залгисан  янхан гээд элдвээр доромжлоод байсан тэгээд гэр илүү явах гэтэл араас татаж унагаасан. Тэгснээ малгайгаа авснаа миний малгай солигдсон байна миний малгайг хэн авсан дотор нь мөнгө байсан гээд солиотой юм яриад согтуу байсан. Тэгэхээр нь би энийг цагдаад бариад өгчихье гэж бодоод цагдаа дуудахаар явсан. Тэгээд цагдаад мэдэгдчихээд эргээд иртэл Гэрэлмаа эгч зам дээр цус нөж болчихсон зогсож байсан. Тэгэхээр нь би хүүе яасан бэ та гэсэн чинь Панда намайг зодчихлоо гэж байсан хажууд Н.Түмэнжаргал эгч ирчихсэн байж байсан чамайг явсны дараа Гэрэлмааг цагдаа дуудуулахаар явуулчихлаа гээд  шууд цохиж унагаагаад зодоод ийм болгосон гэж хэлсэн. Тэгээд Гэрэлмаа эгчийг эмнэлэг рүү явуулсан гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 151 .......

Дүгнэлт

1.Гэрэлмаагийн биед эрүү ясны хугарал, зүүн дээд 1-р шүд булгарч унасан,, үүдэн доод 1,2 шүд хөдөлгөөн орсон, доод уруулын баруун дотор тал, дээд уруулын баруун хэсэгт язарсан шарх, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн хацрын доод хэсэг, уруул, эрүү хүзүүний урд хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу эрүүний орчим хүчтэй өшиглөх үед үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5% тогтонги нөлөөлнө.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2-4 дүгээр хуудас/

     Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2 дугаар багийн засаг даргын Г.Баасандорж нь Хайлаастын № 70 тоотод ам бүл 3 оршин суудаг болно гэсэн тодорхойлолт /Хх-н 28 дугаар хуудас/

      1196620 төгрөгийн хохирол төлөгдсөн талаарх хохирол төлбөрийн тооцооны баримт /Хх-н 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Г.Баасандорж нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өлзий нэртэй оёдлын үйлдвэрийн хойд талд хохирогч Б.Гэрэлмаатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж унагаан өшиглөж зодсоноос  эрүү ясны хугарал, зүүн дээд 1-р шүд булгарч унасан, үүдэн доод 1,2 шүд хөдөлгөөн орсон, доод уруулын баруун дотор тал, дээд уруулын баруун хэсэгт язарсан шарх, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн хацрын доод хэсэг, уруул, эрүү хүзүүний урд хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Г.Баасандоржийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Баасандорж нь хохирогч Б.Гэрэлмаад 1196620 төгрөгийг төлсөн байх бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба харин энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Хойд овогт Ганбаатарын Баасандоржийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Баасандоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Баасандорж нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Г.Баасандорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Хохирогч Б.Гэрэлмаа нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Баасандоржид өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН