Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 431

 

 

“З Т Н” ОНӨААТҮГ А Н Б Ү Э Х-

баазын ажилтны Үйлдвэрчний эвлэлийн

хорооны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00021 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “З Т Н” ОНӨААТҮГ А Н Б Ү Э Х- ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “З Т Н” ” ОНӨААТҮГ-д холбогдох 

 

2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, ҮЭ-ийн 427 гишүүнээс хурааж аваагүй татвар 60 789 636 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбат,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түмэн-Ундармаа, Ц.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Автобус нэг” ОНӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн хороо нь 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот шийдвэрээр үүсгэн байгуулагдсан. 2013-2014 онд хэрэгжүүлэх автотээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээрийн 5.5 дахь хэсэгт Үйлдвэрчний Эвлэлийн гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Үйлдвэрчний Эвлэлийн татварыг бэлэн бусаар хурааж дансанд нь шилжүүлэх үүргийг тухайн байгууллага хүлээнэ. 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа, Үйдвэрчний Эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 2.7 дахь хэсэгт зааснаар "Захиргаа Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож cap бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж дараа сарын 05-ны өдрийн дотор Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасныг тус тус зөрчин гишүүдийн татварыг 2015 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл огт шилжүүлэхгүй байна. Захиргаа нь “З Т Н”  ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүд баазуудын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн cap бүр хурааж дараа сарын 05-ны өдрийн дотор Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон боловч шилжүүлээгүй. “З Т Н”  ОНӨААТҮГ нь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн татварын тухай албан бичгээр “З Т Н” ийн 1 дүгээр баазын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүдийн татвар төлөхийг зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн гишүүдийн татварыг үргэлжлүүлэн бэлэн бусаар суутгаж, тус хорооны дансанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн албан бичиг ирүүлсэн боловч 2015 оны 04 дүгээр сараас хойш огт төлөөгүй байна. 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сар хүртэлх 9 сарын татварыг тасалдуулж байсан болно. Энэ талаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийг 2015 оны 05 дугаар сараас 2011 оны 11 дүгээр сар хүртэл шийдвэрлэсэн. Иймд “З Т Н”  ОНӨААТҮГ-ын захиргаа нь “З Т Н”  ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын ажилтаны ҮЭ-ийн хорооны татварыг тухайн он сард шилжүүлээгүйн улмаас учруулсан хохирол болох 2015 оны 12 сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх хугацааны татварын хохиролд 60 789 636 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “З Т Н”  ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Автобус нэг” ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хороонд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 2.7-д зааснаар “Захиргаа ҮЭ-ийн хорооны гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож cap бүрийн цалингаас бэлэн бусаар суутгаж дараа сарын 5-ны өдрийн дотор шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан. Хамтын гэрээний 2.7-д гишүүдийн үндсэн цалинг 1.5 хувиар бодож татварын хэмжээг тооцохоор байгаа. Нийтийн тээвэр ухаалаг системд 2015 оны 7 дугаар сард шилжээд үүнтэй уялдаад жолооч шалгагч нарын цалин, байгууллагын цалин хөлсний журамд өөрчлөлт орсон. Цалин өөрчлөгдсөн учраас өөрчлөгдсөн цалингаар татвар төлөхийг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэг байхгүй. Мөн 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байгууллагын захиргаа, ҮЭХ-ны хооронд хийсэн тохиролцооны 7-д зааснаар захиргаа нь “З Т Н” ОНӨААТҮГ А Н Б Ү Э Х- баазын ҮЭХ-ны гишүүд, баазуудын ҮЭ-ийн хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн cap бүр хурааж, дараа сарын 05-ны өдрийн дотор ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ гэж тохиролцсон. Дээрх тохиролцоо болон өөрчлөгдсөн цалингаар татвар төлөхийг зөвшөөрсөн гишүүдийн гарын үсэггүйгээр захиргаа ажиллагсдын цалингаас ҮЭ-ийн татварыг шууд суутгах боломжгүй. Түүнчлэн хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт ажилтаны цалин хөлснөөс зөвхөн дор дурьдсан тохиолдолд суутгал хийхээр хуульчилсан. Үүнд ажилтаны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан.

ҮЭ-ийн хорооноос нэр бүхий 560 гишүүний 133 гишүүн нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 60 789 636 төгрөг болгосон байна. Хариуцагч байгууллагын зүгээс нийт 560 гишүүнээс ажлаас чөлөөлөгдсөн 94 ажилтан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 57 ажилтан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 73 дугаар тогтоолоор “Зорчигч тээврийн гурав” ОНӨААТҮГ үүсгэн байгуулсан. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/723 дугаар захирамжаар “З Т Н”  ОНӨААТҮГ-ын блансаас хөрөнгө болон эх үүсвэрийг шинээр байгуулагдаж байгаа “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-н блансад шилжүүлэхийг даалгасан. “З Т Н”  ОНӨААТҮГ-ын захиралын 2018 оны А/64 тоот тушаалаар ажилтан болон хөрөнгийг, эх үүсвэрийн хамт шилжүүлсэн байдаг. Нэр бүхий 560 гишүүнээс 16 жолооч, 1 шалгагч, нийт 17 ажилтан шилжилт хөдөлгөөнд хамрагдаж, 134 ажилтаны байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрийг байгууллахад оролцоогүй, хэлэлцээрт гарын үсэг зураагүй тул уг хэлэлцээрийн дагуу шаардах эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00027 дугаар шийдвэрээр тарифын хэлэлцээрийг шүүхээс дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр байдаг. Мөн хэлэлцээрийн 5.5-д гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэхээр заасан ба татвар төлөхийг зөвшөөрсөн ҮЭ-ийн гишүүдийн хурлын шийдвэр хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд ажилтаны цалин хөлснөөс суутгал хийх тохиолдлыг зохицуулсан бөгөөд хуулийн 63.1.1-т ажилтаны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан, хууль тогтоомжид заасан бусад тохиолдол, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нийтийн тээврийн салбар ухаалаг системд шилжсэнээр байгууллагад ажиллаж буй ажилчдын цалин хөлсөнд өөрчлөлт орсон, цалин хөлсөнд өөрчлөлт орсноор ҮЭ-ийн татварын хэмжээнд өөрчлөлт орно. Энэ өөрчлөгдсөн цалингаас тухайн ажилтан ҮЭ-ийн гишүүнчлэлийн татвар төлөх, эсэхээ илэрхийлсэн гарын үсэг байхгүй. Хэрэгт авагдсан ажилчдын ҮЭ-ийн татвар төлөхийг зөвшөөрсөн гарын үсэг нь 2013 оных байдаг. Иймд ҮЭ-ийн хорооны гишүүн гишүүнчлэлийн татвар төлөхөө илэрхийлсэн баримтгүйгээр захиргаа цалингаас нь бэлэн бусаар хураах нь хуульд нийцэхгүй. Учир нь ҮЭ-ийн татвар бол ажилтан ҮЭ-ийн байгууллагад өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, сайн дурын үндсэн дээр төлдөг татвар юм. 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тохиролцооны 7 дугаар зүйлд “З Т Н”  ҮЭХ-ны гишүүд баазуудын ҮЭХ-ны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хурааж ҮЭХ-ны дансанд шилжүүлнэ гэж заасан ба уг тохиролцооны 7 дахь хэсэгт зааснаар ҮЭХ-ны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсэг байхгүй. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /4-р хх-110-111/.

 

          Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 18 дугаар зүйлийн 18.1.11-д заасныг баримтлан “З Т Н”  ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.7 дах хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, ҮЭ-ийн 427 гишүүнээс хурааж аваагүй татварт 60 789 636 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “З Т Н” ОНӨААТҮГ А Н Б Ү Э Х- баазын ҮЭ-ийн хороо”-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 841 430 төгрөгөөс 532 098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан илүү төлөгдсөн 309 332  төгрөгийг улсын төвсийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбатад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шүүх “...хамтын гэрээ, тарифын хэлэлцээр, зохигчдын хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс үзэхэд 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн тохиролцоогоор баазуудын ҮЭ-ийн хорооны гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн захиргаа сар бүр ажилчдын цалингаас ҮЭ-ийн татварыг бэлэн бусаар хурааж ҮЭ-ийн хороонд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна” гэж дурдсан.

Гэтэл хамтын гэрээ, тарифын хэлэлцээр зэрэг баримтуудад гишүүдийн гарын үсгийг үндэслэж шилжүүлнэ гэсэн үг заалт байхгүй. Мөн бидний хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээ байгаа ба уг гэрээний 2.7 дахь хэсэгт “...гишүүдийн татварыг үндсэн цалингийн 1.5 хувиар бодож сар бүрийн цалингаас бэлэн бусаар хурааж ... ҮЭ-ийн хорооны дансанд шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэж заасан. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ҮЭ-ийн хорооны хооронд хийсэн тохиролцооны агуулга нь тохиролцож чадахгүй байгаа асуудлуудаар буюу мөнгө хураагчийн цалингаас 47 000 төгрөг, жолоочийн цалингаас 55 000 төгрөгийг бууруулах зэрэг асуудлаар тохиролцсон. Ингэхдээ 7 дугаар зүйлд нь “...гишүүдийн зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн сар бүр хураана” гэж заасан. Энэ тохиролцоо нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хийгдсэн ба 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр магадлал, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол тус тус  гарсан.

ҮЭ-ийн гишүүд татварыг цалингаас хууль бусаар суутгасан гэх гомдол гаргаж байгаагүй ба өөрсдөө үүргээ хүлээж татвараа хураалгаж байсан. Тэд татвар хураалгахыг зөвшөөрсөн гишүүдийн нэрстэй “...Монголын ҮЭ-ийн холбооны дүрэмд заасан гишүүний татварыг цалин буух үед ...тоот дансанд хураалгахыг зөвшөөрч байна” гэх баримтад гарын үсэг зурсан.

Өмнөх шүүхийн шийдвэрээр олгогдсон 2014, 2015 оны татваруудыг байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж шилжүүлсэн. Гэтэл үүнийг нийт хэдэн гишүүний, ямар хугацааны татвар байсан нь тодорхойгүй гэдэг. Нэгэнт гэрээнд 1.5 хувиар татвар төлнө гэж заасан ба эхлээд 600 гишүүнтэй байснаас 576 гишүүн болсон. Одоогийн байдлаар хэдэн гишүүн болсон нь хариуцагч талаас гаргаж өгсөн цалин хөлсний цэсээс тодорхой харагдах ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 427 гишүүнтэй болсон. Гэтэл 427 гишүүн өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй байна гэж үзэх боломжгүй.

Шүүх “...нэг ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчний Эвлэлийн хороонд татвар төлсөн учраас энэ Үйлдвэрчний Эвлэлийн хороонд татвар төлөх ёсгүй гэх дүгнэлт нь хуульд нийцэхгүй. Мөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 73 дугаар тогтоолоор “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ байгуулагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хугацаанд хамаарахгүй байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл хугацааны татвар нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, Зорчигч тээвэр гуравдугаар бааз тусгаарлагдахаас өмнөх хугацааны татвар нэхэмжилсэн. Гэтэл үүнийг логик дараалалгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Шүүх шийдвэртээ “...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 140 400 төгрөг байсан бол 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 192 000 төгрөг байсан гэх зэргээр хэрэгт ямар ч хамааралгүй байдлаар үнэлсэн. Цалин хөлсөнд өөрчлөлт орсныг гишүүддээ мэдэгдээгүй гэж шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цалин хөлсөнд өөрчлөлт оруулахдаа “цалин хөлсний журам”-ыг Үйлдвэрчний Эвлэлийн хороотой зөвшилцөлгүйгээр баталсан. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.8 дахь заалтад цалин хөлсөнд өөрчлөлт оруулахдаа Үйлдвэрчний Эвлэлийн хороотой зөвшилцөх ёстой гэдгийг заасан. Үйлдвэрчний Эвлэлийн хороотой зөвшилцөлгүйгээр хийсэн цалин хөлсний журмын өөрчлөлтийг гишүүддээ тайлбарлах үүрэг байхгүй. Гэтэл хариуцагчаас цалин хөлс өөрчлөгдсөн, үндсэн цалин гэх зүйл байхгүй гэх тайлбарыг хүлээн авч, энэ байдлаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “З Т Н”  ОНӨААТҮГазрын автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хороо” нь хариуцагч “З Т Н”  ОНӨААТҮГазарт холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, үйлдвэрчний эвлэлийн 427 гишүүнээс хурааж аваагүй татвар нийт 60 789 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хамтын гэрээний дагуу татвар татаж, өгөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт зааснаар гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол гэж тодорхойлон 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны татварыг нэмж гаргуулна гэжээ./1хх1-2, 197, 2хх22, 4хх95, 5хх69-70/

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “автобус нэгдүгээр бааз болон үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2013-2014 онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын тарифын хэлэлцээрийн оролцогч бус тул шаардах эрхгүй. Үйлдвэрчний эвлэлийн татвар нь заавал төлөх татвар биш, гишүүд татвар төлөх талаарх зөвшөөрлөө бичгээр гаргаагүй тохиолдолд цалин хөлснөөс нь бэлэн бусаар шууд суутгах боломжгүй гэжээ. /1хх101, 4хх109-111/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Автобус-1” ОНӨҮГ-ын төлөөлөл, ажилтнуудын төлөөллийн хооронд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “хамтын гэрээ”, уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байна. /1хх24-28/

 

Өмнө зохигчдын хооронд үүссэн “хамтын гэрээний 2.7-д заасан үүргээ биелүүлэхийг даалгаж, сар бүр татварыг шилжүүлж байхыг үүрэг болгож, 496 гишүүний 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сар хүртэл 9 сарын хугацааны татварт 23 884 206 төгрөг, 560 гишүүнд ногдох 27 559 849 төгрөг, нийт 51 438 055 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00816 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1987 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлт нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуульд заасан журмаар бүртгэгдсэн талаар дүгнэж, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хамаарах татварыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн байна. /1хх46-55/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн үйл баримтаас хойш буюу хуульд заасан журмаар бүртгэгдсэн нэхэмжлэлд дурдсан хамтын гэрээнээс хойш байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй хэдий ч талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээр хийгээгүй, хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлаар маргаантай байгаа нь хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаартай тогтоол, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хамтын гэрээний төслийн талаар хуралдсан хурлын тэмдэглэл, хариуцагч байгууллагын 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/1179 дугаартай албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдсон  байна. /1хх31-33, 42-45/

 

Түүнчлэн, хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “З Т Н”  ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд хийсэн тохиролцоо, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 177 дугаар албан бичиг, түүний хариу 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2010 дугаартай албан бичиг зэргийг харьцуулан үнэлвэл, хариуцагч нь “З Т Н”  нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татвар төлөхийг зөвшөөрсөн гарын үсгийг үндэслэн гишүүдийн татварыг үргэлжлүүлэн бэлэн бусаар суутгах, үйлдвэрчний эвлэлийн татвар нь хуулийн дагуу цалин хөлснөөс заавал суутгах суутгал биш тул тохиролцоог мөрдлөг болгон хамтран ажиллах санал гаргасан боловч нэхэмжлэгч нь гишүүдээс үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнчлэлийн татварыг цалингаас бэлэн бусаар хураахыг зөвшөөрсөн талаарх баримт бичгийг хариуцагч байгууллагад гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. /1хх19-21/

 

Иймээс хариуцагч нь үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдээс татварыг бэлэн бусаар хураах бичгийн зөвшөөрөл нэхэмжлэгч талаас гаргаагүй тохиолдолд гишүүдийн цалингаас татвар суутгах эрхгүй юм. Хэдийгээр талууд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамааралтай хамтын гэрээний үүргийн талаар маргаж байгаа боловч нэг талдаа үүрэг ногдуулж, тухайн үүргийг хурааж авах эрхийг тухайн үүрэг гүйцэтгэх талтай зөвшилцсөн тохиролцооны үндсэн дээр хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч талд үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдээс татвар хураалгах талаарх зөвшөөрөл бичгээр өгсөн талаар баримтгүй тохиолдолд татвар хураах эрх, үүрэг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “шүүх Автобус 1-ийн ҮЭХ-ны гишүүдийн бүртгэл буюу татварыг цалингаас суутгахыг зөвшөөрсөн гарын үсэг бүхий баримт, шүүхийн журмаар гаргуулсан ажилчдын үндсэн цалингийн цэс зэрэг баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарласан” гэх үндэслэл заажээ.

 

Дээр дурдсанаар хариуцагч нь үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдийн цалин, хөлснөөс гишүүнчлэлийн татвар суутгах эрхгүй болох нь тогтоогдсон, гишүүд татвараа төлөхийг зөвшөөрсөн гэх байдал буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдоогүй, шүүх ажилчдын цалин хөлсний талаарх баримтуудад дүгнэлт өгөх шаардлагагүй тул дээрх баримтуудыг үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хамтын гэрээнд хамаарах хуулийн зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 61 дүгээр зүйлийн 61.1, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь талуудын хооронд үүссэн хамтын гэрээнд заасан ажилтны хөдөлмөрлөх эрх, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах тухай тохиролцоонд хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт цалин хөлсний доод хэмжээний өөрчлөлтийн талаар дүгнэлт хийсэн байгаа нь энэхүү хэргийн үйл баримтад шууд хамааралтай гэж үзээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт энэ талаар тусгаж залруулах боломжтой. Энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.  

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2020/00021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Төрбатаас төлсөн 462 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН