Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 00089

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Д.Уранчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Цэдэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батбаярд холбогдох 201718020057 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Баянгол суманд 1965 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, ач нарын хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар баг, 3-6-9 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ  эрхэлсэн ажилгүй байсан,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бичээч  овогт Бүдрагчаагийн Батбаяр. /РД: МБ65062619/

           

Шүүгдэгч Б.Батбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн оройн 21 цагийн орчимд өөрийн гэртээ хоол хийхээр төмс арилгаж байхдаа хохирогч П.Даваамөнхийг сандалд тээглэн унахад нь хутгатай гараараа тосч барьж авсны улмаас цээжний хөндийг хутгаар хатгаж түүний бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батбаярын өгсөн…. ...  2017 оны 02 дугаар сарын 11-ний орой 6 настай ач хүүгийн хамт гэртээ байсан. Би хоол хийх гээд төмс сонгино арилгаад сууж байсан чинь Даваамөнх орж ирээд 5000 төгрөг байна уу надад 5000 төгрөг байна хоёулаа нэг юм хуваагаад уучихъя гэхээр нь би надад алга манай эхнэр Дархан явсан одоо ирж байна гэнэ ирэхээр нь би мөнгө аваад яваад очъё гэж хэлэхэд Даваамөнх за за гээд босохдоо бүдэрч унахаар нь тосч аваад өргөж босгосон. Гэтэл Даваамөнх чи намайг хатгачих шиг боллоо гэсэн. Тэгээд харсан цус нэг их гарахгүй байхаар нь би алчуур авч өгөхөд Даваамөнх за за зүгээр эхнэрээ ирэхээр мөнгө аваад очоорой гээд гараад явсан. Тэгээд удалгүй эхнэр маань ирэхээр нь би болсон явдлыг хэлэхэд эхнэр намайг дагуулж цагдаа дээр ирээд би болсон явдлыг бүгдийг нь хэлсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч П.Даваамөнхийн мөрдөн байцаалтад өгсөн ...........  Би 2017.02.11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд өөрийн гэртээ байж байхад манай найз нэг шил архитай манай гэрт ирэхээр нь тэр архийг нь хувааж уучихаад явчихсан юм. Тэр үед би дахин архи уумаар санагдаад байсан, надад тухайн үед 5000 төгрөг байсан. Би 5000 төгрөгөө бариад гудамжинд хамт архи уух хүн хайж хэсэг зогсож байгаад олдохгүй болохоор нь гэртээ ороод хэсэг хэвтсэн. Тэгээд би 2017.02.11-ний 20 цаг өнгөрч байхад 5000 төгрөгөө бариад нэг гудамжинд амьдардаг найз Батбаярын гэрт явж орсон юм.

            Намайг Батбаярын гэрт ороход Батбаяр 6 настай ач хүүтэйгээ хамт гэртээ хоёулаа байсан. Батбаяр оройн хоолоо хийх гээд мах шөлөө гаргаад тавьчихсан байсан. Би ороод ширээнийх нь хажуугийн сандал дээр суусан. Батбаяр зуухныхаа урд талд хогийн гаргуул дээр төмс арилгаад сууж байсан. Би Батбаярт “Хөгшөөн надад 5000 төгрөг байна хоёулаа энийг ганц юм болгоод уучихъяа” гэж хэлсэн тэгсэн чинь Батбаяр “Авгай Дарханаас ирж байгаа ,чи гараад гадаа байж бай би 5000 төгрөг олоод бариад гараад очъё” гэхээр нь би ухас хийгээд гарах гэж байгаад хүүхдийн жижиг ягаан өнгөтэй модон сандалд хөлөө шургуулаад суучихсан байсан болохоороо таварцаглаж төмс арилгаж байсан Батбаярын дээрээс унах гээд тонгойтол Батбаяр урдаас биеээрээ эргээд хоёр гараараа түшиж тэвэрч аваад намайг босож өндийлгөсөн юм. Тэгтэл миний зүүн талын суга эвгүй халуун оргиод явчихлаар нь харсан чинь Батбаярын гарт хутга байхаар нь би Батбаярт “Чи намайг хатгачих шиг боллоо шүү дээ” гээд хувцсаа сөхөөд үзсэн чинь миний суганаас бага зэрэг цус гарч байсан юм.Тэр үед Батбаяр гайхаад аяга тавагны ногоон алчуураар миний сугыг дарсан. Тэгээд буцаагаад сөхөөд үзсэн чинь их цус байхгүй болохоор нь би “За за гайгүй биз, чи нөгөө 5000 төгрөгөө аваад гараад ирээрэй, би гадаа байж байя” гэж хэлээд гараад хүлээгээд зогсож байгаад гарч ирэхгүй болохоор нь эхлээд гэртээ харьж 5-10 минут болчоод гарч ганцаараа Хүрэл-Өлзий төврүү яваад өөрт байсан 5000 төгрөгөөрөө хөөрөг гэж нэрлээд байдаг 100 граммын савлагаатай “Улаанбаатар” гэдэг архи хоёрыг худалдаж аваад уусан. Тэгээд би өөрийн найз Өлзийбаатарын гэрт явж ороход Сэлэнгэ тэдний гэрт хамт байсан юм. Би тэр хоёрт “Суга руугаа хутгуулчихсан”гэж хэлсэн чинь Сэлэнгээ “ӨӨ болохгүй болохгүй, эмнэлэгт үзүүл” гэж хэлээд машинаараа намайг Баянгол сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Би тэр үед нилээд согтсон байсан, эмнэлэг дээр очиход Ганцэцэг эмч Батбаярын авгай Цэрэнка болон эмнэлгийн машины жолооч бас байсан. Ингээд Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт очоод 4 хоног хэвтэж эмчлүүлж байгаад би өөрөө гуйж гараад Баянгол сумын Эрүүл мэндийн төвд ирж 3 хоног хэвтэн эмчлүүлсэн юм. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /Хх-н 28-29 дүгээр хуудас/

Гэрч Б.Болд-эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн .......  Би 2017.02.11-ний өдөр Баянгол сумын цагдаагийн хэсэг дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 21:40 цагт Баяннол сумын эрүүл мэндийн төвөөс “Манай эмнэлэгт хутгалуулсан хүн ороод ирлээ” гэж дуудлага өгөхөөр нь Эрүүл мэндийн төвд орж үзэхэд Ганцэцэг эмч П.Даваамөнхийг үзэж шархыг цэвэрлэж байсан. Би Даваамөнхөөс юу болсон талаар асуухад Даваамөнх нилээд согтуу байсан, эмнэлэг дотор агсам тавьж орилоод ерөөсөө ярихгүй байсан. Тэгтэл Даваамөнхтэй хамт явж байсан Даваадорж нь “Паахаа хутгаар хатгачихсан юм” гэж хэлсэн. Даваамөнхийг агсам тавьж орилоод байхад нь Даваадорж гарыг нь дарж байгаад оёдол тавиулж байсан. Даваамөнх ерөөсөө болсон хэргийн талаар ярихгүй болохоор нь  би Даваадоржид “Чи оёдол тавиулж дуусахаар нь Манай Цагдаагийн хэсэг дээр Даваамөнхийг аваад ороод ирээрэй” гэж хэлчээд хэсэг дээрээ ирсэн юм. Ингээд 20 минутын дараа Даваадорж Даваамөнхийг дагуулаад Цагдаагийн хэсэг дээр орж ирсэн. Даваамөнх нь шал согтуу орж ирээд манай Цагдаагийн хэсэг дээр “Пиздаануудаа, би хутгалуулчихлаа шүү дээ” гэж агсан тавиад байсан. Даваадорж нь Даваамөнхөөсөө зугтаад явчихсан юм. Тэгээд арай хийж Даваамөнхийг Цагдаагийн хэсгээсээ гаргаад хүүхдийг нь дуудаж өгөөд явуулсан юм. Дуудлага мэдээлэл хүлээн авсныхаа дараа гадуур эргүүлд явж байсан цагдаа нарыг Баянгол сумын Баян 2 дугаар баг 3 дугаар хэсэг 6-9 тоотод очиж Батбаяр гуайг гэрт нь очиж үзүүлэхэд гэрт хүн байхгүй байсан юм. Би Батбаяр гуайн охин Эрдэм рүү залгаад “Танай аав чинь хүн хутгалчихсан юм шиг байна, ээжийн чинь гар утасны дугаар хэд вэ” гэж асууж байгаад Цэрэнчимэд гуайн гар утас руу нь залгаж “Хүн хутгалсан хэрэг гарсан байна,та Батбаяр гуайг аваад Цагдаагийн хэсэг дээр ир гэж хэлсэн. Ингээд шөнийн 12 цаг өнгөрч байхад Батбаяр гуайн эхнэр Цэрэнчимэд гуай хүргэн Б.Пүрэвдорж, охин Эрдэм, Батбаяр гуай нарыг дагуулаад манай Цагдаагийн хэсэг дээр ирсэн. Би тухайн үед Батбаяр гуайгаас  “Та яагаад хүн хутгалж байгаа юм бэ” гэж асуухад Батбаяр гуай “Намайг гэртээ хоол хийгээд байж байтал Даваадорж Даваамөнх хоёр манай гэрт орж ирээд надад агсам тавьж архи нэхээд байхаар нь би ширээн дээр байсан хутга аваад айлгах санаатай далайсан чинь Даваамөнхийг хатгачихсан байна лээ” гэж хэлсэн. Хүргэн Б.Пүрэвдорж нь гялгар уутанд ороосон хутга гаргаж ирж Цагдаагийн хэсэг дээр хүлээлгэж өгсөн. Би Батбаяр гуайгаас “Энэ хутга чинь мөн юм уу “гэж асуухад Батбаяр гуай “Мөн мөн “гэж таньсан юм гэх мэдүүлэг /Хх-н 33-34 дүгээр хуудас/

Гэрч Г.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн ......  Би 2017.02.11-ний орой 20 цагийн орчим Баянгол суманд Өлзийбаатарын гэрт Сэлэнгэ бид гурав байж байсан чинь гаднаас Даваамөнх нилээн согтуу орж ирсэн чинь Өлзийбаатар, Сэлэнгэ хоёр намайг “Та хамаатангаа гэрт нь хүргээд өгчих, нэлээд больчихсон байна” гэж хэлэхээр нь би Даваамөнхийг дагуулаад гэр рүү нь хүргэж өгөөд явж байтал Даваамөнх “Би энэ Паахаа, Цэрэн нарын гэрт орноо” гэхээр нь Паахаа Батбаярын гэрт оруулж өгчихөөд шууд гарч яваад Өлзийбаатарын гэрт очсон юм Өлзийбаатарын гэрт эргэж очоод Сэлэнгэ, Өлзийбаатар хоёртой ганц шил архи хувааж уугаад байж байтал 20-30 минутын дараа Даваамөнх араас Өлзийбаатарын гэрт ороод ирсэн юм. Тэр үед Даваамөнх зүүн гарын сугандаа аяга таваг арчдаг алчуур хавчуулчихсан явж байсан, яасан гэж асуусан чинь “Паахаад хутгалуулчихлаа, эмнэлэг хүргээд өг” гэж хэлэхээр нь Өлзийбаатар, Сэлэнгэ бид гурав Даваамөнхийг эмнэлэг рүү авч орж суганд нь оёдол тавиулсан юм. Ингээд байж байтал Болд-Эрдэнэ цагдаа эмнэлэг дээр орж ирээд Даваамөнхийг харчихаад надад хандаж “Та Даваамөнхийг цагдаа руу дагуулаад ороод ирээрэй” гэж хэлээд явчихсан юм. Тэгээд Даваамөнхийг цагдаа руу оруулж өгчөөд гэртээ харьсан юм гэх мэдүүлэг /Хх-н 35 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр № 234 ........ Дүгнэлт

  1. Даваамөнхийн биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх,цээжний хөндийн цуст хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Цаашид эрүүл мэнд,ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учирах үедээ амь насанд аюултайгэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх /Хх-н 56 дугаар хуудас/
  5.      үний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 12-13 дугаар хуудас/

     Туршилт хийсэн тэмдэглэл, туршилт хийх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 14-18 дугаар хуудас/

     12.5 см урттай хар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /Хх-н 25 дугаар хуудас/

     Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн засаг даргын Б.Батбаяр нь ам бүл 3, эхнэр , хүүхдийн хамт Дээжийн 3-6-9 тоотод оршин суудаг, хэрэгт холбогдож байгаагүй, төлөв, даруу иргэн гэсэн тодорхойлолт /Хх-н 77 дугаар хуудас/

      Б.Батбаяр нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 79 дүгээр хуудас/

      Хохирогч Б.Батбаярын тус шүүхэд гаргасан Б.Батбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул ялыг хөнгөлж өгөхийг хүсье. Шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт зэрэг болно.

 Шүүгдэгч Б.Батбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн оройн 21 цагийн орчимд өөрийн гэртээ хоол хийхээр төмс арилгаж байхдаа хохирогч П.Даваамөнхийг сандалд тээглэн унахад нь хутгатай гараараа тосч барьж авсны улмаас цээжний хөндийг хутгаар хатгаж түүний бие махбодид болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Батбаяр нь шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн тул Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчид оногдуулах хорих ялын доод хэмжээ 06 сар болж хөнгөрсөн, эрх зүйн байдал нь дээрдсэн байх тул шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Батбаярын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

 

Хохирогч П.Даваамөнх нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь 10 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Шүүгдэгч Бичээч овогт Бүдрагчаагийн Батбаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Батбаярд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Б.Батбаярд оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.5 см урттай хар иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Б.Батбаяр нь 10 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5.Хохирогч П.Даваамөнх нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Батбаярд өмнө авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН