Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 00117

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат нарыг

Хохирогч Т.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1732000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн № 95 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийнн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- 2016 онд Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, мэдрэлийн группэд байдаг, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсайханы Б. /РД: МЗ89110491/

           Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Төмөр замын гал унтраах ангийн баруун талд байрлах, иргэн Н.Оы гэрт хохирогч Т.Эыг бөгс рүү өшиглөлөө гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн…. ...  2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр найз Огийнд ороод сууж байсан юм. О бид хоёр ажлын талаар юм ярьж байгаад О унтахаар хэвтсэн. Тэгээд би дүү Хтай нь Огийн утсаар юм үзээд сууж байтал гаднаас Э орж ирээд миний бөгс орчимд өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод эргэж хараад мэнд байдаггүй юм уу гээд Эы зүүн нүд орчимд нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Эы өгсөн ..... 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 15 цагийн үед Оы гэрт орсон. Гэрт ороход Б сууж байсан. Би ороод юу байна Боо гэж хэлээд хөлөөрөө бөгсөнд нь хүрчихсэн юм. Тэгтэл Б босч ирээд үгийн зөрөөгүй зүүн нүдэнд цохисон. Тэгээд би такси дуудаад эмнэлэг явж оёдол тавиулаад цагдаа дээр ирсэн. Би одоо 400000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч А.Аын хэрэг бүртгэх ажиллагаанд өгсөн .......  2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг өнгөрч байсан байхаа би аавын дүү Оы гэрт хүүхдээ хөхүүлээд хэвтэж байтал Б.Б гэрт орж ирсэн. Тэгээд хүүхдээ хөхүүлээд хэвтэж байтал хөөе юу байна гээд манай нөхөр Т.Эы дуу гарсан тэгэхээр нь би нөхөр ирчихлээ гэж бодоод хартал Б.Б Т.Э нар маргалдаад босоод ирсэн. Тэгсэн Б.Б Т.Эы нүүр лүү шууд цохисон тэгсэн Т.Э доошоо хартал нүднээс нь цус гарч байхаар нь такси дуудаад эмнэлэг хүргэж өгсөн гэх мэдүүлэг /Хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч А.Хын хэрэг бүртгэх ажиллагаанд  өгсөн .......  2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цаг өнгөрч байсан байхаа би гэртээ байж байтал Б.Б манай гэрт орж ирсэн. Тэгээд миний хажууд юм яриад сууж байсан тэгсэн гаднаас хүргэн Т.Э орж ирээд ямар юм нь суугаад байгаа юм гээд шоглоод бөгс рүү нь амбаардсан чинь Б.Б чи мэндийн зөрүүгүй яагаад хүн өшиглөдөг юм гээд Т.Эыг цохисон. Тэгсэн Т.Эы нүднээс цус гараад цаанаас эгч А.А ирээд такси дуудаад эмнэлэгрүү аваад явсан гэх мэдүүлэг /Хх-ийн 14 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 194 .......

Дүгнэлт

  1. Т.Эы биед зовхинд язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-ийн 17 дугаар хуудас/

            Б.Б нь Баянхангайн № 95 тоотод оршин суудаг, ам бүл 2 гэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 23 дугаар хуудас/

            Б.Бын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 24 дүгээр хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

             Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Төмөр замын гал унтраах ангийн баруун талд байрлах, иргэн Н.Оы гэрт хохирогч Т.Эыг бөгс рүү өшиглөлөө гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дах хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Хохирогч Т.Э нь өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлынхаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

            6. Хохирогч Т.Э нь өөрт учирсан хохирлын эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН