Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00124

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэбат, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд   

                       Нарийн бичгийн дарга                          Б.Ариунсанаа

                        Улсын яллагч                                Б.Эрхэмбаатар

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Ч.Мөнгөнцэцэг

                        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч    Б.С

                        Иргэдийн төлөөлөгч                              Ц.Мөнгөнзул

                        Шүүгдэгч                                                  Х.Ур нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.У холбогдох 201718020068 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй , Сэлэнгэ аймаг Мандал сум 2-р баг.. тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын албанд жолооч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Х.У РД: /МЮ/

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Шүүгдэгч Х.У нь 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар хохирогч Б.С бэлгийн харьцаанд орсонгүй гэж шалтаглан хохирогчийг хүчтэй согтуурсаны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүйг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатайгаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.У мэдүүлэхдээ: …2017 оны 03 дугаар сарын 17-18-ны өдөр ажилтай байх хугацаанд манай найз М гэдэг залуу утсаар залгаж ярьсан. Тэгээд намайг хаана байна гэхээр нь ажил дээр тэмцээн уралдаантай байна, яасан гэж асуухад тавилга авчирсан угсраад өгөөч гэсэн. Тэгэхээр нь одоо бол завгүй байна, орой очъё гэсэн. Тэгтэл эхнэрээ цуг дагуулаад ирээрэй, 2 эхнэрээ танилцуулж жаал сууя гэсэн. Тэгээд гэртээ очиход эхнэрийн дүү Ж ирсэн байхаар нь жоохон юм ярьж сууж байгаад дүү яваад өгсөн. Тэгтэл утас дугараад М залгаад хаана байна эхнэртэйгээ хамт хүрээд ирээч гэхээр нь эхнэрээсээ асууя гээд эхнэртээ хэлтэл, тэгье яваад ирвэл яваад ирье гэсэн. Тэгээд эхнэртэйгээ гарах гэтэл охин маань дүүг аваад явчих би хичээлээ хийж байя гэсэн болохоор нь бага хүүгээ аваад гурвуулаа явсан. Тэгээд айлд очих гэж байсан болохоор яаж хоосон орохов гээд эхнэр маань спиртийн дэлгүүр орж ойр зуурын юм авахаар орсон. Би хүүтэйгээ гадаа нь хүлээж байсан. Тэгээд бид гурав найзындаа ортол гэр бүлийнхэн нь бүгдээрээ байсан хоол цай болоод ирсэн. Найз цаад өрөөнөөсөө 1 шил том архи гаргаж ирээд бид дөрөв хувааж ойр зуурын юм ярьж байгаад би найзтайгаа орцонд нь гарч тамхи татсан. Тэгээд буцаад ороод сууж байхад хүү нь зөрөөд гарсан. Тэгээд орж ирэхдээ дахиад нэг шил архи, тамхи авчирсан. Тэгээд тэрнээс нь ууж байгаад гарч тамхи татахгаад орцруу гараад найз нь одоо болноо, ажил төрөл ихтэй ядраад байна эртхэн харьж амаръя гэсэн. Тэгтэл найз орц руу чинь хүргээд өгье гээд найзын гэрлүү буцаад ортол талийгаач эхнэр маань гадуур хувцасаа өмсчихсөн, өнөөдөр чинь баярын өдөр шдээ гэхэд би юу хэлэхээ мэдээгүй. Тэгээд М эхнэр Э бүгдээрээ гараад ганц, нэг цаг караоке оръё ууж, идсэн юм ч гайгүй болчих байх гэж байсан. Тэгээд бид дөрөв хоёр хүүхдээ М гэрт үлдээгээд байрныхан хажуугийн буудлын доор караокенд ортол битүү хүн амьтантай байна гээд буцаж гарч ирсэн. Тэгээд спиртийн байрны хойшоо караоке явъя гэхээр нь өө тэгвэл яах юм бэ, эртхэн харьж амаръя гэсэн. Тэгээд караоке орохоод болиод М гэрлүү буцаад явж байхад дэлгүүр орчихоод оръё гээд би хамт дэлгүүр ороход миний дотор муухайраад байсан. Тэгээд би гараад үүдэнд нь тамхи татаад сууж байхад М миний мөрөн дээрээс татаад болчихлоо хөгшөөн явъя, яасан бэ зүгээр үү гэхэд хөгшин нь жоохон муудаад байна гэхэд өө чи яасан сүртэй юм бэ, эхнэр чинь гайгүй явж байхад гээд тиймэрхүү юм ярьж байгаад гэрт нь орсон. Гэрт нь ороод дахиад ширээн дээр суугаад ойр зуурын юм ярьж байхад дахиад архи гаргаад задалсан. Тэгэхэд нь би одоо наадах чинь арай дэндэнээ хөгшөөн, гэр орондоо очиж чадахгүй юм болно гэж ярьж байснаа муухан санаж байгаа. М өнөөдөр чинь нэгэнт баярын өдөр юм чинь энийг ууж дуусаад сайхан амаръя гэсэн. Болохгүй бол чи манайд амарчихгүй юу гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үед нээрээ л миний найз юм чинь намайг эхнэр хүүхэдтэй минь гэртээ сайхан амраагаад хонуулчих байх гэж тайвширсан юм болов уу гэж би бодоод байгаа. тэгээд тэр архинаас би дуустал нь уусан юмуу, дунд нь хүртэл уусан юм уу, юу болсоноо мэдэхгүй, яаж харьсанаас мэдэхгүй байгаа. Тэгээд байж байтал хажуу талаас хүн нудраад байгаа аятай хүүе хүүе гэхэд хэн юм бол яасан юм бол гээд хажуу тийшээ эргээд харахад хажууд цагдаа хувцастай хүн байсан. Тэгээд би хаана ирсэн юм бол гээд ийш тийшээ харахад ямарчил байсан гэртээ ирсэн байна гэдгээ мэдсэн. Тэгээд өндийх гэтэл байж байтал гаднаас хүн ирээд аваад гарсан. Хэлтэс дээр очиж байгаад хэлнэ гэсэн. Тэгтэл гаднаас цагдаагийн алба хаагч орж ирээд хоёр суганаас сугдаад аваад гарсан. Тэгээд цагдаа дээр ирсэн... гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 19-ны өглөө гэртээ байж байхад эдний том хүү Б надруу утасдаад аниа цагдаагаас надруу танай гэр бүлд нэг асуудал болчихлоо гээд ярьж байна гээд хэлээд утас нь тасарсан. Тэгээд эргээд залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би ах дүү нар луугаа энэ одоо юу болоод байна гээд хэлсэн. Би доороо дөрвөн дүүтэй, манайхтай ойрхон 2 дүүдээ хэлээд, Улаанбаатар хотруу эгчрүүгээ утасдсан. Тэгтэл манай том эгчид цагдаагийн газраас мэдүүлсэн байсан. Танай дүү чинь ингэсэн байна гээд хэлсэн байсан. Би бол өөрөө яг тэрийг сонсоогүй байсан. аниа сайн мэдэхгүй байна гээд би хоёр дүүгээ аваад наашаа машинтайгаа ирсэн. Ийм айхтар үйлдэл болсон байна гэдгийн би мэдээгүйгээр ирсэн. Ирээд гэрт нь ирсэн чинь урдаас цагдаа гарч ирээд та ийшээ орох эрх байхгүй, хаанаас яваа ямар хүн бэ гэхээр нь би өөрийгөө хэлсэн. Тэгтэл за тэгвэл цагдаагийн газар очоод мэдүүлэг өгч байж дараа нь болно гээд оруулаагүй. Тэгээд цагдаагийн газар очоод энэ хоёрыг хоорондоо зодолдоод баригдсан юм болов уу гэсэн бодол надад байсан боловч тийм биш  их айхтар хэрэг болсон юм байна. Энд бол би үнэхээрийн харамсаж байна. Би энэ хүнийг ийм аймшигтай үйлдэлд хийнэ гэдгийг төсөөлөөгүй. Миний дүү чинь тодорхой хэмжээний байгууллагын удирдах ажилтан байхгүй юу. Удирдах ажилтан биеэ яаж авч явах ёстойг сайн мэднэ, би ч өөрөө сайн хэлдэг байсан. Би 25 жил боловсролын байгууллагад ажиллаж байгаа, миний дүү багш хүний нэр төрийг сайхан авч явах ёстой шүү гэж бид хоёр хоорондоо ярилцдаг байсан.  У хаяа муудалцахаар надруу залгадаг. Ингээд байна гээд тэгэхэд нь би залуу хүмүүсийн хооронд хэрүүлгүй амьдрал гэж байдаггүй юмаа, маргааш гэдэг өдөр байна шүү, зөв ухаанаар та хоёр шийдээ гээд би энэ хоёрын алинийхан ч талд орохыг боддоггүй, аль буулт хийсэн нь ухаантай шүү гээд У зөндөө л хэлж байсан. Манай дүү ч тэр болгон надруу яриад байдаггүй, Угтахбаяр л аниа ингээд байна, тэгээд байна гэж хэлж байсан. Эцсийн эцэст ийм аймар үйлдэл хийгээд 3 хүүхдийг орон гэргүй болгож ийм айхтар асуудал үүсгэж байгаад би үнэхээр их гомдож байна. Одоо тэр гурван хүүхэд хэцүүдэж байна шдээ, ямар байдалтай байна. Би өөрт нь ч хэлсэн. Би өөрт нь хэлсэн чи ингэж хүний амь хөнөөж байхын оронд бүр тэвчихгүй байсан юм бол хэлээд салахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Миний дүү тийм муу хүн биш, өөрөө МУБИС-ийн түүх, газарзүйн ангийг аваад нэг жил сураад 2 дахь жилээс нь хүүхэд гаргаад сурч чадаагүй жилийн чөлөө олгоод амьдралын эрхэнд бид төлбөрийн төлж чадалгүй сургуулиас нь гаргасан. Тэгээд У суугаад манай том эгч Архангай аймагт байдаг. Архангайн багшийн сургуульд сургаад хаана хаанаасаа бид нар дэмжиж байж багш болгож авсан. Манай ээж ч багш хүн, дүү маань ер нь юм ойлгоод явах чадвартай. Хүнтэй харьцах чадвартай. Өөрийнхөө биеийг зөв авч явдаг. Би У муулж байгаа юм биш, би мэдүүлгэндээ ч магтсан. Янз бүрийн асуудал гаргадаггүй. Чухам яагаад ийм асуудал үүсгэсэн юм бэ гэдэг дээр үнэхээр их гайхаж байна. Тэгээд тэрийгээ зөв тайлбарлаж чадахгүй, архинд буруугаа өгөөд, уг нь архийг ингэтлээ их уудаггүй би мэднэ л дээ. Амралтаар бид нарыг ирэхэд 1, 2, 3 хундагыг уучихаад одоо би болоо согтчихоод байна гээд татгалздаг байсан. Одоо тэр гурван хүүхэд л хэцүүдэж байна. Орох орон гэргүй. Тэгээд хүний амьдрал болсон хойно зээл хуйнаас авхуулаад би өөрөө ял хийсэн ялтай хүн шиг надруу банкнаас залгаж тайван байлгахгүй, зээлийн төлөөч ээ гэж утасдаад, цагдаагаас дуудаж ирж байцаалт өгөөч ээ гээд энэ зуны амралт миний хувьд амралт болоогүй. Эдний гурван хүүхдийг зохицуулахын тулд асар их хүч чармайлт гаргаж байна. Одоо хүртэл хүүхдийн дагуулаад л явж байна. Гэвч манай хүүхдүүд том болчихсон болохоор хүүхэд нь манайд дасахгүй байна. гэнэт аав, ээжээсээ салсан. Тэгтэл гэнэт ах, эгчээс нь салгаад аваад явчихаар нөгөө хүүхэд хүнд цохилтонд орчихож байна. Манай нэг дүүгийнх 4 хүүхэдтэй хоёулаа ажилгүй, хүүхдүүд нь бага юм болохоор тийшээ гүйгээд явчихаад байгаа үнэхээр ажилгүй хүмүүс чинь хэцүү л байх. Охин хүүхэд нь оюутан болсон, өнөөдөр сургалтын төлбөрийг нь хэн төлөх юм бэ бас асуудал. У ар гэрийнхэн нь ерөөсөө ярьж харьцахгүй байна. Эцсийн эцэст энэ хүүхдүүд л гудамжинд гарч байна. Манай эгч Дарханы 16 давхарт байртай, тэрэнд хоёр хүүхэд нь амьдарч байна. Бага нь над дээр байгаа ийм л байдалтай байна. Мөн эднийх тавилгын лизингтэй юм байна лээ. У зээлийг ах дүү нар нь төлсөн юм байна лээ, талийгаачийн зээлийг би 1 сарыг төлсөн, тэрнээс цааш төлж чадахгүй гэж банкинд үнэнээ л хэлсэн. Энд байгаа байр нь угаасаа банкны лизингтэй юм байна лээ. Тэгээд банкинд нь өгье гээд хэлсэн. Одоо тэгээд тэр нь худалдагдвал зээл нь хаагдах байх. Зээлийнхээ тавин хувийг төлсөн гэсэн, яг хэдэн сая зээлтэй гэдгийн би сайн мэдэхгүй байна. Эдний том ах нь тэрийг зохицуулах гээд явж байсан. одоогоор гадаадад байгаа болохоор холбогдож чадахгүй байна. Саяхан банкнаас байрын 30 сая төгрөгөөр зарах талаар хэлсэн гэсэн. Тэгэхээр тэр байгаа зээлнүүдийн дараад л дуусах юм шиг байна лээ. Би хадам ээжид хэлсэн. Тэгэхэд тэгэж хямдхан өгмөөргүй байна гэж байсан... гэв. 

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч У.Л мэдүүлэхдээ: ...Аав согтуу хүрч ирээд ээжийн хувцсыг тайлалцах гэснээ ээжтэй унтах гэж оролдоод согтуудаа ээжийг “янхан банзал хүний хүүхэд тээсэн энэ тэр гэл үү янз бүрээр хэлээд аймаар байхаар нь би дүүгээ аваад гал тогооны өрөө рүү орсон ..нэг харахад аав ээжийн бэлэг эрхтэн рүү гараа хийчихсэн ....би аавд ээжийг аллаа шүү дээ гэж хэлсэн чинь “ээжийн чинь хүсээд байсан юм энэ” гээд байсан гэх мэдүүлэг /хх-н 78-р талд/

Мөрдөн байцаалтанд гэрч М.С мэдүүлэхдээ: ...У ах гайгүй ямар ч байсан өөрийгөө авч явах чадвартай согтуу байсан ба харин эхнэр нь гуйвж дайваад өөрийгөө авч явах чадваргүй байхаар нь би түшээд яваад байсан эхнэр нь бүр явж чадахгүй байхаар нь үүрээд явсан. Эхнэрийг нь үүрээд гэрт нь оруулж өгсөн У ах охинтойгоо нийлээд тэр эгчийг цааш нь аваад явсан гэх мэдүүлэг /хх-н 77-р талд/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Т мэдүлэхдээ: Угтахбаяр гэртээ агсам тавиад байна  цагдаагаас тийм мэдээлэл ирсэн хаалгыг нь онгойлгож өгөөч гэсэн хүсэлт ирсэн байна гээд бид нар бүрэлдхүүнээрээ гарсан бид нарыг очиход цагдаа байгаагүй У би болон салаан дарга Баясгалан бид гурав гэрт нь очоод хаалгыг нь нэлээн тогшсон дотроос нь ямар нэгэн чимээ гарахгүй хаалгаа тайлахгүй байсан. Тэгээд салаан дарга үүрэг өгч тагтаар нь ор гэсэн тагтны хаалгыг хөшиж онгойлгон дотогшоо орсон унтлагын өрөөний гэрэл асаалттай Угтахбаяр унтлагын орон дээрээ унтаж байсан өрөөний буйдан хөдөлсөн байдалтай гэрлийг асаахад нэлэнхүйдээ цус болсон коридор болон гал тогооны өрөөнүүдийн шалаар нил цус болсон байсан ...гэх мэдүүпэг /хх-н 99-р талд/

Мөрдөн байцаалтанд гэрч В.М мэдүүлэхдээ: Би Х.У хамгийн сүүлд өчигдөр орой буюу 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр уулзсан. Би 9 давхар буюу Мандал хотхонд шинэ байранд орсон юм тэгээд У манайд ирээгүй байсан болохоор хэд хоногийн өмнөөс 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манайд ирээрэй гэж урьсан юм. 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12 цагийн үед Угтахбаяртай утсаар ярисан чинь Марш тактикийн тэмцээнтэй байна. тараад ярья гэсэн тэгээд тус өдрийн 19 цагийн үед байхаа У надруу утсаараа залгаад эхнэртэйгээ очих гэж байна гэсэн тэгхээр нь за хүрээд ирээ гэж хэлээд эхнэр Энхмаа бид хоёр бууз жигнээд ширээ засаад байж байтал 20 цагийн үед У эхнэр хүүхэдтэйгээ манай гэр ирсэн. Тэгээд бид 4 манай гэрт суугаад хоол унд идчихээд би нэг шил 0.75 литрийн Хар Чингис нэртэй архийг гаргаж задлаад тойруулсан удалгүй уг архи дууссан тэгээд би хүү С дэлгүүрлүү 0.75 литрийн Сархад нэртэй архинд явуулсан удалгүй аваад ирсэн тэрийг бид 4 хувааж уучихаад 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн үед Сити буудлын караокед орно гээд гарсан чинь уг караокед сул өрөө байхгүй тэгхээр нь дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад манай гэрлүү орсон тэгээд тэгээд ярьж суунгаа нөгөө архиа 4-лээ хувааж ууж байсан манай 2 хүүхэд унтах гээд уйлаад байхаар би унтуулж байгаад архиа дуусаагүй байхад унтсан гэх мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд гэрч У.Б мэдүүлэхдээ:  Би 2017.03.18-аас 2017.03.19-нд шилжих шөнө Дархан-Уул аймп Хорих 445 дугаар ангийн харъяа Цагдан хорих байранд харуул хамгаалалтын ажил үу гүйцэтгэж байх хугацаанд шөнийн 00 цаг 47 минутанд миний төрсөн дүү Лхаг утасдаад “Ээж, аав хоёр зодолдоод ээж цус алдаад байна, аав орилж хашгираад ээж зодоод бага дүү айгаад байхаар нь дүүгээ аваад орцонд гараад ирлээ” гэж ярихаар нь ойр дотны хүмүүс буюу хамаатан садан хүмүүсрүүгээ утаснуудруу нь залгасан ч зарим холбогдохгүй, зарим нь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь 01 цаг 16 минутанд 70367101 дугаарын утасруу залгаж У хүүхэд нь байна, манай гэрт асуудал гараад байна, ээлжийн даргатай яриулж өгөөч” гэж гуйж байгаад дэслэгч Б гэдэг хүний гар утсыг нь ав Баясгалан дэслэгчтэй яриад “Би У хүүхэд нь байна, манайд асуудал гараад байна, хоёр дүү гадаа байгаа, нэг хүн явуулж туспаач” гэж гуйсан. Тэгтэл Баясгалан хүн явуулж чадахгүйээ” гэж хэлээд гар утсаа тасалчихсан.

Би 01 цаг 41 минутанд 70367102 дугаарын утас буюу Цагдаагийн хэлтсийн утас залгаж “Манай гэрт аав, ээжийг зодоод байх шиг байна, хоёр дүү маань гадаа ба эргүүлж явуулж үзүүлж өгөөч” гэж дуудлага өгсөн. Миний дуудлагыг Цагдаагийнхан   хүлээж аваад очсон байсан. Би 02 цаг 37 минутанд Л дүүтэйгээ ярихад дотроос нь түгжчихсэн онгойлгох боломжгүй учраас цагдаа нараар айлд хүргүүлсэн гэж ярьсан. Би эргүүлийн цагдаатай нь утсаар ярьсан чинь “Гэр чинь дотроосоо цоож онгойлгох боломжгүй болчихоод байна, чи Онцгой байдалруу хэлчих” гэж байсан. Би энэ явдлаас хойш дүүтэйгээ ахиж яриагүй, би өглөө 09 цаг 48 минутанд манай дүү Л “Цагдаа ирээд гэрийн түлхүүр аваад явчихлаа” гэж хэлсэн. Би 09 цаг 40 минутанд цагдааруу залгаж өчигдрийн дуудлагынхаа хариуг сонсохоор залгаж өчигдөр дуудлага өгсөн хүн байна юу болсон бэ гэж асуухад “Танай гэрт хүн амины хэрэг гарч гэж хэлэхээр нь би мэдээд ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Б мэдүүлэхдээ: ...тэр өдөр харуулын ээлжийн даргаар ажиллаж байсан. 01.20 минутын орчим миний утасруу Угтахбаярын хүү Б утсаар залгаад манай аав, ээж хоёр маргалдаад хэрэлдээд зодолдоод байгаа юм шиг байна. та очих боломж байна уу гэж надаас асуусан. Тэгхээр нь би ажилтай байна боломжгүй гэж хэлсэн. Тэгээд дахиж яриагүй байж байгаад 03 цаг 01 минутад цагдаагаас дуудлага ирсэн байсан. Тэгээд цагдаатай холбогдоод ярихад “танай ажилтан У нь эхнэр хүүхэдтэй агсам тавиад асуудал гаргасан юм байна. Хүүхдийдийг нь бид нар хүргэж өгөөд явж байна” Та нар ирээд хаалга үүдийг нь онгойлгож өгөөч гэсэн. Тэгэхэд нь би хамаагүй айлын хаалгыг эвдэж болох юм уу гэхэд “хаалгыг нь эвдэхгүйгээр онгойлгох боломж байгаа юу” гэхэд нь би “Цонхоор нь орж болно шат тавиад хүн оруулье” гэж хэлээд бид нар галын автомашинтай 3 гал сөнөөгчтэй, 1 жолоочтой 5уулаа гарсан. У гэрийн гадаа очиход цагдаа байгаагүй. Цагдаатай холбоотой ажиллаж байсан. Тэгээд хаалгыг тогшоод үзэхэд хаалга онгойлгоогүй дотроо ямар нэгэн дуу чимээгүй байгаад байсан Тэгэхээр нь хаалгыг тогшингоо Т гэрлүү нь шатаар авируулан оруулж хаалгыг нь онгойлгуулсан. Т тагтны хаалгыг нь хөшиж орсон.  гэрлүү ороход коридор том өрөө болон гал тогооны шалаар дүүрэн нил цус болчихсон, У өөрөө том өрөөндөө унтлагын орон унтаж байсан. Сэрээгүй. Сэрээхийг ч хүсээгүй Талийгаачийн эхнэрийн цогцос гал тогооны өрөөндөө нил цус болчихсон доошоо түрүүлгээ хараад хэвтэж байсан. Ороод л нүд хальтраад буцаад гараад явсан. Гараад шууд цагдаад хэлсэн. Ямар нэгэн юманд огт хүрээгүй. Шууд буцаад гарсан. Тэгээд цагдаа ирээд У аваад явсан. Надтай хамт гэрлүү нь Т У нар хамт орсон юм гэх мэдүүлэг. /хх-ийн 96-р хуудас/,

Хэрэг   учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: ...Цогцос нь доош харсан хөл жийсэн байдалтай ямар нэгэн өмссөн хувцасгүй, зүүн гараа эрүүн доогуур дэрлэсэн толгойн баруун хажуугаар дээш нугалсан баруун гараа хагас нугалсан толгойн урд байрлуулсан байдалтай хэвтэж байна. Хүний гэдэс дотор бололтой улаан хүрэн өнгийн зүйлээр далан доогуур болон бүсэлхий хэсгээр 2 удаа ороогдсон байдалтай...биеийг ороосон гэдэс дотор мэт зүйл нь цогцосны бэлэг эрхтнээс гарсан байдалтай хоолой хүзүү, баруун мөр бүсэлхий орчмоор ороогдсон цогцос бүхэлдээ улаан өнгийн цус мэт зүйлээр будагдсан байна гэх тэмдэглэл /хх-н 5-6-р хуупас/

Шүүх    эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн шинжээчийн 25 тоот дүгнэлтэнд: Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр хярзан анус орчмын бүрэн урагдсан шарх, аарцгийн хөндийн эрхтэний гэмтэл, нарийн бүдүүн гэдэсний гэмтэл, хамрын таславч, уруулын зүүн хэсэгт шарх, хамрын үзүүр.баруун хацар, уруул цээж, зүүн гарын бугалга, тохой, шуу, бугуй, алганы ар хэсэг, зүүн ташаа, зүүн гуяа, шилбэ,зүүн өгзөгний ар дээд хэсэг арьсны өнгөц зулгаралт. Зүүн хацар баруун мөр баруун бугалга, тохой, шуу, зүүн мөр, зүүн бугалга, тохой, шуу, бугуй, алганы ар хэсэг зүүн хөхний дотор хэсэг, цээж, хэвлий, зүүн ташаа, зүүн шилбэ, баруун хөлийн өвдөг шилбэ, баруун далны доод хэсэг доод уруулын дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдсон

Талийгаач нь хярзан анус орчмын бүрэн урагдал, аарцгийн хөндийн эрхтэний гэмтэл нарийн бүдүүн гэдэсний гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ гэх дүгнэлт /хх-н 48-р хуудас/

Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ гэх 25 тоот дүгнэлт /хх-н 48-р талд/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 3098 тоот дүгнэлтэнд            Х.Угтахбаярын цусанд 2.1 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3099 дугаартай дүгнэлтэнд: ...талийгаас С гарын 10 хурууны хумс дээр цус илэрсэн, арьс илэрээгүй. Сэжигтэн Х.У гарын 10 хурууны хумс дээр цус илэрсэн хумс илрээгүй. Сэжигтэн Х.У гар, хөл, нүүр орчмоос авсан гэх арчдас дээр цус илэрсэн, бэлэг эрхтний орчмоос авсан гэх арчдас дээр цус илрээгүй, эдгээр арчдас дээр үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй гэх дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/,

Цогцост хийсэн үзлэг, фото зураг /хх-ийн 52-61-р хуудас/, Х.У биед, хувцсанд үзлэг хийх үеин гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-75-р хуудас/,

Хохиролын баримтууд /хх-ийн 119-122/, сэжигтэн яллагдагчаар байцаасан тэмдэглэл, хувийн байдал тогтоосон баримтууд болох ажил байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, албан хаагчийн болон цэргийн тангараг өргөсөн хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 147-159-р хуудас/, ял шийтгэгдсэнийг шалгах хуудас /хх-ийн 160, 172-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 168-р хуудас/ зэрэг  баримтуудыг шинжлэн судлав.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Х.У нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг ... өөрийн гэртээ   2017 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө  согтуугаар эхнэр Б.С  бэлгийн харьцаанд орсонгүй гэж шалтаглан хохирогчийг хүчтэй согтуурсаны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байхад нь гэмтээж.....хярзан анус орчмын бүрэн урагдсан шарх, аарцгийн хөндийн эрхтэний гэмтэл, нарийн бүдүүн гэдэсний гэмтэл, хамрын таславч, уруулын зүүн хэсэгт шарх, хамрын үзүүр баруун хацар, уруул цээж, зүүн гарын бугалга, тохой, шуу, бугуй, алганы ар хэсэг, зүүн ташаа, зүүн гуяа, шилбэ,зүүн өгзөгний ар дээд хэсэг арьсны өнгөц зулгаралт. Зүүн хацар баруун мөр баруун бугалга, тохой, шуу, зүүн мөр, зүүн бугалга, тохой, шуу, бугуй, алганы ар хэсэг зүүн хөхний дотор хэсэг, цээж, хэвлий, зүүн ташаа, зүүн шилбэ, баруун хөлийн өвдөг шилбэ, баруун далны доод хэсэг доод уруулын дотор хэсэгт цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл учруулж амь насыг нь санаатай хохироосон  гэмт хэрэг үйлджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х.У эхнэр  Б.С бэлгийн харьцаанд орсонгүй гэж шалтаглан хохирогчийг хүчтэй согтуурсаны улмаас өөрийгөө хамгаалах, хянах чадваргүйг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд шилжүүлжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-д “онц харгис хэрцгий аргаар” 91.2.15-д “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг алсан” бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан бол 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, “онц харгис хэрцгий аргаар”,  2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан” бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан нь оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ буурсан байна. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч  Х.У 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 онц харгис хэргцгий аргаар, 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж буюу 15 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Энэ хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирч, түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал гарсан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Х.У  3912060 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С олгохоор шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн эмэгтэй дотоож 1 ширхэг, цагаан цэнхэр болон цайвар ногоон өнгийн орны даавуунууд цагаан эрээн өнгийн эмэгтэй хүний ноосон цамц, Х.У биеээс авсан арчдасууд, гарын 10 хуруунаас авсан хумс, хохирогч Б.С бэлэн эрхтэнээс авсан арчдас, гарын 10 хураанаас авсан хумс зэргийг устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х.У 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Х. У хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Х.У 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У  оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У цагдан хоригдсон 201 / хоёр зуун нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Х.У гэм хорын хохирол 3912060 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С олгосугай.

            7.Шүүгдэгч Х.У өмнө авсан цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн эмэгтэй дотоож 1 ширхэг, цагаан цэнхэр болон цайвар ногоон өнгийн орны даавуунууд цагаан эрээн өнгийн эмэгтэй хүний ноосон цамц, Х.У биеэс авсан арчдасууд, гарын 10 хуруунаас авсан хумс, хохирогч Б.С бэлэн эрхтэнээс авсан арчдас, гарын 10 хураанаас авсан хумс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9.Эрүүгийн 201718020068 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг  дурьдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/  өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ

 

                                       ШҮҮГЧИД                                 Ж.ЭРДЭНЭБАТ

 

                                                                                          Д.РЕНЧЕНХОРОЛ