Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 432

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03627 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.П-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 156 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Э-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э- нь хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд зээлдэгч Б.П-тай ажил төрлийн холбоотой байсан. Түүний хүсэлтээр 500 000 төгрөгөөс 20 000 000 төгрөг хүртэлх үнийн дүнгээр олон удаагийн шилжүүлгээр зээл олгосон. Мөн 34 650 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал буюу цемент өгсөн. Мөнгө болон цемент шилжүүлэн өгөх үед бичгээр гэрээ байгуулаагүй боловч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан.

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурсан. Ийнхүү зээлийн гэрээг нөхөн байгуулахдаа гэрээний ард тухайн зээлийг авсан талаар бичүүлсэн. Тус зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож, үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд өдрийн 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч Б.П- нь гэрээгээр хүлээсэн үүргээ одоог хүртэл биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний 3.3-т заасны дагуу гэрээний хугацааг сунгах санал гаргаагүй. Гэрээний хугацаа дуусаж үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардахад өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Иргэний хуулийн холбогдох зүйл заалтын дагуу үндсэн зээл 80 000 000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 24 000 000 төгрөг, үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн 240 хоногт тооцогдох алданги 74 880 000 төгрөг байх боловч хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тооцож, алданги 52 000 000 төгрөг, нийт 156 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.П- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.П- нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Ж.Э-аас амаар тохиролцож, 9 удаагийн гүйлгээгээр 54 500 000 төгрөг, бэлнээр 5 300 000 төгрөг, нийт 59 800 000 төгрөг зээлсэн бөгөөд 35 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Хариуцагч нь бусад этгээдүүдтэй хамтран байгуулсан “Изи Дайнер" ХХК-ийн данснаас Ж.Э-ын данс руу зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Тодруулбал, тус копманийн данснаас 2018 оны 6 дугаар сард 20 000 000 төгрөг, өөрийн хувийн данснаас 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 35 000 000 төгрөг шилжүүлснийг хасч тооцохгүйгээр 80 000 000 төгрөгийн хэмжээнд хүү, алданги тооцон шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.П- би 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч Ж.Э-т зээлийн эргэн төлөлтөнд 59 800 000-35 000 000=24 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад тэрээр 45 300 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан мэтээр шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.

Мөн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 34 650 000 төгрөгийн үнэ бүхий 3 вагон цемент аваагүй, харин өөрийн найз Д.Амгаланбаатарт зээлээр худалдаж авч өгөхөөр Ж.Э-тай тохиролцсон боловч тэрээр Д.Амгаланбаатарт 1 вагон цемент өгөөд үлдэх 2 вагон цементийг өгөөгүй байсныг хожим нь буюу 2018 оны 10 дугаар сард мэдсэн. 1 вагон цемент зээлж авсан тул 1 вагон цементийн үнэ 11 550 000 төгрөгийг төлнө. Ж.Э-тай байгуулсан зээлийн гэрээний арын хуудсанд “2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 34 650 000 төгрөгөнд цемент авсан. 40 000 000 төгрөг, 5 300 000 төгрөг тус тус дансаар, бэлнээр авсан болно" гэж бичээд гарын үсэг зурсан нь үнэн боловч энэ нь бодитой биш юм. Учир нь, тухайн өдөр Ж.Э- удахгүй 2 вагон цементийг өгнө итгэ гэсэн тул нэг талаар түүнд итгэж, нөгөө талаар найз Д.Амгаланбаатарт цементийг нь зээлээр худалдаж авч өгнө гэдэгт найдаж, 34 650 000 төгрөгт цемент авсан гэж бичсэн. Мөн гэрээ байгуулах үед хэн алинд нь дансны хуулга байгаагүй тул түүний хэлснээр 40 000 000 төгрөг авсан гэж бичсэн. Гэтэл дансны хуулгаа дараа нь шалгатал Ж.Э-аас 40 000 000 төгрөг биш, харин 54 500 000 төгрөг дансаар аваад эргэн төлөлт хийснээр үлдэгдэл нь 20 000 000 төгрөг болсон байсан. Бэлнээр авсан 5 300 000 төгрөгт маргахгүй. 3 вагон цемент буюу 34 650 000 төгрөгийг хариуцагч аваагүй. 1 вагон цемент 11 550 000 төгрөг авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг байна. Өөрөөр хэлбэл, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр  талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг зохицуулсан гэрээ байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 3 удаагийн зээл авсан. Ингэхдээ эхлээд 10 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 500 000 төгрөг авсан. 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарны 09-ний өдөр 3 000 000 төгрөг, нийт 54 500 000 төгрөг дансаар зээл авсан. 2018 оны 6 дугаар сард 5 300 000 төгрөг бэлнээр авсан. Нийт 59 800 000 төгрөг авсан. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ бол 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөнгө өгсөн гэж ойлгогдож байгаа. 80 000 000 төгрөгийн хэмжээнд мөнгө болон эд хөрөнгө аваагүй учраас гэрээ бодитой биш. Гэтэл уг гэрээний суурь нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө зээлсэн үйлдэл байхгүй. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээг тайлбарлахад 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс мөнгө авсан гэж байна. Гэтэл хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цемент огт аваагүй гэжээ.

 

Шүүх: 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.П-гаас үндсэн зээл 36 680 000 төгрөг, хүү 2 384 200 төгрөг, алданги 19 532 000 төгрөг, нийт 58 596 300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э-т олгож, нэхэмжлэлээс 97 403 700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 450 931 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ” , Улаанбаатар төмөр замын Б086957, Б0862831 дугаартай хүснэгт, вагон ачилт буулгалтад тавьж өгсөн хүлээлцсэн, буулгаж дууссан санамж А№0918844, А№0918812, цемент хүлээн авсан бүртгэлийн дэвтэр, гэрч О.Алтанхуяг гэрчийн мэдүүлэг, Ж.Э- ,Б.П- нарын хооронд харилцсан фэйсбүүк чат зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаанд 39 хоногийн хүү тооцсон. Гэвч талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 25 ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээнд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хүү тооцохоор тохиролцсон тул уг хугацааны хүү тооцох нь зүйтэй юм. Шүүх гэрээ байгуулснаас дуусгавар болсон хугацаанд хүү тооцсон үндэслэлээ тайлбарлаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид итгэлцлийн хүрээнд 2 вагон цемент хүлээлгэн өгсөн, тэмдэглэл үйлдсэн нь тухайн үед ажиллаж байсан гэрч О.Алтанхуягийн мэдүүлгээр гэрчлэгддэг. Энэ үйл баримт нь талуудын хооронд харилцсан фэйсбүүк чатаар  нотлогдох бөгөөд шүүх уг чатанд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй атлаа хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байна. Гэрч О.Алтанхуягийн зүгээс удаан цемент өгсөн үйл баримтыг хэлэхдээ би байнга гурвалжингийн гүүрний цемент борлуулах цех болон вагонаас цемент ачдаг.Тухайн өдрийн үйл явдлыг яагаад санаад байна вэ гэвэл толгойтын өртөө дээрээс цемент ачсан буулгасан болохоор тод санаж байна гэж хэргийн талаарх бодит зүйлийг хэлсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс энэхүү төлбөр тооцооны задаргааг тайлбарлаагүйн гадна цемент аваагүй гэдэг тайлбараа баримтаар нотлоогүй.

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний арын хуудсанд хариуцагч өөрийн гараар “...2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 34 650 000 төгрөгөнд цемент, 40 000 000 төгрөг, 5 300 000 төгрөг тус тус дансаар болон бэлнээр авсан нь үнэн болно” гэж бичээд гарын үсгээ зурсан. Энэ нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн болон цемент авснаас 5 сарын дараа тооцоо нийлсэн баримт юм. Шүүх энэ нотлох баримтыг огт үнэлсэнгүй. Хэрвээ хариуцагч тухайн үедээ цемент болон мөнгийг аваагүй байсан бол ингэж гар бичмэл бичихгүй байсан. Хариуцагч Б.П-д их хэмжээний бэлэн мөнгө бэлэн цемент олгосон шалтгаан нь найз нөхөд байсан учир итгэлцэлийн хүрээнд олгож байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүхнийг анхааралгүй хэрэгт бодит дүгнэлт хийлгүй хийсвэр хандаж нэхэмжлэгч намайг илт хохироосон шийдвэр гаргаж байгаа шударга ёсны зарчим болон шударга шүүхээр шүүлгэх эрхэд минь халдаж миний гаргасан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, фэйсбоок чат зэргийг үнэлэхгүй,үзлэг хийхгүй байгаад туйлын гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч Б.П-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 80 000 000 төгрөг, хүү 24 000 000 төгрөг, алданги 52 000 000 төгрөг, нийт 156 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 24-25/

 

Хэрэгт авагдсан 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр Ж.Э- нь Б.П-д 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, сарын 5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр, нийт 80 000 000 төгрөг буюу 34 650 000 төгрөгийн үнэ бүхий цемент, мөнгөн хөрөнгөөр 40 000 000 төгрөгийг дансаар, 5 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар тусгасан байна. /хх6/

 

Зохигчдын тайлбараар, хариуцагчийн хүлээн авсан гэх мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийн хэмжээ нь маргааны зүйл болжээ.

 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийг биет байдлаар нь шилжүүлсэн, улмаар эд хөрөнгийн үнээс гадна хүү, алданги тооцох талаар тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талын хүлээн авсан барааны хэмжээний талаар тодруулаагүйн улмаас зээлийн гэрээний үүргийн талаарх тооцооллыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний арын хуудаст хариуцагч нь тодорхой үнийн дүн бүхий цемент буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг хүлээж авсан гэсэн бичилт хийсэн боловч энэ талаар маргаж, нэхэмжлэгчээс фэйсбүүк чатанд үзлэг хийлгэх тухай хүсэлт /хх59-60/ гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан  шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн байна. /хх101-102/

 

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрээний үүргийн талаар дүгнэлт хийх боломжгүйн гадна, анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг залруулах буюу нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийх эрхийг хуулиар олгоогүй тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03627 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Э-аас төлсөн 644 970 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН