Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/07

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 3 сарын 19 өдөр                         2020/ДШМ/07                                     Хэрлэн сум                                  

 

Г, С, Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0007/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Н.Амаржаргал,   

Иргэний нэхэмжлэгч Со-,

Шүүгдэгч Г-, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр,

Шүүгдэгч С-, Т-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г-гийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн давж заалдах гомдлоор Г-, С-, Т- нарт холбогдох эрүүгийн 1940000710082 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1960 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Өлзийтийн 3-20 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх З овогт С-н Э,  

Увс аймгийн Улаангом суманд 1984 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 37 дугаар байрны 15 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д овогт Б-н Г,

Хэнтий аймгийн Дархан суманд 1990 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх  Б овогт Ц-н Т,  

С- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г-тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1 “малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хөдөлмөрийн чадвартай 15-39 насны хоёроос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай малчин өрхийг хамруулна”, 2.2.2 “арга хэмжээнд хамрагдах малчин өрх нь 150 хүртэл толгой малтай бол 5.0 сая төгрөг, 150-200 толгой малтай бол 4.0 сая төгрөгийн мал худалдан авах арга хэмжээг газар, хэлтэс зохион байгуулна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Б-г 2016, 2017 онд “А” дансгүй, өөрийн нэр дээр мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 126 толгой малтай гэж, Э-г “А” дансандаа 2017 онд 305 толгой мал тоолуулсан байхад 117 толгой малтай гэж худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган Г-гаар баталгаажуулан Б-, Э-нарт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс тус бүр 100 толгой мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

Т- нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г-тай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1, 2.2.2 дахь заалтуудыг зөрчиж, Н-ийг малын “А” дансгүй, мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 143 толгой малтай гэж хуурамч тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган Г-гаар баталгаажуулан Н-т “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс 100 толгой бог мал олгуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт  тус тус холбогджээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч З овогт С-н Э, Д овогт Бадрахын Г, Б овогт Ц-н Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З овогт С-н Э, Д овогт Б-н Г, Б овогт Ц-н Т нарын нийтийн албан тушаалд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С, Г, Т нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт мэдэгдэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г-гийн өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хэргийн гол нотлох баримт болох “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ын 2.2.1, 2.2.2 дахь заалтуудаас харахад огт малгүй өрх уг хөтөлбөрт хамрагдаж болохоор байна. Учир нь хөтөлбөрт малчин өрхийн малын доод хэмжээг заагаагүй, өөрөөр хэлбэл 200 хүртэл, 150 хүртэл толгой малтай гэж заасан. Мөн гэрч П малгүй өрх энэ хөтөлбөрт хамрагдаж болох эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй. Анхан шатны шүүхээс “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1, 2.2.2 дахь заалтуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүй, гэрч Р, Б нарын мэдүүлгээр “малгүй иргэн уг хөтөлбөрт хамрагдах боломжгүй болох нь тогтоогдож байна“ гэж дүгнэсэн нь  хэт явцуу, хууль зүйн үндэслэлгүй байна.

Б-, Н- нар мөрдөн шалгах ажиллагаанд “өөрсдийн өмчлөлд тодорхой малтай, малаа аавынхаа нэр дээр тоолуулдаг” талаар, Э-“2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 305 толгой мал тоолуулсан ч зуданд малаа үхүүлсэн” талаар тус тус мэдүүлдэг. Анхан шатны шүүх эдгээр гэрч нарын мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй.

Мөн уг хэрэгт Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар хохирогчоор тогтоосон. “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилт Засаг даргын тамгын газраар дамжаагүй, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас шууд малчдын данс руу шилжүүлсэн талаар гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хэрэгт хамааралгүй этгээдийг хохирогчоор тогтоож хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх залруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Г-гийн гаргасан үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй, гэмт санаа зорилгогүй, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийг төдий агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С-, Т- нарын өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гаргасан тайлбар болон шүүгдэгчийн өмгөөлөгч Батдэлгэрийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхээс Г-, Э-, Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Авилгын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж заасан байдаг. Г-, Э-, Т- нарын хувьд албаны эрх ашиг сонирхлын эсрэг болон хувийн ашиг сонирхол байгаагүй, тухайн төслийг орон нутагтаа авч үлдэх сонирхолтой байсан бөгөөд энэ талаар гэрч нар мэдүүлдэг. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дурдсан тул хэргийн улмаас бодит хохирол учраагүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т  “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч .... энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Со- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа тул хохирсон зүйл байхгүй гэжээ.

Шүүгдэгч Г- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие амьжиргаа дэмжих зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай захирамжийг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Бор-Өндөр сумын Засаг дарга Ч үүрэг өгснөөр 5 дугаар багийн Засаг дарга Т-, 6 дугаар багийн Засаг дарга Э- нарын үйлдсэн худал тоо, мэдээлэл бүхий тодорхойлолтод 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр буюу малчдыг хөтөлбөрт хамруулах шийдвэр гарсны дараа гарын үсэг зурж, тамга дарсан. Анхан шатны шүүх Т-, Э- бид нарын үйлдлийн аль нь бусдад давуу байдал бий болгосныг ялгаж тогтоогоогүй, энэ талаар тайлбар гаргасан боловч хүлээж авахгүйгээр надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Миний бие Т-, Э- нарын хуурамч тоо, мэдээлэл бүхий тодорхойлолтыг мэдсээр байж баталгаажуулсан нь төрийн албан хаагчийн хувьд ажлын хариуцлага алдсан буруутай үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүгдэгч Т- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н-ийг 2016, 2017 онд малын “А” дансгүй, мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 143 толгой малтай гэж тодорхойлолт гарган Г-г гуйж баталгаажуулан хөтөлбөрт хамруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хувийн эрх ашгийн төлөө ийм зүйл хийгээгүй, манай багт хөтөлбөрт заасан шаардлагыг хангах малчин байгаагүй, залуу малчныг дэмжиж малжуулах зорилготой байсан гэжээ.

Шүүгдэгч С- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Бат-Эрдэнийг 2016, 2017 онд “А” дансгүй, өөрийн нэр дээр мал тоолуулаагүй байхад “А” дансандаа 126 толгой малтай гэж, Э-г “А” дансандаа 2017 онд 305 толгой мал тоолуулсан байхад 117 толгой малтай гэж тодорхойлон Г-г гуйж баталгаажуулж хөтөлбөрт хамруулсан нь үнэн. Манай багт хөтөлбөрт заасан шаардлагыг хангах малчин байгаагүй тул Б-, Э-нарын хүсэлтийг үндэслэн хөтөлбөрт хамруулсан, ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор хийгээгүй, залуу малчдыг дэмжиж малжуулах зорилготой байсан гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2.2.1, 2.2.2-т хөтөлбөрт хамрагдах малчдад тавигдах шаардлагыг тодорхой заасан байтал шүүгдэгчийн өмгөөлөгч “малгүй хүн уг хөтөлбөрт хамрагдахаар байна” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй, Т-, Э- нар нь малгүй хүн төсөлд хамрагдах боломжгүй гэдгийг мэдэж байсан учир хуурамч тоо, мэдээлэл бүхий тодорхойлолт гаргасан гэж үзэж байна. Н-, Б- нар нь “2016, 2017 он мал тоолуулаагүй”, Э-“2017 онд 305 толгой мал тоолуулсан” гэдгээ мэдүүлсээр байтал багийн Засаг дарга нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуурамч тоо, мэдээлэл бүхий тодорхойлолт үйлдэж Г-гаар баталгаажуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогддог. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаарддаггүй бөгөөд ард түмний төрд итгэх итгэлийг бууруулдгаараа онцлогтой юм.

Миний зүгээс Г-гийн үйлдлийг гэм буруутай гэж үзэж байна. Учир нь Г- нь нийтийн албан тушаалтан атал бусдад давуу байдал бий болгосон. Г- нь Т-, Э- нарын хуурамч тоо, мэдээлэл бүхий тодорхойлолтыг мэдсээр байж / программтай тулгасан/ баталгаажуулж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй бол Н-, Э, Б- нар малжуулах хөтөлбөрт хамрагдаж давуу байдлыг олохгүй байсан. Мөн Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын хэрэгт хохирогчоор тогтоогоогүй иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн давж заалдах гомдлоор Г-, С-, Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Г-, С-, Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байна.

Тодруулбал гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг хэн, хэрхэн үйлдсэн болох, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүх Г-, С-, Т- нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд үндэслэлгүй болжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай захирамжийн “хөтөлбөрт хамрагдахаар нэр сонгогдсон иргэний холбогдох баримт бичгийг заасан хугацаанд, малчин өрхийн “А” дансны хуулбарыг 2016, 2017 оноор гаргаж хавсаргаж холбогдох газарт хүргүүлэхийг Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын мэргэжилтэн, Амьжиргаа дэмжих зөвлөлийн нарын бичгийн дарга /Б/-д даалгасугай” гэсэн 3 дахь заалт, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн “Арга хэмжээнд хамрагдах малчин өрхийг сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг үндэслэн аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс сонгож, гэрээн байгуулан ажиллана...” гэсэн 2.2.4 дүгээр заалт, малчин Э-н 2017 оны мал тооллогын буюу “А” дансны хуулбарыг Г- 2018 оны 5 сарын 16-ны өдөр баталгаажуулсан зэргээс үзэхэд Г-, С-, Т- нар нь ямар хууль тогтоомжийн дагуу олгогдсон ямар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тодорхойгүй, төсөл хөтөлбөрт хамрагдсан малчдын ам бүлийн тодорхойлолт, ам бүлийн хэнийх нь нэр дээр хэчнээн тооны мал тоологддог, эдгээр малчдаас гадна хөтөлбөрт хамрагдах боломжтой малчид байсан эсэх, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-т малчин өрхийг хамруулах шийдвэрийг хэн гаргаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байх бөгөөд эдгээр нөхцөл байдлуудын зайлшгүй тогтоох шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

 1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г-, С-, Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.   

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г-, С-, Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                             Б.ДЭНСМАА