Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 433

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/00028 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.З-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 2 768 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган,

Хариуцагч Э.З-,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн буудлын ойролцоо Т.Б- нь “Тоёота приус /Toyota Prius/ 11” маркийн 23-92 УНК улсын дугаартай суудлын автомашинаа жолоодон хоёрдугаар эгнээгээр явж байх үед “Тоёота королла /Toyota Corolla/” маркийн 64-70 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Э.З- нь туслах замаас орж ирэхдээ нэгдүгээр эгнээгээр явж байсан автобусыг өнгөрөөгөөд шууд хоёрдугаар эгнээгээр явж байсан Т.Б-ын урдуур орж, Т.Б-ын автомашины урд хэсэг эвдэрсэн. Түүний буруутай үйлдлийн улмаас Т.Б-ын автомашинд 2 630 000 төгрөгийн хохирол учирсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Э.З-гийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газрын үзлэг хийсэн акт, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд автомашины хохиролд 2 630 000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн төлбөр 138 000 төгрөг, нийт 2 768 000 төгрөгийг хариуцагч Э.З-гаас гаргуулж өгнө үү. Зам тавьж өгөх гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцож байгаа автомашинд зам тавьж өгөх, хөдөлгөөний хурд болон чиг өөрчлөгдөхөд нөлөөлөхгүйгээр хөдөлгөөнийг эхлэхгүй, үргэлжлүүлэхгүй байх ёстой. Тэр талаар Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэргийн үзлэг хийж тогтоосон байдал 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд тээврийн хэрэгслийн тормосны мөрний хэмжээ “Toyota Prius 11” маркийн автомашин зүүн тал 1 метр, баруун тал 1 метр, “Toyota Corolla” маркийн автомашин мөргүй гэж байгаа. Э.З- нь хэдийгээр байрлалаа эзлээд орж байгаа боловч Т.Б-ын хөдөлгөөнд саад учруулсан учраас Т.Б- нь тормосоо гишгэж зогсолт хийсэн байдаг. Э.З- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж Т.Б-ын хөдөлгөөнд саад хийсний улмаас чиглэлээ өөрчилж, урсгал сөрж очин мөргөсөн байгаа. Хэрэв Э.З- нь хөдөлгөөнөө үргэлжлүүлээгүй байсан бол чигээрээ явж байгаа тээврийн хэрэгсэл чигээрээ л явах байсан. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн газрын зураг дээрээс мөн харагдана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “МТ” колонктой уулзвараас авто сургууль, 21 дүгээр хороолол чиглэл рүү 64-70 УНЧ улсын дугаартай, “Тоёота королла /Toyota Corolla/” маркийн автомашинаар зүүн гар тийш эргэхээр дүрмийн дагуу дохиогоо өгч төв зам руу шилжин ороход нэгдүгээр эгнээгээр явж байсан автобус зогсож зам тавьж өгсөн. Цаанаас тухайн автомашин ирж байсан. Төв замруугаа ороод өөрийн эзлэх ёстой байрлалыг эзэлсэн байх үед 23-92 УНК улсын дугаартай, “Тоёота приус 11 /Toyota Prius 11/” маркийн автомашинтай Т.Б- нь хурд хэтрүүлэн эсрэг урсгалаас урсгал сөрөн орж ирэн зүүн гар талаас мөргөсөн. Тухайн үед газар дээр нь шинжилгээ хийж, үзлэг хийсэн цагдаа миний зөв гэж баталсан. Маргааш өглөө нь цааш шилжиж яваад М.Соронзонболд гэдэг хүн дээр очоод дүгнэлт нь өөр болсон байдаг. М.Соронзонболд нь надаас ямар нэгэн тайлбар мэдүүлэг авалгүйгээр шууд миний буруу гэж хэлсэн. Ерөнхийдөө би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч талыг буруугаа хүлээж, ухамсарлаасай гэж бодож байна. Би өөрөө жолоо барьж явсан хүний хувьд мэдэж байна. Би яг төв замруугаа ороход “Toyota Prius 11” маркийн автомашин нь чигээрээ явж байгаа замыг би чөлөөлөөд өгсөн. Тэр жолооч самбаачлах хугацаагаа ашиглаад чигээрээ явсан бол осол гарах үндэслэлгүй байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.З-гаас гэм хорын хохиролд 2 768 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 530 төгрөгийн 59 238 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 292 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид 59 238 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга давж заалдах гомдолдоо: Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэх, нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй ба хариуцагчийг бүх талаар буруутган нэхэмжлэгч талд ашигтай асуултуудыг хөтөлж асууж байсан. Тухайлбал, “...Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газрын давтан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байсан юм бол гомдол гаргахгүй яасан юм бэ” гэх асуултыг асуусан. Мөн шүүх бүрэлдэхүүн “...мөргөх байсан бол урдаас эсрэг явж байсан машин араас нь мөргөх ёстой байсан юм биш үү” гэх асуулт тавьсан. Уг асуултаар дотоод итгэлээ илтэд ил гаргасан гэж үзэж байна. ШУТИС-ийн механик, тээврийн сургуулийн шинжээчийн дүгнэлтээр “... “тоёота приус” маркийн 23-92 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.Б- нь эсрэг урсгалд орж “тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д “эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй, Э.З- замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй” гэсэн дүгнэлт гаргасан байхад шүүх хэт нэг талыг барьсан дутагдалтай дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар хуралдааныг нэг удаа хойшлуулах боломж байсан боловч хэргийг шууд шийдвэрлэсэн. Хариуцагч Э.З-г туслах замаас төв замд орж байрлалаа эзлэн явахад жолооч Т.Б- “тоёота приус” маркийн машинтайгаа хориглосон заалт зөрчиж түүний зүүн талаас нь мөргөсөн. Тухайн үед осол гарсан газарт үзлэг, хэмжилт хийж байсан байцаагч ахмад н.Хатанбаатар нь Э.З-д “...чамд Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчсөн асуудал байхгүй” гэж хэлсэн ба Т.Б-тай хамт явж байсан төрийн албанд ажилладаг эгч нь замын цагдаагийн албаны хэд хэдэн хүмүүстэй утсаар ярьж цагдаагийн ажилд нөлөөлж байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Э.З-д холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2 630 000 төгрөг, “Тэнцвэр эстимэйт” ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 138 000 төгрөг, нийт 2 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 33/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны гол зүйл болох нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хэний буруугаас гэм хорын хохирол учирсан талаар дүгнэлт хийхдээ цагдаагийн байгууллага, шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудын агуулгын зөрүүг тодруулах ажиллагааг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

 

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогч болон шүүхийн санаачилгаар шинжээч томилж дүгнэлт гаргуулдаг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр томилсон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээч ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй “Техникийн шинжээчийн дүгнэлт”-ийг “ямар учраас эсрэг урсгал сөрсөн болох, аюулыг зайлуулах арга хэмжээ авсан эсэх зэрэг шалтгаант холбоог тогтоолгүйгээр дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай” гэж хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдүүдийн гаргасан дүгнэлтийг шүүгч өөрөө үгүйсгэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу болжээ. /хх53-54, 73-74/ Зүй нь, шүүх мэргэжлийн мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, үндэслэл муутай үзэж буй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжээч томилж, маргааны зүйлийн талаар тодруулах шаардлагатай юм.

 

Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй, эргэлзээтэй гэж үзсэн байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтын хэмжээнд шууд үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Учир нь, “хариуцагч Э.З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөн гэм буруутай болох нь тогтоогдсон” талаар анхан шатны шүүх дүгнэхдээ үнэлсэн гэх 2019 оны 01 сарын 02-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2019 оны 01 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Замын цагдаагийн газраас томилогдсон 2019 оны 01 сарын 25-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудад тусгагдсан замын хөдөлгөөний дүрмийг хэн зөрчсөн талаарх үйл баримтуудыг шүүхээс томилогдсон дээрх ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн бүрэлдэхүүнтэй “Техникийн шинжээчийн дүгнэлт”-тэй харьцуулахад илт зөрүүтэй байна.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаарх баримтуудын зөрүүг арилгах, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт буруу, эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэж байвал өөрийн санаачилгаар дахин шинжээч томилох ажиллагааг хийх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

 

Давж заалдах шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/00028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.З-гаас төлсөн 59 238 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН