Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2020/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 3 сарын 19 өдөр                         2020/ДШМ/08                                   Хэрлэн сум                                  

 

Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0008/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Д-жав,

Прокурор Б.Бямбасүрэн,   

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б-гийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201623000135 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1973 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг, Нийтийн байрны 45-40 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Х-йн Б нь

“Э” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж

- 2015 оны 9 дүгээр сард хохирогч Б-ыг “Хэнтий аймгийн уул уурхай таван сум хариуцсан орд газарт шалгалт хийдэг бие төлөөлөгч болгоно, танай нөхрийг захирал болгоно” гэж 1960000 төгрөгийг,

- 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын хугацаанд “Олон улсын байгаль хамгаалах төслийг танай суманд хэрэгжүүлнэ, ажлын байр, машинтай болгоно” гэж хохирогч С-ос 4790000 төгрөгийг,

- 2016 оны 4 дүгээр сард “НҮБ-ын шугамаар зүүн гурван аймагт байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр төслийн дарга болгоно” гэж хохирогч Т-аас 1242000 төгрөгийг,

- 2016 оны 4 дүгээр сард “байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна, нөхөн сэргээлт хийх төсөл хэрэгжүүлнэ” гэж хохирогч Б-ээс 8940000 төгрөгийг,

- 2016 оны 8 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд “нөхөн сэргээлтийн төсөл орж ирэх гэж байна” гэж хохирогч Э-аас 3060000 төгрөгийг,

- 2016 оны 9 дүгээр сард “Герман улсын хөрөнгө оруулалтаар хүмүүнлэг, байгаль орчны чиглэлээр төсөл хэрэгжүүлнэ, ажлын байртай болгоно гэж төсөл хэрэгжүүлэгчээр ажиллах санал тавьж” хохирогч Д-оос 2472000 төгрөгийг тус тус залилж, нийт 22464000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б овогт Х-н Б-г хуурч, бодит байдлыг нуун дарагдуулах замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б-гээс 2440000 төгрөгийг гаргуулж хохирогч Э-д, 1960000 төгрөгийг гаргуулж хохирогч Б-д, 4390000 төгрөг гаргуулж хохирогч С-д, 8710000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 65000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Хэнтий аймаг дахь Шүүхийн тамгын газарт олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах гомдолдоо: Миний бие өөрийн бодлоор асуудалд хандаж бусдыг хохироосондоо маш их харамсаж байна. Би 2016 онд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Гагцхүү хохирогч нартай хохирлын асуудал дээр санал зөрж, бодит байдлыг тогтоолгох саналтай байсан. Миний бие хохирогч нараас уучлалт гуйж, эвлэрсэн бөгөөд дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүйгээр үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө үнэнч шударгаар амьдарч чадна. Намайг цагдан хоригдсон хугацаанд буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 8 настай хүү маань хараа хяналтгүй үлдэж, сургууль завсардаж, өвчин тусч хүнд байдалд байсан. Одоо ч архины хамааралтай эцгийн асрамжид байгаад сэтгэл зовж байна. Иймд миний ар гэрийн болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг албадан ажил хийлгэх ялаар сольж өгнө үү гэжээ.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хохирогч нартай хохирлын талаар ярьж тохиролцсон бөгөөд хохирогч Б- нь “анхан шатны шүүх хуралдааны үед хохирол төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар Б-тэй тохиролцсон, С-с улсад байгаа тул бичгээр гэрээ байгуулах боломжгүй, гомдол саналгүй” гэсэн,  хохирогч Б- нь “хохирол төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар Б-тэй тохиролцсон, мал төллөж байгаа тул очиж бичгээр гэрээ байгуулах боломжгүй, гомдол саналгүй” гэсэн хариуг тус тус өгсөн. Хохирогч Э-ы хувьд 4 дүгээр хавтаст хэргийн 44 талд хохирол төлөхөөр тохиролцсон гэрээ байгаа тул хохирол төлөхөө илэрхийлсэн гэж үзэж байна. Б- нь ойн техникч мэргэжилтэй, “Э” төрийн бус байгууллагатай, хаврын ажлууд эхэлж байгаа тул үйл ажиллагаагаа явуулж орлого олох боломжтой, мөн гэр бүлийн хэрэгцээний 70 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай тул газраа зарж хохирлыг барагдуулах боломжтой юм.

Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Мөн түүнийг цагдан хоригдсоноос хойш 8 настай хүүхэд нь хараа хяналтгүй үлдэж, сургууль завсардаж, архины хамааралтай эцгийн асрамжид байгаа тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б-д оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б- нь 6 удаагийн үйлдлээр бусдыг залилж нийт 22464000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Б-г хохирлоо бодит байдлаар барагдуулаагүй тул ял хөнгөрүүлэх боломжгүй гэж үзээд түүнд 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Б- нь өнөөдрийн байдлаар хохирлоо бодит байдлаар барагдуулаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Б-гийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Б- нь “Э” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажиллаж байхдаа бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж

- 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Биндэр суманд оршин суух хохирогч Б-аас “танай нөхөр Эрдэнэбаатарыг болон чамайг “Э” төрийн бус байгууллагын Хэнтий аймаг дахь биет төлөөлөгч болгоно, захирал болон нягтлан бодогчоор ажилд авна, ажлын хувцас, тамга, тэмдэг, орон сууц, автомашин өгөх тул мөнгө шаардлагатай” гэж хэлж нийт 1960000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан,

- 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд оршин суух хохирогч С-ос “Олон улсын байгаль хамгаалах төслийг Дэлгэрхаан суманд хэрэгжүүлнэ, нөхөр болон өөрийг чинь ажилд авна, ажлын байр, автомашинтай болгоно, орон сууц өгнө” гэж хэлж нийт 4790000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан,

- 2016 оны 4 дүгээр сард Хэнтий аймгийн Батноров суманд оршин суух хохирогч Т-аас “НҮБ-ын шугамаар хэрэгжих байгаль хамгаалах, нөхөн сэргээх төслийн зүүн 3 аймаг хариуцсан дарга болгоно, орон сууц өгнө, ажлын байрны зураг төслийн мөнгө шаардлагатай” гэж хэлж нийт 1242000 төгрөгийг авсан,

- 2016 оны 4 дүгээр сард Дорноговь аймгийн Иххэт суманд оршин суух хохирогч Б-ээс “байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулна, нөхөн сэргээлт хийх төсөл хэрэгжүүлнэ” гэж хэлж нийт 8710000 төгрөгийг авсан,

- 2016 оны 9 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд оршин суух хохирогч Д-оос “Герман улсын хөрөнгө оруулалттай хүмүүнлэг, байгаль орчин нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд ажилд оруулна, бүртгэлийн хураамж шаардлагатай, төсөл батлуулахад мөнгө байршуулах хэрэгтэй” гэж хэлж нийт 2472000 төгрөгийг авсан,

- 2016 оны 8-аас 9 дүгээр сард Хэнтий аймгийн Бэрх хотод оршин суух хохирогч Э-аас “байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд ажилд авна, бүртгэлийн хураамж, байрны урьдчилгаа, аж ахуйн нэгж байгуулна, тамга тэмдэг хийлгэнэ, ажлын байрны хандив зэрэгт зарцуулах мөнгө шаарлагатай” гэж хэлж нийт 2440000 төгрөгийг авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...тамга тэмдэг, зөвшөөрлийн мөнгө 540000, оффист ажиллах 2 хүний хувцасны мөнгө 380000, машины урьдчилгаа 620000, байрны урьдчилгаа 420000 төгрөгийг тус тус Б-гийн болон “Э” ТББ-ын дансанд хийсэн, нийт 1960000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64 хуудас/,

Хохирогч Д.Солонгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-д нөхрийн болон өөрийн нормын хувцас, нэвтрэх үнэмлэхийн мөнгө 230000, 490000, төслийн баталгааны мөнгө 35000, оффесын урьдчилгаа 500000, орон сууцны урьдчилгаа 700000, Б-гийн орон сууцны урьдчилгаа 600000, урилгын үнэ 30000, машины урьдчилгаа 840000, машины номерын үнэ 165000, Н эгчийн бүртгэлийн хураамж 200000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...мөн Б- надаас тортны мөнгө 40000, төслийн нээлтэд өмсөх дээлний мөнгө 150000, автобусны мөнгө 50000, мөн 380000, 200000, 180000 төгрөгийг тус тус зээлснийг дансаар нь шилжүүлсэн. Нийтдээ 4790000 төгрөгийн хохирол учирсан. ..Б- миний данс руу 400000 төгрөг хийсэн, өөр мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-67 хуудас/,

Хохирогч Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Б- надаас том хүүгийн оюутны тэтгэлэг 126000, бага хүүхдийн боловсролын тэтгэлэг 16000, барилгын зураг төслийн үнэ 100000, орон сууцны урьдчилгаа 1000000 төгрөгийг тус тус авсан. Нийт 1242000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-70 хуудас/,

Хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- манай нөхөр П болон надаас бүртгэлийн хураамж 240000, 100000, манай охин М-с боловсролын тэтгэлэг 100000 төгрөг, жолоочийн бүртгэл 80000, орон сууцны урьдчилгаа 1680000, шатахууны үнэ 100000 төгрөгийг тус тус бэлнээр, барилгын засварт 6000000, батлан даалтын мөнгө 250000 төгрөгийг тус тус дансаар авсан. ...миний төрсөн дүү Б ажилд авна” гэж 260000 төгрөгийг бэлнээр авсан. ...мөн нөхөр бид хоёр Их хэт сумаас Хэнтий аймагт ирж байцаалт өгсөн бөгөөд шатахууны зардал 130000 төгрөг, нийт 8940000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 72-73 хуудас/,

Хохирогч Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- надаас бүртгэлийн хураамж 286000, орон сууцны урьдчилгаа 1600000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлж авсан. ...би найз Алтанзулын бүртгэлийн хураамж 286000 төгрөгийг авч Б-гийн данс руу шилжүүлсэн. ...Мөн Б- надаар Бямбатулга гэх хүний Хаан банкны 5040139960 тоот дансанд 300000 төгрөг хийлгүүлсэн, нийт 2472000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуудас/,

 Хохирогч Э-ы мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...Б- надаас бүртгэлийн хураамж 300000, орон сууцны урьдчилгаа 300000, 800000, ордерын нэр солиулах 14000, аж ахуй нэгжийн тамга, бичиг баримт, гэрчилгээ бүрдүүлэх 200000, Э-с 186000 /би шилжүүлсэн/, Х-с 186000 /би шилжүүлсэн/, паспортын үнэ 34000, байрны хандив 200000, сургалтын зардал 620000, бусад хүний бүртгэлийн хураамж 220000 төгрөгийг тус тус “Охиноо” гэх хүний дансаар болон өөрийн дансаар шилжүүлж авсан. ...3060000 төгрөгийн хохирол учирсан. ...Би Х-с 186000 төгрөг авч Б-гийн данс руу шилжүүлсэн учир 2017 оны 01 сарын 24-ний өдөр өөрөө төлсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-83 хуудас/,

Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Б- гэх эмэгтэй Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны нөхөн сэргээх ажлын байранд ...дахин 2 ажилтан авна гэхээр нь 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр эгч Б-ын утсаар ярьсан. ...ажлын байранд өмсөх хувцас ижилхэн байх ёстой гэхээр нь ...эгч Б- миний болон Б-н хувцасны мөнгө 390000 төгрөгийг дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86 хуудас/,

Гэрч Х.Пүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б- дэнчингийн мөнгө 12000000 төгрөг хэрэгтэй байна, та хоёр 6000000 төгрөг гарга” гэхээр нь ...“Э” ХХК-ийн 59590069004 тоот данс руу 6000000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 99 хуудас/,

Гэрч Д.Хэрлэнчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 5-10-ны хооронд ...Э- над руу утастаад “...төсөлд элсэхэд шаардлагатай 186000 төгрөгийг яаралтай шилжүүл” гэхээр нь О гэдэг хүний данс руу шилжүүлсэн. ...Э- надад 2017 оны 01 дүгээр сард 50000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 109 хуудас/,   

Гэрч Г.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2016 оны намар ...Э- над руу утастаад ...186000 төгрөг шилжүүл гэхээр нь О гэх хүний данс руу 186000 төгрөгийг шилжүүлсэн. ...Э- надаас авсан 186000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 111 хуудас/,  

Гэрч П.Мандухайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б-д 100000 төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 173 хуудас/,

Яллагдагч Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Б-аас 1960000, С-ос 4790000, Т-аас 1242000, Б-ээс 6000000, Э-аас 2150000 төгрөгийг авснаа тус тус хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 139-140, 147 хуудас/,

Хохирогч С- нь Б-гийн 5062010385 дугаарын харилцах данс болон “Э” төрийн бус байгууллагын 5959006904 дугаартай дансанд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр нийт 4725000 төгрөг шилжүүлсэн тухай С-н ХААН банкан дахь дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 157 хуудас/,

Хохирогч Д-оос 2016 оны 9 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Б-гийн Төрийн банкан дахь 320000045198 дугаарын дансанд 3 удаагийн гүйлгээгээр нийт 2172000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар /1хх-ийн 166 хуудас/,  

Хохирогч Б- болон түүний нөхөр Э-с нараас “Э” төрийн бус байгууллагын 5959006904 дугаарын дансанд 2015 оны 9 дүгээр сарын 01- 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр 1340000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуулбар  /1хх-ийн 162-163 хуудас/,

Хохирогч Б- нь найз А-с зээлж “Э” төрийн бус байгууллагын 5959006904 данс руу 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 6000000 төгрөг, өөрөө  250000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /1хх-ийн 164 хуудас/,

Хохирогч Т-, Д- нараас гаргасан “Б-д холбогдох эрүүгийн хэрэгт гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэх, хохирогч Э-аас гаргасан “Б-гээс 3060000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний дотор авахаар тохиролцсон тул гомдол, саналгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт  /4хх 41-44 хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх Б-гийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд түүнийг няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Б-г бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзээд шүүгдэгч Б-гийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-гийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                          О.БААТАРСҮХ

                                                                                            Я.АЛТАННАВЧ