Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00152

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ  аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.Бд холбогдох 1732000090034 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Ахуй үйлчилгээний № 23 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

-2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан

- 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнг аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 01 жил 02 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сэчин овогт Шинэбаатарын Б. /РД:*/

 

Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны гудамжны холбооны агаарын шугамнаас ТПП100*2 маркийн 250 метр кабель утас хулгайлж 1675000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны гудамжны эхний хөндлөн хэсгийн холбооны агаарын шугамнаас ТПП50*2 маркийн 350 метр кабель утас хулгайлж 1365000 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Минжийнхангайн гудамжны 2 дахь хөндлөн хэсгийн холбооны агаарын шугамнаас ТПП20*2 маркийн 150 метр кабель утас хулгайлж 345000 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны гудамжны холбооны агаарын шугамнаас ТПП50*2 маркийн 140 метр кабель утас хулгайлж 546000 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны гудамжны холбооны агаарын шугамнаас ТПП30*2 маркийн 100 метр кабель утас хулгайлж 440000 төгрөгийн, бүгд 4371000 төгрөгийн шууд хохирол, 2203680 төгрөгийн шууд бус хохирол, нийт 6574680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Бын өгсөн ......... 2017 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад ганцаараа Партизаны гудамжнаас холбооны кабель утсыг төмрийн бахиар тасдаад 2 шонгийн модны хоорондохыг авсан. 2017 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн үед Партизаны гудамжны эхний хөндлөнгөөр зүүн тийш эргээд 3 шонгийн модны хоорондох кабель утсыг тасалж авсан. 2017 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад ганцаараа Минжийн хангайн гудамжны 2 дахь хөндлөнгөөс 3 шонгийн модны хоорондох кабель утсыг тасалж авсан. 2017 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед ганцаараа Энхтайвны гудамжнаас 4 шонгийн модны хоорондох кабель утсыг тасалж авсан. 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед Өсөхбаярын хамт Энхтайвны гудамжнаас 2 шонгийн модны хоорондох кабель утсыг тасалж авч байгаад цагдаад баригдсан. Кабель утаснуудаа шатаагаад зэсийг нь түүхий эд авдаг газарт аваачиж тушаадаг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Дын өгсөн ........ 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд холбооны кабель утас хулгайд алдагдсан. Хамгийн анх 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр газар доогуур явж байгаад дээш багана луу гарсан хэсэгтэйгээ хулгайд алдагдсан. Бусад тохиолдолд дандаа агаарын шугамын кабель утас алдагдсан. Нийт 6 удаагийн үйлдлээр кабель утас алдагдсан. Манай байгууллага Цагдаагийн байгууллагатай хамтарч эргүүл гаргаж ажиллаж байсан. Нийт хохиролд 6574680 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс шууд хохирол нь 4371000 төгрөг, шууд бус хохирол нь 2203680 төгрөг болж байгаа юм. Кабель утас нь хосынхоо тооноос хамаарч үнэ нь өөр өөр байгаа юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Гэрч Г.Энхцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Манай Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ний агаарын кабель утас удаа дараа хулгайд алдагдаад байгаа учраас би өчигдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 15-нд шилжих шөнө кабелийн утас хулгайлаад байгаа хүнийг барих зорилгоор өөрөө унадаг дугуйтайгаар шөнийн 02 цагаас 04 цаг 20 минут хүртэл Нарангийн гудамжнаас Ширхэнцэгийн гудамж хүртэл ганцаараа эргүүл хийж явсан боловч хулгайчийг барьж чадаагүй гэртээ харьж амарсан юм. Тэгтэл 2017 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчим манай Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ний Зүүнхараа салбарын эрхлэгч Б.Д эгч утсаар яриад урьд шөнө хүүхдүүд кабелийн утас хулгайлж байгаад цагдаад баригдсан байна чи агаарын кабелийн утаснуудаа шалгаарай гэж хэлэхээр нь би босоод шууд Цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь 3 хүүхэд кабелийн утас хулгайлж байгаад баригдсан гэж байсан. Хулгайлсан кабелийн утсыг нь үзэхэд манай холбооны кабелийн утас мөн байсан. Би Цагдаагийн хэлтсээс гараад холбооны агаарын кабель утаснуудыг гудамжаар явж шалгаж үзэхэд Энхтайвны гудамжны хоёр дахь хөндлөнгийн зүүн тал руугаа эргэсэн гудамжнаас 3 шонгийн хоорондох 100 метр кабель утсыг доош нь унжуулж байгаад тасдаж авсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 39-40 дүгээр хуудас/

Гэрч Н.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн ......  Би Азурай ХХК-ний Гоё сэлбэгийн дэлгүүрт 2017.06.01-ний өдрөөс эхлэн худалдагчаар ажиллаж байна. Өчигдөр буюу 2017.07.08-ны орой 20 цагийн орчим Гоё авто сэлбэгийн дэлгүүрээ хаагаад С эгч, тогооч Чимэгээ эгч бид нар гарцгаасан юм. Тэгээд Гоё авто засварын газрын ажилчид бид бүгдээрээ Хараа голын эрэг дээр очиж аялаж зугаалж амарсан юм. Дэлгүүрээ хаахдаа хаалга үүдээ сайн түгжиж гарсан. Маргааш нь өглөө буюу өнөөдөр /2017.07.09/-ний өглөө би 09 цаг 35 минутанд Гоё авто сэлбэгийн дэлгүүртээ хамгийн түрүүнд ирээд хаалгаа түлхүүрээр нь онгойлгоод орсон, би орохдоо эхлээд урд талын том хаалгаар ороод дотор талын ногоон өнгийн модон хаалгаа бас түлхүүрээр нь онгойлгож нээсэн юм. Манай дэлгүүр хоёр хаалгатай гэсэн үг л дээ. Ингээд 10 цагийн орчим дэлгүүрт худалдаж байсан акумляторууд хулгайлагдсан байгааг анзаарч харсан, тэгээд С эгч дэлгүүртээ ирэхэд нь хэлж мэдэгдсэн, камераа шүүж үзэхэд эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж хулгай хийсэн байсан. Одоогийн байдлаар Гоё авто сэлбэгийн дэлгүүрээс 3 ширхэг акумлятор, 15,000 төгрөгийн үнэтэй бахь, 7000 төгрөгний үнэтэй гурван өнгийн алчуур гэх мэт зүйлүүд алдагдсан байна гэж үзэж байгаа. Гэхдээ С эгч өөрөө юу юу алдагдсаныг хэлэх байх гэх мэдүүлэг /Хх-н 36 дугаар хуудас/

           Гэрч М.Мөнхнайрамдлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Би 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө замын цагдаа зохицуулагч Ж.Түмэндэмбэрэлийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байх хугацаанд буюу 04 цаг 10 минутын орчим Энхтайвны гудамжны гурав дахь хөндлөнгийн зүүн талын гудамжинд Шинэбаатарын Б нь бага насны хүүхэд буюу Э.Өсөхбаяр гэдэг хүүхдийг хажуудаа дагуулчихсан зогсож байхаар нь шалгахад Ш.Б нь гартаа барьсан байсан улаан өнгийн хуванцар иштэй хутгыг нууцаар газарт унагаахаар нь сэжиг төрж халаасанд нь үзлэг хийсэн чинь халааснаас нь төмрийн хөрөө 1 ширхэг, ногоон өнгийн иштэй бахь 1 ширхэг тус тус гарч ирсэн. Э.Өсөхбаярын халаасанд ямар нэгэн багаж байгаагүй.. Ш.Быг Цагдаагийн машинд суулгаж байгаад Э.Өсөхбаяртай ганцаарчлан уулзахад Э.Өсөхбаяр нь Ш.Б ах намайг дагуулж яваад Энхтайвны гудамжны шонгийн модноос кабель утас хулгайлсан, хулгайлсан кабелиа нуучихсан байгаа би заагаад өгье гэхээр нь нуусан газрыг нь заалгасан чинь Энхтайвны гудамжинд айлын хашааны ёроолд хаячихсан байхаар нь олж аваад кабель утас болон тасалсан багаж зэвсгийнх нь хамт Б, Өсөхбаяр нарыг Цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм гэх мэдүүлэг /Хх-н 42 дугаар хуудас/

            Гэрч Ж.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... 2017 оны 05 дугаар сарын дундуур байхаа хоног хугацааг нь сайн санахгүй байна өдөр л санагдаж байна. Ш.Б нь гялгар уутанд зэс хийчихсэн авах уу гэж орж ирэхээр нь би хулгайн юм биш биз дээ гэж асуусан чинь биш ээ найдвартай гэхээр нь тэгвэл чи наадхаа барьж байгаад зургаа даруулчих гэсэн чинь тэгье гэж хэлээд би гар утсаараа зургийг нь дарсан. Тэгээд 3 кг орчим зэс байсан. Тэрийгээ тушаачаад яваад өгсөн. Дахиж уулзаагүй гэх мэдүүлэг /Хх-н 52 дугаар хуудас/

Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........  2017 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа би өөрийн Дөрвөн бэрх дэлгүүр дээрээ түүхий эд авдаг болсон юм. Ш.Б гэх залуу надад анх 12 кг байхаа ямар ч байсан 10-аас дээш кг зэсийг нэг кг-ийг нь 6000 төгрөгөөр авч байхад Б нь орж ирээд ахаа 10 гаруй кг юм чинь 6500 төгрөгөөр авчих би Бороо гоулд ХК-д манаачийн ажил хийдэг юм манай компанид том машины мотор гардаг тэрнээс би танд өгч байя гээд гуйгаад байхаар нь 6500 төгрөгөөр бодож авсан. 70-80000 төгрөг болсон санагдаж байна. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын эхээр байхаа хоног хугацааг нь сайн санахгүй байна бас 10 орчим кг зэс авчраад тушаагаад 70-80000 төгрөг болсон санадгаж байна. Үүний дараа дахиж нэг удаа орж ирээд манай эхнэр авсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 53 дугаар хуудас/

Гэрч Ш.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .......  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь салбарын ажилтан Б.Д 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хэлэхдээ тус сумын Партизаны гудамжинд агаарын кабель утас хулгайд алдагдсан талаар хэлсэн. Тэгэхээр нь би түр сүлжээний утсаар хэрэглэгчдийнхээ телефоныг ажиллагаатай болгож бай гэж хэлээд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хулгайд алдагдсан кабель утсыг засварлахаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ирж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 09 хоног ажилласан. Үүний дараа 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мөн Мандал сумын Энхтайван, Минжийнхангай гудамжнаас кабель утас хулгайд алдагдсан болохоор мөн засварлахаар 9 хүний бүрэлдэхүүнтэй ирж 3 хоногийн хугацаанд засварласан. 2017 оны 05 дугаар сар болон 07 дугаар сард ажилласан ажлын тайлангаа хэрэгт хавсаргуулахаар өгье гэх мэдүүлэг /Хх-н 54 дүгээр хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 13-16, 146-148, 201-204 дүгээр хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 17-27 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Баян-Арцатын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 47, 99 дүгээр хуудас/

Хулгайд алдагдсан кабелийн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 56, 162, 187, 212, 215 дугаар хуудас/

Бараа материалын зарлагын баримт, шаардах хуудас /Хх-н 57-64 дүгээр хуудас/

Бэлэн мөнгөний зарлагын баримт, дотоод томилолтын зардлын төсөв /Хх-н 70-78 дугаар хуудас/

Ш.Бын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 98 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ш.Б нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны гудамжны холбооны агаарын шугамнаас ТПП100*2 маркийн 250 метр кабель утас хулгайлж 1675000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Партизаны гудамжны эхний хөндлөн хэсгийн холбооны агаарын шугамнаас ТПП50*2 маркийн 350 метр кабель утас хулгайлж 1365000 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар баг, Минжийнхангайн гудамжны 2 дахь хөндлөн хэсгийн холбооны агаарын шугамнаас ТПП20*2 маркийн 150 метр кабель утас хулгайлж 345000 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны гудамжны холбооны агаарын шугамнаас ТПП50*2 маркийн 140 метр кабель утас хулгайлж 546000 төгрөгийн, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны гудамжны холбооны агаарын шугамнаас ТПП30*2 маркийн 100 метр кабель утас хулгайлж 440000 төгрөгийн, бүгд 4371000 төгрөгийн шууд хохирол, 2203680 төгрөгийн шууд бус хохирол, нийт 6574680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Быг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Ш.Б нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.

 

Харин шүүгдэгч нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүгдэгчийн сүүлчийн хулгайлах үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 014-нөөс 15-нд шилжих шөнө болсон бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэл хамаарч байх тул 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ш.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хэрхэн нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Бд ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Ш.Баас хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохиролд 4371000 төгрөг, шууд бус хохиролд 2203680 төгрөгийг, нийт 6574680 төгрөгийг гаргуулж хохирогч Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ний Зүүнхараа салбарт олгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100 метр урттай агаарын шугамын кабель утас, ягаан иштэй хутга 1 ширхэг, ногоон алаг иштэй бахь 1 ширхэг, төмрийн хөрөө 1 ширхэг, гогцоо хэлбэртэй 2-3 метр урттай төмөр утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Сэчин овогт Шинэбаатарын Быг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Быг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Бд  оногдуулсан 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Бын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100 метр урттай агаарын шугамын кабель утас, ягаан иштэй хутга 1 ширхэг, ногоон алаг иштэй бахь 1 ширхэг, төмрийн хөрөө 1 ширхэг, гогцоо хэлбэртэй 2-3 метр урттай төмөр утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

6. Монгрол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Баас 6574680 /зургаан сая таван зуун далан дөрвөн мянга зургаан зуун наян/ төгрөгийг гаргуулж Мэдээлэл холбоо сүлжээний ТӨХК-ний Зүүнхараа салбарт олгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Бд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.ХЭРЛЭН.