Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 4 сарын 16 өдөр                         2020/ДШМ/11                                 Хэрлэн сум                                  

 

Б-од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0011

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч Б-, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Б-од холбогдох эрүүгийн 1939005410025 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Дорнод аймгийн Баян-Уул суманд 1979 онд төрсөн, 41 настай, бүрэн дунд боловсролтой, экскаватор, бульдозерчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт М-н Б нь

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн 97-83 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг “Шар хөл” гэх газарт онхолдож зорчигч Г-, Ц- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт М-н Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-од тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Б-од анхааруулж, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б-ын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс 3 жил хүртэл хугацаагаар хасч, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус хуульчилсан байхад шүүгдэгч Б-од нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх тухай хуульчилсан болохоос эрх хасах ялыг тэнсэх тухай хуульчлаагүй тул Б-од тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Б-од нэмэгдэл ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б- нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд анх удаа, болгоомжгүйгээр, тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн боловч тухайн үед жолоодох эрх нь сэргээгдсэн, хуулийн дагуу сунгуулаагүй байсан. Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд осол гарсны дараа хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад үзүүлсэн. Хохирогч Ц- болон Г- нарыг эмнэлэгт үзүүлж, эмчилгээний зардал болон бусад хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчид гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б-од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулсан.

Прокурорын эсэргүүцлийн тухайд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Тус хуулийн зүйл, хэсгийг тайлбарлахад эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр /эрх хасах ял оногдуулахгүйгээр/ шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасныг баримтлан Б-од 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Б-од холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсноос үзэхэд үндсэн ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хатуу үр нөлөөтэй байхад нэмэгдэл ял нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, иргэнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байдаг.

Нэмэгдэл ял нь үндсэн ялаас төрөл, хэмжээгээрээ ялгаатай, нөлөөллийн шинж чанараараа илүү хөнгөн байхыг нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчим шаарддаг. Иймээс хуульд заасан илүү хүнд ял болох үндсэн ялыг тэнсэх, чөлөөлөх, хөнгөрүүлэх үндэслэлүүдийг нэмэгдэл ялд хамааруулан хэрэглэхийг хязгаарладаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан байдаг. Тодорхой эрхийг тухайлбал тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хязгаарлах нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, хүнийг гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх чухал үр нөлөөтэй арга хэмжээ юм.

Шүүгдэгчид үндсэн ялыг биечлэн эдлүүлэхээс хуульд заасан болзол журмын дагуу тэнсэх, хойшлуулах байдлаар шүүх чөлөөлсөн нь нэмэгдэл ялын урьдчилан сэргийлэх үр нөлөөг шаардлагагүй гэж үзэх, түүнийг хэрэглэхгүй байх үр дагавар үүсгэх учиргүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан үндсэн болон нэмэгдэл ял нь тус тусдаа өөрийн үүрэг, зорилго, үйлчлэлийн хүрээ, ялгаатай үр нөлөөлөлтэй тул аль нэгийг нь хэрэглэхээс шүүх түдгэлзэж буй нь нөгөө ялыг хэрэглэхгүй байх хууль зүйн шууд үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн ял шийтгэл оногдуулахдаа эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж  үзэх  үндэслэлтэй  байна.

Иймд Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                           Б.ДЭНСМАА