| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2023/02962/И |
| Дугаар | 182/ШШ2024/02394 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2024/02394
| 2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2024/02394 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, овогт Т.Б /РД:1/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг,00000 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Т.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Park Chul-тай байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн РР000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 33333м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Т.Т.Бг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,
Гэрч Д.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: PCH нь Т.Т.Бтэй харилцан тохиролцож, 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан, чд, 10 тоот хаягт байрших 18 м.кв 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан. Байрны үнэ болох 40,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр худалдагч тал болох Т.Т.Бгийн төрсөн хүү Д.Нгийн худалдаа хөгжлийн банкны 456104779 тоот дансаар шилжүүлж өгсөн. Мөн гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003638 тоот гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Park Chul-ийн нэр дээр шинэчлэн гаргуулж, хууль ёсны өмчлөгч болсон.
Харин орон сууцны эзэмшлийг чөлөөлж өгөлгүй өдийг хүрээд байгаа билээ. Энэ хугацаанаас хойш буюу 2018 оны 07 дугаар сарын 10-наас хойш байрыг чөлөөлж өгөхөөр хэд хэдэн удаа мэдэгдэж, хугацаа тогтоон тохиролцож байсан хэдий ч одоог хүртэл суллаж өгөөгүй, амьдарсаар байна. Учир нь Т.Т.Б нь уг орон сууцаа буцааж худалдаж авах тул хүлээж бай гэсээр дараа хугацаа тохирч байгаа боловч одоог хүртэл шийдвэрлэхгүй, буцаан худалдаж аваагүй бөгөөд орон сууцыг чөлөөлж ч өгөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргаж байна.
Хариуцагч зээл гэж яриад байгаа. Гэхдээ зээлийн гэрээ гэж байхгүй. Худалдах-худалдан авах гэрээ л байгаа. Уг гэрээний дагуу хууль ёсны өмчөө чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ нэхэмжлэгч нийтдээ ингээд 2018 оноос хойш 2019, 2020, 2021, 2022, 2023 он гээд 5 жилийн хугацаанд энэ хүмүүсээс болоод эд хөрөнгөөрөө хохироод өөрийн гэсэн орон сууцгүй гадуур байр түрээслээд мөнгө ч үгүй явж байгаа. Тэгэхээр энэ Солонгос улсын иргэний эрхийг сэргээж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байр 10 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Т.Бгийн хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Park Chul нь Т.Т.Бтэй харилцан тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ЧД тоот хаягт байрших 18 мкв 1 өрөө орцны 40 сая төгрөгөөр худалдан авч, байрны үнэ Т.Б төлөгдсөн.
2018 оны 7 сараас хойш уг байрыг чөлөөлж өгөөгүй. Бичиг баримтын хувьд Park Chul-ийн нэр дээр 100% шилжсэн байдаг.
Эрүүгийн журмаар Т.Т.Б өөрөө гомдол гаргаад шалгаж байх явцад бид нар цагдаад энэ байдлаа тайлбарласан худалдаж авсан юм энэ байраа суллаж авмаар байна гэдэг шаардлагыг тавихад энэ бол иргэний хэрэг байна гэсэн.
Тэгээд талууд энэ асуудлаараа иргэний гомдол гаргаж яваарай гэсэн. Тухайн байранд Д.Нгийн эмээ, өвөө, ээж хамт амьдарч байгаа. Эдгээр хүмүүсийг бид нар хүч хэрэглэж хөөж гаргах ямар ч боломж байхгүй.
Тэдгээр хүмүүс байраа суллаж байж нэхэмжлэгч нь байрандаа амьдрах боломжтой байгаад байдаг. Захиран зарцуулаад нэг удаа н.Золбаяр гэдэг хүнд худалдсан гэтэл бас суллаж өгөөгүй. Тэгээд н.Золбаяр иргэний нэхэмжлэл гаргасан. Гэтэл Д.Н, Т.Т.Б нарт шилжүүлсэн эрх нь хууль бус юм, бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгоно гээд бие даасан нэхэмжлэл гаргачихсан гээд байгаа. Үүндээр маргаж байх явцад н.Золбаяр нь эдгээр хүмүүс байраа суллаж өгөхгүй юм байна Park Chul та байраа буцааж ав гэсний дагуу байраа буцааж авсан.
Т.Т.Б нь Д.Н гэдэг хүүтэйгээ хоорондоо ярилцаж тохиролцоод тухайн орон сууцыг 2 жилийн хугацаанд буцааж худалдаж авах зорилготойгоор Park Chul-оос 40,000,000 төгрөг авсан байдаг. Тэгэхдээ энэ 2 жилийн хугацаанд хүү төлж байгаад бид нар буцааж худалдаж авна гэдэг баталгаа болгох үүднээс тухайн үед шууд худалдах-худалдан авах гэрээгээ хийгээд Park Chul-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.
Т.Т.Бгийн хүү Д.Нгийн найз н.Золбоо гэж эмэгтэй Park Chul-ийн орчуулагч байсан. Тухайн үед Park Chul орон сууц авах гээд хайж байсан. Д.Н нь манай найз н.Золбоод бизнес хийхэд мөнгө шаардлагатай байна тухайн орон сууцыг нь худалдаж авах юм уу, эсвэл мөнгө зээлэх юм уу гээд маш олон санал тавьсан байдаг юм. Тэгэхдээ яг тухайн үнээр орон сууцыг Park Chul гэдэг хүн худалдаж авах тийм хүсэлгүй байсан. Учир нь тэр байр таалагдаагүй. Тэгэнгүүт Д.Н ямар тохироо хийсэн, ямар санал тавьсан бэ гэхээр та эдгээр орон сууцыг 2 жилийн хугацаанд буцааж худалдаж авах зорилготойгоор надад мөнгө зээлүүлээч. Энэ 2 жилийн хугацаанд би танд сарын 3%-ийн хүү төлье. Хүү болон үндсэн төлбөрөө төлж чадахгүй бол энэ таны эзэмшилд үлдэнэ гэсэн.
Т.Т.Бгийн хүү Д.Нгийн найз н.Золбоо гэж эмэгтэй Park Chul-ийн орчуулагч байсан. Тухайн үед Park Chul орон сууц авах гээд хайж байсан. Д.Н нь манай найз н.Золбоод бизнес хийхэд мөнгө шаардлагатай байна, тухайн орон сууцыг нь худалдаж авах юм уу, эсвэл мөнгө зээлэх юм уу гээд маш олон санал тавьсан байдаг юм. Тэгэхдээ яг тухайн үнээр орон сууцыг Park Chul гэдэг хүн худалдаж авах тийм хүсэлгүй байсан. Учир нь тэр байр таалагдаагүй. Тэгэнгүүт Д.Н ямар тохироо хийж, ямар санал тавьсан гэхээр та эдгээр орон сууцыг 2 жилийн хугацаанд буцааж худалдаж авах зорилготойгоор надад мөнгө зээлүүлээч. Энэ 2 жилийн хугацаанд би танд 10%-ийн хүү төлье. Хүү болон үндсэн төлбөрөө төлж чадахгүй бол энэ таны эзэмшилд үлдэнэ гэсэн. Ганцхан худалдах, худалдан авах гэрээ хийсэн, анхны 2 талын хүсэл сонирхлыг баталгаажуулаагүй учраас бид нарын хувьд өнөөдөр ийм асуудал үүсчхээд байна. Анхны хүсэл сонирхлыг би тодорхойлж яриад байгаа юм. Энэ гэрээний 2 талын хүсэл сонирхол 2 жилийн хугацаанд мөнгөө төлөөд байрыг чинь буцаагаад өгье, төлж чадахгүй бол би энийгээ өмчлөлдөө 100% үлдээнэ гээд 2 талаасаа тохироод гэрээ байгуулсан. Гэхдээ одоо байраа 100 хувь өмчлөлд шилжүүлээд авчихъя хэн хэнд нь баталгаа болъё. Хэрвээ хүссэн цагтаа та бид нарыг мөнгө төлөхгүй байвал энэ байрнаас чөлөөлөх эрхтэй гэж ойлгуулж тухайн үеийн худалдах, худалдан авах гэрээ байгуулаад өмчлөлд нь шилжүүлсэн байдаг юм. Тэгэхээр процессын хувьд ийм зүйл болсон байдаг. Энэ дээр хууль судлаад үзэхээр хариуцагч талаас ярьж байгаа зээлийн гэрээ байхгүй. Тэгэхээр энэ хүүтэй зээл биш гэж тайлбарладаг. Тэгээд энэ фидуцийн гэрээний агуулга гээд тухайн үед байсан юм гэж ярихаар энэ хөрөнгө хөрөнгө, үл хөдлөх хөрөнгүүдээр яригдах юм уу, дээрээс нь энэ бас гэрээ нь цаасаар баталгаажих ёстой биз дээ гэдэг тайлбаруудыг хэлдэг. Тэгэхээр бид нарын хувьд хууль ёсны ганцхан гэрээ худалдах, худалдан авах гэрээ байгаад байгаа, баталгаажуулсан өмчлөлдөө шилжсэн, тэрнээс бусад бичгээр байгуулсан гэрээ байхгүй гэв.
2. Хариуцагч Т.Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Тухайн үед гэрээнд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 43 дугаар байрны 10 тоотыг 30 сая төгрөгөөр үнэлсэн байгаа юм. Зах зээлийн ханшаас хэд дахин багаар үнэлснийг би анзаараагүй өнгөрсөнд миний гол буруу оршиж байгаа юм.
Учир нь миний хүү болох Д.Н санаа зовох хэрэггүй бид төлчихнө гэсэн болохоор хүүхдэдээ л итгэсэн. Яг үнэндээ бид тийм гэрээнд гарын үсэг зурсан ч хоёр байрыг зарна гэж огтхон ч тохиролцоогүй. Гэнэт 2021 оны хавар Т.Золбаяр гэгч байруудыг худалдан авсан гээд жил гаруй хугацаанд бид шүүхэд хандсан. Өнгөрсөн жилийн намар Т.Золбаяр гэгч нэхэмжлэлээс татгалзсанаар хэрэг хаагдсан юм. Park Chul гэгчийн гаргасан нэхэмжлэл ёсоор би өөрийн байраа 40 саяар зарсан гээд байна. Гэтэл орон сууц худалдах, худалдан авах гэрээ ёсоор миний байрыг 30 саяар үнэлжээ. Зөрүү 10 сая төгрөг ямар учиртай юм бол.
Хэрэв би байраа зарсан бол мөнгө зөвхөн миний дансанд орох ёстой. Гэтэл 60 сая төгрөгийг Д.Нгийн худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн байгаа юм. Яагаад ийм зөрүүтэй зүйлүүд болоод байгаа билээ гэх асуудал гарч ирнэ. Тэгэх тусмаа би зөвхөн орон сууц худалдах, худалдан авах гэрээнд л гарын үсэг зурсан болохоос мөнгө зээлэх тухай гэрээнд огтхон ч гарын үсэг зураагүй. Хэрэв би гэрээнд гарын үсэг зурсан бол гэрээгээ харуулах ёстой болов уу. Зөвхөн тийм нөхцөлд би хариуцагчаар хэрэгт татагдах ёстой. Гэтэл тэр мөнгө хаагуур хэний гараар дамжсан, тэр их мөнгөөр юу хийсэн зэргийг би огт мэдэхгүй.
Мөнгийг зээлсэн хүн нь Д.Н болохоос би биш. Тэр хүнтэй харьцаж мөнгөө нэхэхгүй дарамталсан, ингээд зогсохгүй уг хэрэгт огт хамаагүй хүнийг хариуцагчаар татсанд гайхаж байна.
Т.Т гэгч нь Д.Нгийн эсрэг гаргасан нэхэмжлэлдээ 60 сая төгрөг нэхсэн байгаа юм. Зах зээлийн ханшаар хоёр өрөө болгож тохижуулсан байрыг дор хаяж 130 саяар борлуулах нь тодорхой харагдана. Ингээд тооцохоор тухайн байрыг 40 сая төгрөгөөр худалдан борлуулах нь утгагүй юм. Тэр тусмаа Д.Нгийн хэлснээр 2018 оноос хойш нийтдээ 60 гаруй сая төгрөг зээлийн хүүнд Солонгос иргэнд төлсөн гээд байгаа. Үүнээс үүдэн Солонгос иргэн болон түүний биет төлөөлөгч Т.Т нар нь бусдын эд хөрөнгийг ямар ч хамаагүй аргаар завших гэсэн санаатай байна гэж үзэхэд хүргэж байна. Энэ бүхнээс үүдэн Т.Т.Б миний бие энэ хэрэгт огтхон ч хариуцагч биш бөгөөд байр чөлөөлж өгөх нөхцөл бүрдээгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмчлөлд шилжүүлсэн худалдах-худалдан авах гэрээг анхнаасаа дүр үзүүлсэн шинжтэй гэрээ гэж үзэж байгаа.
Яагаад вэ гэхээр хөрөнгийн хувьд тухайн орон сууцыг ерөөсөө худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй. Тухайн орон сууцыг хэн нэгэнд санал тавиагүй. Зөвхөн өөрийнхөө хүү итгээд байгаа. Энэ хүн тухайн үед бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байсан. Өөрийнхөө байр болон Т.Т.Бгийн нэр дээрх байрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлээд үүнийхээ хариуд 100,000,000 төгрөгийг 1 сарын 3%-ийн хүүтэй зээлдээ авсан гэсэн, үйл баримтыг гэрчээс нь яг өнөөдрийн шүүх хуралдаан дээр одоо авч, үүнтэй холбоотой ч бид нар тухайн үед цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтуудыг татуулсан байгаа.
Т.Т.Б энэ орон сууцын өмчлөгч гэж өөрийгөө ойлгоод өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Гэтэл 2021 онд н.Золбаяр гэх иргэнээс гэнэт шүүхээс дуудагдсан энэ хүний нэхэмжлэлтэй орон сууцнаас албадан чөлөөлүүлэх гэдэг ийм нэхэмжлэлийг гардаж аваагүй.
Энэ нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад цагдаагийн байгууллагад анх гомдол гаргах шалтгаан үүнээс үүсэж байгаа. Яагаад өнөөдөр би энэ хүнд орон сууцаа худалдаагүй байж орон сууцаа хэн хэн нь чөлөөлж өгөх ёстой юм бэ гэдэг байдлаар гомдол гаргаад шалгуулсан. Энэ шалгалтын явцад Park Chul Д.Н нарын хооронд зээлийн гэрээний шинжтэй харилцаа үүссэн юм байна. Хэн аль нь мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн, сарын хүү 3%-ийн тэмдэглэлд нь хүлээн зөвшөөрнө гэдгийг өгчихсөн байгаа. Т.Т.Бгийн хувьд энэ ярьсан болон асуугаад гэрээн дээр гарын үсэг зурах шаардлагатай байна. Би тэр хүнээс 100 сая төгрөг зээлдэж байгаа. Тэгээд үүний барьцаа гэж хэлэх юм бол өөрийнхөө болон танай орон сууцыг түр хугацаанд шилжүүлэх шаардлагатай байна гэж Т.Т.Б гуай хэлдэг. Хүүдээ итгээд тухайн ямар гэрээ байсныг мэдээгүй би очоод гарын үсэг зурчихсан нотариат дээр зур гэхээр нь зурчихсан, хожим ийм үр дагавартай гэрээн дээр зурчихсан байна гэдгээ хэлдэг.
Энэ орон сууцын үнэ гэж нэг ч төгрөгийг Т.Т.Б шилжүүлж аваагүй. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээний гол төлбөр хэн нэгэндээ төлбөрийн шаардлага тавьж байсан ийм байдаггүй юм. Энэ гэрээ анхнаасаа худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй, харин хүүгийнхээ зээлийн төлбөрт түр хугацаагаар шилжүүлсэн, энэ шилжүүлж байгаа хэлцэл нь өөрөө худалдах, худалдан авах гэрээ гэдэг нэртэй нотариат дээр орчихсон, улсын бүртгэлд бүртгэгдсэн ийм гэрээ байгаа. Тэгэхээр бид нар Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн шинжтэй, бодит бус ийм нөхцөл журмын илэрхийлэлтэй гэрээ байгаа учраас гэрээг эхлээд хүчин төгөлдөр болсон юм байна гэж үзээд орон сууцны өмчлөгч нь Т.Т.Б юм байна гэж тогтоосноор тухайн давж заалдах шатын шүүхээс дүгнэхэд яг ямар харилцаа анхнаасаа байсан юм бэ? бодитой худалдах худалдан авах гэрээ байсан юм уу, үгүй бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцуулаад энэ орлого шилжигдээд байгаа юм уу гэж үзсэн юм болов уу гэж ойлгож байна. Хөрөнгийн хувьд бол Т.Т.Б, Park Chul нар орон сууцыг бодитой худалдах, худалдан авах ийм харилцаа байгаагүй юм гэдгийг нотлуулах зорилгоор цагдаагийн байгууллагад өгсөн Park Chul-ийн мэдүүлэг байгаа орон сууцыг Д.Нгээс мөнгө зээл гэж авчихсан, тэгээд мөнгөө төлчхөөд буцаагаад өгнө гэсэн ийм мэдүүлэгд байгаа. Тэгээд Д.Н ч гэсэн өнөөдөр хэлэх байх. Энэ мөнгийг Park Chul төлж барагдуулна, хохиролгүй болгоно. Тэгээд Т.Т.Б Солонгос улсын иргэн Park Chul нарын хооронд байгуулагдсан 2018 оны 7 сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нэртэй хэлцэл байгаа энэ хэлцлээр нэхэмжлэлийн шаардлага болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 6 дугаар хороолол, бага төвийн 43-10 тоот үл хөдлөх хөрөнгийг талууд худалдахаар тохиролцсон. Гэхдээ үүнийг энэ хэлцэл нь өөрөө Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар хууль бус, хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжтэй гэж үзээд тухайн орон сууцын өмчлөгчөөр Т.Т.Б тогтоолгох тухай хэлцлийг анхнаасаа хууль бус хэлцэл байсныг тогтоож өгөхийг шүүхээс хүсэж сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Т.Б миний хүү болох Д.Н нь Park Chul-аас 100,000,000 төгрөгийг зээлдэн авсан бөгөөд зээлийн барьцаа болгох зорилгоор өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202000317 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 50 мянгатын 21-р байр 43 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон Т.Т.Б миний өмчлөлийн улсын бүртгэлийн РР000 дугаарт бүртгэлтэй, ЧД тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус худалдах-худалдан авах гэрээгээр Park Chul-ийн нэр дээр түр шилжүүлсэн. Д.Н нь зээлдсэн мөнгөө удахгүй буцааж төлөөд таны орон сууцыг өмчлөлд эргүүлэн шилжүүлээд өгнө, та нотариатч дээр ирээд нэг баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай байна гэж хэлэхэд нь 2018 оны 07 сарын 10-ны өдрийн өдөр нэг баримт бичиг дээр гарын үсэг зурсан ба /XX-37 дахь тал/-г энэ гэрээний дагуу Park Chul-ийн нэр дээр орон сууцны өмчлөх эрх шилжиж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан. Миний хувьд орон сууцыг Park Chul худалдах бодит хүсэл зориг анхнаасаа байгаагүй бөгөөд орон сууцыг худалдсан төлбөр гэж огт төлбөр авч байгаагүй. Хүүгийнхээ хэлсэн ярьсанд итгэн тухайн гэрээн дээр гарын үсэг зурсан ба миний гарын үсгийн дагуу өмчлөх эрх шилждэг асуудлыг сайтар ойлгож ухамсарлалгүйгээр хууль зөрчсөн гэрээ хийсэн нь буруу болсон байна.
Гэтэл Park Chul нь дээрх орон сууцыг надаас худалдаж авсан мэтээр нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ тодорхойлж, байрыг маань албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 07 сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг Монгол Улсын иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байсныг тогтоолгож, орон сууцны хууль ёсны өмчлөх эрхээ сэргээлгэх хүсэлтэй байна. Хэдийгээр Д.Н, Park Chul нарын хооронд зээлийн төлбөрийн асуудал байгаа боловч зээлийн төлбөрт 64,800,000 төгрөгийг өнгөрсөн хугацаанд төлсөн ба зээлийн үлдэх төлбөрийг төлнө гэдгийг илэрхийлж байгаа юм. Монгол Улсын иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн авсан зүйлийг харилцан буцааж өгөхөөр зохицуулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иймд 2018 оны 07 сарын 10-ны өдөр Park Chul-той байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн РР000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 6-р хороолол, 43-р байр 10 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Т.Т.Бг тогтоож өгнө үү.
Хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжтэй байсан бол иргэний хуулийн 56.5-т зааснаар талууд авсан өгсөн зүйлээ буцаах үүрэгтэй
7 сарын 10-ны өдрийн 60,000,000 төгрөгийг шилжүүлж аваад 40,000,000 төгрөгийг 9 сарын 10-ны өдөр авсан. Нийтдээ 100,000,000 төгрөг болсон
Яагаад гэхээр тухайн хөрөнгөө бодитойгоор худалдахгүй бол энэ хүнд түр хугацаанд шилжүүлж байна гэдэг байдлаар дүр үзүүлсэн гэж үзэж байгаа. Зээлийн гэрээний харилцаан дээр маргахгүй байгаа
Т.Т.Бгийн хувьд зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй, мөнгө шилжүүлж аваагүй ийм хүн байгаад гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хууль ёсны худалдах, худалдан авах гэрээнээс өөр хууль ёсны гэрээ байгуулагдаагүй учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг дэмжихгүй байгаа. Зээлийн харилцаагаа хүлээн зөвшөөрч байгаа байж дүр үзүүлсэн гээд байх юм. Дүр үзүүлсэн хэлцэл бол байхгүй. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ нь тодорхой хугацаатай л байсан. Тэр хугацаандаа баталгаажна гэж тохирсон. Тэгээд тэр хугацаа 2 жилийн хугацаа өнгөрсөн гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.06.28-ны өдрийн итгэмжлэл, 2023.06.28-ны өдрийн 0019 дугаартай нотариатчийн тэмдэглэл, РР000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/08968 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/01076 дугаартай шийдвэр зэрэг баримтыг гаргаж өгсөн.
6. Хариуцагчаас 2023.08.08-ны өдрийн хариу тайлбар, 2023.11.08-ны өдрийн 0602 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.03.06-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гаргаж өгсөн.
7. Зохигчдын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.10.03-ны өдрийн 1376 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байр, 10 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн РР000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2024.03.19-ний өдрийн 6/3215 дугаар албан бичиг, БНСУ-ын иргэн Park Chul-ын дансны хуулга, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024.03.28-ны өдрийн 1/1401 дугаартай албан бичгийн хамт ирүүлсэн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022.04.04-ний өдрийн 418 дугаартай Прокурорын тогтоол зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Park Chul-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Т.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Park Chul нь хариуцагч Т.Т.Бд холбогдуулан Чингэлтэй дүүргийн00000 тоот хаягт байрших орон сууцыг Т.Т.Бгийн эзэмшлээс албадан чөлөөлөх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч тал шаардлагынхаа үндэслэлийг ...худалдах-худалдан авах гэрээ байгуулан, 1 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдан авч, уг мөнгийг Т.Т.Бгийн төрсөн хүү Д.Нгийн дансаар шилжүүлж өгсөн. Мөн гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003638 тоот гэрчилгээг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Park Chul-ийн нэр дээр шинэчлэн гаргуулж, хууль ёсны өмчлөгч болсон.
Харин орон сууцны эзэмшлийг чөлөөлж өгөлгүй өдийг хүрээд байгаа билээ. Т.Т.Б нь уг орон сууцаа буцааж худалдаж авах тул хүлээж бай гэсээр удаа дараа хугацаа тохирч байгаа боловч одоог хүртэл шийдвэрлэхгүй, буцаан худалдаж аваагүй бөгөөд орон сууцыг чөлөөлж ч өгөхгүй байгаа... гэж тодорхойлжээ.
Хариуцагч Т.Т.Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...
худалдах-худалдан авах гэрээг анхнаасаа дүр үзүүлсэн шинжтэй, тухайн орон сууцыг ерөөсөө худалдах хүсэл зориг анхнаасаа байгаагүй.
Т.Т.Бгийн нэр дээрх байрыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлээд үүнийхээ хариуд 100,000,000 төгрөгийг 1 сарын 3%-ийн хүүтэй зээлдээ авсан гэсэн.
Park Chul Д.Н нарын хооронд зээлийн гэрээний шинжтэй харилцаа үүссэн. Хэн аль нь мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрсөн, сарын хүү 3%-ийг хүлээн зөвшөөрнө гэдэг... гэх тайлбар гаргаж тус тус мэтгэлцэж байна.
Хариуцагч Т.Т.Б нь нэхэмжлэгч Park Chul-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн РР000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 33333м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Т.Т.Бг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанд тодруулахдаа Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн РР000 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 33333м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Т.Т.Бд шилжүүлэхийг даалгах тухай гэжээ.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг ...Д.Н нь Park Chul-аас 100,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд зээлийн барьцаа болгох зорилгоор өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202000317 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц болон Т.Т.Б миний өмчлөлийн 1 өрөө орон сууцыг тус тус худалдах-худалдан авах гэрээгээр Park Chul-ийн нэр дээр түр шилжүүлсэн.
Орон сууцыг Park Chul-д худалдах бодит хүсэл зориг анхнаасаа байгаагүй бөгөөд орон сууцыг худалдсан төлбөр гэж огт авч байгаагүй.
Орон сууц худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлсэн хэлцэл... зээлийн төлбөрт 64,800,000 төгрөгийг өнгөрсөн хугацаанд төлсөн ба зээлийн үлдэх төлбөрийг төлнө... гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгч Park Chul нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Хууль ёсны худалдах-худалдан авах гэрээнээс өөр хууль ёсны гэрээ байгуулагдаагүй учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг дэмжихгүй байгаа. Зээлийн харилцаагаа хүлээн зөвшөөрч байгаа байж дүр үзүүлсэн гээд байх юм. Дүр үзүүлсэн хэлцэл бол байхгүй. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ нь тодорхой хугацаатай л байсан. Тэр хугацаандаа баталгаажна гэж тохирсон. Тэгээд тэр 2 жилийн хугацаа өнгөрсөн... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэл болон татгалзлын үндэслэлийг нотлох үүрэгтэй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Park Chul хариуцагч Т.Т.Б нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байрны 10 тоот 18 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид 30,000,000 төгрөгийг шилжүүлэхээр талууд харилцан тохиролцжээ. Гэрээний 2.2, 2.3-т зааснаар төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр төлж дууссан гэж тодорхойлжээ.
Дээрх гэрээгээр Park Chul нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хорооллын, 43 дугаар байрны 10 тоотод оршин байрлах 18 м.кв 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/01076 дугаар шийдвэрээр Park Chul-ийн нэхэмжлэлтэй Д.Нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Д.Нгээс 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Park Chul-д олгож, Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоон, хариуцагч Д.Нг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, 21 байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2202000317 дугаартай бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.
Нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч тал орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй дүр үзүүлж хийгдсэн гэж маргасан.
Иргэний хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлговол зохино гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан хүсэл зоригийн агуулга гэдгийг хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлэлийн мөн чанар, харин мөн зүйлийн 41.2-т заасан хүсэл зоригийн илэрхийллийн утга гэдгийг энэхүү эрмэлзлэлийн гадаад илрэлийн гол санаа гэж тус тус ойлгоно. Хүсэл зоригийн агуулгыг тодорхойлоход үгийн шууд утгыг, хүсэл зоригийн илэрхийллийн утгыг тодорхойлоход учир санааг гол төлөв анхаарна гэж тайлбарлажээ.
Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарахгүй байх бөгөөд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь орон сууцыг худалдах зорилгогүй, харин Park Chul болон Д.Н нарын хооронд хийгдсэн зээлийн хэлцлийн дагуу орон сууцыг барьцаалах агуулгатай болох нь тогтоогджээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар талууд орон сууцыг худалдан авах зорилгогүй, Т.Т.Б орон сууцаа Park Chul-ийн захиран зарцуулах эрхэд шилжүүлж, үнийг авах, нэхэмжлэгч Park Chul орон сууцны үнийг төлж, эзэмшил болон өмчлөлдөө шилжүүлэх буюу зохигчдод худалдах-худалдан авах гэрээний эрх, үүргийг үүсгэх эрмэлзэл байгаагүй болохыг хэн аль нь зөвшөөрсөн болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн Park Chul, Т.Т.Б, Д.Нгийн мэдүүлгүүд, шүүх хуралдаанд гэрч Д.Нгийн өгсөн мэдүүлэг, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууц Park Chul өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч гэрээний дагуу төлбөр нь худалдагч Т.Т.Бд төлөөгүй, харин түүний хүү болох Д.Нд шилжүүлсэн, зээлийг төлөөд орон сууцыг хариуцагчид буцаан өгөх болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан, орон сууцыг хариуцагч эзэмшиж байгааг зохигч маргаагүй байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хэн алинд нь орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, зөвхөн зээлийн гэрээний барьцаа болгож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл, Park Chul, Т.Т.Б нар нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г байгуулахдаа дүр үзүүлж хийсэн ба зээлийн гэрээний талуудад барьцаа болгож өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж заасан.
Орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй, харин хариуцагчид дээрх гэрээгээр ямар нэгэн мөнгө шилжээгүй байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлэх ямар нэгэн үүрэг байхгүй.
Орон сууц худалдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь тухайн орон сууцыг барьцаалж Ч.Нямсүрэнд зээл олгосон Park Chul нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Park Chul зээлийн гэрээний үүргийг зохих этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.
Иймд дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн зүйлийн 56.5-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг Т.Т.Бгийн нэр дээр буцаан шилжүүлэх боломжтой гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр Park Chul болон Т.Т.Б нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, орон сууцны өмчлөх эрхийг Т.Т.Бгийн нэр дээр буцаан шилжүүлж, харин нэхэмжлэгч Park Chul-ийн бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Т.Бд холбогдох Чингэлтэй дүүрэг,00000 тоот хаягт байрлах орон сууцыг Т.Т.Бгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Park Chul-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар Park Chul, Т.Т.Б нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 байрны 10 тоот нэг өрөө 18 м.кв орон сууцны өмчлөх эрхийг Т.Т.Б шилжүүлэхийг нэхэмжлэгч Park Chul даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөг, хариуцагч Т.Т.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Park Chul-иас 307,950 төгрөг гаргуулж, хариуцагч Т.Т.Бд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС