Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0934

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БЦ ХХК

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: ОН ХХК

Гуравдагч этгээд: БӨ ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн БЦ ХХК-д, мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжийн БӨ ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээд ОН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд БӨ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компанийн гаргасан хүсэлтийн дагуу Сонгонохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрыг эзэмшүүлсэн. Газрын төлбөрийг зохих журмын дагуу төлж байсан ба үргэлжлүүлэн 2018 оны эхний улиралд төлөх гэтэл эзэмшил газрыг маань бусдад шилжүүлсэн байна гэсэн.

 

Тухайн асуудлаар өмгөөлөгчид хандсан ба тэрээр Сонгонохайрхан дүүргийн Засаг даргад хандан өөрийн хууль бус захирамжаа хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг 2018 оны 02 дугаар сарын 23-нд гаргасан. Хариу бичигт асуудлыг шалгаж байна гэсэн ба газар эзэмших эрхийг чинь сэргээж өгье хэмээн 2018 оны 5 дугаар сард дүүргийн Газрын албаны дарга С.Ц амаар хэлсэн. Ингээд 07 дугаар сард хандахад танай газар эзэмших эрх чинь хэвээр байна гэхээр нь итгэсэн. Гэтэл манай эзэмшил газар дээр өөр этгээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул захиргааны байгууллагад 10 дугаар сард хандахад кадастрын мэдээллийн сан руу орж, манайд анх эзэмшүүлснээс тэс өөр газрыг заасан.

Иймд Сонгонохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний *** дугаар захирамжийн БЦ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өмгөөлөгчид хандсан ба тэрээр 2019 оны 02 дугаар сарын 20-нд гомдол гаргасан байна. Гомдлын хариу /хүчингүй болгох боломжгүй/-г 2019 оны 03 дугаар сарын 29-нд гардан авсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу тус шүүхэд хандан дараах үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр анх нэхэмжлэл гаргасан:

1. БЦ ХХК-ийг төлөөлөх эрхгүй М.Э газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бусадтай байгуулж, захиргааны байгууллагад хүсэлт гаргасан байна.

2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д заасны дагуу Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, мөн заалтад заасан зүйлүүдийг Засаг даргын зүгээс шалгаж тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл төлөөлөх эрхийг огт шалгахгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр гаргах үндэслэл болсон байна... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

БЦ ХХК-ийг төлөөлж М.Э, ОН ХХК-ийг төлөөлж О.Н нар харилцан тохиролцон газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, М.Э нь БЦ ХХК-ийн эзэмшлийн газрыг ОН ХХК-д шилжүүлэх тухай гэрээ, дүүргийн газрын албатай байгуулсан иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, ОН ХХК-ийг төлөөлж О.Н нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлт зэргийг бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ирүүлсэн байна.

БЦ, ОН ХХК-ийн гаргасан хүсэлт бүрдүүлсэн баримт нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.12-т нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; 38.2.3-д албан татвар, хураамж төлсөн тухай баримт гэж заасан шаардлагыг хангасан тул Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг ОН ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн ОН ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч БЦ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...БЦ ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг ОН ХХК-д шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн холбогдох заалтыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний *** дугаар захирамжийн 2 дахь заалтаар хүчингүй болгож, 1 дэх заалтаар ОН ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг БӨ ХХК-д шилжүүлсэн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний *** дугаар захирамжийн БЦ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний *** дугаар захирамжийн БӨ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү хэмээн ихэсгэж байна.

Шаардлагыг ихэсгэсэн үндэслэл нь:

1. Маргаж буй газар нь одоогийн байдлаар БӨ ХХК-ийн эзэмшилд байгаа ба БӨ ХХК-д эзэмшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй.

2. Газар эзэмших эрхээ үндэслэлгүйгээр хүчингүй болгуулсан шийдвэрийг болон хууль бус захирамжийг үндэслэн гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулснаар үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах иргэний эрх нь хуулийн этгээдээрээ дамжин сэргэх болно гэжээ.

Гуравдагч этгээд ОН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжаар тус компанид Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээгээр баталгаажсан, Газар эзэмших гэрээний дагуу 2017, 2018 онуудад газрын төлбөрийг төлж байсан болно.

Өмнө нь ****** ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан 2016 оны *** дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба анхан шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/**** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн ОН ХХК-д холбогдох хэсгийг хүчинтэй хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Энэхүү шүүхийн шийдвэрийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн **** дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээсэн бөгөөд хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байгааг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд БӨ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай компани нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ОН ХХК-тай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1******** дугаартай 20000 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай газрыг шилжүүлж авсан болно.

Газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гаргаснаар тус дүүргийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжаар эрх шилжүүлж, **** дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон ба 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг газрын албатай байгуулан одоог хүртэл тус газрыг хуулийн дагуу эзэмшиж байна.

ОН ХХК-д газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийг хүчин төгөлдөрт тооцсон Захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шийдвэр, тогтоол байдаг бөгөөд манай компанид эрх шилжүүлж гаргасан 2017 оны *** дугаар захирамж хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БЦ ХХК нь шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн БЦ ХХК-д, мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжийн БӨ ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн БЦ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Сонгонохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20000 м.кв газрыг нэхэмжлэгч БЦ ХХК-д эзэмшүүлжээ.

Улмаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Сонгонохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжаар ОН ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлсэн.

Гуравдагч этгээд ОН ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/08 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Өмчийн харилцааны газарт газар эзэмших хүсэлт гаргасан ба хүсэлтдээ 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нотариатаар батлуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, БЦ ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, маргаан бүхий газрын байрлалыг тодорхойлсон кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, ОН ХХК, БЦ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар зэргийг хавсарган хүргүүлсэн байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ; эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо; албан татвар, хураамж төлсөн тухай баримт. татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт зэргийг хавсаргана гэсэнтэй нийцэж байна.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэргийг тодруулан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хариуцагч үйл ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ БЦ ХХК-ийг төлөөлөх эрхгүй М.Э газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг бусадтай байгуулж, захиргааны байгууллагад хүсэлт гаргасныг хүлээн авч, газрын тухай хуульд заасан зүйлүүдийг Засаг даргын зүгээс шалгаж тодруулаагүй гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н шүүх хуралдаанд тухайн үед газрын төлбөр төлж байсан баримтууд, тамга тэмдэг, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хулгайд алдагдсан гэж тайлбарласан боловч энэ талаар холбогдох хууль хяналтын байгуууллагад гомдол гаргасан, шийдвэрлэсэн эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн дүүргийн Газрын албанаас газрын төлбөрийг нэхэмжлэгч компани төлсөн баримт гараагүй ба харин гуравдагч этгээд болох ОН ХХК, БӨ ХХК-иудын эзэмшиж байсан хугацааны газрын төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд ирүүлсэн болно.

Харин М.Э гэх төлөөлөх эрхгүй этгээд газар шилжүүлэх гэрээг компанийн нэрийн өмнөөс хийснийг хариуцагч шалгаж тодруулаагүй гэх үндэслэлийг шүүх хүлээн авч хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд гуравдагч этгээд ОН ХХК-ийн газар эзэмших хүсэлтэд хавсаргаж хүргүүлсэн БЦ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний ард М.Э захирлаар томилсныг 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэсэн байдлаар үгүйсгэгдэж байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн БЦ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хоёр. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжийн БӨ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гуравдагч этгээд ОН ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бээс шүүхэд ****** ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан 2016 оны *** дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны *** дугаар захирамжийн ОН ХХК-д холбогдох хэсгийг хүчинтэй хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/**** дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн **** дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ** дугаар тогтоолоор шийдвэрийг тус тус хэвээр үлдээсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч энэхүү тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй.

Учир нь хэдийгээр хариуцагч болон маргаж буй акт ижил боловч гуравдагч этгээд болох ОН ХХК-ийг маргаан бүхий газрыг эзэмших болсон шалтгаан нөхцөл, нэхэмжлэгч ****** ХХК, БЦ ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт өөр хоорондоо ялгаатай байна.

Харин энэхүү хэрэг маргаан дээр ОН ХХК нь БЦ ХХК-иас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний үндсэн дээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангаж, тухайн газрыг эзэмших эрхтэй болсон, шилжүүлж авснаас хойш газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн ОН ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г БӨ ХХК-тай байгуулж, өөрийн эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20000м2 талбай бүхий газрыг шилжүүлэхээр тохиролцсон.

Газар шилжүүлж авах хүсэлтээ гуравдагч этгээд БӨ ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргаснаар хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжаар тухайн газрыг БӨ ХХК-д эзэмшүүлж, 2016 оны *** дугаар захирамжийн ОН ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх зэргийг тодруулан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч БЦ ХХК нь шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн БЦ ХХК-д, мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжийн БӨ ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БЦ ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар захирамжийн БЦ ХХК-д, мөн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар захирамжийн БӨ ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА