Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 4 сарын 16 өдөр                         2020/ДШМ/12                                     Хэрлэн сум                                  

 

А-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0012/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Б.Бямбасүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-,

Шүүгдэгч А-, түүний өмгөөлөгч, Э.Ганбат, Г.Бадамгэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О- нарын давж заалдах гомдлоор А-д холбогдох эрүүгийн 1939006890031 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1996 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эх баригч бага эмч мэргэжилтэй, ам бүл 4, охин, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Д-40 дүгээр байрны 35 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д овогт Б-н А нь

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цаг 45 минутын үед тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б-өд андуурч буруу тариа хийж, болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Б-н А-г Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Б-н А-г эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-д Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хуулиудад зааснаар шүүгдэгч А-н охин 5 настай Доной овогтой А- А-н асрамжийн асуудлыг хуульд заасан журмын дагуу даруй шийдвэрлэхийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулгын зардалд шүүгдэгч А-, иргэний хариуцагч Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс тус тус 4336457 төгрөг 50 мөнгийг 2020 оны 7 дугаар сарын 01-ний дотор гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-д олгуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсэг 16762802 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А- давж заалдах гомдолдоо: Миний бие өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би өөрийн 5 настай охин, 2 дүүгийн /бага дүү 6 настай/ хамт амьдардаг бөгөөд надаас өөр асран хамгаалах хүн байхгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. А- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан тусгай субъекттэй, өөрөөр хэлбэл эмнэлгийн мэргэжилтэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шинжтэй байхад Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлээр зүйлчлэн яллах дүгнэлтийн хүрээнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэмэгдэл ялын хэмжээнээс /3 жил хүртэлх/ хэтрүүлэн хэрэглэсэн. Яллах дүгнэлтэд А- үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн атал зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй, уг зүйл хэсэг нь нэмэгдэл ялтай учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна. Иймд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэнэ үү.

А- үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд А- өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. А- нь шийтгэх тогтоол гарахаас өмнө гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй нь түүнд хорих ял оногдуулах үндэслэл болсон. Шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн 4336457 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд А- эгч С 10000000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-д өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “хохирол төлөгдсөн, А-д тэнсэн харгалзах ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн бичгийг хийж өгсөн.

А- нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд ажил амьдралаа дөнгөж эхэлж байгаа залуу хүн юм. Мөн анх удаа тохиолдлын шинжтэй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлсөн, мөн ажлын дадлага, туршлага дутагдсан, ажил олгогчийн зүгээс ажлын байрыг үндэслэлгүй өөрчилж ажиллуулсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О- давж заалдах гомдолдоо: 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний нөхөр Б- нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт эмчлүүлэхээр хэвтсэн, эмчилгээний явцад бие нь сайжирч эдгэрээд гарахын өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө сувилагч А- буруу тариа судсаар нь хийж амь насыг нь хохироосон. Анхан шатны шүүх хуралдааны явцад сувилагч А- болон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг алдаагаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үед өвчтөний амь насыг хохироосон тарианы хоосон шил болон хийх ёстой байсан тариа нь бүтнээрээ байсан. Миний 30 жил ханилсан хань маань нас барсан. Хүний амийг мөнгөөр хэмжих боломжгүй хэдий ч А- хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Би А- өөрийн хүүхэд шигээ санаж 5 настай охиныг нь өрөвдөж тэнсэн харгалзах ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг хийж өгсөн гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: А- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс зүйлчлэлийн хувьд маргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг бүрэн хангасан гэж үзэж байна. Хүний амь насыг мөнгөөр хэмжих боломжгүй хэдий ч Эрүүгийн хуульд материаллаг хохирлыг гэм хорд тооцдог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 30 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс 16762802 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон. Бидний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй ярилцаж тохиролцоод хэрэгсэхгүй болгосон 16762802 төгрөгөөс 10000000 төгрөгийг өгч, үлдсэн 6000000 төгрөгийг 2020 ондоо багтаан төлөхөөр гэрээ байгуулсан тул бодит хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй юм. А- хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд 5 настай охин, 6 настай дүүгээ асрамж хамгаалдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: А- өөрийн хайнга болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироож, хүний амьд явах эрхэд халдсан. Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1-д заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүхээс А-д 3 жилийн хорих ял оногдуулж, эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан боловч хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд А- материаллаг хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд татгалзах зүйлгүй, А-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч А-, түүний өмгөөлөгч Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О- нарын давж заалдах гомдлоор А-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Б.А- Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө Б-өд андуурч буруу тариа хийж, болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай болжээ.

Шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй нь тус хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

А- нь 0004161 дугаартай эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байтал аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сувилахуйн албаны даргаар ажиллаж байсан У нь Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалгүйгээр түүнийг Мэс заслын 2 дугаар тасагт сувилагчаар ажиллуулсан, үүнд эх баригчийг сувилагчаар ажиллуулж болох эсэх, Нэгдсэн эмнэлгийн зүгээс томилох, ажиллуулах явцдаа ямар хуулийн заалтыг зөрчсөн зэрэгт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулж, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэрийг тогтоох, үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлээр зүйлчлэх эсэхийг шийдвэрлэсний эцэст гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газарт буцаасугай. 

2. Хэргийг прокурорт очтол А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО