Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 478

 

ЧДНДХ-

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02797 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЧДНДХ-нэхэмжлэлтэй,

Хариуцагч “П” ХХК-д холбогдох 

 

Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 14 575 572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч “П” ХХК нь 2016 оны 01 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 9 717 048 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх шимтгэлийг төлүүлэхээр “П” ХХК-д ЧДНДХ-улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл төлөлгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4-т заасныг зөрчиж байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 9 717 048 төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зуйл 20.1.2-т заасан ”Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцож 4 858 524 төгрөг, нийт 14 575 572 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл, алдангид нийт 14 575 572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 230 827 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдах гомдолдоо: “Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хүсэлтүүдийг /шинжээч томилуулах, нотлох баримтууд гаргуулах/ шүүхэд шүүх хурлын тов зарлагдахаас өмнө гаргасан боловч шүүх хангахаас татгалзаж, улмаар хаиуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 9 717 048 төгрөг, түүний алдангид 4 858 524 төгрөг, нийт 14 575 572 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч “П” ХХК нь 2016 оны 01 дугаар 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд, төлвөл зохих хэмжээгээр төлөөгүйн улмаас 14 575 572 төгрөгийн өр үүсгэжээ. Энэ нь хэрэгт авагдсан Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын Заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, “П” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “П” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, ЧДНДХ-Улсын байцаагчийн албан шаардлага, “П” ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдэл, “П” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 016/001 дүгээр албан бичгээр “...нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл 9 497 048 төгрөгийг 2016 оны 2, 3 дугаар улиралд багтаан дуусгах талаарх” мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 7-11, 15-19, 20/

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх талаар хуульчлан тогтоосон байна. Анхан шатны шүүх 9 497 048 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрийн 50 хувиар алданги тооцсон нь уг хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Иймд шүүх хариуцагч “П” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй 9 717 048 төгрөг, алдангид 4 858 524 төгрөг, нийт 14 575 572 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн, шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч талд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан /хх 42/ баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэжээ.

Шүүх хариуцагч талын шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 828 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН