Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 5 сарын 04 өдөр                         2020/ДШМ/14                                     Хэрлэн сум                                  

 

М-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0014

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Д.Отгонтуяа,  

Шүүгдэгч М-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн эсэргүүцлээр М-д холбогдох эрүүгийн  2039000820065 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний аюулгүй байдал, бие хамгаалах мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 70 дугаар байрны 2-15 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт А-н М нь

Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ явган зорчигч иргэн Т-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт А-н М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч М-ад анхааруулж, Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч М-ын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-аас 3000000 төгрөгийг гаргуулж хохирогч Т-д олгож, шүүгдэгч нь 3000000 төгрөгийн хохирлыг 2020 оны 4 дүгээр сарын 01-нд 1000000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 01-нд багтааж 2000000 төгрөг төлөхөө илэрхийлж хохирогчтой сайн дураараа тохиролцсон болохыг дурдахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэл болон ахлах прокурор Д.Отгонтуяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасч, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус хуульчилсан байхад шүүгдэгч М-д нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсан. Шүүхээс М-д нэмэгдэл ял хэрэглээгүй нь буруу бөгөөд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн эсэргүүцлээр М-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тодорхойлсноос үзэхэд үндсэн ял нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хатуу үр нөлөөтэй байхад нэмэгдэл ял нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, иргэнийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан байдаг. Тодорхой эрхийг тухайлбал тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хязгаарлах нь нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, хүнийг гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх чухал үр нөлөөтэй арга хэмжээ юм.

Шүүгдэгчид үндсэн ялыг биечлэн эдлүүлэхээс хуульд заасан болзол журмын дагуу тэнсэх, хойшлуулах байдлаар шүүх чөлөөлсөн нь нэмэгдэл ялын урьдчилан сэргийлэх үр нөлөөг шаардлагагүй гэж үзэх, түүнийг хэрэглэхгүй байх үр дагавар үүсгэх учиргүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан үндсэн болон нэмэгдэл ял нь тус тусдаа өөрийн үүрэг, зорилго, үйлчлэлийн хүрээ, ялгаатай үр нөлөөлөлтэй тул аль нэгийг нь хэрэглэхээс шүүх түдгэлзэж буй нь нөгөө ялыг хэрэглэхгүй байх хууль зүйн шууд үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн ял шийтгэл оногдуулахдаа эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж  үзэх  үндэслэлтэй  байна.

Иймд Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                           Б.СҮХГОМБО