Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0436

 

 

 

 
2017 оны 06 сарын 20 өдөр     Дугаар 221/МА2017/0436             Улаанбаатар хот


Д.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгч А.Б, гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.М-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.12, 13 дугаар зүйлийн 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.5-д заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 109 дүгээр захирамжийг үндэслэн тус дүүргийн 16 дугаар хороо, Туулын 13 дугаар гудамжны 24 тоот 700 м.кв газрыг эзэмшүүлсэн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн … дугаартай гэрчилгээг нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Х.Т-т холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дүгээр захирамжийг үндэслэн Х.Т-т олгосон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрийг тус тус илт хууль бусад тооцож, энэ газар өмчлүүлэх тухай шийдвэрийг үндэслэн Х.Т-т олгосон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2009 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн … дугаартай гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, Б.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн … дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Д.М нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдлөө “2003 онд Х.Т та нэг хэсэг газраа миний нэр дээр шилжүүлчих миний алтны уурхайг хоёулаа хамтран эзэмшье. Танай газар дээр алт мөнгөний дархан ажиллуулья гэхэд би зөвшөөрч ...” гэсэн тайлбар гаргажээ.
Гуравдагч этгээд Х.Т-т алт мөнгөний дархан ажиллуулахаар аман хэлэлцээр хийж, тухайн газрыг авсан гэж, нэхэмжлэгч “... Х.Т нь Баянгол дүүргийн Туулын 13-24 тоот ганц ч удаа амьдарч байгаагүй бөгөөд тухайн үед намайг залилан миний газрыг эзэмшиж ашиглах эрхийг олж авсан” гэж маргадаг. Засаг дарга шийдвэр гаргаж, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Иймд Х.Т-т газар эзэмшүүлж, гэрчилгээ олгох тухай захирамж гаргаагүй, мөн Д.М дээрх хуулийн заалтын дагуу өөрийн эзэмшил газраа шилжүүлэхийг зөвшөөрөөгүй байхад гэрчилгээ олгосон нь илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ”.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд хэдийгээр маргаан бүхий газрыг шилжүүлэх талаар талууд хоорондоо тохиролцсон гэж байгаа боловч гэж шийдвэрийн үндэслэл болгосон байна.
Энэ нь захиргааны хэргийн шүүх иргэд хоорондын маргаан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна. Гэтэл захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.
Маргааны үндэслэл болсон нотлох баримт үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй энэ нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн нэгт дурдахдаа хэт нэг талыг барьсан төрийн байгууллага эрх бүхий албан тушаалтнаас ирүүлсэн хууль ёсны тайлбар, албан бичгийг нотлох баримтын хүрээнд үнэлсэнгүй.
Нэхэмжлэгч Д.М Баянгол дүүргийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн … дугаартай газар эзэмших гэрчилгээгээр 1500 м.кв газрыг, Ц.Ч-д … м.кв газар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. 2004 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Д.М-ын өмчилж байгаа газрын байршил кадастрын зургаар маргаан бүхий газрыг нийтэд … м.кв гэж оруулжээ гэж дүгнэсэн байгаа бөгөөд хавтаст хэрэгт 217 дугаар талд, мөн 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн газрын зөвшөөрөл олгох тухай захирамжид огт дурдагдаагүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан заалтыг зөрчин хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын хуурамчаар бүрдүүлсэн бичиг баримтыг үнэн бодит хэмээн шууд үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан заалтыг зөрчиж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Д.М нь “Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 дүгээр захирамжийг үндэслэн Х.Т-т Баянгол дүүргийн Туулын … тоот … м.кв газрыг эзэмшүүлсэн 2004 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн … дугаартай гэрчилгээг, нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжийн Х.Т-т холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр захирамжийг үндэслэн Х.Т олгосон газар өмчлүүлэх тухай шийдвэрийн тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х.Т-ын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн … дугаартай гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоолгож, Б.Б-ийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн … дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Анх нэхэмжлэгч Д.М нь 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “нийслэлийн Засаг даргын 2004 оны 301 дүгээр захирамжийн Х.Т-т холбогдох хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн … дугаарт бүртгэгдсэн Х.Т-ын өмчлөгчийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 333 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Уг шүүхийн тогтоолыг Д.М шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 364 дүгээр тогтоолоор Д.М-ын хүсэлтийг хангаж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 333 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заажээ.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Т-т Баянгол дүүргийн Туулын … тоот газрыг эзэмшүүлэхээр нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дүгээр захирамж гараагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар, мөн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Мөн гуравдагч этгээд нь Баянгол дүүргийн Засаг даргын 2003 оны 109 дүгээр захирамжаар Х.Т-т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн гэж тайлбарлах боловч уг захирамж нь “Газар эзэмшигч иргэдийн гэрчилгээг баталгаажуулж гэрчилгээжүүлэх тухай” тухайн дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, газар эзэмших гэрчилгээгээ шинэчилж аваагүй иргэдийн гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдийг гэрчилгээжүүлэх зохион байгуулалт хийсэн захирамж байна.
Өөрөөр хэлбэл, Х.Т нь маргаан бүхий газарт амьдарч байгаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гуравдагч этгээдийн хорооны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Түүнчлэн Х.Т нь газар эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр захирамжийг үндэслэн түүнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянгол дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэрт газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” шийдвэр нь илт хууль бус захиргааны акт юм.
Тодруулбал, бодит байдал дээр нийслэлийн Засаг даргын 2004 оны 24 дүгээр захирамж нь Х.Т-т газар өмчлүүлэх тухай бус харин “Тендер шалгаруулалтын дүнг баталж, гэрээ байгуулах тухай” захирамж байна. Мөн энэ талаар хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1185 тоот албан бичиг зэргээр нотлогдож байгаа.
Тиймээс нэгэнт Х.Т-т газар эзэмших эрх үүсээгүй байхад нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 301 дүгээр захирамжаар түүнд Туулын … дугаар гудамжны … тоот … м.кв газрыг өмчлүүлсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжид түүнд өмчлүүлэх” гэж заасныг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр болжээ.
Иймд эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Х.Т-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гуравдагч этгээд Х.Т-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            Н.ХОНИНХҮҮ
                    ШҮҮГЧ                         Б.ТУНГАЛАГСАЙХАН
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР