Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/00722

 

Хас лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 8219 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Хас лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Э.Амарбаатарт холбогдох,

30.606.180 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

59.377.496 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Амарбаатар нь 2011.03.17-ны өдөр манай компанитай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж БНХАУ-д 2010 онд үйлдвэрлэсэн 82 500 ам.долларын үнэ бүхий Bieben маркийн эмээлт чирэгч, чиргүүлийг 36 сарын хугацаатай санхүүгийн түрээсээр авсан. Э.Амарбаатар гэрээ байгуулснаас хойш төлбөрийг бүрэн бус хэмжээгээр хугацаа хоцроон 2012 оны 6 дугаар cap хүртэл төлж байсан. Үүнээс хойш төлөлгүй хугацааг 258 хоногоор хэтрүүлсэн учир компани 2013.4.05-ны өдөр түрээсийн зүйлийг Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан үндэслэлээр түр буцаан авсан. Э.Амарбаатар гэрээний дагуу 2012 оны 6 дугаар сар буюу түр хураан авах өдөр хүртэл хугацаанд үндсэн төлбөрт 17.793.015 төгрөг, хүүгийн төлбөрт 9.156.856 төгрөг, алдангид 3.656.309 төгрөг, нийт 30.606.180 төгрөгийг төлөх байсан. Компани Э.Амарбаатараас түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үүрэг гүйцэтгэхээс зайлсхийж оршин суух хаягтаа байхгүй байсан тул Сүхбаатар дүүргийн шүүхээр эрэн сурвалжилж олсон ч мөн л үүргээ гүйцэтгэхгүй компанийг хохироож байгаа тул санхүүгийн түрээсийн төлбөрт 30.606.180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хас лизинг ХХК-тай 2011.03.17-ны өдөр 36 сарын хугацаатай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, авто машин, чиргүүлийн хамт түрээслэж, сарын түрээсийн төлбөр 2.800.000 төгрөг байхаар тохирч гэрээ байгуулсан. Таван толгой ХХК-ийн нүүрсний уурхай 2012 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаа нь зогссон тул миний ажил мөн зогсонги байдалд орж ямар ч орлого ашиггүй болсон. Гэсэн ч тасралтгүй 18 сарын зээлийн төлбөрөө хугацаандаа төлсөн бөгөөд 6 cap нь уурхай зогссон хугацаанд хамаарна. Би уурхайн ажил зогсож орлогын эх үүсвэргүй болсон талаар компанид мэдэгдэж зээлийн төлбөрийг түр зогсоож өгнө үү гэхэд “өөрт байгаа хуримтлалаасаа төлбөрөө төлөөд түр явж бай” гэсний дагуу байсан бүх мөнгөө өгч, тээврийн хэрэгсэл зэргийг худалдан борлуулж зээлийн төлбөрт төлсөн ба уурхайн ажил эхлэхээр төлбөр төлнө гэдгийг хэлсэн. Нэхэмжлэгчээс жил бүр автомашиныг шалгадаг, 2013.04.05-ны өдөр “Хас лизинг” ХХК-иас 2 ажилтан Таван толгойн уурхайд очиж машиныг шалгая гээд намайг дагуулан очиж хөрөнгийг хураасан. 2013.6.01-ний өдрөөс уурхайн ажил эхлээд би 2013.6.17-ны өдөр тээврийн хэрэгслээ авах гээд компани дээр очиход Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан гэж 375 дугаартай албан бичиг өгсөн. Ажиллагаа зогссон талаар мэдэгдсээр байхад тээврийн хэрэгслийг хураан авснаар миний ашиг орлого олох боломж, эх үүсвэрийг нэхэмжлэгч өөрөө хаасан тул төлбөр төлөх боломжгүй болсон. Тухайн Bieben маркийн 82.500 ам.долларын үнэ бүхий тээврийн хэрэгслийн 30 хувийн үнэ болох 38.000.000 төгрөгийг би бэлнээр төлсөн бөгөөд гэрээний хугацаанд 50.000.000 гаруй төгрөг төлсөн. Одоо би машинаа хураалгачихаад 30.000.000 гаруй нэмж төлнө гэдэг үнэхээр хохиролтой. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э.Амарбаатар 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Хас лизинг” ХХК-тай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г урьдчилгаанд 36.000.000 төгрөгийг төлж байгуулсан. Гэрээний зүйл болох хүнд даацын автомашиныг түрээслэн, түрээсийн төлбөр болон машины үндсэн төлбөрийн нийт 86.400.000 төгрөгийг төлж, төлөх ёстой төлбөрөөс 14.847.051 төгрөг төлөгдөх дутуу байхад буюу 2013.4.05-ны өдөр түрээсийн зүйл болох хүнд даацын автомашиныг түрээслэгч талд дахин буцаан өгөхгүйгээр бүр мөсөн хурааж, 258 хоног төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэдэг ч энэ нь үндэслэлгүй. Учир нь 2012 оны 4 дүгээр сард хариуцагч түрээсийн төлбөрийг тогтмол төлөөд 14 cap болж байсан. Э.Амарбаатарын түрээсийн зүйлээр үйл ажиллагаа явуулах гэрээт “Таван толгой” ХХК-ийн үйл ажиллагаа түр зогсолт хийсэнтэй холбоотой ажил зогсож, ямар ч ашиг орлогогүй болсон. Энэ талаар “Хас лизинг” ХХК-д хэлж, Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар түрээсийн зүйлийг түр хураалгаж, төлбөрийг зогсоож өгөхийг хүсэхэд “өөрт байгаа хуримтлалаасаа төлөөд түр явж бай” гэсэн байдаг. Үүний дагуу 6 cap төлбөр төлсөн бөгөөд цаашид хуримтлалгүй, орлогын эх үүсвэргүй болсон. Мөн Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4-т зааснаар “түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй” гэх үндэслэл 2012 оны 12 дугаар сараас эхлээд бүрдсэн байхад өөрсдөө үүргээ биелүүлэхгүй хугацаа алдаж хариуцлагагүй хандсан атлаа буруугаа Э.Амарбаатарт тохож, түүнээс алдангид 3.656.309 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Ийнхүү ...90-ээд сая төгрөг төлсөн машинаа дахин буцаан авалгүйгээр хураалгаснаас болж, Э.Амарбаатар нь сэтгэл санааны гүн хямралд орж, мэдрэлийн ядаргаа, саажилт оноштой 5 сарын турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бие эрхтэнээрээ хохирч, улмаар биед нь эмчлэгдэшгүй үлдэцтэй болсон. Ингээд 2013.6.01-ний өдрөөс “Таван толгой” ХХК-ийн уурхай нээгдэж, Э.Амарбаатарын гэрээт ажил эхэлсэн тул тээврийн хэрэгслээ авахаар очиход машиныг буцаан өгөхгүй, таны машиныг дуудлага худалдаанд оруулж, бусдад зарахаар болсон гэдэг. Энэхүү үйлдэл нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг зөрчсөн. Түүний аав Э.Энхтайван дэд захирал н.Цэвэгжавтай уулзахад “машиныг буцаан өгөх боломжгүй, дуудлага худалдаанд оруулж байгаа” гэсэн. Э.Амарбаатарын хувьд албан ёсоор тайлбар өг гэснээр 2013.6.17-ны өдөр 375 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан болно” гэдэг бичгийг хийж өгсөн. Ийнхүү 2013 оны 4 дүгээр сараас “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г цуцласан атлаа үндсэн төлбөрт төлсөн мөнгө болон урьдчилгаанд төлсөн 36.000.000 төгрөгийг буцаан олголгүйгээр, машиныг хураан авч ашиглуулаагүй байж түрээсийн зүйлийг ашигласны үндсэн дээр төлөгддөг мөнгө буюу түрээсийн үлдэгдэл үндсэн төлбөр, түрээсийн хүү зэрэг 17.793.015 төгрөг, 9.156.856 төгрөгийг тус тус нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Харин ч гэрээг хаасантай холбоотойгоор түүнд урьдчилгаанд төлсөн төлбөр болон түрээсийн гэрээний үндсэн төлбөрт төлсөн мөнгийг буцаан өгөх ёстой атал эсрэгээр машиныг өөрсдийн өмчлөлд авчихаад, дахин бүтэн машины төлбөр төлүүлэх гэж буй нь шударга бус зүйл. Иймд гэрээ дуусгавар болсонтой холбоотой урьдчилгаанд төлсөн 36.000.000 төгрөг болон түрээсийн гэрээний хүүгийн төлбөрөөс гадна машины үндсэн төлбөр, нийт 59.377.496 төгрөгийг Хас лизинг ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ хаасантай холбоотой уг гэрээний дагуу төлсөн төлбөрийг гаргуулах тухай гэж ойлгож байна. 1. Уг хэргийг шүүхээр шийдвэрлэх явцад зохигчдын маргаагүй зүйл бол талуудын хооронд Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан явдал. Санхүүгийн түрээсийн харилцаа бол энгийнээр хэлбэл Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, “Санхүүгийн түрээсийн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар түрээслүүлэгч нь тодорхой эд хөрөнгийг түрээслүүлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлдэг, түрээслэгч нь ашиглах хугацаандаа түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх харилцаа юм. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад түүнд хэрэгцээтэй байгаа эд хөрөнгийг шилжүүлдэг, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөр төлөх үүний дагуу компани Э.Амарбаатартай Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан нөхцөлтэй гэрээ байгуулсан бөгөөд түрээслэгч нь гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаж байсан хугацааны төлбөрийг 2012 оны 6 дугаар cap хүртэл төлж байсан. Үүнээс хойш үүргээ гүйцэтгэлгүй байсаар 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр автомашиныг бид түр буцаан авч түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг төлөх буюу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож өгч, түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг нэхэмжилсэн. Нөгөө талаар Э.Амарбаатар нь гэрээний үүргээ зөрчсөн хэдий ч бид Санхүүгийн түрээсийн гэрээг цуцлаагүй, түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрөө төлсөн тохиолдолд гэрээг хэвийн үргэлжлүүлэхэд бэлэн байгаа талаар шүүх хуралдааны явцад хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн. Иймд уг гэрээний дагуу төлсөн түрээсийн төлбөрийг Э.Амарбаатарт буцаан олгох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. 2. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг буруу тайлбарлаж байна. Манай компани Э.Амарбаатараас түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр түр буцаан авсан бөгөөд “түр буцаан авсан нөхцөл арилах” гэдэг нь түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг төлөхийг хэлж байгаа болохоос сөрөг нэхэмжлэлд дурдсан уурхайн үйл ажиллагаа эхлэхийг хэлэхгүй. Түүнчлэн Э.Амарбаатар түрээсийн зүйлийг түр буцаан авснаас хойш хэзээ ч ашигласан хугацааны төлбөрийг төлөх талаар санаачилга гаргаагүй, хэрэв төлөх хүсэл зориг байсан бол шүүхээр маргахгүй нь ойлгомжтой. Э.Амарбаатар нь “Хаан” банкнаас зээл авахаар хөөцөлдөж байхдаа аавтайгаа манай компани дээр ирж “Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан гэдэг бичиг хийж өгөөч, зээл аваад түрээсийн төлбөрөө төлнө” гэж хэлсэн учраас бид хүссэн бичгийг хийж өгсөн. Тийм учраас уг бичгийг “Хаан” банкинд хаягласан байдаг. Сөрөг нэхэмжлэлд хариуцагч Э.Амарбаатар бидэнтэй байнга холбоотой байдаг байсан мэтээр бичсэн нь огт үндэслэлгүй. Энэ нь дараах 2 баримтаар нотлогддог. Үүнд 1. Э.Амарбаатар нь сураггүй алга болсон тул Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2066 дугаартай шийдвэрээр түүнийг эрэн сурвалжилсан байдаг. 2. Түрээсийн дансны хуулгаас харвал 2012.6.20-ны өдрөөс 2013.03.20-ны өдрийн хооронд түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Эцэст нь энэхүү маргаан нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөнтэй холбоотой бөгөөд компанийн хувьд гэрээний үүрэг зөрчсөн зүйл байхгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 8219 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Э.Амарбаатараас 30 606 180 төгрөг гаргуулж “Хас лизинг” ХХК-д олгож, “Хас лизинг” ХХК-иас 59 377 496 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 310.990 төгрөг, хариуцагчаас  төлсөн 300.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Э.Амарбаатараас 310.990 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 154.837 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар  шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаартай магадлал гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Түрээсийн гэрээний 15 дугаар зүйлд түрээсийн зүйлийг түр хураан авах 5 нөхцөл байдаг бөгөөд энэхүү 5 нөхцөлийн аль нөхцөлтэй нь нийцсэнг тайлбарлаагүй. СТТХ-ийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д "түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй" гэх үндэслэл болно. Гэтэл хариуцагч нь 2012.06-2013.4 дүгээр сар хүртэлх 10 сарын буюу 258 хоногийн нийт 30.606.180 төгрөгийг нэхэмжилсэн хугацааны хувьд хариуцагчийн зүгээс санал нийлэхгүй байх бөгөөд харин СТТХ-ийн 15.1.4-д зааснаар 3 сарын буюу 90 хоногийн түрээсийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь хариуцагчийн зүгээс машинаар Өмнөговь аймаг дах Тавантолгой ХК-ийн уурхайд тээвэрлэлт хийж ашиг олж, төлбөрөө хийж байсан бөгөөд уурхай нь 2012.04.01-ний өдрөөс эхлэн гадаад экспорт, нүүрс тээвэрлэлт түр зогсоосон бөгөөд түрээсийн зүйлийг ашиглаж орлого олох, боломжгүй болсон. Тэгээд хувийн мөнгөнөөсөө 2 сарын төлбөрийг бүтнээр мөн дараа нь дахин 1.000.000 төгрөгийг өөрөө төлсөн байдаг. Ийнхүү төлбөрөө төлөх боломжгүй  Хаслизинг ХХК- руу холбогдон түрээсийн зүйлийг хураан авах талаар мэдэгдсэн. Машиныг хураан авсан атлаа энэхүү 2012.09-2013.04 сард хүртэл 7 сарын түрээсийн төлбөр, хүү алданги нэхэж байгаа нь үндэслэлгүй. Хураан авах ажиллагааг "Хаслизинг" ХХК л хэрэгжүүлэх үүрэгтэй, эрхтэй болохоос Э.Амарбаатарын үйлдэл, хүслээр хийгдэхгүй ажиллагаа билээ. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нийт 258 хоногийн түрээсийн төлбөрөөс 90 хоногийн түрээсийн төлбөрийг хариуцагч нь төлөх үндэслэлтэй бөгөөд үлдсэн 168 хоногийн түрээсийн төлбөрийг төлөх нь үндэслэлгүй болно. Мөн түрээсийн зүйлийг уурхай нээгдэж Э.Амарбаатар нь 2013 оны 06 дугаар сарын ихээр авахаар очиход буцаан өгөхгүй, таны машиныг дуудлага худалдаанд оруулж, бусдад зарахаар болсон гэдэг. СТТХ-ийн 15.2-д заасан заалтыг зөрчиж, Э.Амарбаатарын эрх ашгийг зөрчсөн. Н.Энхтайваны зүгээс ийнхүү машиныг буцаан өгөх боломжгүй юм бол уг тайлбараа надад албан есоор өг гэхэд "Хаслизинг" ХХК-иас 2013.6.17-ны өдөр 375 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ хаагдсан болно гэсэн захирал Г.Цэвэгжавын гарын үсэгтэй бичгийг хийж өгсөн. Лизингийн үйл ажиллагааны гэрээгээ хэн нэг нь гуйхаар "дуусгавар болсон" гэдэг бичиг хийж өгдөг, тийм хариуцлагагүй компани биш. Мөн энэхүү бичгээ үгүйсгэсэн баримтыг шүүхэд өгөөгүй билээ. "Хаслизинг" ХХК нь түрүүлж гэрээгээ цуцласан бөгөөд энэхүү цуцласан. Үүнд: хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд байгаа хөрөнгө хураах актыг өгсөн. Тээвэрлэгч н.Пүрэв-Олдохыг гэрчээр асуулгах хүсэлт тавьсаныг шүүгч нь 2015.11.06-ны өдрийн 32396, 35660 дугаар захирамжаар хүчингүй атлаа "... 375 дугаартай албан бичгийг үндэслэн түрээсийн гэрээг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэв", "түрээсийн зүйл нь хураагдсан газраа хэвээр хадгалагдаж байгаа гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч няцааж чадаагүй болно" гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Харин нэхэмжлэгчийн зүгээс уг баримтуудад үндэслэл бүхий тайлбар хийгээгүй, мөн   няцаалт   бүхий   нотлох   баримтыг   гаргаагүй   зөвхөн   "машин   хураагдсан газраа байгаа" гэх тайлбарыг үндэслэж, гэрээ цуцлагдаагүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй. Учир нь машиныг худалдан авахыг сонирхож байсан н.Пүрэв-Олдохыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх нь өөрөө хангахгүй орхисон, өнөөдрийг болтол Э.Амарбаатарт машин нь байхгүй, хаа байгаа газар нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг СТТХ-ийн 15.2-т заасан "гэрээний зүйлийг буцаан өгөх" заалтыг зөрчсөнийг тогтоогоогүй гэж дүгнэдэг нь илт үндэслэл муутай байна. "Хаслизинг" ХХК-ийн зүгээс түрээсийн зүйлийг буцаан өгөхгүй гэсэндээ 2013 оны 06 дугаар сард хариуцагчаас машинаа авахаар очиход "гэрээ хаагдсан" гэдэг бичиг өгсөн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн 2015.09.23 ны өдрийн 9/4146 дугаар албан тоотоор ирсэн шинжээчийн дүгнэлтэнд Э.Амарбаатарыг 74.171.510 төгрөгийн нийт төлбөрийг төлсөн байна гэх бөгөөд анхан шатны 30.606.180 төгрөгийг төлөхөөр болох нийт 104.777.690 төгрөгийн төлбөр төлсөн болохоор байгаа юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрээ дуусгавар болоогүй Э.Амарбаатар нь дахин төлбөр төлөхөөр байгаа. Гэтэл гэрээний зүйлийн нийт өртөг нь 101.526.975 төгрөг бөгөөд Э.Амарбаатар нь машины төлбөрөөсөө илүү их төлбөрийг төлөхөөр болж байгаа харгалзан үзнэ үү гэжээ.

                                                         ХЯНАВАЛ:

Хас Лизинг ХХК нь хариуцагчаас 30.606.180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, Э.Амарбаатар нь нэхэмжлэгчээс 59.377.496 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж мэтгэлцсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь Э.Амарбаатараас 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн  70000025 тоот гэрээний үүргийг шаардахдаа уг гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан үндэслэлээ тайлбарлаагүй, гэрээнээс татгалзсан эсхүл гэрээг цуцалсан буюу нэхэмжлэл тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

Хас лизинг ХХК нь нэхэмжлэл гаргахдаа 2011 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “ санхүүгийн түрээс” нэртэй гэрээг үндэслэжээ. Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх, гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй байдаг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 82.500 ам.долларын үнэтэй Bieben маркийн, эмээлт чирэгч машиныг чиргүүлийн хамт худалдан авахад Э.Амарбаатар 24.750 ам.доллар төлсөн байхад шүүх талуудын хооронд санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн гэж үзсэн үндэслэл ойлгомжгүй байна.    

Bieben маркийн машиныг чиргүүлийн хамт хаана, хэний эзэмшилд байгааг тогтоогоогүй тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 8219 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 500 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дугаар сарын 13–ны өдөр  төлсөн 608.000 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР      

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ