Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 5 сарын 04 өдөр                         2020/ДШМ/15                                     Хэрлэн сум                                  

 

У-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0015/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Д.Отгонтуяа,   

Шүүгдэгч У- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн эсэргүүцлээр У-т холбогдох эрүүгийн 2039001140066 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1978 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ш овогт О-н У нь

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр О-ийн алдаатай хийсэн бэлэн бус гүйлгээ болох 1700000 төгрөгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт О-н У-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас өөрийн дансанд орсон бэлэн мөнгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэл болон ахлах прокурор Д.Отгонтуяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана“ гэж хуульчилсан. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр санал гаргаж, У- нь зөвшөөрч, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд ял оногдуулахдаа прокурорын торгох ял оногдуулсан саналын хүрээнд бус “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгосон эрхийг хязгаарлах үр дагавар бий болж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн шүүх шүүгдэгчид прокурорын саналын хүрээнээс өөр ял оногдуулах болсон хэргийн нөхцөл байдал үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дүгнэж бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй буюу тус хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн эсэргүүцлээр У-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

У- нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр О-ийн алдаатай хийсэн бэлэн бус гүйлгээ болох 1700000 төгрөгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон хохирогчоор өгсөн: “...Би хувиараа мал, мах авдаг. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр У- хүргэн Дамдинсүрэнгийн хамт ирж 3 тооны адууны махыг 1774000 төгрөгөөр зарж борлуулсан. Манай нөхөр У-т 74000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 12 цаг 13 минутад өөрийн 5935203901 дугаартай ХААН банкны данснаас У-ын данс руу махны мөнгө 1700000  төгрөг шилжүүлсэн. Орой нь тооцоо хийхэд мөнгө дутаад, энэ талаар нөхөр З-с асуухад “У-т адууны махны мөнгийг Т-н данснаас шилжүүлсэн” гэж хэлсэн. Тэгээд гүйлгээг нь харахад Түшигийн ХААН банкны  данснаас У-ын  данс руу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг 31 минутад “З” гэсэн гүйлгээний утгатай 1700000 шилжүүлсэн байсан. Би үүнийг мэдэлгүй У-ын данс руу 1700000 төгрөг шилжүүлсэн байсан. ...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр У-тай утсаар ярихад “миний дансанд 1 удаа 1700000 төгрөг орсон, та нар хэлдэг газраа хэлж шалгуул” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-11 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэртээ байхад З утсаар яриад “хүнээс мах авсан бэлэн мөнгө байхгүй байна, 1700000 төгрөг шилжүүлээч” гээд дансны дугаар явуулахаар нь би өөрийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 31 минутад гүйлгээний утга дээр нь “З” гэж бичээд О-н У- гэх хүний данс руу 1700000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

У-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3 тооны адууны махыг ченж О-т 1775000 төгрөгөөр зарсан. 75500 төгрөгийг би бэлнээр авсан. Үлдсэн 1700000 төгрөгийг өөрийн 5006577893 тоот дансаар авсан. ...илүү мөнгө шилжсэн гэдгийг мэдээгүй. Намайг Улаанбаатар хотод байхад О- утсаар яриад “илүү мөнгө шилжүүлсэн байна” гэж хэлсэн. ...2020 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Улаанбаатар хотоос Хэнтий аймагт ирээд илүү мөнгө шилжиж орсныг мэдсэн. ...Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүргэн Да-н ХААН банкны данснаас О-ийн ХААН банкны дансанд 1700000 төгрөг шилжүүлж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуудас/,

О-ийн ХААН банкны дансны хуулга /хх-ийн 16 хуудас/, Б-н ХААН банкны дансны хуулга /хх-ийн 17 хуудас/, У-ын ХААН банкны дансны хуулга /хх-ийн 18, 30-32 хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх У-ын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Яллагдагч У- нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасны дагуу хяналтын прокурор Ж.Батбаатар “хэргийг хялбаршуулан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай тогтоол гаргаж, У-ыг 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж У-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас өөрийн дансанд орсон бэлэн мөнгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүх “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх“ зэрэг нөхцөл байдлуудыг хянаж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхыг шударга ёсны зарчим шаарддаг билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан атал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар У- нь цалин хөлс, орлоготой эсэх, хувийн мал малладаг гэх боловч нэр дээрээ /А данс/ хэдэн тооны малтай, түүнээс хэдий хэмжээний орлого олдог болох нь тодорхойгүй байхад прокурор У-т торгох ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэл муутай болжээ. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд анхан шатны шүүхээс У-т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Иймд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолыг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                           Б.ДЭНСМАА