Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0933

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

Нэхэмжлэгч: КАХХК /РД:***/

Хаяг: Баянгол дүүргийн * дугаар хороо, ЗТ, *** тоот.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн 15* тоот шийдвэрийн КАХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бэс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Ц нэртэй талбайд байрлах *3.1* гектар талбай бүхий MV-***тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2005 оноос хойш эзэмшиж байгаа бөгөөд жил бүр холбогдох хуулийн дагуу сунгуулсаар ирсэн болно.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн 15* тоот шийдвэрээр манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэж цуцалсан байна.

КАХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ний үеэр компанийн удирдлага хүнд өвчтэй, гадаад оронд байсан тул хүндэтгэн үзэх шалтгаантай хэмээн үзэж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хүсэж байна.

Тухайн үед захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг сонсох, актыг мэдэгдэх ажиллагаа буюу оролцогчийн эрхийг хангах ажиллагаа огт хийгдээгүй. Маргаан бүхий акт болон холбогдох мэдэгдлүүд нь шуудангийн буцалт гэсэн тэмдэглэгээтэй байсан бөгөөд бид 2019 оны * дугаар сарын 19-ний өдөр захиргааны байгууллагаас шаардаж авсан нь Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцэх дэвтэрт тодорхой бүртгэгдсэн болно.

Иймд манай компанийн удирдлагын эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2019 оны 3 дугаар сарын 15* тоот шийдвэрийн КАХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг, Ц нэртэй *3.1* гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын 925*А тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр ХТ ХХК-д анх олгожээ.

Уг тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ****тоот шийдвэрээр Н******* ХХК-д Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн тул ашигт малтмалын ашиглалтын MV-**** тоот гэрчилгээг нөхөн олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу КАХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5* дугаар зүйлийн 5*.2-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ****тоот албан мэдэгдлээр хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.*-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34.7-д Энэ хуулийн 34.*-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 5* дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.

Гэтэл КАХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчиж, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй байсан тул мөн хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн 15* тоот шийдвэрээр цуцалж, улмаар 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн **** тоотоор мэдэгдлийг хүргүүлэн, хуулийг хэрэгжүүлж ажилласан. Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичиг хүлээлцэх 2019 оны оны дэвтрийн ***дугаарт бүртгэгдсэн бүртгэлээр нотлогдож байна.

Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас тус компанид ашиглалтын 925*А тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо тодорхой эрх, үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тус компанийн захирал Лай Шиаокинд гардуулсныг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Тодруулбал, лицензийн төлбөрийг жил бүрийн 02 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө төлсөн байна, хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргийг биелүүлж ажиллана гэж мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34.2, 5* дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын MV-**** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 15* тоот шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд КА ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч КА ХХК тус шүүхэд хандан КА ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-***дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 15* дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн архив, бичиг баримтад хийсэн үзлэгээс үзэхэд,

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг, Ц нэртэй газарт орших *3.1* гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын 925*А дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр ХТ ХХК-д олгожээ.

Улмаар Н******* ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ****тоот шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг Н******* ХХК-д шилжүүлснийг тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэж,

Н******* ХХК-аас гаргасан хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 1*9 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 925*А дугаар тусгай зөвшөөрлийг КА ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсарлтад тэмдэглэгээ хийжээ.

Энэ хугацаанд КА ХХК-иас 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрөл нөхөн авахыг хүссэн өргөдөл-ийг гаргасантай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар шийдвэрээр ...MV*** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ашигт малтмалын ашиглалтын MV-**** тоот гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгосон бөгөөд тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд уг тусгай зөвшөөрлийг 2035 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуустал хугацаагаар олгож байгаа болохыг тэмдэглэжээ.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 2*.3.2, 2*.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.,

34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.

34.*-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.,

34.7-д Энэ хуулийн 34.*-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 5* дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.

3. КАХХК-иас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй тул хариуцагчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ****дугаар албан бичгээр КАХХК-д ... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.*-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой болохыг мэдэгдсэн мэдэгдийг тус компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч буй хуулийн этгээдийн тухай тодорхойлолт-д заагдсан хаяг болох Баянгол дүүрэг, *-р хороо, 10-р хороолол, Кекүшю тауэр-*** хаягаар хүргүүлж,

улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул мөн хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн 15* тоот шийдвэрээр цуцалж,

энэ тухай мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн **** дугаар албан бичгээр КАХХК-д дээрх дурдсан албан ёсны хаягаар нь хүргүүлжээ.

4. Хариуцагчийн дээрх шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч гүйцэтгэх захирал Н.М бүрэн эрх дуусгавар болсон байсан, ерөнхий захирал Л хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй зэрэг үндэслэлээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, маргаж байна.

Энэ хүрээнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс БНХАУ-ын иргэн Л 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Н сэргээн засах төв-д хэвтэж сувилуулсан хэмээн холбогдох нотлох баримтыг гаргасан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны ** дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн КАХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, үүсгэн байгуулагчийн 2019 оны * дугаар сарын 13-ны өдрийн 19/01 дүгээр тогтоолоор батлагдсан КАХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад баримтаар 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны * дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд КАХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Монгол Улсын иргэн Нямдаваа овогтой Мөнхбаяр ажиллаж байсан бөгөөд БНХАУ-ын иргэн Л нь тус компанийн захирал бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр 2019 оны * дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч  КАХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-***дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдсэн *** дугаар албан бичгийг хүргүүлсэн улмаар маргаан бүхий акт гарсантай холбоотойгоор дахин 2019 оны 3 дугаар сарын 2*-ний өдрийн **** дугаар албан бичгийг хүргүүлсэн нь хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар буюу заасан хаягт ийм аж ахуйн нэгж байхгүй, утас нь ашиглалтанд байхгүй тул буцаав гэсэн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт буцаагдсан болох нь хариуцагчаас ирүүлсэн баримт бичиг хүлээлцэх дэвтэр, RD137*8*23*MN, RD****MN тэмдэглэгээтэй дугтуй болон холбогдох бусад баримтаар  тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гүйцэтгэх захирал Н.М бүрэн эрх дуусгавар болсон байсан, ерөнхий захирал Л хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй КАХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-**** дугаар тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 5* дугаар зүйлийн 5*.1.2-т заасныг үндэслэн цуцалсан хариуцагчийн 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн 15* дугаар шийдвэрийг хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн 15* дугаар шийдвэрийн КАХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий КАХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10* дугаар зүйлийн 10*.1, 10*.3, 10*.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 5* дугаар зүйлийн 5*.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 3 дугаар сарын 2*-ны өдрийн 15* дугаар шийдвэрийн КАХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий КАХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА