Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02770

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 182/ШШ2024/02770

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух Б овогт Хгийн У /РД: *****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............... тоотод байрлах ПТХ ХХК /РД: ***/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ***дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ж,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч ПТХ ХХК-д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ***дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Нэхэмжлэгчийн зүгээс ******* дугаарыг 2012 онд анх худалдан авч байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр миний хамтран ажилладаг танил болох Н.Б гэх хүн нэн яаралтай зээл авах шаардлагатай надад барьцаа хөрөнгө байхгүй тул зээл гарахгүй байна. Таны дээрх дугаарыг барьцаалан зээл аваад би өөрөө буцаан төлнө хэмээн намайг хариуцагчийн байранд дуудсан болно. Тухайн үед хэдий Н.Б зээл авч байх боловч барьцаа хөрөнгөгүй тул миний нэр дээр зээлийн гэрээ байгуулна, мөн барьцаа болох уг утасны дугаарын зах зээлийн үнэлгээний дагуу барьцааны гэрээг байгуулна хэмээн надаар нэг гэрээнд гарын үсэг зуруулан, дугаарыг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн болно.

Үүнээс хойш бүх зээлийн эргэн төлөлтийг бодит байдал дээр зээл авсан Н.Б төлж байсан боловч Тодорхой хугацаанд хүүг нь төлж байгаад төлөхгүй болсноор нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдөж эхэлсэн. Миний зүгээс Н.Бын дээрх үйлдэл эрүүгийн журмаар гомдол гаргасан ба түүнд холбогдуулан одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа болно.

Миний зүгээс сүүлд олж мэдсэнээр хариуцагчтай байгуулсан гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар зээлийн гэрээ байх бөгөөд уг гэрээгээр 120,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлсэн гэх боловч зээлийн мөнгөнөөс 38,673,500 төгрөгийг надад олгосон, 81,266,444 төгрөг нь МДК ББСБ ХХК-д шилжүүлсэн учир гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг зөрчин "Дүр үзүүлэн хэлцэл хийсэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хууль заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл зэргийг тус тус зөрчин хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан байна.

Тухайн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. 2024.11.23-ны өдөр 2 жилийн хугацаа нь дууссан. Зээлийн гэрээ нь эргэн төлөгдөх хуваарьгүй, сардаа хүүгээ төлөх эсвэл 2 жилийн сүүлээр үндсэн зээлтэйгээ төлөх эсэх нь тодорхойгүй ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдүүлэгч болон зээлдэгч нар байгуулаагүй.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг заасан бөгөөд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэжээ. Хариуцагч нь тусгай зөвшөөрөл авч, улсад зохих татвар хураамжаа төлөөд уг үйл ажиллагааг эрхлэх бүрэн боломжтой байсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 189.2-т Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөл олгох журмыг хуулиар тогтооно, 189.3.-т Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно хэмээн заасан байдаг.

Ийм учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үүгэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Х.У нь надтай холбогдож ****** дугаарыг банк бус санхүүгийн байгууллагын зээлд хураагдах гээд байна. Тиймээс МДК ББСБ-д 81,266,444 төгрөгийн зээлийг хаагаад өгөөч гэж гуйсан. Би МДК ББСБ-ын ************ тоот 81,266,444 төгрөг төлж, барьцаанд байсан ******* дугаарын эзэмших эрхийг МДК ББСБ-аас манай компани болох ПТХ ХХК руу шилжүүлж авсан.

Х.У нь нэмж 3,673,500 төгрөг зээлсэн бөгөөд үүнийг түүний ***** тоот дансаар шилжүүлэн өгсөн. Ингээд нийт 120,000,000 төгрөгийг харилцан тохиролцож, сарын 3,5 хувийн хүүтэйгээр барьцаалан зээлсэн. Уг дугаарыг миний нэр дээрх ПТХ ХХК-ийн нэр дээр эзэмших эрхийг шилжүүлсэн учир би компани дээрээ гэрээ хийсэн. Үүнээс хойш Х.У нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 17 сарын хүү болох 71,400,000 төгрөг өгөх ёстойгоос 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 58,400,000 төгрөгийн хүүг одоо хүртэл буюу бүтэн жилийн хугацаанд өгөлгүй өнөөдөр хүрч байна.

Харилцан тохиролцсон гэрээгээр хүүгээ 2 сар өгөхгүй бол дугаарыг худалдан борлуулж, хүү алданги болон зээлсэн мөнгөө үл маргах журмаар авна гэж тохиролцсон хэдий ч бүтэн жил хүү авахгүйгээр хүлээсэн. Энэ хугацаанд удаа дараа шаардлага тавьж байсан тул уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дүр эсгэж хийсэн хэлцэл гэж байна. Нэхэмжлэгч над дээр өөрөө ирээд гуйсан. Анх гэрээ байгуулаагүй ба хоорондоо тохиролцоод шилжүүлээд авсан.

Мөн манай байгууллага барьцаалан зээлдүүлэх газар буюу зээл өгөх эрхтэй байгууллага биш. Миний хувьд би мөнгөө өгчихсөн, мөн одоог хүртэл мөнгөө өгч чадахгүй байгаа, хохирсон хүн нь би юм. Бас мөнгөө өөр газарт шилжүүлсэн гэж яриад байна. МДК ББСБ-д барьцаанд тавьсан байсан дугаар хураагдах гээд байна, Чи мөнгийг нь төлөөд шилжүүлээд авчих, зөрүү мөнгийг нь надад өгчих гэхээр нь би аваад өгсөн. Гэтэл би мөнгө аваагүй, өөр хүн лүү шилжүүлсэн гэж ярьж болохгүй байх. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа байхгүй гэх талаар би ийм зүйл болно гэж бодоогүй гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаартай зээлийн гэрээ /хх 4-6/ зэрэг баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-27/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28/, ПТХ ХХК-ийн дүрэм /хх 29-30/, Г.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-31/ зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн байна.

 

3.3 Шүүхээс: нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ...... дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу,

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/1603 дугаартай албан бичиг /хх-37/,

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч ПТХ ХХК-д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ***дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуульд нийцээгүй, дүр эсгэж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тухайн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Зээлийн гэрээ нь эргэн төлөгдөх хуваарьгүй, сардаа хүүгээ төлөх эсвэл 2 жилийн сүүлээр үндсэн зээлтэйгээ төлөх эсэх нь тодорхойгүй ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдүүлэгч болон зээлдэгч нар байгуулаагүй. Мөн Иргэний хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагыг тодорхой заасан боловч энэ байгууллага нь эрх бүхий субъект биш. Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээ байгуулсан бол зээлдэгчид зээлдүүлэгчийн зүгээс мөнгө буюу эд зүйлийг бүрэн гүйцэт шилжүүлснээр гэрээ хүчин төгөлдөр байх ёстой. Гэтэл Х.Угийн дансанд 38,673,500 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ талаар маргадаггүй. Үлдэгдэл 81,266,444 төгрөгийг өөр хүний данс руу шилжүүлсэн гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ... Бид тохиролцож 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, ******* дугаарыг барьцаалсан нь үнэн. Х.Угийн хүсэлтээр МДК ББСБ руу 81,266,444 төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн 38,673,500 төгрөгийг Х.У өөрөө авсан. Өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаанд зээлээ төлөлгүй намайг хохироож байна. Ер нь бол би энэ дугаарыг өөр ББСБ-аас шилжүүлж авсан тул миний дугаар гэж үзэж байна гэж маргаж байна.

 

3. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.1 Х.У нь ПТХ ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 25 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр хариуцагч нь 120,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай Х.Уд зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* дугаарыг барьцаалж, талууд хоорондоо харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээний дагуу барьцаалсан ******* дугаар нь МДК ББСБ-ын барьцаанд байсан гэх бөгөөд хариуцагч ПТХ ХХК нь 81,266,444 төгрөгийг МДК ББСБ-д төлж, дугаарыг шилжүүлж авсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.2 Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан Зээлийн гэрээ нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан журмаар тус тус зохицуулагдаж байсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн харилцааг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заажээ.

 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна. Иймд гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.

 

4. Нэхэмжлэгч нь тус зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлан, маргаж байна.

 

4.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Мөнгө хүүлэх зорилгоор бусдын дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Гэрээнд эргэн төлөгдөх хуваарь байхгүй амаар тохиролцсон. Энэ гэрээг бичгээр байгуулаад гарын үсэг зурсан тохиолдолд хүчин төгөлдөр болно. Хуульд зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага нь 20,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй зээлийн гэрээг заавал нотариатаар орсон байхыг шаарддаг. Иймд нотариатаар ороогүй, зөвхөн мөнгө хүүлэх зорилгоор дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж авахын тулд дүр үзүүлж байгуулсан гэрээ гэж үзэж байна гэж тайлбарлаж байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 120,000,000 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй гэх боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр МДК ББСБ руу 81,266,444 төгрөгийг шилжүүлж, үлдсэн 38,673,500 төгрөгийг шилжүүлэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоовол зээлийн гэрээний үүрэгт төлсөн 13,000,000 төгрөгийг хасаж, үлдсэн 107,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй гэдэг тайлбар гаргасан болно. Энэ үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 120,000,000 төгрөгийн зээл авсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь гэрээний талууд эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, хэлцлийн үр дагаврыг хүсээгүй байдаг.

Энэ тохиолдолд талууд хэлцлийн үр дагавар, учир холбогдлыг ойлгож байсан, зээлийн гэрээний дагуу уг мөнгийг зээлдүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл байгуулсан, мөн уг зээлээс 13,000,000 төгрөгийн төлөлтийг хийсэн, талуудын тохиролцоо бодитой байгаа зэрэг нь нэхэмжлэгч талыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ-г гэрээг дүр үзүүлж хийсэн хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.2 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж заажээ.

 

Хариуцагч ПТХ ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн гэрээ байгуулах үедээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд байсан болох нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмээр тогтоогдож байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариуцагч нь тусгай зөвшөөрөлгүй, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

4.3 Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, тухай зээлийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

 

Иймд дээрх зээлийн гэрээ нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх шинжийг агуулаагүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч ПТХ ХХК-д холбогдох 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ***дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох ******* дугаарыг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай Х.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА