Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 00140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Нарийн бичгийн дарга                                              П.Нямсүрэн

 Улсын яллагч                                                           Э.Энхбат 

 Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөгч            Ж.Э

 Иргэний нэхэмжлэгч                                                  С.Т

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөнч Ч.М

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Ш.Цэдэн

             Шүүгдэгч                                                                  Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус, тус  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.М холбогдох 1732000620036 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19 оны  сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар,Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, захиргааны зөрчил удаа дараа гаргаж, арга хэмжээ тооцогдож байсан. Боржигон овгийн Ж. М РД:/МИ/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б Ж.М нь согтуурсан үедээ Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Дэнж гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16-17 цагийн орчим Форд Эф-250 загварын 49-71 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 12 настай Б.М, Б.Б нарыг мөргөж, Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, омол гаргасан жолооч, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Ц ахаасаа нэг машин авчихаад найзтайгаа таараад машин авсан гээд ганц 2 шил архи голын хажууд сууж уусан юм. Тэгээд ууж дуусаад О гэх ахындаа очиж унтъя гэж бодоод засмал замаар явж байгаад дээшээгээ салаад 2 хүүхэд шороон зам дээр явж байсан. Тэр хоёр хүүхэд урдуур нэг ухасхийх гэхээр нь жаахан хурдаа сааруулаад ухарчихаар нь явсан чинь мөргөчихсөн. Тэгээд мөргөчихөөд урдуур гүйгээд байхдаа яадаг юм бэ гэж хэлчихээд сандарч балмагдаад О ахыгаа явж авчиръя гээд өөрөө согтуу байгаа юм чинь гээд сандраад дээшээ яваад гэрт нь очсон чинь өөрөө байгаагүй. Охин нь байсан юм. Аав чинь хаачсан юм аавыгаа дуудаах гээд утсаар залгуулаад байж байсан чинь Тунгаа эгч цагдаатай орж ирээд шууд явсан. Ийм осол гаргасандаа харамсаж байна. 2 хүүхдийг гэмтээсэндээ үнэхээр их харамсаж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогчийн төлөөлөгч /ээж/  Ж.Э мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би гэрээсээ 07 цагт гараад энэ осол болох үед  хадландаа Ерөө рүү явсан байсан. Ерөө  сум  орох гээд явж байтал хүүхэд чинь машинд дайруулчихлаа гээд дуудлага ирсэн. Тэнд сүлжээ нь орж гараад байсан болохоор би бас сүлжээтэй газар хайгаад наана байсан хадлангийн талбай буюу хүний отог дээр хүрч ирж утсаар ярьсан юм. Тэгээд яасан бэ юу болсон бэ гэсэн чинь хүүхдийг чинь нэг цагаан машин дайраад дээшээ зугтаачихлаа ангийнх нь хүүхэдтэй хоёуланг нь гэж хэлсэн. Тэгсэн манай охин Б зүүн талын хөлний шилбэний шагайн дээд талаар гэмтсэн нарийн яс нь хугарсан байсан. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хөлний хугарсан талаарх авахуулсан зургийг нь би угаалгаж авсан энд байна. Би Ерөө сум руу хадландаа явахдаа хүүхдээ өвөөтэй нь орхисон юм. Манай хадам хөгшин 80 орчим насны хөгшин байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 06-ны шөнө би ирэх ирэхдээ замын унаанд дайгдаад хар элгийн хүнийг гуйж зам дээр зогсоочээ зогсооч манай хүүхэд осолд орчихсон гэнээ би явъя аа харих гэсэн юмаа гэж байж ингэж ирсэн. Энэ үйл явцыг бас миний дүү бас ойлгоорой. Тэгээд арай хийж Дарханд ирээд воганаар явах гээд байж байсан чинь М эгч М залгасан манай дүү ийм зүйл хийчихжээ ёстой уучлаарай би чамайг тосъё гэхээр нь за яахав яахав би ахыгаа дуудаад тосуулчихъя гээд би воганаас буунгуутаа шөнө би эмнэлэг дээр яваад очсон. Тэгсэн миний охиныг унтаж байгаа гэхээр нь би уулзаж чадалгүй гэрлүүгээ явсан. Гэртээ 03 цагт оччихоод 04,05 цагийн үед Тунгаа эгчрүү залгаад Тунгаа эгчээ явах уу одоо хот руу аваад явах гэж байгаа гэж байна гэж хэлээд 2017 оны 09 дүгээр сарын 07-ныхоо үүрээр М хүргэн ахтай нь тавуулаа явсан.  Хотод эмнэлэг дээр очиход миний охины хөлийг буруу гипсдсэн байна гээд шинээр гипсдэж өгсөн. Одоо бол үнэхээрийн хэцүү байна. Эхний 3 сар асрах гэж би үйлээ үзсэн. Би өөрөө үүрээд эмнэлэг дээр явж байхад захын жаахан хүүхэд хараад миний хүүхдийг шоолж байсан арай л биш байсан. Тэгэхэд би энэ хүний хүн рүү утасдаж нэг удаа миний хүүхдийг өргөж үзүүлээчээ гэж би утасдаж үзээгүй \уйлав\. Наашаа цаашаа явсан таксины мөнгө ярихад хүүхдийнхээ эмчилгээний зардалыг нотлох баримтаар гаргуулаа гэж хэлж байсан. Наашаа цаашаа явсан идэж уух юмны мөнгийг гаргаж чадахгүй гэсэн. Гэтэл энэ хоёрын хооронд явахад миний охин чинь өлсөж цангана ш дээ тэгэхэд тэр мөнгийг гаргаж өгөөгүй 100% би зардалаа төлүүлж чадаагүй. Хангалттай гэж үзэхгүй. Цаашид миний хүүхэд 100% эрүүл гэдэг баталгаа надад алга болчихлоо яагаад гэхээр чинь дандаа 07 хоногт нэг удаа нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлдэг. Цаашид мөн миний охин нурууны MRI-д харуулна 1500000 төгрөгийг гаргуулж авмаар байна, шинээр гаргаж өгсөн баримттай 570000 төгрөг бас охиныг маань хамрын нарийвчилсан шинжилгээнд яв гэсэн тэр мөнгөө ч бас гаргуулж авмаар байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Т мэдүүлэхдээ: ... 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цаг 20 минутанд утас дуугарсан. Манай найз утсаар ярьсан танай хүүхэд чинь машинд дайруулаад осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд би үйлчилгээнийхээ газрыг хаачихаад явсан. Тэгсэн зам дээр очсон чинь хоёр хүүхэд маань хоёулаа хэвтчихсэн байсан юу болж байгааг нь би бас сайн мэдэхгүй байсан. Тэгсэн чинь Э хэлэхдээ Т нөгөө машиных нь эзэн зугтаад явчихлаа гэхээр нь би хамгийн гол нь хэргийн эзнийг нь олъё гэж бодоод хүүхдээ орхиод машинтайгаа араас нь явсан. Тэгээд машинтайгаа яваад О гэдэг айлын гадаа очоод харахад ерөөсөө хүн амьтан байхгүй байсан тэгэхээр нь нохойноос нь ч айхаа мэдэхгүй шууд л гэрлүү нь орсон. Гэрлүү нь орсон чинь түүний охин хоёр хоёулахнаа байсан. Тэгэхээр нь би энэ машины эзэн байна уу гэсэн чинь дуугарахгүй байхаар нь арай чи биш биз дээ гээд Заяаг өшиглөөд асуусан чинь тиймээ Тунгаа эгч би байна гэсэн. Тэгээд би М чи яаж байгаа юм бэ хоёр хүүхдийг минь дайрчихаад яагаад айлын байшинд ороод сууж байгаа юм бэ юу яриад байгаа юм бэ бушуухан явъя гээд энэ залууг авч гарсан.  Тэгээд удахгүй хоёр цагдаа нар ирээд Б гэх цагдаа би Мөнхзаяаг авч явъя гэхээр нь би юу яриад байгаа юм наад хүнийг чинь хэргийн газар машин тэрэгтэй нь очиж зогсоо гэж байж машиных нь зургийг анх авахуулсан юм. Тэгээд цагдаа нар очоод хэргийн газрын зургийг авч байхад эмнэлгийнхэн бүгд ирээд бид хэд аваад явсан. Би хэргийн эзнийг хайгаад явж байхад охин М яаж байсныг мэдээгүй. Хажууд нь байсан хүмүүсээс асуухад миний охин 3-5 минут ухаангүй хэвтэж байсан гэсэн тэгээд дараа нь орилж уйлаад ээжээ гээд уйлаад босч ирсэн юм байна лээ. Тэгээд би анх эмнэлэг дээр үзүүлэхэд миний охины баруун гарынх нь дал мөр битүү шархтай шалбарсан байсан. Өрөөсөн гутал нь бүр байхгүй болчихсон толгойных нь дээд талын зөөлөн эд нь хавантай байхад анхны тусламж үзүүлсэн. Тэгээд л эмч нар бүртгэж аваад эм тариа хийлгээд эмнэлэгт хэвтүүлдэг юм билүү гэсэн миний охин 2 цагийн дараа ухаан жолоогүй бөөлжиж эхэлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлье гээд өглөө нь авч явсан. Тэгээд би эмчийн бичиг аваад хүмүүстэй нь явж очиж үзүүлээд бүх юманд нь хамрагдаад ганцхан толгой MRI-д нь харуулж чадаагүй жаахан байж байгаад харуул  гэсэн. Яагаад MRI-д харуулаагүй вэ гэхээр би гэмтэл очоод үзүүлээд зөвлөгөө авахад эгчээ энэ зургийг 16 наснаас нь хойш харна. Онц ноцтой гэмтэл биш бол их хортой нөхцөлд зураг авдагаа та өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд би өмгөөлөгчрүүгээ ярьж асуусан. Тэгээд би хүүхэддээ эхний ээлжинд эмчилгээг нь хийлгээд л явж байгаа. Одоо манай охин хичээлдээ явж байгаа. 10 хоног л хичээлдээ яваагүй эмнэлэгт хэвтсэн. М бол эхэндээ бүх юманд санаа тавьж байсан болохоор хүний хувьд их зөв хүүхэд байна. Яахав дээ хүн бас алдаж онож болно ингэж болно гээд би их хүлээн зөвшөөрч байсан за яах вэ гээд би эхний үед 40000 төгрөгний бензин хүүхэддээ анхны тусламж үзүүлсэн энэ мөнгөө л авсан юм. Миний хувьд иргэн М бол энэ нутгийн хүүхэд өөөрөө бас Т эгчээ би хүүхдийг чинь ингэж эмчлүүлнэ гэх мэтээр яриад байхаар нь би хүүхдээ бас 07 хоног сувилалд явуулдаад анхных нь тусламжийг нь сайн үзүүлчихвэл хүүхэд маань зүгээр байвал гэж бодсон. Ингээд М эхлээд аягүй сайхан байж байснаа бид хоорондоо 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хот явна гээд өмнө нь тохирсон юм. Тэгсэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А 471000 төгрөг авсан Т чи 80000 төгрөг авсан бид хэдийн хот явах гэж байгаа мөнгийг бүгдийг нь авсан гэж М эгч утсаар ярихаар нь би та нар чинь яасан сонин юм бэ анх ярьж тохирчихоод бид хэд ч өөрсдийнхөө нүдээр харж цуг яваг гэж бодсон юм бид хэд угаасаа цуг явахгүй нь зөв ч юм уу буруу ч юм уу гэж би өөрөө ойлгож явж байсан юм. Тэгээд эгч нар нь бид нар цуг явж чадахгүй ээ та нар өөрсдийнхөө зардлаар яв гэсэн тэгэхээр нь бид нар өөрсдийнхөө эмчилгээний зардлаар явсан юм. Ингээд тэр эмчилгээний зардал нь надаас 586640 төгрөг энэ мөнгөө би авсан л даа. Гэхдээ хамгийн гол нь би М жаахан сэтгэлийн үзүүрт жаахан ч гэсэн сэтгэл байсан бол би ондоо л байх байсан юм. Энэ хүн бол 1,2 удаа надад харагдсан тэрнээс хойш бол надад харагдаагүй. Одоо бид хэдийг юу гэж ойлгодог юм яваад л очихоор мөнгө нэхнэ гэж ойлгодог юм уу хүн хүн ондоо ш дээ. Би энэ хүнээс сэтгэл л хайсан. Тэгээд би Цэдэн өмгөөлөгчтэй нь уулзаж хэлсэн би М уулзчих юмсан гэж хэлсэн. Миний охиныг бол 16 нас хүрэхээр нь MRI—д харуул гэсэн би бол хүүхдээ хохироомооргүй байна тийм аймар хортой нөхцөлд хүүхдээ харуулчихаад л энэ хүнээс хэдэн төгрөг авахын төлөө хүүхдээ харуулаад зогсъё гэж би бодоогүй байхгүй юу. Энэ хүнийг би хэлсэн амандаа хүрдэггүй юм байна гэж дүгнэсэн. Дараа нь миний охин 16 настайдаа ч бай угаасаа битүү гэмтэлтэй юм чинь хэзээ нэгэн цагт ямар нэг зүйл боллоо гэхэд энэ хүн бол надад туслахад тийм ч их итгэлтэй хүн биш юм байна гэж одоогийн байдлаар үзэж байгаа. Би сэтгэлийн сайхан хариу хүссэн юм. Бид хоёрыг очиж уулзахаар мөнгө нэхнэ гэж боддог юм уу яадаг юм. Хүн хүн чинь өөр 2 өөр хүний 2 өөр хэрэг байгаа ш дээ тэрийг чинь ялгаж салгахгүй бүгдээрээ л мөнгө төгрөг нэхэж байгаа гэж ойлгож байгаа юм шиг. Ж.Энхцэцэгийн хүүхдийн гэмтэл ондоо, С.Т хүүхдийн гэмтэл ондоо шүү дээ. Би бол цаашдаа хүүхдээ MRI-д үзүүлнэ. Хүүхэд маань 16 насанд хүрэхээрээ үзүүлнэ. Миний хүүхэд битүү гэмтэлтэй болохоор хэдэн жилийн дараа гарч ирнэ бас охин хүүхэд юм чинь эх хүн болно яах ч юм билээ би мэдэхгүй ш дээ тийм болохоор би гомдолтой л байна. Одоо нэхэмжилж байгаа хохирол байхгүй гэжээ.

            Мөрдөн байцаалтанд  бага насны хохирогч Б.Б мэдүүлэгтээ: “...М бид хоёр замын хажуугаар явган явж байтал араас цагаан өнгөтэй том жийп машин маш хурдтай явж ирэхийг хараад “хүүе дайрлаа шүү дээ” гэж хэлэхэд шууд бид хоёрыг мөргөсөн. Би газарт унаад нүдээ нээгээд харахад М бид хоёрыг мөргөсөн цагаан машин Э эгчийн хашааны гудамжийг тойроод уул өөдөө явчихсан. Цаашаа юу болсоныг мэдэхгүй хэвтэж байхад хүмүүс тойроод зогссон байсан ба миний зүүн хөлний шилбэ орчим хавдчихсан байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-24-р тал/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №195 дугаартай “...Б.Б биед зүүн шилбэний тахилзуур ясны хөндлөн хугарал, шаант ясны цуурал, хугаралтай, зүүн тохойны хажуу хэсэгт язарсан шархтай, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 49-р тал/

             Бага насны  гэрч Б.М “...2017 оны 09 сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Хэрх 4-р сургууль дээр цэвэрлэгээ хийхээр Б.Б хамт Дэнж гэх газар цагаан худгийн зүүн талд замын хажуугаар явж байтал автомашинд мөргүүлсэн. Би ухаан алдсан болохоор яг яаж мөргүүлсэн талаар санахгүй байна. Нэг сэрэхэд би газарт хэвтэж байсан ба хүмүүс тойроод зогссон, орилж чарлаад байсан. Тэр үед баруун гарын тохой, мөр өвдөөд цус гараад байсан. Бас баруун хөлөнд өмссөн гутал байхгүй байсан. Би мөргүүлсэн газартаа сууж байхад бид хоёрыг мөргөсөн согтуу жолооч хажууд ирчихсэн “та хоёр юун сүртэй юм бэ, яагаачгүй байна, өөрсдөө урдуур орж ирж мөргүүлчихээд” гэж загнасан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 46-р тал/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №196 дугаартай “...Б.М биед тархи доргилт, чамархайд хаван, дал мөр, бугалга, тохой, өгзөгөнд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдсон. Хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 58-р тал/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Н мэдүүлэхдээ:  “...Би 2017 оны 09 сарын 06-ны өдөр хүүхдүүдээ аваад гэрлүүгээ явж байх замд цагаан худгийн орчим ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү явж байтал эхлээд маш хүчтэй хаазтай машины дуу гарахаар нь харахад цагаан өнгөтэй, хойноо ачаатай бандгар том жийп автомашин Зүүн хараагийн төвөөс асфальтан замаас маш хурдтай давхиж ирээд цагаан худгийн хажуугаар зүүн rap тал руу шороон замаар салж явахыг хараад ямар хурдтай явж байнаа гэж бодтол маш чанга “тас” хийж дуугараад хойд дугуйнаас нь шороо боссон ба хоёр хүүхэд мөргүүлж байгаа харагдсан. Нэг хүүхэд нь машины урд хамарт мөргүүлээд агаарт өндөр хөөрж эргэлдээд газар унасан. Нөгөө хүүхэд нь машины хамарт мөргөгдөөд маш хол шидэгдээд босож ирэхгүй байсан. Би хүүхдүүд мөргөгдсөн газарлуу гүйхэд тэр машин зогсохгүй улам хаазаа нэмээд чанга дуу гаргаад зугтаагаад алга болсон...Машинд мөргүүлсэн хоёр хүүхэд дээр очиход Бурмаа гэх хүүхэд уйлаад хөл нь эргэчихсэн юм шиг босож ирээд буцаж газар унаад байсан. Нэг хүүхэд нь Мандухай байсан ба 5-10 минут ухаангүй хэвтэж байгаад гэнэт уйлаад босоод ирсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45-р тал/

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн №8655 дугаартай “...Ж.М гэх хаягтай цусанд 2.6 промилли спиртийн агууламж илрэв. Согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 70-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 6-7, 9, 15-17-р тал/

            Техникийн шинжээчийн №46 дугаартай “...Форд загварын 49-71 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а/ “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. a/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”; б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”; в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 65-р тал/, хохирогч нараас нэхэмжилсэн хохиролын баримтууд /хх-ийн 100-110-р хуудас/,

Шүүгдэгч Ж.М хувийн байдал тогтоосон баримтууд ыолох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 85-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 86-р хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсхийг шалгах хуудас /хх-ийн 90-92-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар:

 Шүүгдэгч  Ж.М нь Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Дэнж гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 16-17 цагийн орчим Форд Эф-250 загварын 4.9-71 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 12 настай Б.М, 12 настай Б.Б нарыг мөргөж, Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг  тус, тус үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.М нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа.

            Гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Б.Б эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №195, 196 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд бага насны хохирогч Б.Б зүүн талйн хөл хугарсны улмаас 3 сарын хугацаанд хичээлдээ яваагүй, гэм хор учруулсны болон эмчилгээний зардалд 2174000 төгрөг, хөнгөн гэмтэлтэй Б.М 1333200 төгрөгийн эмчилгээний зардлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан. Бага насны хохирогч нар энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутайд тооцогдсон этгээдээс нэхэмжлэх эрхтэй. Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Шүүгдэгч  Ж.М нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Шүүгдэгч Ж.М Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээлгэх болон, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг давхар  хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.   

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч Боржигон овгийн Ж.М авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэхь зааснаар  Ж.М тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, мөн хуульд зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй. 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан Ж.М нь 750000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан  ялтан Ж.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1. дэхь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэхь хэсэгт зааснаар Ялтан Ж.М нь бага насны буюу хүндэвтэр гэмтэлтэй хохирогч Б гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарах зардлыг төлөх үүргийг хүлээлгэсүгэй,

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар   ялтан Ж.М нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгасугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Ж.М  01 жил 06 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж анхааруллсугай.

            9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэрлийн хагархай циллиодыг Ж.Мөнхзаяад,2 ширхэг хос ботинк, 1 ширхэг өрөөсөн оймсыг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э, иргэний нэхэмжлэгч С.Т нарт тогтоол хүчинтөгөлдөр болмогц буцаан олгохыг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

            10.Энэ хэрэгт Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, жолооны үнэмлэх хураагдан ирээгүйг болохыг дурьдсугай.

            11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.М өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/  өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ