Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2020/ДШМ/16

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 5 сарын 04 өдөр                         2020/ДШМ/16                                     Хэрлэн сум                                  

 

Д-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0016/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Б.Бямбасүрэн  

Шүүгдэгч Д-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Д-т холбогдох эрүүгийн 2039000210077 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Норовлин суманд 1993 төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар баг “Далт” гэх газар оршин суух хаягтай, урьд Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Г-н Д нь

Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 6 дугаар сарын сүүлээр иргэн Б-н мухар улаан зүсмийн эр бяруу, ухаа зүсмийн охин бяруу зэрэг нийт 2 тооны бусдын малыг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г-н Д-ыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-т оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн цэнхэр өнгийн “Киа Бонго” маркийн автомашины үнэ болох 4000000, саарал алаг зүсмийн хязаалан насны морины үнэ болох 800000 төгрөгийг шүүгдэгч Д-аас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

Д- нь А, Б нартай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багийн төвд Ч-н 1 тооны улаан халзан бярууг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 155 дугаартай шийтгэх тогтоолоор Д-т хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзан ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байдаг. Д- нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа дахин өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн байдал нь түүнийг өмнө нь ял шийтгэгдсэн гэж дүгнэх боломжгүй, тэнссэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа ба энэ талаар Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, өмнөх шийтгэх тогтоолыг хөнгөрүүлэхгүйгээр 203900021077 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нь энэ тогтоолоор ял шийтгэл оногдуулж, өмнөх тогтоолоос тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Д-ыг Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 6 дугаар сарын сүүлээр иргэн Б-н мухар улаан зүсмийн эр бяруу, ухаа зүсмийн охин бяруу зэрэг нийт 2 тооны бусдын малыг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу шүүх гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэж Д-т 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд Д- нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял авч байсан. Үүнийг өмнө нь хорих ял шийтгүүлж байсан гэж дүгнэх боломжгүй, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд хэрхэх талаар хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй, тэнсэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар хэргийг тусад нь шийдвэрлэж, Д-ын сүүлийг гэмт хэрэгт нь 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эсэргүүцлээр Д-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Д- нь 2019 оны 6 дугаар сарын сарын сүүлчээр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутгаас бусдын 2 тооны бярууг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон, анхан шатны шүүх Д-ыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх бөгөөд Д-т өмнө нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн харгалзах ял оногдуулсныг анхан шатны шүүх “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                           Б.СҮХГОМБО