| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/00482/И |
| Дугаар | 182/ШШ2024/02863 |
| Огноо | 2024-06-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2024/02863
2024 06 21 182/ШШ2024/02863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух Т овогт Тын Т /РД: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ байрлах НЗДд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,014,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Т.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Снар оролцов.
(Нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч НЗДд холбогдуулан гэм хорын хохирол 1,044,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Миний бие өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн *** улсын дугаартай автомашинаа жолоодон 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өглөөний 08:34 цагт **** баруун талын хатуу хучилттай автозамд хөдөлгөөнд оролцож байх үед 30м орчим зайнд ****Тоёота приус 20 маркийн автомашин түр зогсож зорчигч буулгасан. Миний бие тухайн үед замын халтиргаа гулгаа мөстэй байгааг харгалзан зөвшөөрөгдөх дээд хурднаас хоёр дахин бага хурдтай буюу 31 км/цаг хурдтай хөдөлгөөнд оролцож байсан, замын хөдөлгөөнд соёлтой оролцох үүднээс тухайн автомашиныг тойрч гарахгүйгээр зорчигчоо буулгахыг хүлээхээр 20м орчим зайнаас хурдаа хасаж эхэлсэн боловч тоормос ажилласан ч машин мөстэй зам дээр гулссан хэд хэдэн удаа тоормосоо гачаалдаж гишгэсэн боловч гулссаар байсан тул тус автомашинаас 7м орчим зайд байхдаа машинаа зогсоохоор хичээж ажлын тоормостой хамт гар тоормос буюу карданаа татсан. Өөрийн тээврийн хэрэгслээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр техникийн хяналтын үзлэгт бүрэн хамруулж тэнцсэн тоормос бүрэн ажиллагаатай байсан. Жолоочийн хувьд зам тээврийн ослоос сэргийлж болох боломжит бүх арга хэмжээг авсан байтал гулсаж урд автомашины эгц хойноос мөргөж зам тээврийн осол гарсан. Жолоогоо эргүүлэх үйлдэл хийх боломжтой байсан ч машинд шарвалт үүсэж тус автомашинаас бууж буй зорчигчийг гэмтээж болзошгүй байсан тул жолоогоо эргүүлэх үйлдэл хийгээгүй.
Миний бие замын хөдөлгөөний соёлыг хүндэтгэж, дүрмийг баримталж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх бүхий л боломжит арга хэмжээг авсаар байтал тухайн үеийн замын нөхцөл байдлаас болж зам тээврийн осолд холбогдсондоо маш их гомдолтой байна.
Осол гарсан даруйд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч ослын газарт үзлэг хийлгэн эрх бүхий албан тушаалтнаар тэмдэглэл хөтлүүлж жолоочийн хариуцлагын албан журмын даатгагчдаа мэдээлэл өгч хандсан. Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд тухайн үеийн замын нөхцөл байдал зам мөстсөн байсан зэргийг маш тодорхой тэмдэглэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас Шинжээч томилж хохирлын үнэлгээ хийлгэсэн. Хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн материалыг цагдаагийн байгууллагаар хуулбарлуулан нотлох баримтын шаардлага хангуулж нэхэмжлэлд хавсаргасан.
Тус ослын улмаас хохирогч Нын машинд 525,000 төгрөгийн хохирол учирсныг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын МД-аар төлүүлэхээр холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч хохирлыг барагдуулсан. Миний өөрийн автомашинд 775,000 төгрөгийн эд материалын хохирол учирсан, хохирлын үнэлгээ хийсэн шинжээчийн зардалд 91,000 төгрөг, зам тээврийн осолд холбогдсон тул торгууль 100,000 төгрөг, нотариатын зардалд 48,000 тус тус төлж надад нийт 1,014,000 төгрөгийн эдийн болон мөнгөний бодит хохирол, цаг хугацаа, сэтгэл санааны бусад хохирол тус тус учирсан.
Тээврийн цагдаагийн алба дээр минийхтэй адил халтиргаа гулгаанаас үүдэлтэй хэдэн арван ослын дуудлага бүртгэгдэж өдөр бүр хэдэн арван хүн эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодоороо хохирч, цагдаагийн албан хаагч нарын ажлын ачаалал төдий чинээгээр нэмэгдэж байна. Тухайн нөхцөл байдалд эд хөрөнгө биш явган зорчигч байсан бол жолооч би зам тавьж өгөх үүргээ биелүүлэх гэж байгаад гулсаж хүний эд хөрөнгө эвдэх биш эрдэнэт хүний алтан амь нас, эрүүл мэнд ноцтой хохирол учруулж болзошгүй байлаа.
Монгол улсын автозамын тухай хуулийн 4.1.3-т авто замын арчлалт гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийгдэх ажил, үйлчилгээг хэлнэ, 4.1.12-т зам хариуцагч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг; хэлнэ мөн хуулийн 12.1.4-т аймаг, нийслэлийн засаг дарга нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар арчлалтын ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй, 17.3-т Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна, мөн хуулийн 22.1-т Авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана, 23.1-т Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна, 23.3.2-т Зам хариуцагч байгууллага нь автозамд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй, 29.1-т Иргэн, хуулийн этгээд нь тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй, 29.2.3-т Авто зам ашиглагч нь авто замын засвар арчлалт хариуцсан байгууллагын буруугаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг дарга хяналт тавьж түүний харьяа алба нэгж тухайн замын цас мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэн давс бодис цацаж шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг хийж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байсан боловч хуульд заасан үүргээ биелүүлээгүй улмаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн.
Миний бие авто замын эзэмшигч, хариуцагч байгууллагаас иргэн надад учирсан 966,000 төгрөгийн хохирлыг гаргуулан өгч хохиролгүй болгож цаашид зам хариуцагч байгууллагуудад тавих хяналтыг сайжруулж энэ төрлийн осол гарахгүй байхад анхаарч өгнө үү хэмээн нийслэлийн засаг дарга Х.Нт бичгээр гомдол гаргасан боловч тухайн хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдсан тул хохиролтой холбоотой асуудлыг захиргааны журмаар хянан шийдвэрлэх боломжгүй шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Мөн тухайн замын арчилгаа, засвар, үйлчилгээг хийдэг байгууллагыг тогтоолгохоор хандсан боловч Нийслэлийн засаг даргын тамгын газраас хариу шийдвэрлүүлэхээр миний өргөдөл цохогдон очсон Баянзүрх эко тохижилт ХХК-аас Тухайн гомдолд гарч байгаа зам нь 2020 онд ашиглалтад орсон боловч одоог хүртэл хариуцан цэвэрлэгээ үйлчилгээ хийдэг газаргүй байгаа болно. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын ТНААХ-ын Тохижилт хариуцсан мэргэжилтэй О.Ттэй холбогдоход Одоогоор манай хэлтэс хариуцахгүй байгаа, он гараад дүүргийн нутаг дэвсгэрт байгаа хариуцах эзэнгүй замуудыг дахин хуваарилалтад оруулна. Одоогоор ямар арга хэмжээ авах боломжтойг Захирагчийн ажлын албанаас тодруулаарай гэсэн чиглэл өгсний дагуу тодруулга авсан.
Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсээс өгсөн тайлбарт Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зам нь дүүргийн хариуцах асуудал, Нийслэл ажлаа хийгээд хүлээлгэж өгсөн дүүрэг нь хариуцна гэсэн болно. иймд уг гомдол нь манай газрын хариуцах асуудал биш учир Баянзүрх дүүргийн ТНААХ-т шилжүүлж өгнө үү гэсэн хариу өгч өргөдөл, гомдлыг хаасан.
Дээрх хариунаас харахад Нийслэлийн Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр барьсан автозамыг ашиглалтад ороод 3 жил болсон байхад автозам эзэмшигчийн үүргээ биелүүлэхгүй хариуцагч байгууллагыг тогтоож өгөөгүйн улмаас цэвэрлэгээ үйлчилгээ хийгдэхгүй зам мөстөж зам тээврийн осол гарах нөхцөл бүрдүүлсэн байна.
НЗД Х.Наас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын мөстсөн хэсэгт замын халтираа гулгаанаас үүдэн гарсан зам тээврийн ослын улмаас иргэн миний өөрийн автомашинд шууд учирсан 775,000 төгрөгийн эд материалын хохирол, хохирлын үнэлгээ хийсэн шинжээчийн зардалд төлсөн 91,000 төгрөг, зам тээврийн осолд холбогдсон тул торгуульд төлсөн 100,000 төгрөг, нотариатын зардал 48,000 төгрөг нийт 1,014,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Иргэн Т.Тгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Төгөлдөр, Т.Мөнхбаяр бид оролцохоор болсон.
Бид иргэн Т.Тгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад тус иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж оролцох болно гэв.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5/, Т.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/8071 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-35/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг авсан туха эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-51/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-52-53/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-54-55/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-56-57/, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-58-59/, Кости эстимэйт ХХК-ийн 40449 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-60-61/, Кости эстимэйт ХХК-ийн .... дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-62-63/, Л.Нын жолоочийн үнэмлэх болон ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-64/, Т.Тгийн жолоочийн үнэмлэх болон *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-65/ , 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх-66/, 0240971 дугаартай Шийтгэлийн хуудас /хх-67-68/, Т.Тгийн гар бичвэр /хх-69/, нотариатын төлбөр төлсөн тухай баримт /хх-70/,
3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01/374 тоот Итгэмжлэл /хх-38/, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/432 тоот Итгэмжлэл /хх42/, хариу тайлбар /хх-43/, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/2119 тоот Итгэмжлэл /хх-90/, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/2914 тоот Итгэмжлэл зэргийг тус тус гаргаж өгсөн байна.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч НЗДд холбогдуулан гэм хорын хохирол 1,044,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт замын мөстсөн хэсэгт замын халтиргаа гулгаанаас үүдсэн гарсан зам тээврийн ослын улмаас иргэн миний автомашинд 775,000 төгрөгийн эд материалын хохирол, хохирлын үнэлгээ хийсэн шинжээчийн зардалд 91,000 төгрөг, зам тээврийн осолд холбогдсон тул торгуульд төлсөн 100,000 төгрөг, нотариатын зардалд 44,000 төгрөг, нийт 1,044,000 төгрөгийн хохирол учирсан. НЗД нь автозамын эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй, тухайн замын цас мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаагаас сэргийлэн давс бодис цацаж шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг хийх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй улмаас зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд өөрт учирсан хохирлыг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч Т.Т нь ....... хорих анги баруун талын засмал зам дээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 08 цаг 33 минутын үед Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. гэсэн заалтыг зөрчсөнөөс Тоёота приус маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, Л.Нын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан зам тээврийн осол гаргажээ.
3.2 Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Дын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэлд: .......... хорих анги баруун замын нарийн замд *** улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээр ****мөргөсөн гэх зам тээврийн осол гаргасан байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна, мөн Т.Т нь Тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа дээрх зам тээврийн осол гаргасны улмаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 0240971 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авагдсан байх ба энэхүү шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр болсон байна.
3.3 Нэхэмжлэгч Т.Т нь дээрх шийтгэлийн хуудсыг биелүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөгийн торгуулийг төлсөн.
3.4 Дээрх ослын улмаас Т.Тгийн тээврийн хэрэгсэлд 775,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Кости эстимэйт ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож, үнэлгээ хийлгэхэд 91,000 төгрөгийн зардал гарчээ.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч НЗД нь авто замын цас мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаанаас сэргийлэн давс бодис цацаж шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг хийх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй улмаас надад хохирол учирсан, миний бие зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан гэж маргаж байна.
4.1 Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна гэж зааснаар НЗД нь нийслэлийн чанартай авто замыг эзэмшигч байна.
Нэхэмжлэгч Т.Т нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр НЗДд гомдол гаргасан байх бөгөөд гомдлын хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06/8071 тоот албан бичгээр ...Тухайн гомдолд дурдсан зам тээврийн осолтой холбоотой асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчил болох нь тогтоогдож, эрх бүхий албан тушаалтны зүгээс зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. ... Дээрх зөрчлөөс үүдэн гарсан хохиролтой холбоотой маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна гэх хариуг өгчээ.
4.2 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хариуцагчийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
Нэхэмжлэгч Т.Т нь тухайн үед зам цас ихтэй, халтиргаа ихтэй байсан нь тухайн осол гарсан шалтгаан болсон гэж тайлбарлан маргаж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Дын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 0240971 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар зам халтиргаа гулгаатай байсны улмаас зам тээврийн осол гаргасан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан ба нэхэмжлэгч Т.Т зөрчил гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч, торгуулийг төлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас нэхэмжлэгчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэлд хариуцагч НЗДйн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй тогтоогдохгүй байх бөгөөд шалтгаант холбоо үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
4.3 Түүнчлэн нэхэмжлэгч нь нь тухайн осол гарах үед зам, талбайг цэвэрлээгүй байсан, зам нь мөстэй, гулгаатай байсан болон тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй болно.
Иймд нэхэмжлэгч Т.Тгийн гэм хорын хохиролд 1,014,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
6. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон О.Отгонбаатар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Нэхэмжлэгч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай саналыг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгчийн эзгүйд үргэлжлүүлсэн болохыг дурдав.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг үндэслэн хариуцагч НЗДд холбогдох, гэм хорын төлбөрт 1,014,000 төгрөг гаргуулах тухай Т.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА
шүүгч о.аззаяа
шүүгч о.Цэнд-аюуш