Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02872

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24 182/ШШ2024/02872

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч:  тоотод оршин суух Гын Б /РД: ****/-ы хүсэлттэй,

 

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч Г.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Г овогтой Б миний бие 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Худалдаа бэлтгэлийн трестэд кассчинаар ажиллаж байгаад 1992 оны 1 сард үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах гээд материалаа бүрдүүлэх гэтэл надад ямар ч баримт олдохгүй байна.

Иймд 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2/, Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 414 дугаартай тодорхойлолт /хх-3/, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 202 дугаартай тодорхойлолт /хх-4/, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаартай тодорхойлолт /хх-5/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-6/, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 821 дугаартай тодорхойлолт /хх-7/, 380907 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-8/, гэрч Д.Мын тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-9-10/, гэрч Д.Тгийн тодорхойлолт болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-12-13/, гэрч Ж.Чгийн тодорхойлолт түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-17/ фото зураг /хх-18/, 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0173 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-20/ зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

2.2 Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 182/ШЗ2024/05927 дугаар захирамжаар гэрч асуулгах шүүхийн даалгавар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 104 тоот албан бичгээр шүүхийн даалгаврыг гүйцэтгэн ирүүлж, хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Г.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... Би Зүүнхараагийн Мандал сумын худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оноос 1992 он хүртэл ажилласан. Тэгээд 55 нас хүрээд тэтгэвэрт гарах гэсэн боловч нийгмийн даатгалын байгууллагаас ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал шаардаад байна. Миний бие бүх архивуудаас шүүлгэсэн боловч юу ч гарч ирээгүй. Иймд шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагч нь нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

 

3.1 Зүүнхараагийн Худалдаа бэлтгэлийн трестээс олгосон 380907 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт түүнийг,

 

- 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийнх нь хүсэлтийн дагуу авав,

- 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, зохион байгуулалтын зохицуулагчаар Чандмань хоршооны мэдэлд шилжүүлэв гэх бичилтүүд,

 

3.2 Гэрч Ж.Ч ... Би 1967 оноос 1991 онд хүртэл Зүүнхараагийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч, нярав, хүний нөөцөөр ажиллаж байсан. Г.Бтай Зүүнхараагийн Трестийн гуанзанд хамт ажиллаж байсан. Би 1991 онд тэтгэвэртээ гарсан тул Г.Быг яагаад ажлаас гарсныг мэдэхгүй. Зүүнхараа Трестийн бичиг баримтыг хадгалж байсан архив нь шатсан гэсэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Д.Т ... Би 1987 оноос 1991 он хүртэл Зүүнхараагийн Худалдаа бэлтгэлийн трестэд түүхий эдийн эрхлэгч, худалдагчаар ажиллаж байсан. Г.Б нь тус трестэд худалдагчаар ажиллаж байсан. Би 1991 оноос конторт ажиллахаар болж тарцгаасан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,

 

3.3 Хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан фото зураг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Г.Бы ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 414 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн Архивын газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 202 дугаартай тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 70 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Г.Быг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Гын Б /РД: ****/-ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бы тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА