Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 7 сарын 17 өдөр                         2020/ДШМ/25                                     Хэрлэн сум                                  

 

Д-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0025/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Г.Мөнхболд, 

Шүүгдэгч Д- нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Одхүү, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцлээр Д-д холбогдох эрүүгийн 1939007840119 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Төв аймгийн Эрдэнэ суманд 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 1, Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 2-09 тоотод оршин суух, урьд Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Н-н Д нь

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Шинэ-Өндөрхаан хорооллын К-27 дугаар байрны 04 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн хамтран амьдрагч Х-ыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-н Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д-г 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн цэнхэр хээтэй орны бүтээлэг, хар өнгийн эмэгтэй хүний синтвонон өмд, цэнхэр өнгийн эргэдэг захтай урт ханцуйтай ноосон цамц, ногоон өнгийн гадартай гудас, урд болон ард талдаа хоёр ил халаастай хар өнгийн даавуун өмд, хар өнгийн ноосон өмд, ягаан өнгийн дотоож, хар өнгийн ноосон малгай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д-гийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Шинэ-Өндөрхаан хорооллын К-27 дугаар байрны 04 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу өөрийн гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Х-ыг бусадтай хардсаны улмаас түүний биед халдан зодож Х-ын биед хярзан, шулуун гэдэсний 4 зэргийн урагдалт, бэлгийн их, бага уруулын урагдал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн цэнхэр хээтэй орны бүтээлэг, хар өнгийн эмэгтэй хүний синтвонон өмд, цэнхэр өнгийн эргэдэг захтай урт ханцуйтай ноосон цамц, ногоон өнгийн гадартай гудас, урд болон ард талдаа хоёр ил халаастай хар өнгийн даавуун өмд, хар өнгийн ноосон өмд, ягаан өнгийн дотоож, хар өнгийн ноосон малгай зэргийг устгахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээнүүдийн нэг төрөл буюу “Хөрөнгө, орлого хураах” албадлагын арга хэмжээ гэж хуульчилсан. Албадлагын арга хэмжээг ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж эсхүл оногдуулсан ял дээр нэмж хэрэглэж болно гэж хуульчилсан. Гэтэл тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн хувцсыг албадлагын арга хэмжээний нэг төрөл болох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байхад эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн хувцсыг устгахдаа хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ буюу албадлага хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын эд зүйл устгахаар заасан хэсгийг Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.   

Шүүдэгч Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурортой санал нэг байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдын эсэргүүцлээр Д-д холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Д нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Шинэ-Өндөрхаан хорооллын К-27 дугаар байрны 04 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн хамтран амьдрагч Х-ыг зодож биед нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр гаднаас ороод ирээд намайг орноос үсдэж унагаад шалан дээгүүр чирээд “янхан, банзал, гичий” гээд өшиглөж зодоод, миний доогуурх өмдийг шувтлаад миний эрхтнийг гар хуруугаараа зулгааж зодсон. Тэрнээс болж би эрхтэндээ гэмтэл авсан. ...Д- намайг юугаар цохиж зодсоныг мэдэхгүй байна. Шалан дээр унагаачихсан л цохиж, өшиглөөд байсан. ...Миний бэлэг эрхтэнд манай нөхөр Д- гэмтэл учруулсан,

эмчилгээний зардал 837000 төгрөгийг Д- төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 32-36 хуудас/,

Гэрч Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би К-27 дугаар байранд хүүгийн хамт амьдардаг. ...2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...13 цагийн үед намайг гэртээ ирэхэд манай хүү Б хамт ирсэн хүүхэнтэйгээ хоёулаа халамцуу, архи тавьчихсан сууж байсан. Харин манай бага хүү Б баруун орон дээрээ унтаж байсан. ...нөгөө залуу надтай хамт орж ирснээ “би Х-н нөхөр нь байгаа юм” гэж хэлээд орон дээр юм нөмрөөд хэвтэж байсан хүүхнийг үсдэж унагааснаа өшиглөж зодсон. ...нөгөө хүүхний хамар амнаас нь болон өөр хаанаас нь ч юм цус гарахаар нь би айж сандраад “хүн аллаа, цагдаа дуудаарай” гээд гэрээсээ гарсан. ...намайг цагдаа дуудчихаад гэртээ орж ирэхэд нөгөө хүүхний доороос нь болон нүүр амнаас цус гарчихсан ...орилоод шалан дээр хэвтэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэсэг хугацааны дараа манай ээж болон нөгөө хүүхний нөхөр гаднаас орж ирсэн. ...нөхөр нь эхнэрийнхээ нөмөрч байсан хөнжлийг хуу татаж, ...үсдэж унагааж чирээд коридор руу аваачиж ...өмдийг нь шувталснаа гараараа болон хөлөөрөө толгой, нүүр, салтаа саамгүй өшиглөж цохиж зодсон. ...Эхнэр нь коридорт хэвтчихсэн толгой, хамар, салтаа нь цус болчихсон “та нар дуугүй бай” гээд хэвтээд байсан. ...Нэг их удалгүй цагдаа ирсэн. Араас нь эмнэлэг ирээд нөгөө хүүхнийг аваад явсан. ...Х- манайд байхдаа дээгүүрээ фудволктой, доогуураа ноосон өмдтэй байсан. Би Х-тай бэлгийн харьцаанд ороогүй, сонирхол ч байгаагүй. ...манай дүү нөгөө талынх нь орон дээр өдөржингөө унтсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,

Гэрч Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....орой гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь сэрээд харсан чинь ах бид хоёртой ирсэн хүүхний нөхөр нь ирчихсэн эхнэрээ гэрийн коридорт цус нөжтэй нь хольтол зодчихсон ах руу дайраад байхаар нь би очиж салгасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,

Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед нилээн согтчихсон байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. ...намайг ээжтэй нь хамт нөгөө айл руу ороход хойд талынх нь өрөөний орон дээр манай эхнэр юм нөмөрчихсөн хэвтэж байсан. Мөн нөгөө хоёр залуугийн нэг нь манай эхнэрийн хажуугаас босохоор нь уур хөдлөөд эхнэрийг орон дээрээс татаж унагаахад эхнэр доогуураа нүцгэн байхаар нь уурандаа эхнэрийн цээж болон нүүр, гуя хэсэг рүү нь хоёр гурван удаа өшиглөсөн. ...тэгсэн эхнэрийн хамар амнаас цус гараад шалан дээр гоожсон. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. ...Дараа нь тэр хоёрын ах нь гэх залуу манай эхнэртэй унтсан, бэлгэвчээ сугалж чадаагүй, цагдаагийн 00-д авчирч хаясан гэж надад хэлж байсан. Тийм учраас л би хардаж зодсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 103-104 хуудас/,

Гэрч А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х- гэх эмэгтэйг сайн танихгүй. Манай эмэгтэйчүүдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 12 дугаар сарын 10-даар эмнэлгээс гарсан. ...Х-ын шулуун гэдэс нь дотогшоо 1.5 см орчим урагдалтай,  ...гадна бэлэг эрхтэн буюу их бага уруул хярзан их хэмжээний урагдалттай. ...гуяны дотор талаар болон дух, нүүрний хэсгээр хөхрөлттэй байсан. ...хярзангийн төгсгөл хэсэг нь шулуун гэдэсний амсар болохоор хамт урагдах боломжтой. ...Бэлэг эрхтэн рүү хүчтэй өшиглөх, юмаар цохих үед урагдах боломжтой. ...доторх үтрээ нь бүтэн байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/,

Шинжээч эмч Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, урууланд шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, нуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал, нуруу, уруул, зүүн хацарт зулгаралт, нуруу, баруун шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан байсан ба дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин хярзан, шулуун гэдэсний урагдал гэмтэл нь бэлэг эрхтэн рүү гадны хүчин зүйл нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хүчтэй цохих үед үүсгэгдэх боломжтой. Хэрвээ бэлэг эрхтэн рүү гадны биет хийж учруулсан бол үтрээ болон салстад урагдал, язрал үүснэ. Харин хярзан, шулуун гэдэсний урагдал нь өшиглөх үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №531 дугаартай

“Х-ын биед хярзан, шулуун гэдэсний 4-р зэргийн урагдал, бэлгийн их бага уруулын урагдал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух урууланд шарх, доод уруулын дотор салстад язарсан шарх, нуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал, нуруу, уруулын, зүүн хацарт зулгаралт, нуруу, баруун шуу, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх хярзан, шулуун гэдэсний 4 дүгээр зэргийн урагдал, бэлгийн их бага уруулын урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.14-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс шалтгаална.

- Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56 хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болон нөлөөлж болохуйц нөхцөл байдал, зөрчил тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Д-гийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “ял хөнгөрүүлэх” тухай хүсэлтийг  хүлээн авах боломжгүй байна.  

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж болно” гэж заагаад мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т “устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх” гэж хуульчилсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо 4 дэх заалтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хувцсыг устгахаар заахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар” гэснийг “21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.СҮХГОМБО