| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/00924/И |
| Дугаар | 182/ШШ2024/02906 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/02906
| 2024он 06рын 26дөр | 182/ШШ2024/02906 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах ЦӨ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах БД ХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 122,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Манай компанийн зүгээс хариуцагчтай харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт үнийн дүнгийн 82,700,000 төгрөгөөс татгалзсан байгаа ба талууд тохиролцож эвлэрлийн гэрээгээ байгуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн хүсэлтийг дэмжиж байна. Талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Энэхүү Эвлэрлийн гэрээ /цаашид Гэрээ гэх/-г Монгол Улсын Иргэний хуулийн нийтлэг үндэслэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсгийг удирдлага болгон:
Нэг талаас: ЦӨ ХХК, /РД: 5352827/ түүнийг итгэмжлэлээр төлөөлөн Ж.Б /цаашид Нэхэмжлэгч гэх/
Нөгөө талаас: БД ХК /РД: 2088606/-ийн Гүйцэтгэх захирал А.Э /цаашид Хариуцагч гэх/ нар /хамтад нь Талууд гэх/ нь харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр байгуулж байна.
Нэг. Гэрээний агуулга
1.1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 122,700,000 /нэг зуун хорин хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
1.2. Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ гэрээний 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр харилцан тохиролцон эвлэрч байгаа болно.
Хоёр. Эвлэрлийн нөхцөл
2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар харилцан тохиролцож, үлдэх хэсгээс татгалзаж байгаа болно.
2.2. Хариуцагч нь 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн эзэмшлийн Голомт банкны 2010002000 тоот дансанд төлж, барагдуулна.
2.3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд төлнө.
Гурав. Талуудын эрх, үүрэг
3.1. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх бөгөөд ямарваа байдлаар зөрчихгүй болно.
3.2. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудал, маргааны зүйлээр дахин маргаан гаргах эрхгүй.
3.3. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд эхүүд нь нэгэн адил хүчинтэй байна. Талууд тус бүр гэрээний нэг хувийг хадгалах бол үлдсэн нэг хувийг Шүүхэд хүргэнэ.
4.2. Энэхүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, байгуулсан болно.
4.3. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч ЦӨ ХХК нь хариуцагч БД ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 122,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ЦӨ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 82,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч БД ХК нь 40,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ЦӨ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч БД ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ЦӨ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 82,700,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч БД ХК нь 40,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ЦӨ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ЦӨ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 771,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БД ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦӨ ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА