| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03912/И |
| Дугаар | 182/ШШ2024/03304 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03304
| 2024 он08 сры 02 өдөр | 182/ШШ2024/03304 |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоотод байрлах ХХ ББСБ ХХК /РД: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
Уын Б /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Манай байгууллага нь У овогтой Б /РД***/-тай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 000240 тоот Хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 4,799,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл олгосон. У.Б нь дээрх зээлийн гэрээг байгуулах үедээ Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, маршал таун 111-9 тоот хаягт оршин суух гэх иргэний хаяг бүртгэлийн лавлагааг үндэслэж гэрээ байгуулсан болно.
Тэрээр зээлийн гэрээ байгуулснаас хойш 609,000 төгрөгийг л төлсөн ба 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрч байна. Одоо түүний *** дугаарын утас холбогдох боломжгүй, эхнэрийнх нь *** дугаар нь ашиглалтад байхгүй байна. Улмаар түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч У.Быг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 24/448 тоот Итгэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 000240 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2024/11490 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас У.Бын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч ХХ ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Уын Б /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...У.Б нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 000240 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээ зэргээр У.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн CVL2411990001017213 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд У.Б нь ***** тоот хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 Шүүхээс ***** тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд У.Б нь өөрийн биеэр гардан авч, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирж, дээрх хаягт оршин суудаг гэх тайлбар гаргаж, тайлбартаа иргэний үнэмлэхийн лавлагааг хавсарган ирүүлсэн байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Бын оршин суух хаяг нь тодорхой байх тул ХХ ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Быг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч ХХ ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч ХХ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох У.Быг эрэн сурвалжлуулах тухай ХХ ББСБ ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ХХ ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА