| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04287/И |
| Дугаар | 182/ШШ2024/03303 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03303
| 2024 ны 08 сры 02 өдөр | 182/ШШ2024/03303 |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: тоотод оршин суух Чгийн Х /РД:****/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох
Бгийн Л /РД: ****/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Б овогтой Л нь Ч овогтой Х миний *** улсын дугаартай Toyota Camry -XV50 маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дур мэдэн зөвшөөрөлгүй машин жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргаж, гэм хорын төлбөр 7,891,600, үнэлгээний төлбөр 449,000 нийт 8,340,600 төгрөгийн хохирол учруулсан.
Уг хохирлыг барагдуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Л нь оршин суугаа хаягтаа суудаггүй нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй Б.Лийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ч.Хын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШЗ2024/09184 дүгээр захирамж, Банхас ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2024/12365 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Лийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч Ч.Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Бгийн Л /РД: ****/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШЗ2024/09184 дүгээр захирамжаар Б.Л нь Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, тахилт 7 гудамж, 1023а тоотод оршин суудаггүй нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Л нь гэм хорын хохирол учруулсан боловч түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Хүсэлт гаргагчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184/ШЗ2024/09184 дүгээр захирамж, Банхас ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан зэргээр Б.Л нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн CVL2411990001017962 дугаартай Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Б.Л нь ......хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 Шүүхээс ......хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Б.Л нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өөрийн биеэр гардан авсан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Лийн оршин суух хаяг нь тодорхой байх тул Ч.Хын гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Лийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч нь хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч Ч.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Лийг эрэн сурвалжлуулах тухай Ч.Хын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА