Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/44

 

                  

 

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 27 өдөр                    2020/ДШМ/44                                        Хэрлэн сум                                  

 

Л-, Э- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0044/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Д.Отгонтуяа,

Шүүгдэгч Л-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан,

Шүүгдэгч Э-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, А.Очбадрал нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан, С.Нарангэрэл, А.Очбадрал нарын давж заалдах гомдлоор Л-, Э- нарт холбогдох эрүүгийн 2039000040045 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1976 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Л-  

Хэнтий аймгийн Мөрөн суманд 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Э-

Л-, Э- нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас Э-ын 14 тооны бог малыг хулгайлж 1620000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л-, Э- нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-г 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Э-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял, Э-ад оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9500000 төгрөгийг шүүгдэгч Л-, Э- нараас хувь тэнцүүлэн тус бүр 4750000 төгрөгийг, мөн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 2 тооны /200000 төгрөгийн үнэлгээ бүхий/ хурган төлгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай 2 тооны хурган төлөг битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Л-гийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л- нь “2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим өөрийн хонийг эрүүлэх гээд очтол дотор нь танихгүй 7 тооны хонь байсан. Манай хуурай дүү Э- нүүрс буулгах гээд ирэхээр нь буцаад ачаад явуулчихъя гэж бодоод 7 тооны хониноос 3 тооны хонийг ажиллачихсан байсан. Нүүрс буулгаж байх хооронд үлдсэн 2 хонийг ажилласан. Э- юун хонины мах юм бэ гэж хоёр ч удаа асуусан. Эхний удаа асуухад нь манай хонины мах гэж хариулсан, хоёр дахь удаа асуухад нь буруу гарын юм гэж хариулсан” гэсэн мэдүүлгийг /хх-н 26х/ 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн байдаг. Иймд Л-г Э-тай бүлэглэн хулгай хийсэн гэж үзэх боломжгүй, энэ хэрэгт Э- хамтран оролцоогүй. Анхан шатны шүүх Л-гийн үйлдлийг буруу зүйлчилсэн тул түүний үйлдлийг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Л- нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хэргээ шударгаар мэдүүлж байсан. Мөн бусдад 14 тооны бог малын хохирол 1620000 төгрөгийг төлөх ёстой байтал хохирогчид 2500000 төгрөг төлж хохиролгүй болгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж байгаа зэрэг хөнгөрүүлэх байдлуудыг харгалзан үзэж Л-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацааны тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Э-ын өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Э-ыг бусдын 14 тооны бог мал хулгайлсан гэм буруутайд тооцож ял халдааж шийдвэрлэсэн. Гэтэл мөрдөн байцаалтын шатнаас Л- нь “Би 5 эм хонь ажиллаж махыг нь Э-ын машинд ачсан, 2 хургыг Э-ыг шинэ хүнтэй болсон гээд, мөн нүүрс авчирч өгсөнд талархаж өгсөн. Би 14 тооны бог мал хулгайлаагүй, 7 тооны хонь авсан” гэж анх мэдүүлэг өгсөн үеэс тогтвортой мэдүүлдэг бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар зөвхөн 7 тооны бог мал болох нь нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч Л- болон өмгөөлөгч нарын зүгээс нотлогдоогүй 7 тооны бог малыг хэрэгсэхгүй болгох санал гаргасаар байхад анхан шатны шүүх өмгөөлөгч болон шүүгдэгчийн тус саналд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, мөн саналыг ямар үндэслэлээр хүлээн аваагүй, няцааж байгаагаа шийтгэх тогтоолдоо дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсгийн 2.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь өмгөөлөгч нарын “Э- бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг хүлээж аваагүй үндэслэлдээ гэрч М-, Х- нарын мэдүүлгийг бичсэн байна. Шүүх Э-ыг гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч М- болон Х- нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд гэрч М- нь гэмт хэрэг үйлдэгдэж дууссаны дараа Л-гийн гэрт ирсэн, харин Х- нь өөрийн малчин М-гаас “Э- нь Л-гийн гаднаас манай малыг ачаад авчлаа” гэдгийг сонсоод Э- руу утсаар ярьсан хүн бөгөөд энэ талаараа мэдүүлэг өгсөн болохоос Л-, Э- нар нь сэдэлт санаа нэг зорилготой бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаанд “гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэм буруугийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолно гэж заасан. Гэтэл Э-ын хувьд Л-тэй бүлэглэж бусдын бог малыг хэзээ, хаана, яаж үйлдсэн, тус хэрэгт санаа зорилго нэгдэж, хамтарч үйлдсэн нь нотлогдож тогтоогдоогүй.

 Э- ямар шалтгаанаар 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутагт байх Л-гийнд очсон шалтгаанаа анхны мэдүүлэг өгсөн үеэс шүүхийн шат хүртэл тогтвортой мэдүүлдэг бөгөөд Э- нь “Б- эгч манайд нүүрс дөхүүлж өгөөч машин олддоггүй, туслаач гээд 50000 төгрөг өгсөн. Би чандаганы уурхай орж 1 тонн нүүрс ачаад Л- ахын гэрт ирсэн. Би ирээд урьд шөнө хүүхэд уйлаад унтуулаагүй, дүү нь нүдний хор гаргая, та нүүрсээ буулгачих гээд унтсан, намайг унтаж байтал Л- ах нүүр буулгачихлаа гэж дуудаад, ах нь хонины гулууз мах толгойтой нь машины ачаан дээр тавьсан. Танай охинд нэг хурга, чамд нүүрс авчирч өгсөнд чинь баярлалаа гээд нэг хурга өгсөн. Намайг Х- баахан хонь ачаад явсан байна гээд утсаар загнаад байсан, би тэр үед хонь ачиж яваагүй, хонины мах ачиж явсан болохоор хонь ачаагүй гэдгээ хэлээд хулгайд сэрдлээ гэж уурласан. Буцаагаад Л- ах руу залгаад хэлэхэд ямар ч хамаагүй, хулгайн мах биш гэж хэлсэн, тэгээд гэртээ ирээд байж байхад цагдаа ирээд шалгасан, би цагдаагийн хажууд Л- ах руу ярихад “буруу гарын юм байгаа юм аа, ахыгаа уучлаарай гэж хэлсэн, би тэр үед хулгайн мал гэдгийг мэдсэн” гэж мэдүүлдэг.

Гэрч Б- нь “2019 оны 12 дугаар сарын үеэр машин эвдрээд явж болохгүй байсан. Танил дүү Э-ыг гуйж нүүрсэнд яваад өгөөч гээд 50000 төгрөг өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 22-ны орой нүүрс ачаад ирсэн. Э- нүүрс буулгаж чадахгүй нь урьд шөнө хүүхэд уйлаад халуураад нойргүй хоносон гээд унтсан. Л- хонь ажилласан, юун хонь юм бэ гэхэд машин янзлуулах гээд байна. Э-ыг сэрээгээд явлаа гэхэд Э-ад машин дээр чинь 5 хонины гулууз мах 2 хурга аччихлаа шүү гэж хэлсэн” гэж мэдүүлдэг.

Шүүгдэгч Л- нь мөрдөн байцаалтын шатнаас шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “манай хонинд 7 тооны хонь байсан. Хуурай дүү Э- нүүрс буулгах гээд ирэхээр нь ачаад явуулъя гэж бодоод 7 тооны хониноос 3 тооны хонийг нь ажиллачихсан байсан. Э-ыг унтаж байх хооронд үлдсэн хонийг нь ажилласан. Э-ыг сэрээгээд ах нь хойно чинь хэдэн мал тавиад явуулъя гэж хэлсэн. Шинэ төрсөн охинд чинь хурга, машин чирч өгөөрэй гээд 1 хургыг өгсөн. Э- утсаар яриад энэ хонинууд чинь зүгээр юм байгаа биз дээ гэхээр нь зүгээр гэж хэлсэн. Дараа нь утсаар яриад мал ачсан гээд байна, ямар учиртай юм бэ гэхээр нь буруу гарын хонь байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл тэрийгээ хэлэхгүй яасан юм, юу гэж ачих вэ дэд гэж байсан. Э- мэдээгүй, ямар ч холбоо хамааралгүй” гэж мэдүүлсэн байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоод байхад анхан шатны шүүх нотолгоо, баримт дээр тулгуурлахгүй таамаг, сэжиг дээр үндэслэж Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Э-ын “2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай бүлэглэн бусдын 14 тооны бог мал хулгайлсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э-ын өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Хохирогч Э-ын өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр над руу утсаар залгаад өчигдөр буюу 12 дугаар сарын 21-ний өдөр нэг хурга тасарчихсан байхаар нь гайхаад ганц хурга ганцаараа тасарна гэж байхгүй дээ гэж бодоод ойрхон байсан Л- ахын хонь руу тууж аваачсан юм. Тэгтэл уг хонин дунд манай 10 орчим тооны дандаа эр хонь байсан. Тэгэхээр нь маргааш ирж авна гэж бодоод орой нь гэрт нь ороод манай хонинууд танай хонинд байна лээ маргааш өглөө авна шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Д.М-н “2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хонио бэлчээчхээд П ахын гэрт очиж байж байгаад буцаад хонин дээрээ иртэл халтар хүзүүтэй хонь ганцаараа явж байхаар нь ойрхон байсан хонь руу нийлүүлсэн. Тэгээд хэний хонь руу нийлүүлснээ мэдэх гээд хартал дунд нь манай 10 гаруй тооны хонь, 2 тооны ямаа харагдсан. Тэгээд би эргэж хэлнэ дээ гэж бодоод шууд өөрийнхөө хонь руу явсан. Тэгээд орой хонио хашчихаад 20 цаг 30 минутын орчимд Л- ахынд хонио хэлэх гээд очтол Э- ах, Л- ахынд ирчихсэн байсан. Тэгээд мэнд мэдчихээд манай хэдэн хонь танай хонинд байна лээ шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Х-н “би 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 1 дүгээр баг “Зөөлөн” гэх газар нутагладаг Цогоо гэх ахынд нөхөр хүүхдүүдийн хамтаар байж байгаад үдээс хойш харуй бүрий болохын өмнө Эрдэнэ уулын ойролцоо бэлчиж байсан хонь руугаа явахад манай хонинууд байхгүй байсан. Тэгсэн Эрдэнэ уулын энгэрт ганц хонь явж байгааг манай нөхөр хараад очиж үзэхээр болсон. Тэгээд уг хонины хойноос очиж үзэхэд нөгөө хонь уул даваад цаашаа явчихсан. Бидний унаж явсан машин уул руу гарч чадахгүй учир уулаа тойрч уулын хойд хэсэгт гарахад Л- ахын хонь бэлчиж байсан. Тэгсэн уг бэлчиж байсан хонь руу нөгөө ганцаараа явж байсан хонь нийлээд орчихсон” гэх мэдүүлэг

Дээрх мэдүүлгийг харахад шүүгдэгч Л-, Э- нарыг бүлэглэн машин механизм ашиглан мал  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн юм. Учир нь мал хулгайлах гэмт хэрэг нь аливаа идэвхтэй үйлдлээр сэм далд нууц аргаар өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр үйлдэгдэн төгсдөг гэмт хэрэг юм. Тус хэргийн нөхцөл байдлыг харахад малчин М-н хонь малчин Л-гийн хонинд холилдон нийлснээр тус гэмт хэрэг үйлдэгдсэн.

Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 447 дугаар тогтоолд зааснаар “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг. Шүүгдэгч Э-ад шүүгдэгч Л- нь тус хонины махнууд нь гэмт хэргийн шинжтэй эд зүйл гэж хэлээгүй гэдэг ба шүүгдэгч Э- нь Л-гийн өөрийнх нь өмчлөлийн малын мах гэж итгүүлэн тээвэрлүүлсэн байдаг. Мөн шүүгдэгч Э- болон шүүгдэгч Л- нар нь мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй идэвхтэй үйлдэл хийгээгүй юм.

Хохирогч Э-ын, гэрч М-, Х нарны мэдүүлэг болон Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 447 дугаар тогтоолуудыг тус тус харвал шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах гэмт хэрэг” биш 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улмын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина гэж хуульчилсан байдаг.

Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 75А дугаартай яллах дүгнэлт болон Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг тусгаж яллаж, улмаар гэм буруутайд тооцсон нь өөрөө Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмуудыг зөрчсөн юм.

2015 онд батлагдаад 2017 оноос хэрэгжиж байгаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн холбогдогчийг гэрчээр байцаахдаа Эрүүгийн хуулийн 21.2 дахь хэсэгт заасан худал мэдүүлэх хуулийн заалтыг сануулан гэрчийн мэдүүлэг авч байгаа болно. Мөн яллагдагч шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэггүй этгээд билээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 75А дугаартай яллах дүгнэлт нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа нь тус яллах дүгнэлт хууль ёсны үндэслэлтэй байх мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй яллах дүгнэлт гэж үзэж байна.

Тус хууль зөрчсөн яллах дүгнэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэхийг анхаарч үзэлгүй орхигдуулан шийтгэх тогтоолдоо мөн шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэн оруулж шийдвэрээ гаргасан болно.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Портер-2” маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээг шүүгдэгч нарт танилцуулаагүй, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тус тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Э-ын гэрийн гадна байгаа бөгөөд ямар нэгэн шинжээч ирж үзэлгүйгээр хөрөнгийн үнэлгээг гаргасан байдаг. Хэрэв тээврийн хэрэгслийг очиж үзэлгүйгээр шууд 9500000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг гаргасан бол шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Мөн тус үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дахь хэсэгт зааснаар оролцогч нарт танилцуулах ёстой байсан” гэжээ.  

Шүүгдэгч Л- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э-ын малчин М- надаас 2019 оны 12 дугаар сарын эхээр 3000000 төгрөгөөр машин худалдаж авсан. 1500000 төгрөгийн 12 сард, 1500000 төгрөгийг 4 сард өгөхөөр зээлээр авсан юм. М- 2019 оны 12 дугаар сарын төлөлтөөс 700000 төгрөгийг бэлнээр өгч, 300000 төгрөгт нь 2 хонь, 1 ямаа өгсөн. Эхний төлөлтөөс 500000 төгрөг үлдсэн байсан ба 2019 оны 12 дугаар сарын 21-ний үед М- танай хонинд 5 хонь 2 хурга нийлүүлчихсэн гэж хэлсэн. Би тухайн үед машины үлдэгдэл төлбөрөө өгч байна гэж ойлгосон. Би Э-ыг нүүрс буулгахаар ирэхэд нь шинэ төрсөн хүүхдэд нь нэг хурга, машин чирч өгөөрэй гээд Э-ад өөрт нь нэг хурга өгсөн. Э-ын машинд 5 хонины мах, 2 хурга аччихаад байж байхад М- ирээд машинд ачсан хонины мах, хургыг харчхаад яваад өгсөн. М- маргааш нь 2 ямаа 10 эр хонь танай хонинд нийлсэн байна гээд сурахаар нь өөрөө манай хониноос хар, нийлсэн бол байгаа гэж хэлсэн. М- манай хонинд өөрийнхөө эрж явсан малыг харчхаад байхгүй байна гээд явсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн байсан. Э-ын малчин М- 500000 төгрөгийнхөө оронд надад 5 хонь 2 хурга өгсөн. М-г Э-ын малаас хулгай хийж өгснийг мэдээгүй. Би хулгай хийгээгүй. Би хохирогч Э-т 2500000 төгрөг төлсөн. Э- энэ хэрэгт ямар ч хамаагүй. Надаас нэхсэн 10 эр хонийг би аваагүй, манай хонинд нийлээгүй гэжээ.

Шүүгдэгч А.Э- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ хэрэгт оролцоогүй, Л-тэй хамтарч хулгай хийгээгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Отгонтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтээ: Анхан шатны шүүхээс Л-, Э- нарыг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас Э-ын 14 тооны бог малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял халдаасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Баярсайхан энэ хэрэгт Э- оролцоогүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан байна. Гэтэл энэ хэрэгт Э- оролцоогүй гэсэн нотлох баримт шүүгдэгч нарын мэдүүлгээс өөр хавтаст хэрэгт байдаггүй. Гэтэл шүүгдэгч нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байж түүнийг нотлох баримтын хүрээнд үнэлдэг. Хохирогч Э-, М-, гэрч Х-ийн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагддаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар мэдүүлгүүдээс өөрт ашигтай хэсгийг уншиж байна. Хохирогч М- “...манай хониноос нэг хонь тасарчихсан явж байхаар нь ойрхон байсан айлын хонинд нийлүүлсэн. Тэгээд хэний хонинд нийлүүлснээ харахаар очтол манай 5-6 тооны Э-ын имтэй хонь байсан. Анх мэдүүлэг өгөхдөө 10-аад тооны хонь байсан гэж барагцаалж хэлсэн. 5-6 тооны хонь байсан...” гэсэн мэдүүлгийг өгдөг. Мөн М- дараагийн мэдүүлэгтээ Э-ын малын тооцоо гаргасан баримтаа дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг ба 12 тооны хонь 2 тооны ямаа дутсан. Эдгээр мэдүүлгийг зөрүүтэй гэж үзэж байгаа нь учир дутагдалтай.

Э- гэмт хэрэг үйлдээгүй гэж байна. Гэтэл гэрч М-, Х- нарын мэдүүлгээр “Л-гийн ажилласан хонийг Э- ачаад явсныг мэдээд утсаар асуухад Э- “би мал ачаагүй” гэсэн хариултыг өгсөн. Э- ачиж явсан малынх нь талаар хүн утсаар асуугаад өөрийг нь сэжиглээд байгааг мэдсээр байж үнэн бодит байдлыг яагаад мэдэгдээгүй, нуух болсон юм бэ гэх асуулт гарч ирж байна. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч Э-, Л- нарын өөрсдийнх нь мэдүүлэгт үндэслэн Э- гэмт хэрэг үйлдээгүй гэж байна. Гэтэл хавтаст хэрэг авагдсан гэрч Х-, М-, Х нарын мэдүүлгийг няцаах бусад нотлох баримт хавтаст хэрэг авагдаагүй.

Хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Мөн тухайн хонинуудыг Л-гийн хонинд нийлсэн гэж ярьж бана. Л-гийн Э-ын хонинд бараг эр хонь байдаггүй гэж мэдүүлж байгаагаас үзэхэд тухайн хонь хэнийх вэ гэдгийг мэдэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд Л-гийн үйлдлийг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хуулийн дагуу гаргаагүй, прокурор 48 цагийн дотор хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэх ёстой байсан гэж байна. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг мөрдөгч санал гаргасны дагуу прокурор хүчинтэйд тооцсон тул хуулийн дагуу үйлдэгдсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч өмгөөлөгч Г.Баярсайхан, С.Нарангэрэл, А.Очбадрал нарын давж заалдах гомдлоор Л-, Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Л-г бусадтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас Э-ын 14 тооны бог малыг хулгайлж 1620000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татан, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна. Учир нь яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь Л-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нотлох хангалттай баримт, нотолгоо биш гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч буй үйлдэл бөгөөд Л- нь өөрийн хонинд нийлсэн бусдын хонийг ажиллаж ачиж явуулсан нь нууц далд аргаар авсан, хэн нэг этгээдийн оролцоотойгоор авчирсан, нийлүүлсэн буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан ба мал хулгайлах гэмт хэрэг гарсан эсэх, түүнийг хэн, хэрхэн үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй байна. Иймд шүүгдэгч Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгодог бөгөөд гэрч Л-гийн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим өөрийнхөө хонийг эргүүлэх гээд очтол дотор нь танихгүй 7 тооны хонь байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 26х/, гэрч Д.М-н: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ...халтар хүзүүтэй хонь ганцаараа явж байхаар нь ойрхон байсан хонь руу нийлүүлсэн. Тэгээд хэний хонь руу нийлүүлснээ мэдэх гээд хартал дунд нь манай 10 гаруй тооны хонь, 2 тооны ямаа харагдсан...” гэх мэдүүлгүүдээс /хх-н 15х/ үзэхэд Л-г алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан ба Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол алдуул мал завших гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан тул шүүгдэгч Л-гийн үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Э-ын “...манай малаас 14 тооны хонь, ямаа дутсан...” гэх мэдүүлэг /1хх-н 13х/, гэрч Д.М-н “...малаа тоолж үзэхэд 12 тооны хонь, 2 тооны ямаа дутсан...” гэх мэдүүлэг /хх-н 15х/, шүүгдэгч Л- нь хохирогч Э-т 14 тооны бог малын үнэ буюу 2500000 төгрөгийг төлж хохиролгүй болгосон /1хх-н 116х/ зэргээс үзэхэд “шүүгдэгчийн өмгөөлөгчийн Л- Э-ын 7 тооны хонийг авсан” гэх  давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.   

Э-ын үйлдэл холбогдлын тухайд:

Гэрч Л-гийн: “...Э- утсаар яриад “энэ хонинууд чинь зүгээр  юм байгаа биз дээ” гэхээр нь “зүгээрээ би араас чинь яваад очно” гэж хэлсэн, тэгээд дараа нь “хүн утсаар ярьж мал ачсан гээд байна, ямар учиртай юм бэ” гэхээр нь “наадах чинь буруу гарын хонь байгаа юм” гэж хэлсэн. Тэгтэл Э- тэрийгээ хэлэхгүй хэлсэн бол би юу гэж ачихав дээ гэж байсан. ...Э- хонь авахдаа буруу гарын хонь гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /1хх-н 26х/,

Гэрч Э-ын: “...намайг суманд очтол Э-ын эхнэр Хэрлэн утсаар залгаад “чи Лхагваа ахынхаас хонь мал ачиж явсан юм уу” гэж асуухаар нь “үгүй, юу яриад байгаа юм бэ” гэж хэлчхээд Лхагваа ах руу залгаад “хүн яриад байна ямар учиртай юм бэ” гэж асуухад Лхагваа ах “буруу зөрүү юм биш ээ санаа зоволтгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш орой цагдаа сэргийлэх болохоор нь дахин Лхагваа ах руу утасдаад асуухад “уучлаарай наад чинь Э-ын хонь” гэж хэлсэн.  ...Л- ах надад өөрийнхөө хонийг гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдээс /1хх-н 24х/ үзэхэд Э-ыг Л-тэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Э-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Э-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 14 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2, 3, 4, 5 дахь заалтуудыг дараах байдлаар өөрчилсүгэй.

1. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Александрын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-д 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 90 хоногийг торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, Л-г торгох ялыг эдэлж дууссанд тооцож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Мядар овогт Оюунгэрэлийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э-ыг цагаатгаж, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 2 тооны /200000 төгрөгийн үнэлгээ бүхий/ хурган төлгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй ба 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай 2 тооны хурган төлөг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

                                                                                               Б.ДЭНСМАА