Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2018/0849

 

2018 оны 12 сарын 20 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2018/0849

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: М ХХК /РД:/

Хаяг: Б дүүрэг, 1 дүгээр хороо, тоот

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай 3

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М ХХК нь Ашигт малтмалын газраас олгосон 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар лицензээр Б дүүргийн даваа гэх газар 25 гектар талбайд тоосгоны шавар олборлож, үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоол гарч манай лиценз бүхий талбайн зарим хэсгийг тусгай хэрэгцээний газарт хамруулж, ШШБЕГ-ын ******* дүгээр ангийн эзэмшил газар болгох асуудлыг шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр гарч бидний ашиглалтын талбайн солбицолд өөрчлөлт оруулж, газрын хэмжээг албан ёсоор багасгасан.

Бид өөрсдийн талбайн үлдсэн багахан хэсэгт ашигт малтмалын олборлолтын ажиллагаа явуулсаар олон жил болсон бөгөөд тухайн хэсгийн нөөц багасаж, одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байна. ******* дугаар ашиглалтын лиценз цуцлагдсан.

Улсын тусгай хэрэгцээнд авсан, ашиглах зөвшөөрөлтэй байсан газраа бид дахин авч, ашигт малтмал олборлох хүсэлтэй байгаа бөгөөд үүнтэйгээ холбогдуулан шинээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулахаар шүүхээр маргах шаардлагатай боллоо. Ийнхүү маргах дараах хууль зүйн үндэслэл байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Ашигт малтмалын лиценз бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид шийдвэр гаргасан байгууллага нөхөн төлбөр олгох ёстой. Өнгөрсөн хугацаанд бид нөхөн төлбөр авах асуудлыг зохих түвшинд ярьж байсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй өдийг хүрлээ. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасны дагуу бид үйл ажиллагаагаа явуулж, зохих талбайгаас ашигт малтмал олборлох эрхтэй болж байна.

Иймд бид Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, эсхүл нөхөн олговор олгохтой холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд Кадастрын хэлтсийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр танай тусгай зөвшөөрлийн. хугацаа дууссан гэх утга бүхий хариуг авсан. Захиргааны байгууллага бидний хүсэлтийн утгыг бүрэн ойлголгүй, үндэслэлгүй хариу өгч, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Манай компанийн ******* дугаар ашиглалтын лицензийн хугацаа дууссан нь хүсэлтийг ийнхүү шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

ШШГЕГ-ын ******* дүгээр ангийн тусгай хэрэгцээнд авсан газрыг Засгийн газрын 2002 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, ******* дүгээр анги тус газартаа огт үйл ажиллагаа явуулж байгаагүй. Хотжилт тэлж байгаатай холбогдуулан тухайн газарт иргэд зөвшөөрөлгүй, захирамж, гэрчилгээгүй суурьшин амьдарч эхэлсэнтэй холбогдуулан бид яаралтай энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байх бололтой.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ 14.9-д Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно гэж тус тус заасны дагуу М ХХК нь тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах давуу эрхтэй.

Тусгай хэрэгцээнд авсан талбайд манай компанийн тоосгоны үйлдвэр, зарим үл хөдлөх эд хөрөнгө байгаа бөгөөд бид өөрийн өмчийг хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу захиран зарцуулах боломжгүй болоод байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухай. Бид Кадастрын хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр татгалзсан тухай шийдвэрийг хүлээж авсан даруйдаа 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, Газрын тосны газар /Х.Хэрлэн дарга/-т энэ асуудлыг дахин нягталж өгөөч гэж хүсэлт гаргасан боловч 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр үндэслэлгүй хариу өгчээ. Улмаар бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар бүрэн тодорхойлсон. Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд Ц.М******* нь М ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлын албан тушаалыг хашиж байна. Энэ нь байгууллагын дүрмээр бүрэн тодорхойлогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эоос нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: ...1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хот Б дүүрэг даваа нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг М ХХК-д олгосон байна.

М ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Засгийн газрын 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авч тус газарт ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг ШШГЕГ-ын харьяа ******* дүгээр ангид олгосон байна.

Дээрх дугаар тогтоол нь Засгийн газрын 2002 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болж ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг нь тусгай хэрэгцээнээс гарсан байна. Өөрөөр хэлбэл ШШГЕГ-ын харьяа хорих ******* дүгээр ангид олгосон ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээнээс гарсан боловч Ашигг малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 481 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон байна.

Ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул Ашигт малтмалын газрын ГУУКХ-ийн дарга /хуучин нэрээр/-ын 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ АМТХ-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Ашигт малтмалын лиценз бүхий талбайг тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасны дагуу бид үйл ажиллагаагаа явуулж зохих талбайгаас ашигт малтмал олборлох эрхтэй болж байна гэжээ.

Гэтэл М ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Засгийн газрын 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан боловч тухайн үедээ нөхөх олговор авах талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д тус тус заасны дагуу М ХХК нь тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах давуу эрхтэй гэжээ.

Гэтэл дээрх ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг Засгийн газрын 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсныг Засгийн газрын 2002 оны 155 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Өөрөөр хэлбэл ШШГЕГ-ын харьяа хорих ******* дүгээр анги нь ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 481 дүгээр шийдвэрээр хүчингүй болсон байна. Иймд М ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ашигт малтмалын газраас 1998 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар гэрчилгээгээр[1] Б дүүргийн даваа гэх газар 25 га талбайд тоосгоны шавар олборлох тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч М ХХК-д олгожээ. Улмаар Засгийн газрын 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар тогтоолоор[2] дээрх 25 га талбайн зарим хэсгийг буюу 13.45 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Шүүхийн шийдвэр биелүүлэх ******* дүгээр ангид тоосгоны шавар олборлуулахаар шийдвэр гаргасан байна. Үүний дараа Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс М ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицолд өөрчлөлт оруулан, улсын тусгай хэрэгцээнд авсан 13.45 га хэмжээгээр хасаж, хассан талбайд 2002 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар гэрчилгээгээр[3] Шүүхийн шийдвэр биелүүлэх ******* ангид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр[4] М ХХК-ийн ******* дугаар тусгай зөвшөөрлийг, бусад байдлаар хууль зөрчиж, зөрчлөө тогтоосон хугацаанд арилгаагүй гэх үндэслэлээр 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 481 дүгээр шийдвэрээр[5] Шүүхийн шийдвэр биелүүлэх ******* дүгээр ангийн ******* дугаар тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс улсын тусгай хэрэгцээнд авсан, ашиглах зөвшөөрөлтэй байсан газраа дахин авч, ашигт малтмал олборлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хүсэлтээ гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс татгалзсан шийдвэр гаргаж, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар албан бичгээр[6] хариуг өгчээ. Улмаар нэхэмжлэгч энэхүү татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийг шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М ХХК-ийн зүгээс шүүхэд анх нэхэмжлэлээ гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо уг тусгай хэрэгцээнд авсан 13.45 га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 155 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнээс гаргасан гэж дурдсан байдаг бөгөөд үүнтэй ижил тайлбарыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нэхэмжлэгчид болон шүүхэд өгч байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс дээрх мэдээллийг дахин нягтлахад Монгол Улсын Засгийн газрын 2000 оны дугаар тогтоол хүчинтэй хэвээр байгаа буюу газар тусгай хэрэгцээнээс гараагүй байна. Хэдийгээр тухайн газар тусгай хэрэгцээнээс гараагүй боловч энэ нь энэхүү хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй бөгөөд үүнээс шалтгаалан нэхэмжлэгч компанийн олон жилээр зөрчигдсөн эрхийг сэргээхгүй байх нь шударга ёсонд нийцэхгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн татгалзсан шийдвэр нь нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлтийг сайтар судалсны үндсэн дээр бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлээгүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч М ХХК-ийг улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээгээр дахин ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж шүүх дүгнэлээ. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасны дагуу газрын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага буюу Монгол Улсын Засгийн газар М ХХК-д нөхөн олговор олгох үүрэгтэй байжээ. Гэтэл 2000 оноос хойш газрыг тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан нөхөн олговор олголгүй өдийг хүрсэн нь ойлгомжгүй бөгөөд буруутгах үндэслэл байхгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн газар тусгай хэрэгцээнд байгаа эсэхээс үл шалтгаалан үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах, ашигт малтмал олборлох эрхтэй байхаар хуулинд зохицуулжээ. Газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан субъект болох Монгол Улсын Засгийн газраас М ХХК-д нөхөн олговор олгох үүргээ хэрэгжүүлээгүй 18 жил өнгөрсөн, Шүүхийн шийдвэр биелүүлэх ******* дүгээр ангид олгосон ******* дугаар тусгай зөвшөөрөл хүчингүй болсон, хамгийн гол нь газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго огт хэрэгжээгүй нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг багасгасан субъект болох хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасан журмын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг М ХХК-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдийн эрхийг сэргээх явдал юм. Одоогийн байдлаар М ХХК нь тусгай зөвшөөрөл бүхий газар ч байхгүй, Монгол Улсын Засгийн газраас олгох нөхөн олговор ч аваагүй, өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл хохирсоор байгаа тул шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй. Тусгай хэрэгцээнд авсан газарт нэхэмжлэгч М ХХК-ийн тоосгоны үйлдвэр, шатаах зуух байрлаж байгаа нь нэхэмжлэгч компанийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн объектууд байна. Гэвч дээр дурдсан нөхцөл байдлаас улмаас нэхэмжлэгч энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн тухайд өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, ашиглах, үр шимийг нь хүртэж чадахгүй болсноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдал доройтож, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжгүй болсон байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ, 19.3.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлүүлэх гэж тус тус зааснаар тоосгоны шаврын ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг олгох бүрэн эрхийг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх тухай дээрх хуулиар зохицуулсан ч зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд газрыг нөхөн олговортойгоор тусгай хэрэгцээнд авах, үүнтэй холбоотой гарах үр дагавар, харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй тул энэхүү маргааны хувьд салбарын нарийвчилсан хууль болох Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэх нь зүйтэй байх тул тухайн хуулийн дээр дурдсан холбогдох зүйл заалтуудыг үндэслэн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдсөн эрхийг нь сэргээн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6, 14.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, М ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох дээрхи хуулийн дагуу олгохыг хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН