Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02909

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02909

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  байрлах ГБ ХК /РД: /-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жын Ө /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Ж овогтой Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ГБтай 3Г1405122525 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 12,710,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээнүүдийн зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 1137 хоног хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд нийт 10,905,109.33 төгрөгийн зээлийн төлбөртэй байна.

Ж.Өыг банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ *** тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32024/02649 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул Ж.Өыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хишигдэлгэр нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хүсэлт гаргагчийн эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18/02/1377 тоот Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ1405122525 тоот Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2022/03494 дүгээр захирамж, 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2022/10098 дугаар захирамж, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/02649 дүгээр захирамж зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

 

3.2 Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2024/08836 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ж.Өын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу тус газраас Ж.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ГБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Жын Ө /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэл шаардлагыг ... зээлдэгч Ж.Өаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/02649 дүгээр захирамжаар Ж.Ө нь ... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ж.Ө нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Энэ хүрээнд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2024/08836 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Ж.Өын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд ***тоот хаягт бүртгэлтэй гэжээ.

 

5. Шүүхээс ***тоот хаягт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 683 дугаартай тодорхойлтод Ж овогтой Ө нь **тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов гэжээ.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Өын оршин суух хаяг нь тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ГБ ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Өыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

6. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

7. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Өыг эрэн сурвалжлуулах ГБ ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ГБ ХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА