Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00137

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сд холбогдох 1732000410030 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1985 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Жаргалан хотхоны 96-4-76 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Нарны өртөө ХХК-ний зочид буудал, рестаронд хүлээн авагч ажилтай байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Түнхэй овогт Эрдэнэчимэгийн С. /РД: */

 

           Шүүгдэгч Э.С нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр оройн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Нарны өртөө ХХК-ний зочид буудал, рестароны гадна талд иргэн Б.Лыг өөрийн нөхөртэйгээ хардсаны улмаас цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн иргэн Б.Лын Самсунг жи-7 маркийн гар утсыг газарт савж шидэн хагалж гэмтээн 400000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Сгийн өгсөн…. ...  2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 21-22 цагийн үед би ажил дээр ирээд Лтай маргалдсан. Тэгээд би түүнийг барьж аваад харилцан зодолдсон. Зодолдож байх үед гар утас нь унаад хагарсан байсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... Би 2017.08.08-ны орой 21 цагийн үед өөрийн ажилладаг Нарны Өртөө плазагийн гадаа байж байхад С нөхрийнхөө хамт машинтай хүрч ирээд шууд миний гарт байсан гар утсыг шүүрч аваад газарт савж, “чи миний нөхрийн утасны дугаарыг блоклоно гэсэн яасан бэ” гэж хашгираад үснээс зулгааж дугтарахад нь би газарт унасан. Энэ үед “Нарны Өртөө” плазад ажилладаг Д, Э хоёр салгах гэж оролдох үед нь би босч ирсэн. Тэгсэн чинь С газарт бутарч унасан миний гар утсыг газраас шүүрч дахин газарт шидээд дээрээс дэвссэн. Би түүнд “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь юу юу гэлээ янхан банзал гээд янз бүрээр намайг хэлж хараагаад миний баруун гар руу өшиглөсөн. Би бүр гайхаад л түүнд зодуулаад байсан. Ер нь бол С намайг нөхөртэйгөө хардаж л уурлаад байгаа бололтой байсан. Түүнд үснээсээ зулгаалгаснаасаа шалтгаалаад миний үс нэлээн унасан. Д, Э нар байгаагүй бол би түүнд бүр зодуулж дуусах байсан байх. Хэрэг болохоос өмнөх нэг өдөр ажил дээр байхад С миний утсыг үзэж байгаад нэг утасны дугаарыг миний утаснаас хараад “энэ хэний утасны дугаар юм бэ” гэж асуухаар нь “мэдэхгүй ээ, хэн гэдгийг нь мэдэхгүй, нэг эрэгтэй хүн залгаж чи Оюука мөн үү, нөхөр чинь байгаа юм уу энэ тэр гээд юм асуугаад байсан” гэж хэлсэн чинь “энэ чинь манай нөхрийн утасны дугаар байна” гэж хэлээд уурлахаар нь учрыг нь хэлсэн чинь тэгсхийгээд уурлахаа больж “би энэ утасны дугаарыг блоклочихоё” гэхээр нь “тэгээ тэг, чи өөрөө блоклочих “ гэсэн чинь блоклочих шиг болсон. Тэгээд л салсан юм. Тэгээд уг асуудлаас болоод нөхөртэйгөө маргалдаж муудалцсан юм байгаа биз, тэр уурандаа л над руу хүрч ирээд намайг цохиж зодсон нь тэр байх. Би түүний нөхөртэй нь хардахаар юм болоогүй.С миний гар утсыг булааж аваад шууд газар савж шидэж хагалсан. Бүр санаатайгаар савж шидэж хагалсан. Сгаас тухайн үед архи үнэртэж байсан юм. Би 2016 оны 08 сард 540.000 төгрөгөөр Зүүнхараагийн Мобикомын салбараас худалдаж авсан юм. Жи-7 маркын 2 сим карт ордог утас юм. Хохиролоо төлүүлж авмаар байгаагаас гадна энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлмээр байна. С надаас уучлалт ч гуйсангүй. Би түүнд буруу юм хийгээгүй ш дээ. Намайг зодуулах үед миний 5 настай охин хажууд байсан ш дээ. Гэтэл тэр жоохон охины дэргэд ичиж зовохгүй, элдэв үгээр харааж доромжлоод байсан. Ер нь бол гомдолтой байна. Би одоо хүртэл гар утасгүй л явж байна гэх мэдүүлэг /Хх-н 11-12 дугаар хуудас/

Гэрч Д.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ................. Би 2017 оны 03 дугаар сарын 08-ны орой 21:00 цагийн үед “Нарны-Өртөө” рестораны гадна талд баруун тийшээ харсан төв хаалганы хажуугийн шатны орчимд хамгаалагч Э, зочид буудлын хүлээн авагч Л эгч, түүний баг настай охин Оюунчимэг ннарын хамт байж байхад мөн манай Нарны Өртөө зочид буудлын хүлээн авагч С эгч нөхрийнхөө машинтай хүрч ирсэн. Тэр машинаас согтуу, халамцуу байдалтай бууж ирсэн бөгөөд Л эгч рүү “чи миний нөхрийн утасны дугаарыг блоклоно гэсэн яасан бэ, гичий минь” гэж хашгирч хүрч ирээд шууд Л эгчийг зүүн хацар руу алгадаж, гарт нь байсан гар утсыг нь шүүрч булааж аваад газар савж хагалсан. Л түүнд чи эрүүл юм уу, өвчтэй юм уу, яалаа гэж над руу дайрч давшлаад утас эвдчихэж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “ чи болоод л мэдэхгуй байгаа байх” гэж хэлээд дахин Л эгч рүү дайраад үснээс зулгааж чирч босгосон. Ингээд зууралцаж байхад хамгаалагч Э дундуур нь салгасан. Мөн С эгчийн нөхөр нь С эгчийг татаж авч салгалцсан. Тэгсэн чинь С эгч газарт хагарч унасан Л эгчийн гар утсыг шүүрч аваад Л эгч рүү шидэхэд нөгөө утас нь цаана бут үсрээд явчихсан. С эгчийн нөхөр ньС эгчийг чи болиоч ээ, яаж байгаа юм бэ” гээд байсан. Тэгсэн С нөхөр рүүгээ  дайрч алгадаад чи сая машин дотор Лыг юу гэж хэлээд байсан билээ, одоо түүнийгээ хэлээч, чи хэлж чадахгүй л дээ, ийм хогийн байхгүй юу гээд нөхрийгөө түлхчихсэн. Хажуугаас нь Л эгч “С чи болиоч энд миний жоохон хүүхэд байна ш дээ, ичдэггүй юм уу гэж хэлсэн чинь чам шиг юм хүүхдээсээ ичдэг юм уу, чамайг явдалтайг мэднэ ш дээ” гэж хэлээд гүйж ирээд Л эгчийг үсдэж дугтарч 2 ч удаа жийж өшиглөөд бас нүүр рүү нь цохиж гарыг самардсан. Энэ үед бас хамгаалагч Э салгасан юм. Л эгч уурлаад чи юу юм, чамаас ер нь айх юм уу, чи яаж байгаа юм, намайг ингэж зоддог нь ямар учиртаи юм” гэж хэлээд С эгчийн гуя руу хальт өшиглөж би чамд танай нөхөр яагаад миний утас руу залгасныг чамд хэлсэн биз дээ, очиж очиж би чиний нөхрийг эргүүлдлээ юу, танай энэ нөхрийг би тоож харьцахгүй ш дээ, байж байгааг нь хараач, хүний урманд би танай нөхөртэй ганц ч үг сольж үзээгүй, цагдаа дуудна гэж хэлсэн. Ингээд С эгч машиндаа суугаад Л эгчийг элдвээр хараагаад суугаад байсан. Түүний үг хэл нь ээдэрч дальдарсан, өөрөө бүр нэлээн уурлаж бухимдсан хөөрөлтэй байдалтай байсан. Түүний нөхөр нь ч гэсэн согтуу байсан. Бараг л хөл дээрээ тогтож чадахааргүй байдалтай согтуу харагдаж байсан. Тухайн хэрэг асуудал болсны дараа Л эгч ёоо энэ С хүүхдийн хажууд ямар тэнэг юм бэ, намайг ёстой элдэв үгээр дайрч доромжиллоо ш дээ гэхээр нь яагаад таныг ингэж байгаа юм бэ гэж асуухад  Сгийн нөхөр нь найздаа Л эгчийн утасны дугаарыг олж өгсөн юм байна лээ.Тэгээд тэр найз нь өөрийнхөө утсаар Лхагвахав эгч рүү залгаж сайн уу, ажил сайн уу, танай нөхөр хаана байгаа вэ энэ тэр гээд ойр зуурын юм яриад эхлэхээр нь таньдаг хүн юм болов уу гээд асуусан асуултанд нь хариулж байснаа сүүлдээ тэр хүн танихгүй болж таарахаар нь утсаа салгачихсан юм гэж ярьсан. Тэгээд Л эгч С хоёр нэг өдөр ээлж хулээлцэх гээд байж байх үедээ Л эгчийн утсыг үзэж байгаад нөхрийнх нь дугаар утсанд нь байгааг харчихаад та хоёр харилцдаг юм байна гээд хардсан гэсэн. Тэгээд Л эгчийн утасанд байгаа нөхрийнхөө дугаарыг блоклосон гэсэн. Үүнийхээ дараагаар нөхөр дээрээ очоод “чи Лтай харьцдаг юм байна” гээд хэрүүл болсон юм гэсэн. Тэгээд Л руу залгаадах гээд нөхрөөрөө Л эгчийн утас руу залгасан чинь нууцлалтай дугаараас дуудлага орж ирхээр нь Л эгч утсаа аваад байна уу гээд ярьсан чинь С эгч та хоёр ингээд харьцдаг л байна даа гэж уурлаад нөхрийнхөө хамт машинтай давхиж ирсэн нь тэр юм гзсэн. Л згчийн баруун хацар нүүр хэсэгт зулгарч улайсан байсан, баруун гар хөндүүрлээд байна гэж яврьж байсан. Түүний үс гэзэг арзайж сэгсийсэн байсныг нь янзалж боогоод байсан. Тэгээд эмнэлэг рүү явж үзүүлнэ гээд явсан.Тэгээд эмнэлэг дээр очиход өөдөөс нь хүнд шархтай хүмүүс байхаар нь үзүүлэхээ болиод буцаад хүрээд ирсэн байсан гэх мэдүүлэг /Хх-н 13-14 дүгээр хуудас/

 Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.............Би 2017 оны 08 дугаар сарын 08-ны орой 21:00 цагийн үед “Нарны-Өртөө” рестораны гадна талд Л, Д нарын хамт байж байхад С эгч нөхрийнхөө хамт машинтай хүрч ирээд машинаасаа бууж ирэнгүүтээ Л руу дайрч үснээс нь зулгаагаад элэг бөөр рүү нь хэд хэд өшиглөсөн.Тэгээд Лын гарт нь байсан гар утсыг нь шүүрч аваад шууд газарт савж шидсэн. Лыг нөхөртэйгөө хардаад байгаа бололтой байсан. С эгч согтуу байсан бөгөөд нөхөр нь ч согтуу байдалтай байсан. Тэр хоёртой хамт бас нэг залуу хүрч ирсэн. Би Сг хориглож зууралцаж байгаад салгасан. Тэгсэн чинь нөхөр нь над руу дайрч давшлах маягтай болоод байсан. Би түүнд “би энд хамгаалалт аюулгүй байдал хариуцаж ажиллаж байна” гэж хэлсэн. С машинаас бууж ирэнгүүтээ үг дуугүй Лыг үсдээд авсан. Нөхөр нь уг асуудалд нэг их оролцоод байсан юмгүй мөртлөө надтай маргах гээд байсан. Сгийн нөхөр нь Лыг цохиж зодоогүй. Лын утасны дэлгэц нь бутраад хагарчихсан байсан. Би газраас Лын утсыг нь авч харсан юм. Лт дараа нь утсыг нь өгөхөд утас нь асахгүй болчихсон байна гэж ярьж байсан. Би түүнийг нэлээн халамцуу байна уу даа л гэж харсан. Хажууд нь зогсоход түүнээс архи сэнгэнэж байсан. Нөхөр нь бол илт согтуу байсан юм. С Лын үснээс нь зулгаагаад өшиглөөд байхад нь салгасаны дараа маргалдаж байгаад С эгч дахин Лын үснээс нь зулгааж цохиод байсан. Тэгэхэд нь бас салгасан. Лын баруун гар нь шуундаа хөхөрчихсөн байх шиг харагдсан юм гэх мэдүүлэг /Хх-н 15-16 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 170..... Дүгнэлт :

  1. Лын биед тархи доргилт, баруун гарын шуу, баруун хөлийн шилбэ, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, зүүн гарын зулгаралт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 17-18 дугаар хуудас/

          Самсунг жи-7 маркийн гар утсыг 400000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 21 дүгээр хуудас/

          Э.С нь урд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 30 дугаар хуудас/

          Э.Сгийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 34-35 дугаар хуудас/ зэрэг болно.

         

            Шүүгдэгч Э.С нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр оройн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 7 дугаар багийн нутагт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Нарны өртөө ХХК-ний зочид буудал, рестароны гадна талд иргэн Б.Лыг өөрийн нөхөртэйгээ хардсаны улмаас цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн иргэн Б.Лын Самсунг жи-7 маркийн гар утсыг газарт савж шидэн хагалж гэмтээн 400000 төгрөгийг хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.Сгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг тогтоох нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Шүүгдэгч Э.Сгаас Самсунг жи-7 маркийн гар утсыг гэмтээсний төлбөр болох 400000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Лт олгох, хохирогч Б.Л нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг жи-7 маркийн гар утсыг хохирогч Б.Лт буцаан олгох, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Түнхэй овогт Эрдэнэчимэгийн Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Э.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр тус тус торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 900000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.С нь 900000 төгрөгийн торгох ялыг 09 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Э.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг жи-7 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Лт буцаан олгох, Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Сгаас 400000 төгрөгийг /дөрвөн зуун мянган/ гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Хөгжил хотхоны № 23 тоотод оршин суух, хохирогч Халх овогт Баяраагийн Лт /РД:ИЙ91041003/ олгосугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН