Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ДШМ/24

 

 

\

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 12 өдөр                  2019/ДШМ/24                                             Хэрлэн сум                                   Хэрлэн сум

О-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0024

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,

Прокурор Я.Сансар,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О-ын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1939000000015 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1966 онд төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 03-13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Д-н О нь

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” нийтийн бүжгийн заалнаас иргэн Ө-ын цүнхтэй мөнгө, эд зүйлүүдийг хулгайлж 599000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 3-13 тоотод өөрийн оршин суух хашаандаа албан үүргээ биелүүлж явсан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа ажилтай Б-ийн тавьсан хууль ёсны шаардлагыг хутга хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-Б овогт Д-н О-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан, хууль сахиулагчийг зэвсэг хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ын 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг журамлан О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн О-ын биечлэн эдлэх ялыг 01 жил 02 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О-аас 42000 төгрөгийг гаргуулж Ө-д олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О нь давж заалдах гомдолдоо: Миний бие 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 01 жил 02 сарын хорих ял авсан. Би хохирогчид үлдэгдэл 42000 төгрөгийг төлөх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, төлбөрийг төлж барагдуулсан тул ялын хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг шинж чанар, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдал, биеийн эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан О-д оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. Мөн О нь үлдэгдэл 42000 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

О нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Солонго” нийтийн бүжгийн заалнаас иргэн Ө-ын цүнхтэй мөнгө, эд зүйлүүдийг хулгайлж 599000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 3-13 тоотод өөрийн оршин суух хашаандаа албан үүргээ биелүүлж явсан Хэнтий аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаа ажилтай Б-ийн тавьсан хууль ёсны шаардлагыг хутга хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О 14 цагийн бүжгэн дээр согтуу суугаад байхаар нь “одоо гараарай” гэж хэлчихээд хөгжим дээр очиж дуугаа солиод иртэл, үүдний ширээн дотор байсан мөнгө алга болсон байсан. Цагдаа ирж, О-аас “мөнгө хаана байна” гэж асуугаад халаасанд нь үзэхэд 500000 төгрөг гарч ирсэн. Дотор нь 596000 төгрөг, бичиг баримтууд, түлхүүр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,

Хохирогч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хийдийн 3 дугаар гудамжинд явж байтал халамцуу эрэгтэй хүн гарч ирээд “намайг хүн хутгалах гээд байна” гэсэн. Хашаанаас “олгой” хочит О согтуу гарч ирээд “миний сүхийг аваад явчихлаа” гэсэн. О-ын биед үзлэг хийхэд, хутгаараа хэвлий орчимд чичиж, “би хутгалдаг” хүн гэж хэлсэн. Манай олон нийтийн цагдаа хутга дээр нь гишгэж, хутгыг авч, эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуудас/,

 Гэрч М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...О нь шүүгээнээс шар бариултай хутга гаргаж ирээд, би ч зугтааж, цагдаад энэ талаар хэлсэн. О халааснаасаа хутга гаргаж нэг цагдаа руу дайрахад нөгөө цагдаа нь хутгыг өшиглөөд унагаасан” гэх /хх-ийн 48-49 хуудас/ мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

О-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх 42000 төгрөгийг төлөөгүй зэргийг харгалзан, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь

1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О нь шийтгэх тогтоол гарснаас хойш 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.СҮХГОМБО