Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 477

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/02321 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох 

 

Битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх тухай тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А- нь 2007 оны 1 дүгээр сарын 8 өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлалттай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж, Ү-2205001883 бүртгэлийн дугаартай, 000004634 дугаартай гэрчилгээг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас олгосон байдаг. Д.А- нь өнөөдрийг хүртэлх хугацаанд тус орон сууцанд бага насны гурван охины хамтаар амьдарч байгаа болно. Д.А- нь 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Б.Амарзаяад хууран мэхлэгдэж, түүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн нэр дурдагдсан орон сууцыг түүний өмчлөл рүү шилжүүлэн өгсөн байдаг юм. Худалдан авагч Б.Амарзаяа тус орон сууцыг өөрийн өмчлөлд хүлээн авсны дараа “Капитрон банк” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 15 өдөр 3004-2015/29 тоот дугаартай, орон сууцны зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр 77 000 0000 төгрөгийн зээлийг авчээ. “Капитрон банк" ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Амарзаяад холбогдуулан ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч Б.Амарзаяатай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн №3004-2015/29 тоот орон сууцны зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж,... байна. Иймд зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүд нийт 84 582 222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12 өдрийн 101/ШШ2016/04040 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

 

Д.А- нь мөн 2018 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Амарзаяа, “Капитрон банк” ХХК нарт холбогдуулан 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Д.А-, Б.Амарзаяа хоёрын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулах, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг Д.А-гийн өмчлөлд шилжүүлэхийг Б.Амарзаяад даалгах, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Б.Амарзаяа, А.Батцэрэн, “Капитрон банк” ХХК нарын хооронд байгуулагдсан 3004-2015/29 дугаар барьцааны гэрээг хүчингүйд тооцуулах, улмаар уг гэрээгээр барьцаалагдсан орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах, Б.Амарзаяагийн нэр дээр бүртгэгдсэн тус орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00510 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 871 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2018 оны 10 дугаар сарын 2 өдрийн 001/ХТ2018/01302 дугаартай, хуралдааны тогтоолоор, нэхэмжлэгч Д.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Улсын Дээд шүүхээс Д.А- болон Б.Амарзаяа хоёрын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56.5-д зааснаар орон сууцны өмчлөх эрхийг Д.А-гийн нэр дээр буцаан шилжүүлэх боломжтой хэмээн үзэж, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4-р хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Д.А-д шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч, 187 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболор нь 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04040 дугаартай шүүгчийн захирамжд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Д.А-гийн амьдарч байгаа Баянгол дүүргийн 19 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлалттай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 02/19260292 дугаартай, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн авсан юм. Улсын дээд шүүхийн тогтоолоор Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлалттай, орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг нэхэмжпэгч Д.А-д буцаан олгох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул төлбөр авагч “Капитрон банк” ХХК нь төлбөр төлөгч Б.Амарзаяад холбогдох 84 852 222 төгрөг гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.А-гийн өмчлөлийн дээрх орон сууцыг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авсан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02/19260292 дугаартай эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоолыг хүчингүй болгож битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлж өгнө үү. Иймд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2018/01302 дугаартай тогтоолоор уг битүүмжлэгдсэн орон сууцны өмчлөгч эрх Д.А-д шилжиж ирсэн тул Д.А-гийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04040 дүгээр шийдвэрээр Б.Амарзаяагаас 84 852 222 төгрөг гаргуулж “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар 31-ний өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Амарзаяад төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул түүний төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол. 57 дугаар байрны 109 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Амарзаяа нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан “Капитрон банк” ХХК-иас зээл авахаар хүсэлт гаргасны дагуу 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 30042015/29 тоот зээлийн гэрээ байгуулж, 77 000 000 төгрөгийг зээлдэгч Б.Амарзаяагийн дансанд шилжүүлсэн. Зээл олгосон үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, өнөөдрийн маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 57 дугаар байр, 109 тоот, 48 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. “Капитрон банк” ХХК тухайн үед хуульд заасны дагуу гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч тухайн үед Б.Амарзаяа зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 04040 дугаар шийдвэрээр Б.Амарзаяагаас нийт 84 852 222 төгрөг гаргуулж, “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарсны дагуу нэхэмжлэгч Д.А- барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг маргааныг Улсын дээд шүүхийн 01302 тогтоолоор өмчлөлийг Д.А-гийн нэр дээр буцаан шилжүүлэх, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцаалуулсан маргаан бүхий орон сууцыг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх газрын орон сууц битүүмжилсэн ажиллагаанд Д.А- гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар удирдах албан тушаалтанд гомдол гаргасны дараа шүүхэд гомдол гаргах ёстой байдаг. Мөн гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 57 дугаар байрны 109 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаартай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг лавлах үүргээ хэрэгжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан эсэх, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзалтай хопбоотой шинэ нотлох баримт шүүхэд дахин ирүүлсэн эсэх, гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар, баримтуудыг шүүхэд ирүүлсэн эсэх талаар шүүгчийн туслахаас лавлаж асууж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж болон шүүх хуралдааны тов гармагц энэ тухай утсаар мэдээлэл ирүүлэхийг шүүгчийн туслахаас хүссэн.

 

Анхан шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд товыг утсаар мэдэгдсэн. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдсон баримт дээр гарын үсэг зурсан. Мөн энэ өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Г.Мөнхбаясгалангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Баярмаад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 20- ний өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон болохыг утсаар мэдэгдсэн болно.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаан нь цаг хугацааны хувьд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 миутад товлогдсон хуралтай давхцах магадлалтай байсан учраас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа, мөн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.1.8, 25.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 57 дугаар байрны 109 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4040 дугаартай захирамжаар хариуцагч Б.Амарзаяагаас 84 582 222 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2018/19758 дугаартай захирамж, мөн өдрийн 1892 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02/19260292 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Б.Амарзаяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 57 дугаар байрны 109 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн ажиллагаа явуулсан үйл баримтыг шүүх зөв тогтоожээ. /хх 32-34, 36/

 

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч Б.Амарзаяа нарт холбогдуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 57 дугаар байрны 109 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаартай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хянагдаж Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1302 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.А-д шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэнээс үзэхэд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар барьцааны шаардлага хэвээр хадгалагдахаар байна. /хх 15-27/

 

Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасныг анхан шатны шүүх битүүмжлэгдсэн орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.А-д шилжүүлэн бүртгэхийг холбогдох байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй, барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагааг хууль бус гэж үзэхгүй талаар хийсэн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасантай нийцсэн байна.

 

Төлбөр авагч “Капитрон банк” ХХК, төлбөр төлөгч Б.Амарзаяа нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн 3004-2015/29 тоот “Орон сууцны барьцааны гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал нь орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөнөөс үл хамааран барьцааны эрх дуусгавар болохгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан /хх 79/ баримт хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ. Иймд шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх шүүх хуралдаан хойшлуулах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгч тус шүүхийн шүүх хуралдааны товыг өмнө мэдсэн байх тул эхэлж товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй, мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн ба энэ хугацаанд хууль зүйн туслалцаа авах бүрэн боломжтой байсан гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/02321 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.А-гаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН