Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 117/ШШ2024/0001

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Иргэн ******* овогтой *******н *******

Хариуцагч: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч *******ид холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Нэхэмжлэгчээс: Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

Хоёр. Хэргийн оролцогч, түүний төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлийн тухайд:

2.1.Нэхэмжлэгч З.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2022 оны хавар манай талийгаач хань ******* нурж унах гэж байсан, үзэмж муутай болсон хашаагаа янзалж солихдоо хойш нь сунгаж барьсан юм. Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны намар зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан байна, хашаагаа буулгаад хуучин байранд нь хашаагаа барих талаар мэдэгдсэн. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр газрын албанаас байцаагч ******* гэж хүн надтай холбоо барьж зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан талаар ирж уулзаарай гэж надад утсаар мэдэгдсэн. Тухайн үед манай хөгшин өнгөрөөд удаагүй, би сэтгэл зүйн хувьд тогтворгүй, ханиад хүрээд бие өвдсөн байсан тул очиж уулзах боломжгүй талаар хүргэн хүү *******аар дамжуулан Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын улсын байцаагч *******ид хэлүүлсэн билээ. ******* манай хүргэнд хэлэхдээ за үнэхээр тийм хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа бол дараа уулзъя гэж хэлүүлсэн байсан. Дараа 2023 оны 11 сарын 7-ны өдөр намайг ирж уулзаарай гэсний дагуу 2023 оны 11 сарын 13-ны өдөр *******той очиж уулзахад 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн гэж хэлсэн. Зөрчлийн хэрэг нээхээс өмнө надад танилцуулаагүй, зөрчлийн хэрэг нээхтэй холбоотой ажиллагаанд надад санал тайлбар өгөх боломж бүрдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, цаасаар албажин гарсан ямар нэгэн шийдвэр өгөөгүй, сүүлд шийтгэлийн хуудас өгөхдөө хамт өгсөн. Зөрчлийн хэрэг нээсэн талаар баримт, шийдвэр өгөөгүй нь зөрчлийн ажиллагаа, шийдвэрт Прокурорын газарт гомдол гаргах боломж олгоогүй.

Би байцаагч *******ид хэлэхдээ энэ зун хашаагаа буулгаад хуучин байранд нь барих гэсэн боловч манай талийгаач хань маань 2022 оны сүүлчээс эхлээд бие нь өвдөж, эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтсэн боловч биеийн байдал дээрдэхгүй байсаар 2023 оны 10 дугаар сард нас барсан, надад хашаагаа буулгаж буцааж барих үнэхээр боломж гарсангүй, одоо харин хашаагаа буулгаад хуучин байранд нь барья, торгууль тавихгүй байж болохгүй юу гэж хэлсэн.

Талийгаач хань ******* маань хашааг сунгаж барьсан бөгөөд хашаагаа буулгаад буцааж байранд нь барина гэж байсан боловч хүнд өвчний улмаас нас барсан. Анх хашаагаа хэрхэн яаж сунгасан талаар би сайн мэдэхгүй байсан. Учир нь би элэгний хавдартай болоод 10 гаруй жил болж байна, ихэвчлэн гэртээ хэвтрийн дэглэмтэй байдаг, харин манай талийгаач хань гэр орны бүх зүйлийг шийдэж хийдэг байсан. Тухайн үед манай хань 2 ач хүүтэй хамт хашаагаа буулгаад барьсан, би хашаагаа янзалж барьж байна гэж ойлгосон.

Би тухайн үед хашаа хэрхэн яаж сунгасан талаар ямар нэгэн ойлголтгүй, тус зөрчлийг үйлдээгүй, манай талийгаач хань тус хашааг буулгаж сунгаж барьсан. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн /Зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдол/ 1.4 дэх заалтад зөрчил үйлдсэн хүн нас барсан; гэж заасны дагуу зөрчил үйлдсэн манай хань нас барсан тул зөрчлийн хэрэг нээхгүй байх тохиолдол гэж үзэж байна.

Мөн байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэсэн заалтаар зөрчлийн хэрэг нээж, торгууль тавих гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д /"газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг;/ гэж заасан байна. Хөгшин бид 2 өндөр настай /80 настай/, гэртээ голдуу хэвтэж байдаг байсан, хашаа сунгасан хэсгийн газар дээр гэр, барилга байгууламж бариагүй, ямар нэгэн байдлаар ашиглаагүй тул газар ашигласан гэдэг үндэслэлээр торгууль тавихыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзэж байгаа дээрх хуулийн заалтууд болон миний ар гэрийн гачигдал, зөрчлийг арилгах боломж бүрдээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Зөрчлийн хэргийг нээхгүй байх 3 үндэслэл байна. 1-т зөрчил үйлдсэн хүн нас барсан, 2-т зөрчлийн хэрэг нээсэн тогтоолыг гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй, санал тайлбар гаргах боломж олгоогүй, 3-т зөрчлийн хэрэг нээх хугацаа дууссан гэж үзэж байна. Сайнцагаан сумын Засаг даргаас 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гомдол ирсэн байхад 4 сарын дараа зөрчлийн хэрэг нээсэн. Уг нь бол 5 өдрийн дотор шийдвэр гаргах ёстой. Зөрчлийг шалган шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талаас үндэслэл бүхий 2 санал тайлбарыг гаргасан байхад шийдвэрлэж өгөөгүй, мөн энэ талаар шийдвэртээ тусгаагүй, ямар учраас тусгаагүй талаар тайлбарлаагүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27.6-д заасан сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна, 27.7-д заасан сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй гэсэн заалтуудыг зөрчсөн. Шийтгэлийн хуудсыг танилцуулах талаар мэдэгдэхдээ хуулийн ямар заалтыг баримталж байгаагаа танилцуулаагүй, шийтгэлийн хуудаст энэ заалт тусгагдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 40.3-т захиргааны актын хууль зүйн үндэслэлд  захиргааны байгууллага, захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана, 27.3.2-т захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл заалт тусгах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Шийтгэлийн хуудаст 500000 төгрөгөөр торгоно гэсэн боловч 500000 төгрөгөөр торгох заалт нь шийтгэлийн хуудаст тусгагдаагүй. Цаашид зөрчлөө арилгаж, хашаагаа буулгаж газраа чөлөөлнө, өмнө нь хашаа буулгах тухай мэдэгдлийг 2 удаа хүлээн авсан боловч нэхэмжлэгч тал байнга Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Талийгаач уушгины хорт хавдраар нас барсан, одоо нэхэмжлэгч элэгний хавдартай. Айргийн 8-р гудамж нь хамгийн арын эгнээ учир хойноосоо элсэнд дарагддаг. Тухайн үед хашаа элсэнд дарагдаад өнгө үзэмж муудахаар нь хашааг янзлахдаа хажуугийн айлтай зэрэгцүүлж хойшоогоо сунгаж барьсан. Нийтэд ямар нэгэн хохирол учраагүй. Иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.3.Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зөрчилтэй холбоотой гомдол нь ******* надад Сайнцагаан сумын Засаг дарга оос зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн утга бүхий албан бичиг ирсэн. Иймд зөрчлийн тухай арга хэмжээ авах болсон бөгөөд З.*******гийн Айраг хорооллын 8-826 хаягтай хашааг сунгаж барьсан талаар геодезийн хэмжилтийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези, зураг зүйн мэргэжилтэн Г.Ууган-Эрдэнээр хийлгэсэн. Тус хэмжилтийн үр дүнд хашааг байх ёстой хэмжээ хил заагаас хэтрүүлэн барьсан нь нотлогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авахаар болсон. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр З.*******гийн хүргэн ******* ирж уулзан ажил явдал гарсан байгаа учир одоогоор ирэх боломжгүй байна гэсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай учир хэд хоног хойшлуулсан. Тус гомдол мэдээллийг прокурорт бүртгүүлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана/ заасны дагуу хялбаршуулсан журмаар торгуулийн арга хэмжээ авах гэж 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 103 тоот өрөөнд ирж уулзах тухай дуудах хуудас хүргүүлсэн. Дуудах хуудаст заасан хугацаанд ирэх боломжгүй байсан учир хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх хугацаа дуусч зөрчлийн хэрэг нээх тогтоол бичиж 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Прокурорын газрын хяналтын прокурор ын зөвшөөрснөөр зөрчлийн хэрэг нээсэн. 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гомдлыг хүлээж аваад прокурор аас зөвлөгөө авахаар удаа дараа ярихад завгүй байна, эргээд залгая гэдэг байсан. Ингээд гомдол, мэдээллээр бүртгүүл гэж зөвлөснөөр бүртгүүлсэн.  

З.*******гээс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр холбогдогчийн мэдүүлэг авсан бөгөөд тус мэдүүлэг авахаас өмнө Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх, үүрэг мөн гомдол гаргах хугацааг танилцуулсан. (Геодезийн хэмжилт болон З.*******д хүргүүлсэн дуудах хуудсыг хавсаргав.)

З.******* нь Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн 8-826 тоот газрын өмчлөгч мөн гэдэг нь газрын гэрчилгээ болон кадастрын зургаар нотлогдож байх тул зөрчлийн хэрэг нээх нь үндэслэлтэй гэж үзсэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна, 1.2 дугаар зүйлийн 3-т тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 2.1 дүгээр зүйлийн 2-т хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж тус тус заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан.

З.******* нь Айрагийн 8-826 тоот газарт хашааг сунгаж барьсан бөгөөд хашааны шонг газар ухаж суулгасан хашаагаар хашсан хэсгийн газар нь нийтийн эзэмшлийн газар бөгөөд түүнийг төрийн хэрэгцээнд эсвэл өөр бусад зориулалтаар ашиглах боломжгүй болгож байгаа нь зөрчил гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийн дагуу 500000 төгрөгөөр торгож Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт хянуулахаар өгсөн. Сонсох ажиллагааг бол явуулаагүй. Зөрчлийн хэрэг нээх тогтоолд дурдсан 5 хоногийн хугацаа бол шийтгэлийн хуудаст гомдол гаргах хугацаа. З.*******д утсаар хэлэхдээ нэг бүрчлэн уншин сонсгоогүй хэдий ч  товчхондоо бол хэлсэн. Хуулийн дагуу арга хэмжээ авсан учир шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх саналтай гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, түүний төлөөлөгч нарын

тайлбар зэргийг үнэлж, дүгнээд хэргийг шийдвэрлэлээ.

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1.Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргаас 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02/347 дугаар албан бичгээр “ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” заалтыг зөрчиж өөрийн өмчлөлийн газрын хэмжээг дур мэдэн сунгасан тус сумын 34 иргэний өмчлөлийн газарт холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэнээр эрх бүхий албан тушаалтан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.2. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “... зөрчил үйлдсэн хүн нас барсан, сонсох ажиллагаа явуулж, санал тайлбар өгөх боломжоор хангаагүй, зөрчлийн хэрэг нээх хугацаа дууссан байхад зөрчлийн хэрэг нээсэн, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар газрыг ашиглаагүй байхад ашигласан гэж үзэж шийтгэл оногдуулсан ... ”, хариуцагчаас “... Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 1.2 дугаар зүйлийн 3, 2.1 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар шийтгэл оногдуулсан. Тухайн газрыг ухаж хашааны шон суулгасан нь ашигласан үйлдэл ... “ гэж тус тус тайлбарлаж, маргана.

2.3. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчөөс зөрчил үйлдсэн хүн нас барсан учир энэ нь зөрчлийн хэрэг нээхгүй тохиолдолд хамаарах байсан гэж маргадаг боловч  зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн З.*******д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн байх ба энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно, мөн энэ хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-т тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасантай тус тус нийцсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 1.2 дугаар зүйлийн 3, 2.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэл оногдуулсан гэх  тайлбар үндэслэлтэй юм.

2.4. Нэхэмжлэгч З.******* нь 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 000149656 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р баг Айраг 10-15 тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1195 мкв газрыг өмчилж байсан бөгөөд 2022 оны хавар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 156 мкв талбайн хэмжээтэй газрыг хойш сунгаж хашаагаа барьсан тул хариуцагч иргэн З.*******г Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзээд  Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-т эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй байна. 

2.5. Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах эрхтэй, 2.2 дахь хэсэгт энэ зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаас бусад шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны аль ч үед, мөн энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 3 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус заасныг улсын байцаагч зөрчиж, тодруулбал зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд иргэн З.*******д гомдол гаргах боломжоор хангаагүйгээс гадна байгууллагын албан тушаалтнаас гомдол, мэдээллийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан атлаа 2023 оны 11 дүгээр 23-ны өдөр шийдвэрлэсэн байна.

Иймд Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

2.6.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчөөс өмнө нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, цаашид зөрчлөө арилган хашаагаа буулгаж, газраа чөлөөлнө гэх тайлбар гаргасан талаар дурдах нь зүйтэй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1, 2.2, 6.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******н *******гийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ