Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 00134

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Д.Уранчимэг

Орчуулагч, хэлмэрч З.Уртнасан

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тонг Ч Чд /Tong Cheng Cheng/ холбогдох 1732000910043 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Хятад улсад 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хоьын Залайн нуур дүүрэг Шиваны № 01 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ Хятад улсын Чун Тен компанид засварчин ажилтай байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тонг овогт Ч Ч.  /Tong Cheng Cheng / РД: G*/

 

           Шүүгдэгч Тонг овогт Ч Ч.  /Tong Cheng Cheng / нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Алсын өртөө ХХК-ний төмрийн үйлдвэрийн хашаанд Хятад улсын иргэн Ли Фейншингтэй /LI FEISHENG/ цонхонд төмөр хаалт хийх нь чамд хамаагүй гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн гар луу нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Тонг Ч Чий /Tong Cheng Cheng/  өгсөн…. ...  Ли Фейншинтэй би олон жилийн найз юм. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төмрийн үйлдвэр дээр очиж уулзсан. Тухайн үед би нутгаасаа ирсэн юм чинь нутгийнхаа хүмүүстэй уулзъя гээд очсон. Тэгээд би Ли Фейншинтэй тоглож харьцаж байгаад үг даахгүй маргалдаад модоор цохисон. Өөрийн буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ли овогт Фейшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2017.09.19-ний өдөр Монгол улсын Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг Алсын өртөө ХХК-ний тог цахилгааны асуудлыг шалгахаар ирсэн. Тэгтэл 2017.10.09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа Апсын өртөө ХХК-ний төмрийн үйлдвэрийн хашаанд байж байтал Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Тонг Ч Ч гэдэг залуу архи уучихсан байсан, би үйлдвэрийн ажилчдад Цахилгааны өрөөний цонхонд төмөр хамгаалалт хий гэж хэлсэн чинь Тонг Ч Ч ямар ч хамааралгүй байж хөндлөнгөөс миний ажилд уурлаж “Тэр цонхонд төмөр хамгаалалт хийх нь чамд ямар хамаатай юм бэ” гэж уурлаж намайг банз модоор зодож миний зүүн гар, нурууруу цохиж гэмтээсэн, тухайн үед миний гар нэлээд өвдсөн. Энэ Тонг Ч Ч манай үйлдвэрийн ажилчин биш, энэ үйлдвэрийн ажил Тонг Ч Чд ямар ч хамаагүй. Харин Тонг Ч Ч Апсын өртөө ХХК-иас өр нэхэхээр Бүгд найрамдах Хятад ард улсаас ирсэн Луй, Шуй овогтой хүмүүсийг дагаж ирсэн хөндлөнгийн хүн байгаа юм.Намайг Тонг Ч Ч зодож эрх чөлөөнд халдах үед Луй овогтой Хятад харж байсан, харин Монгол хүн харж байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 18 дугаар хуудас/

Гэрч ХIE овогт XIBIN-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......... Тэр өдөр би “Алсын өртөө” ХХК-ний төмрийн үйлдвэрийн хашаан дотор өрөөндөө хэвтэж байтал гадаа пижигнэсэн чимээ гарахаар нь гараад иртэл Тонг Ч Чг, Ли Фейшинг хоёр маргалдаад Тонг Ч Ч гартаа мод  барьчихсан байсан. Тэгээд би тэр хоёрыг болиулсан. Тонг Ч Ч тэр үед архи уусан байх шиг байсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй.  Тонг Ч Ч нь Ли Фейшинг яг хаанан юугаар цохисоныг хараагүй. Тонг Ч Ч гартаа мод барьчихсан тэд хоорондоо хэрэлдэж байсан гэх мэдүүлэг /Хх-н 09 дүгээр хуудас/

Гэрч Jia Qiangiin мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .............Тэр өдөр би “Алсын өртөө” ХХК-ний төмрийн үйлдвэрийн хашаан дотор би өрөөнхийхөө хаалга түгжиж байсан чинь Тонг Ч Чг гэдэг хятад Ли Фейшингтэй маргалдаад  60 см орчим урттай банз модоор Ли Фейшингийг цохих үед нь би салгах гээд би өөрөө гараараа халхлаж байсан.Тэгээд Ли Фейшингийн гарруу цохих шиг болсон. Ли Фейшингийг яг хаанан цохихийг анзаараагүй гэх мэдүүлэг /Хх-н 10 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №214....  Дүгнэлт

 

  1. Фейшиний биед зүүн гарын 3,4,5-р хурууны 1-р үе, алганы ар хэсэг, бугуйн үе, шууны доод 1/3 хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдпоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.                     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 22 дугаар хуудас/

                                 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 11-13 дугаар хуудас/ зэрэг болно.           

            Шүүгдэгч Тонг овогт Ч Ч  /Tong Cheng Cheng / нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Алсын өртөө ХХК-ний төмрийн үйлдвэрийн хашаанд Хятад улсын иргэн Ли Фейншингтэй /LI FEISHENG/ цонхонд төмөр хаалт хийх нь чамд хамаагүй гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний зүүн гар луу нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Тонг овогт Ч Чий /Tong Cheng Cheng / үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хуульд заасан доод хэмжээний торгох ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

 

Хохирогч Ли Фейшин нь шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Тонг овогт Ч Чийг  /Tong Cheng Cheng / хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Тонг Ч Чийг  /Tong Cheng Cheng / 450 нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Тонг Ч Ч /Tong Cheng Cheng / нь 450000 төгрөгийн торгох ялыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Тонг Ч Ч  /Tong Cheng Cheng /  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Тонг Ч Ч  /Tong Cheng Cheng / нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Тонг Ч Чд  /Tong Cheng Cheng / өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН