Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 08 өдөр                         2019/ДШМ/41                                   Хэрлэн сум                                  

 

М-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0041/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,

Прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгч М, түүний өмгөөлөгч П.Амаржаргал нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М-н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1939003340213 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1981 онд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Хангалын 10 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 176 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-н М нь

2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2-4А тоотод оршин суух иргэн Г-н гэрийн цоожны цүүг эвдэж нууцаар хууль бусаар нэвтэрч хонь, ямааны мах зэргийг хулгайлж 77000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-н М-ыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 01 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 38 см урттай махир төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч М давж заалдах гомдолдоо: Миний бие бусдад учруулсан 77000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч талаас гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүх намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял оногдуулсан бөгөөд тус зүйлчлэлээс бүрэн татгалзаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадорж давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: М нь 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 2-4А тоотод оршин суух иргэн Г-н гэрийн цоожны цүүг эвдэж нууцаар хууль бусаар нэвтэрч хонь, ямааны мах зэргийг хулгайлж 77000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ыг 01 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.  

М-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхээс ялын доод хэмжээг оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүх хуралдаанд М-ын өмгөөлөгчөөр оролцохдоо гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй, ял тохирсон гэж үзсэн. Энэ талаар шүүх хуралдааны дараа М-д бүрэн тайлбарлаж өгсөн боловч М нь цагдан хоригдож байх хугацаандаа бусдын үгэнд автаж, давж заалдах гомдол гаргавал ял хөнгөрөх мэтээр ташаа ойлгож, хүнээр гомдол бичүүлсэн байна. М-ын хувьд бичиг үсэг мэдэхгүй, эрх зүйн мэдлэг дутмаг учраас ийм байдалд хүргэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанд өөр нэмж хэлэх зүйлгүй гэжээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар М-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

М 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 2-4А тоотод оршин суух иргэн Г-н гэрийн цоожны цүүг эвдэж нууцаар хууль бусаар нэвтэрч хонь, ямааны мах зэргийг хулгайлж 77000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...гэрийн цоожийг хөшиж онгойлгоод зүүгээд орхисон байсан. ...Цагдаа нар ирсний дараа гэр рүүгээ ороход гэрийн зүүн хойд буланд байсан хувцасны шүүгээний шургуулгыг онгойлгоод дотор нь байсан ууттай хувцасыг цухуйлгаад хаячихсан, хөргөгчид байсан хойд айлын 2, манай 1 ууттай мах алга болсон. ...баруун талын хашааны цаана 1 ууттай махыг унагаачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Хохирогч Т-н мөрдөн байцаалтад өгсөн: “...манай урд хашаанд байдаг Г гэрийн маань цоожийг эвдчихсэн байна гээд орж ирэхээр нь И бид хоёр цагдаа дуусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 121 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд гэж үзсэн нь хуульд нийцсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.

М нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхдээ хүндрүүлэх нөхцөлд заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж М-д 01 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирчээ.

Иймд шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М-ын цагдан хоригдсон 77 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА